Толин хул зүрхэн чанадад эгшиглэсээр байх болно

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 19 -нд


Монгол төрийн наадмын алтан шар зурхайд Толин хул азаргаа түрүүлгэж, уяачийн замналаа эхлүүлсэн цуут хүлгийн эзэн, Шунхлай удмын адууг бий болгогч, Тод манлай уяач Гаваагийн Батхүү мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.

1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Халуун усны гол хэмээх газар мэндэлсэн тэрээр өвөө эмээгийн хүү. Бага балчиртаа уурга сугсалзуулан давхиж  хөндий дүүрэн багшрах  адууг хураах нэгдлийн адуучдад сэм атаархаж, хожмын өдөр олон адуутай болчихоод ийн давхина даа хэмээн мөрөөддөг байсан гэдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр 1993 онд Зууны Манлай уяач Д.Даваахүүд шавь орж морь уях төрийн хэрэгт шамдах болжээ. Монгол ахуй соёлоо дээдэлдэг, хурдан моринд дуртай түүнд Зууны Манлай  уяач Донир угшилтай хул азарга санал болгон авч өгсөн нь 1995 он.  Жилийн дараа Г.Батхүүгийн хул азарга Монгол төрийн наадмын  алтан шар зурхайг магнайдаа тоосгүй давж, түмэн эхээр тодорч итгэл урам зоригийг нь улам бүр бадраасан юм.

Төрийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд айргийн дөрөвт хурдлан Монгол даяар суу алдрыг нь мандуулсан шандаст хурдан хүлэгтээ зориулан тэрээр “Толин хул” хэмээх шүлэг бичсэн нь дуу болон амилж, өдгөө ардын дуу болтлоо аялагдан эгшиглэсээр байна.

Ийн хүлэг сайн морио эрхэмлэгч  Г.Батхүү уяач Монгол төрийн наадамд дээд гурван насны морь түрүүлгэсэн  ховорхон амжилтын эзэн. 1996 онд Толин хул азаргаа,  2005 онд Бал алаг соёолонгоо, 2006 онд хонгор морио түрүүлгэн төр түмнээ цэнгүүлсэн түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1999 онд Улсын Алдарт  уяач, 2006 онд Манлай уяач, 2012 онд Тод манлай уяач цолоор тус тус шагнасан билээ.

Г.Батхүү сайн уяачаас гадна, шилдэг зүтгэлтэн байв. Тэрээр “Уяач хүн өөрийн унаган тамгатай  хурдан адуугаар наадах хэрэгтэй. Ялангуяа том цолтой уяачид өнөөдрийн амжилтаа харж бус өнө ирээдүйгээ тооцон угшил сайтай адууг цогцлоох хэрэгтэй” хэмээн үзэж Шунхлай угшлын адуу бий болгохоор зорьж, түүндээ хүрч чадсан юм.

Ийнхүү хүлэг сайн мориныхоо хийморь лундаагаар монгол түмнээ цэнгүүлэгч, морин эрдэнийнхээ хөгжлийг түүчээлэгч өврийн сайхан хангай нутгийн хүүгээ цаг бусаар алдсан гашуун өдрүүдэд гүнээ харамсахын зэрэгцээ Г.Батхүү таны Монголын морин спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг тань үеийн үед дурсан санаж дээдлэхээ илэрхийлж байна.

 Та минь мөнх тэнгэрийн орон Монголдоо дахин төрөөрэй.

Ум сайн амгалан болтугай.

Хүндэтгэсэн:

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан

ММСУХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч  Х.Бат-Эрдэнэ

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч  Ө.Пүрэвбаатар

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч  Ц.Туваан

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч  Б.Нямжав

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч  Ц.Гончигсүрэн

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч  З.Пүрэв-Очир

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар

ММСУХ-ны ажлын  алба

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна