Түмэн чуулсан “Түмний хурд-2019” уралдаанаас...

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 09 -нд

Хүүхдийн гийнгоо цангинаж, хүлгийн хиймориор дэрвэдэг дэлгэр цаг айсуй. Өвөл, хаваржин уралдаан хүлээж чих тавьсан уяачид хол ойрын наадмыг зорин очиж, уясан хүлгүүдийнхээ шандсыг сорьж буй энэ цаг дор бид та бүхэндээ монгол адууны чансааг тогтоох зорилго агуулсан “Түмний хурд” уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Монгол адууны чансааг тогтоох бага гурван насны аварга хүлэг шалгаруулах “Түмний хурд” уралдаан хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй нь энэ бөгөөд “Түмний Хурд” нийгэмлэг санаачлан “Молор хонгор” гал уяатай хамтран зохион байгуулдаг аж.

Өнөө жилийн уралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-нд Төв аймгийн Сэргэлэн сумнаа амжилтай зохион байгуулагдлаа.

“Түмний хурд” нийгэмлэгийн тэргүүн Г.Цэрэндаш нээлтийн үеэр уяачдыг жудаг, ёс зүйг эрхэмлэхийг уриалаад жилээс жилд энэхүү уралдааны цар хүрээ тэлж буйг дуулгасан юм. Нээрэн ч сумын ойтой дүйцэхүйц хөл хөдөлгөөнтэй “Түмний хурд-2019” уралдаанд 15 аймгийн 400 орчим уяачид ирсэн аж.

Хамгаалалтын хувцас хэрэглэл бүрэн бус болон даатгалгүй хүүхдийг уралдааны замд гаргахүй гэсэн хатуу байр суурьтай байсан тул энэ талын асуудлаа уяачид дор бүрнээ ягштал хангажээ. Харин зохион байгуулагчдын зүгээс замаа зассаны зэрэгцээ Төв аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн газар, Монре даатгалтай хамтран ажиллаж, уралдаанд мөрдөгдөх дүрэм журмаа сахижээ. Мөн нас бүрийн эхний 20-д хурдалсан морьдыг байлж,  уралдаанд оролцсон хүүхэд тус бүрт гарын бэлэг гардуулсан нь уяачид, уралдаанч хүүхдүүдийн зүгээс талархал хүлээж байв.

Ингээд түрүүлж айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.


Хязаалан

  • Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Гэзгээгийн Батбаатарын хар. Өнгөрсөн жилийн “Түмний хурд 2018”- уралдаанд аман хүзүүдэж, АХ-ын 97 жилийн ойд зургаалан, Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан.
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Энх-Амгалангийн Далайцэрэнгийн зээрд. Даагандаа баруун бүсэд айрагдаж байсан.
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Бат-Очирын Энхболдын загал. Алтан Дарь овооны 105 жилийн ой зүүн бүсийн уралдаанд айрагдсан.
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Түвшинчулууны хул
  •  Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ганхөлөгийн зээрд.


Шүдлэн

  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Сүххуягийн хээр. Өнгөрсөн жил төрийн наадамд айрагдсан.
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Дэлгэрсайханы Жавхаасайханы Жанжин бор. Сүхбаатар аймагийн Сүхбаатар сумын ААУ Борхүүгийн Буянбатын унаган адуу
  • Хөвсгөл аймгийн Түнэл сумын уяач Аюурзанын Бямбадоржийн хул
  • Архангай аймгийн Цэнхэр сумын уяач Доржсүрэнгийн Аюурзанын хүрэн. Түрүүлсэн хүрэн дааганы төрсөн ах нь
  • Ховд аймгийн Цэцэг сумын Баасанцэрэнгийн Энхзоригийн бор. МУ-ын Тод манлай уяач Д.Мөнхбатын унаган адуу. Даагандаа Булганы ой, Алтан Овооны тахилгад тус тус түрүүлсэн Алтангадас зээрд азарганых нь төл


Даага

  • Архангай аймгийн Цэнхэр сумын уяач Доржсүрэнгийн Аюурзанын хүрэн.
  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул “Түмний хурд” нийгэмлэгийн тэргүүн уяач Ганбаатарын Цэрэндашийн шарга.
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Октябрын Дөлгөөний хээр
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын хул.
  • Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиндамын хүрэн.

Д.Гантулга

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.