Дагвын Цэдэндамба хэмээх даруу уяачийг дурсахуй

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 08 -нд

Сэцэн хан аймгийн Боржигон хошууны баруун хойд нутгийг Төв аймгийн Баянцагаан сум хэмээн нэрийдэх болсоор 90 гаруй жил өнгөрч. Энэ нутгийн хурдан хүлгүүд өнгөрсөн зуунд төрийн наадамд онцгой амжилт гарган хурдалж, Баянцагаан адуу хэмээх бэсрэг угшлын хэмжээнд яригдах болсон билээ.

ХХ зууны Үндэсний их баяр цэнгэл наадмаас Баянцагаан угшлын адуу 51 түрүү, 220 айраг авч амжилтаараа Галшар удмын адуутай өрсөлдөхүйц болсон гэдэг. Энэ л нутгаас та бидний мэдэх олон сайн уяачид төрснийг надаар хэлүүлэлтгүй  мэдэх биз ээ. Бид энэ удаа Дагвын Цэдэндамба /аймгийн Алдарт уяач, Зууны манлай малчин/ хэмээх эгэлхэн уяачийг сурвалжилсан юм. Тэрээр 1938 оны шороон бар жил ар Үйзэн хэмээх газар айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Өмөөрөх ах, эвийлэх эгчтэй Д.Цэдэндамба хүү таван настайдаа эцэг эхээсээ өнчирч, дунд сургуулиа төгсөөд 1950 оны эхээр аймгийн төвд шилжин ирж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Арав гаруйхан настай хүү жолооч болж, аймгийн дунд сургуулийн тэргийг хэдэн жил бариад Төв аймгийн 13-р бааз байгуулагдахад анхдагчдын нэг болж, өндөр насны тэтгэвэрт гартлаа тогтвортой ажиллажээ. Аав ээж нь бага залууд нь бурхны орноо одож, төв суурин газар бараадсан Д.Цэдэндамба морь мал уяхыг мэдэхгүй. Аймагт ирсэн хойноо Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Манзуширын амаар нутаглах Сэрээнэн гэгч айлын  ууган охин Шагдарсүрэнтэй гэр бүл үүсгэн 10 хүүхдийн ижий аав бололцсон түүхтэй.

Аав нь тээвэрт, ээж нь сонины газарт ажиллах тул хүүхдүүдийн ахмад нь дүү нараа асрамжилна. Нэгэн удаа тээврээс ирээд зургаан настай Энхбаяр  хүү нь эмээлээ тэвэрчихсэн дааж ядан хашаан дээгүүр давуулахаар зүтгэж буйтай таарчээ. Ачаандаа түүртсэн бяцхан хүү аавыгаа ирэхийг ч анзаарсангүй. Хүүгээсээ учрыг лавлавал “надаар хурдан морь унуулна гэсэн”  хэмээн баяртайгаар өгүүлэх нь тэр.

Өвөөгийнх нь нутагладаг Богд уулын амаар байх айлын эрчүүд цөм уяачид. Өвөө нь морь мал уяхгүй ч Ц.Энхбаяр хүү  ухаан орсон цагаас номхон морины нуруун дээр гарч, морь унахын амтыг мэдэрсэн байлаа. Үеийнх нь хүүхдүүд хурдан морь унан уралдаж, улс амьтан тэднийг өхөөрдөн хүндлэх нь таатай. Тэднийг харж сэм атаархах бяцхан хүүгийн нууцхан хүслийг мэдэрсэн нутгийн буурал уяач “Хурдан морь унуулна аа” гэчихэж. Үүнд баясаж хөөрсөн хүү аавынхаа машины дууг ч сонсолгүй гэрийнхнээсээ нууцаар эмээлээ тэврэн оргох гэж яваад аавдаа баригдсан нь тэр аж. Хүүгийнхээ хиргүй тунгалаг үнэнийг сонссон аав нь зэмлэхийн оронд  “аав нь хүүгээрээ хүний морь унуулахгүй ээ. Хойтон аав нь морь уяна. Тэгээд хүүгээрээ унуулъя. Одоо эмээлээ буцаагаад тавьчих” хэмээн учирлажээ. Хэлсэндээ хүрдэг аавынх нь энэ үг хүүгийн сэтгэлд нар мандааж, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээх л үлдэж.


1975 оны зун нутгийн буурал уяач Төмөрөөс зүүн талынхаа гуян дээр саран дэвсгэртэй зуузай тамгатай хүрэн зээрд хязааланг 800 төгрөгөөр авч Богд уулын амаар нутаглах Гэцэг уяачаар уяуллаа. Хүүгийнхээ хүслийг биелүүлж буй дүүдээ дэм болохоор  эгч Хулганаа нь энгэртээ энх тайвны бэлгэдэл болсон хос тагтаатай, ардаа монгол төрийн алтан соёмбо бүхий хилэн цамцыг хүүд нь зориулан урлаж, басхүү хүний майхан гуйгаад яах вэ хэмээн чамин гэгчийн эрээн майхан оёж өгчээ.

Ийнхүү Ц.Энхбаяр хүү сайн аав, халамжит авгынхаа буянаар нарийн хилэн гоёмсог цамцтай, наадмын чимэг болсон эрээн майхантай төрийн наадмыг зорин, зээрд үрээгээ 20 гаргаж давхиулав.

Хар багаас хагацал үзсэн аавын хайр, ээжийн энэрлээр дутаж өссөн Д.Цэдэндамба хүүдээ түүнийг мэдрүүлэхгүй гэх хүсэлдээ хөтлөгдөн уяач болсон нь энэ юм. 

Эр хүн туг ч барьж тугал ч хариулна

1976 оны зун. Д.Цэдэндамба соёолон, хязаалан насны морьдоо хөтлөн төрийн наадмыг зорин иржээ. Гарсан цагаас өнгөнд уралдаж, найм, есөөр явж байсан зээрд соёолон Буянт-Ухаагийн дэнжид ирмэгц хөл нь суларсаар 11- рүү ухарч барианаас 100-гаадхан метрийн зайтай унаад, дахин өндийсөнгүй. Учрыг нь гүйцэд ойлгоогүй бяцхан уралдаанч  бариа руу яарч бачимдах басхүү даруулсан хөл нь өвдөхийн эрхэнд уйлж эхлэв. Хаанаас  ч гараад ирснийг бүү мэд. Танихгүй улс  ирээд зээрд морийг өшиглөж байхыг л бүүр түүрхэн санах. Төд удалгүй аврал болсон аав нь ирээд зээрд мориныхоо эмээл, хазаар, сүүлний боолтыг авч, уран тэргүүнийг нь засчихаад хүүгээ дагуулсаар олны хөлөөс холдон оджээ. Зээрд морь нь хужирсаад шороо долоочихсоныг залуу уяач анзааралгүй, замд гаргаснаас ийм явдал болж.

Өглөөхөн баяр хөөр цалгиж байсан эрээн асар нам гүмхэн. Аав нь ч тэр, хүү нь ч тэр дуугарах тэнхэлгүй суусаар. Нам гүмийг эвдэж цагаан хоолойгоор дараагийн насны морьд явах болсныг зарлахад авга эгч нь сая ам нээж  “Нүүрэндээ үстэй адгуус шүү дээ. Дараагийн насаа мордуул” хэмээн аргадах зэмлэхийн завсарт хэлэв.

Эгчийнхээ үгэнд сэхээрсэн Д.Цэдэндамба хүү рүүгээ харвал “Уралдахад бэлэн” гэх шиг. Ингээд хүүдээ зөөлөн явахыг зөвлөөд хязааланг нь эмээллэж мордуулав. Хязааланд хүүхэд морь мэнд зам цагаан уралдаж.

Маргааш нь Яармаг орж, морины байгаа авах тул тэр оройдоо Жаргалантын ам орж хонохоор ирцгээлээ. Майхных нь хойхно тэр жил Хилэн хар азаргаа айргийн дөрөвт хурдлуулсан  Завхан аймгийн уугуул, Баянцагаан сумын суугуул Авирын Дамдинсүрэн уяачийнх буусан аж. Морь айрагдсан айл хөл ихтэй. Хурдан хүлэг нь нүдэн дээр нь сүүлчийн амьсгалаа татсан дүр зураг нүднийх нь өмнүүр жирэлзэн бяцхан уралдаанчийн нойр бүрмөсөн хулжжээ.


Гэтэл тэдний майханд гэнэтийн зочин ирсэн нь Хилэн хар азарганы эзэн А.Дамдинсүрэн уяач байлаа. 1960 хэдэн онд төрсөн нутгаасаа калибр буу үүрч, шар нохойгоо  дагуулан гарч унасан мориноосоо өөр өмчгүй Баянцагаанд ирснээ дурсан ярьж. Хүн танихгүй, газар мэдэхгүй тэр цагт тусалсан ачийг нь тань  мартаагүй ээ хэмээгээд “За миний дүү гуниглаад яахав. Эр хүнд юу эс тохиолдохов. Олон хүүтэй дүүдээ ах нь нэг адуу өгнөө” гэх нь тэр. Энэ үгийг сонссон хүү баярласандаа босон хараймаар авч, том хүний яриа чагналаа хэмээн зэмлүүлэхээс эмээн хөдөлсөнгүй. Харин аав тэр адууг нь бушуухан л аваасай хэмээн догдолж хэвтэв.

Сүүт гүүний унага саарал азарга

1977 оны зургаан сар. Д.Цэдэндамба 1000 төгрөг өвөртлөн хүүгээ дагуулсаар А.Дамдинсүрэн уяачийнхыг зорив. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэгчээр Д.Цэдэндамба Хилэн хар азарганых нь үр хар хязааланг авахаар шийдсэн байв. Цай аягалж, таваг дөхүүлэх зуураа ирсэн хэргийг чагнаж суусан эзэгтэй бодлыг нь таасан мэт “За Цэдэндамбаа минь, чи олон хүүхэдтэй хүн. Олон уралдана. Морин үрээгээр яахав. Хар үрээг хөнгөлчихсөн. Хилэн харын дүү саарал үрээ бий. Тэрийг ав” хэмээжээ. Гэрийн эзэн ам нээсэнгүй. Цэдэндамба бүсгүйн хэлснээр саарал үрээг авахаар шийдэн гэрээс гарч харвал шар үснээсээ салаагүй хариугүй жаахан туранхай саарал даага байж.

АХ-ын 56 жилийн ойгоор Цэдэндамба уяач урьд жил нь уралдсан соёолонгоосоо эхлээд нэлээд хэдэн насны морь уяв. Наадам болоход саяхан авсан саарлыг туранхай тул өнжөөхөөр шийдэн, нөгөө хэдийг ч бас тодорхой шалтгааны улмаас уралдуулахгүй байх шийдвэрт хүрч ганц үрээтэй наадмын дэнжид буужээ.

Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай. Нутгийн нэлээд бийлэгжүү уяач ирээд  “Хан уулын ард, Хатан туулын хөвөөнд эрээн майхан шаачихаад, эрээн хивс дэвсчихээд ганц үрээ уясан уяач өөрөөс чинь өөр алга” хэмээн даапаалахад Цэдэндамба “наадам олон” гэдгээс өөрөөр дуугарсангүй. Тэр жилийн наадам морь хүүхэд мэнд уралдаж өндөрлөв.

Саарал азарга хязааландаа хорь, соёолондоо арав гаргаж давхилаа. Жил ирэх тусам давхил нь орох саарал азарга урмыг нь  сэргээх тул 1981 онд Д.Цэдэндамба тэтгэвэртээ гарч, хоёр дахь хүү нь ч цэргээс ирэв. Хөдөө гарч хүүтэйгээ элбэн уясан тэр жилийн наадмаар хавчиг саарал азарга төрийн наадамд долоод  хурдалж. Хараахан айрагт багтаагүй ч Яармагийн дэнжид уугуул нутаг усыг нь дуудуулан цоллуулсан удамт хурдан хүлгээрээ Д.Цэдэндамба бахархан суув.

Яг энэ үед нь нутгийн буурал уяач Жанчив “Танайхан их хувьтай улс юм. Улс насаараа морь уяад хурдлуулж чадахгүй байхад танайх адуутай болоод л хурдлуулж эхэллээ” хэмээн хүүгээр нь дамжуулан хэлүүлжээ. Нээрэн ч тэр олон аавын хүүгийн морьд уралдаж байхад залуу уяачийн хүлгүүд 10, 20 дотор хурдална гэдэг чамлахааргүй амжилт.

Ийн урам нэмсэн Д.Цэдэндамба саарал азаргандаа хүүгийнхээ авчирсан морин тойруулгын угшилтай халтар гүүг хураалгав. Халтар гүү саарал азарганы төл хоёр охин, нэг эр унага гаргажээ. Хоёр дахь охин саарал унагыг Толбот бор азарганы эзэн Улсын Алдарт уяач Жаал хэмээх Б.Банзрагчид бэлэглэж. Ганц эр төл нь даагандаа улсын наадамд зургаад хурдалсаных нь дараа хангайн эзэн хүртжээ. Тэр жил эх халтар гүү нь ч бас эндсэн байна. Ийнхүү халтар гүүний төлөөс үлдсэн ганц хээр байдсаа Сэргэлэн сумын харьяат Балбарын улсын наадамд дөрөв айрагдсан хүрэн азарганы төл толин сартай хонгор азарганд (хүү Энхбаатар 1000 гаруй төгрөгөөр авсан) хураалган эр хар унагатай болжээ. Энэ хар унага хожмын хурдан хүлэг болж, эзэн уяачийнхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг дэвтээсэн билээ.

Дархан түмэн эхийг төрүүлсэн нь

Хоёр талаас хурдны удамт хар азарга 1991 оны унага. 1992 онд даагандаа наймд орж, 1993 онд шүдлэн үрээ Төв аймгийн 70 жилийн ойд зургаад хурдалжээ ( уг нь тавд орсон ч зургаад барьсан гэдэг). 1994 онд хязаалан үрээ ирлэсэн тонгорог мэт гялалзаж байв. Эзэн уяачийн сэтгэлд “Энэ жил ч баараггүй цагаан юм амсах вий” гэсэн дэврүүн бодол эрэгцэх.

Цагаан хоолойгоор хязаалан эргэсэн тухай, цагаан цамцтай хүүхэд унасан хар үрээ зайдуу гарсан тухай зарлав.Үрээний байдлаа бодвол мөн байхаар хүүхдийн хувцсыг бодохоор биш юм шиг. Ийн бодсон Д.Цэдэндамба унаж явсан цайвар хул морио хөтлөн уяачдаас нэлээд зайдуухан очоод зогсчихлоо. Гарсан цагаас өнгөлсөн хар үрээ тувт зарлуулсаар үзэгчдийн хөл рүү ороод ирлээ. Өөрийнх нь хар биш, Пунцагбалжирын хар үрээсанж. Араас нь Армийн Аюушийн хээр, Баян-Өнжүүлийн Цэрэндоржийн бор, Батсүмбэрийн Батхишигийн хээр, Дарханы Бямбаагийн буурал гэсэн дөрвөн үрээ залган орлоо.

Шидсэн чулуу эрчилсэн үрээнүүд шил даран хурдалсаар тоо арав хол давав. Тэдний дунд өөрийнх нь хар байсангүй. Эхний

аравт багтахгүй гэж баймааргүй юм. Энэ лав нэг жиг ургалаа шүү” хэмээн бодсон тэрээр хүүгээ амдуулахаар явуулж. Цагдаа нарт хоргоогдон хэсэг хүлээзнээд морьд ирсэн замаар уруудтал Айцын давааны орчим нэг хүүхэд үрээг нь хөтөлчихсөн явна гэнэ. Очтол “Морьд эргэхэд УАЗ-469 –тэй хүмүүс дайрч унагачихаад явчихсан” гээд ташаа нь цөмрөөд гэдэс, дотор нь нэвт харагдах үрээнийх нь жолоог өгчээ. Тэр даруй эмч дуудан, оёо тавиулан эм тан болж. Бурхны авралаар тэрхүү гэмтэл ужгирсангүй. 1995 онд АХ-ын 74 жилийн ойд долоод, 75 жилийн ойд есөд хурдалж, 1997, 1998, 1999 онуудад Төв аймгийн наадамд дарааллан түрүүллээ. 2000 онд есөн настай азарга аймгийнхаа наадамд долоолоод, 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор улсад 20 гаргаж давхив. 2002 онд аймгийнхаа баяр наадамд наймд давхиад, “Боржигон-2002” төвийн бүсийн уралдаанд долоолж, намар нь Алтанбулаг суманд болсон уралдаанд айрагдлаа.

2003 он. Төв аймаг үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиож байв. 2000 оны зуднаар адуу цөөрсөн ч үлдсэн хэдийгээ уяж уралдуулна гэсэн дүүрэн итгэлтэй. Гэвч хар азарга нь олддоггүй. Уул хад самнаж, урагш хойш давхин хайсан ч сураг ажиг гарсангүй. Нэг л газар мэнд бий хэмээн найдсан улс зурагтаар гарсан айхтар мэдээг ч үзэх сөхөөгүй байж. Гэтэл мөнгөний үнэрт нүд сохорсон хэсэг этгээд баахан адуу хулгайлж муулахдаа хамгийн түрүүнд хар азаргыг нь золигт гаргасан байх нь тэр. Тэр цагаас хойш Д.Цэдэндамба уяач дахин морь уясангүй. Хүлгийн хиймориор жигүүрлэж явсан давилуун жилүүдээ нүдэндээ зурагласаар 2009 оны өвөл бурхны орноо оджээ. Өдгөө хүү Ц.Энхбаяр нь унаган хүлгүүдээ уралдуулж, уяач аавынхаа алдрыг өргөж явна.

А.Тэлмэн 

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 178.191.169.131

    Bogd uuliin uvurt. Darhan Tumen eh har 3 ugsarj turuulj. Ar uvurt ni Amgalan Toriin Ajnai sharga 3 ugsarj turuulj bailaa gej humuus ih yridag bj bilee.

    Reply
  • 66.181.161.110

    дархан түмэн эх хар азарганы хажууд нь дагаал гүйж явлаа сайн уяач даа

    Reply
  • 203.91.115.56

    Манай найзын өвөө нь Цэдэндамба гэх энэ хүн. Их ч олон загнуулж явж дээ. Гэхдээ л төв аймгийн дээд насанд 3 жил завсаргүй азарга түрүүлгэнэ гэдэг хосгүй амжилт.

    Reply
  • 66.181.161.15

    Үүрд санан дурсаж явна

    Reply
  • 223.228.49.6

    Батбаярын Даваадорж: А.Тэлмэн гэдэг Адуу морины сэтгүүлч Таны овог болох нь байна Та Аавын алдар нэг Өөрийн овог оо Өргөн уншигч олондоо сийрүүлж өгнө үү,,

    Reply