Монгол адууны чансааг тогтооно

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 13 -нд

Улс, бүсийн томоохон уралдааны дараа араасаа асар их хэл ам дагуулдаг үүлдэрлэг байдлаар ялгах ялгалтын асуудлаас үүдэлтэй үндэсний баяр наадмаараа зөвхөн монгол адуугаараа уралдах ёстой гэдэг байр сууриа илэрхийлэх хувь хүн, олон нийтийн байгууллагынхан сүүлийн үед идэвхтэй дуугарах болжээ. Үүний нэг нь “Түмний хурд” нийгэмлэг юм. Нэрнээсээ эхлээд нийт адуучин малчдад байгаа монгол адуу, хурдаараа уралдана гэсэн утгыг агуулдаг уг олон нийтийн байгууллага цэвэр монгол адууны чансаа тогтоох бага гурван насны аварга шалгаруулах уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Зохион  байгуулагчдын мэдээлж байгаагаар “Түмний хурд-2019”  уралдаан нь XVII жарны Урвуулагч хэмээх гахай жилийн Хаврын адаг шар луу сарын шинийн 27-ны шар нохой өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд болох гэнэ.

 Уралдааны гол зорилго нь цэвэр монгол адууны үнэ цэнийг өсгөх учраас үүлдэрлэг байдлаар ялгах асуудалд өндөр хяналттай ажиллаад зогсохгүй машин дагуулахгүйгээр уяачдыг нэгдсэн журмаар автобусаар дагуулж, ямар ч тоос шороогүй, дэг журамтай, уламжлал заншлаа хадгалсан уралдаан хийхийг зорьж байгаа аж. Тиймээс ч ""Түмний Хурд" бол зөвхөн Монгол адууны л уралдаан, хэлсээр байхад эрлийз адуу битгий хөтөлж ирээрэй" гэж зохион байгуулагчдын зүгээс сануулж байна билээ. Дээр дурдсанчлан энэ уралдаан анхны удаагийнх биш бөгөөд өнгөрсөн 2018 онд “Түмний хурд-2018” нэртэйгээр мөнхүү зорилго чиглэлтэйгээр зохион байгуулагдсан байна.

Д.Ирмүүн

13 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.