Уяач Д.Даяндэмид: Есөн жилийн дараа анхны түрүүгээ хүртлээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 10 -нд

Төрийн наадмын хурдан морины уралдаан хязаалангаар эхэлдэг уламжлалтай. Өнөө жилийн баяр наадамд 298 хурдан үрээ бүртгүүлснээс 184 гараанаас гарч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор түрүү магнайд хурдалсан юм. Бид түрү хүлгийн эзний баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын анхны түрүү хүртсэн танд баяр хүргэе.

-За баярлала. Их баяртай байна аа. Үрээ маань түрүүлж, АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын анхны түрүүг хүртлээ. Энэ завшааныг ашиглаад  галынхаа хамт олон аав, ах нар, гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлж, дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.

-Даяндэмид уяач  хэд дэх жилдээ төрийн наадамд морь мордуулж байна вэ?

-Ес дэх жилдээ төрийнхөө наадамд морь мордуулж байна. Өмнө нь морьд маань арав гаргаж давхидаг байсан бол өнөө жидл анх удаа түрүүллээ.

-Бүсийн уралдаануудад ямар амжилт үзүүлсэн бэ?

-Хамгийн дээд тал нь хязаалан насны морь “Говь шанхын хурд” уралдаанд есөд хурдалж байсан.

-Энэ жил хэдэн насны морь уяж сойсон бэ?

-Уг нь нас насанд уясан ч шигшигдсээр байгаад хязаалан,их нас, азарга л мордуулах болж байна.


-Хонгор үрээ Наран хонгорын төл гэсэн. Эх нь ямар гүү вэ?

-Эх нь Дугараа Тод манлайн хүрэн гүү. Дээгүүрээ тойруулга цустай. Даага, шүдлэндээ уралдаагүй. Битүү үрээ төрийн наадамдаа түрүүлж байгаа нь энэ.

-Улаанбаатарын унаган хүүг юу моринд “урвуулав”

-Аавын нөлөө их байсан. /Тод манлай уяач Д.Дагвадорж/Мөн багадаа хөдөө явдаг байсан маань түлхэц болсон.

-Хурдан морь унаж байсан уу?

-Хурдан морь унаж байгаагүй ээ. Адуу маланд давхидаг байсан.

 -Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хэмээн зарлуулж байна лээ.  Уугуул нутаг Хөвсгөл, ээлтэй Говьшанх  хоёрынхоо хаана наадахаар төлөвлөж байгаа вэ?

-Одоохондоо шийдээгүй л байна.

-Төрийн наадмын анхны түрүү булган сүүлтэй байх болтугай. Амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Тэлмэн

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.