Асгат хээр

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 10 -нд

Их насны морьд цаасан дээр уралдсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадам Монголын хурдан морины түүхэнд нэгэн дэвшлийг авчирсан билээ. Учир нь энэ наадмын будилаанаас үүдэн гарааны төхөөрөмжийг ашиглах болсон юм. Хэдийгээр зөв шийдэл олсон ч будлианаас болж, амжилт нь тооцогдоогүй уяачдын хөдөлмөр зүтгэл талаар болсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр жил “Макс” группын захирал, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хээр морь түрүүлсэн ч дутуу эргэсэн гэсэн шалтгаанаар амжилтыг нь тооцолгүй хассан юм. Энэ хээр морь бол Сүхбаатар аймгийн  Асгат сумын адуу бөгөөд тодруулбал, аймгийн Алдарт уяач Д.Бор-Ухнайнх юм. Азарга тавихаар зэхэж байсан хээр үрээгээ Д.Бор-Ухнай хязааланд нь хөнгөлж, цагаашруулаад соёолонд нь анх уяжээ. Гарсан цагаас цээжинд уралдсан хээр морь хүмүүсийн хөлд ирээд Цэдэндамбаагийн хээрт дайруулан аман хүзүүдэж, анхны айргаа хүртсэн байна. Түүнээс хоёр жилийн дараа 2005 онд сумынхаа 80 жилийн ойд айргийн гуравт хурдлан долоон настай Д.Цэрэнжигмэдэд иржээ. Энэ тухай Д.Бор-Ухнай: Хээр морь соёолондоо аман хүзүүдэхэд миний Бага хонгор морь бас айрагдсан юм. Тэр үед хадам аав маань соёолон мордсон цагаас эхлээд саравчлаад хараад байсан. Тэгэхээр нь настай аавыгаа баярлуулъя гэж бодоод хээр морио бэлэглэчихсэн юм. Дараа жил нь хавчиг морь би өөрөө уялаа. Сүхбаатар, Дарьганга сумдад уралдуулаад айрагдуулж чадаагүй. Долоотой морь 2005 онд сумын 80 жилийн ойд мордуулсан газар дээрээсээ Мөнххааны “занхаан” Халтар гэдэг хүний хүрэн морьтой  хоёул гараад тасарчихсан. Тэгж яваад яг үзүүр дээрээ  Аварга Чулуунбаатарын хүрэн моринд дайруулж, Халтарын хүрэн аман хүзүүдэж, манай хээр гурвалсан. Наадмын дараа Д.Цэрэнжигмэд “Танай тэрүүгээр сайн их морь байна уу” гэхээр нь Асгат саарлын эзэн Цагаанаа зааж өгсөн юм билээ. Тэгээд өвгөнтэй уулзаад “Зарах уу” гэхээр нь зарна гээд есөн саяар өгсөн байсан. Тухайн үед өвгөн Алтан овооны ганжирт хандив өргөнө гэж байсан болохоор цааргалаагүй байх л даа” гэсэн юм. 

Удам, угшил:
Эцэг: Манлай уяач Б.Энхболдын хонгор азаргатай эцэг нэгтэй. Тодруулбал Д.Бор-Ухнайн дээгүүрээ Б.Лхамсүрэнгийн харын угшилтай хүрэн азарга.
Эх: Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл улаан гүү.

Амжилтын товчоон:
2003 онд соёолон:
Асгат сумын баяр наадамд аман хүзүү
2004 онд хавчиг:
Сүхбаатар сумын баяр наадамд арав гаргаж давхисан
Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдаанд дундуур давхисан
2005 онд долоотой:
Асгат сумын 80 жилийн ойд айргийн гурав
2006 онд наймтай:
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой төрийн наадамд түрүүлж ирээд хасагдсан 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна