БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН ЭРЛИЙЗ ДААГАНЫ УРАЛДААНД ЭХНИЙ 10-Т ХУРДАЛСАН ХҮЛГҮҮД

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 01 -нд

Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны  хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.    Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог  их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ. Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм.  Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн эрлийз дааганы уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна.

1. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлайн уяач С.Лувсанбалдангийн хээр. Уралдаанч 873 дугаартай, найман настай А.Болд-Эрдэнэ


2. Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Э.Ганбатын халтар. Уралдаанч 786 дугаартай, 11 настай Б.Бат-Эрдэнэ 


3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Баярсайханы бор. Уралдаанч 73 дугаартай, найман настай П.Пүрэвбат


4. Төв аймгийн Баян-Угтаал сумын уугуул Б.Нямжавын зээрд. Уралдаанч 666 дугаартай, найман настай Энх-Эрдэнэ.


5. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Ц.Дашнямын халзан. Уралдаанч 709 дугаартай, 10 настай П.Талынбүүвэй
6. Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул Ц.Гончигсүрэнгийн хээр. Уралдаанч 688 дугаартай, 12 настай С.Даваажаргал
7. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат Я.Магсаржавын сартай хүрэн. Уралдаанч 676 дугаартай, 10 настай С.Мөнгөншагай
8. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын бор халзан. Уралдаанч 728 дугаартай, найман настай П.Отгонжаргал
9. Төв аймгийн Батсүмбэр сумын Алдарт уяач Г.Батсайханы зээрд халзан. Уралдаанч 866 дугаартай, 16 настай Т.Сүххуяг
10. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Гантулгын сартай хүрэн. Уралдаанч 474 дугаартай, 10 настай Б.Билгүүн

А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна