Тод манлай уяач О.Батбилэг: 50-60 хүний хоёр сарын хөдөлмөрийн үр шимийг төрийн наадмаар үздэг

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 19 -нд

Монгол төрийн наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн Тод манлай уяач О.Батбилэгтэй ярилцсанаа уншигч танд хүргэе. 


-Төр түмнийхээ их цэнгэлд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн Тод манлайдаа халуун баяр хүргэе ээ. Азарга түрүүлгэх мэдрэмж өөр юмуу?

-Баярлалаа.Төрийн наадамд азарга түрүүлгэх их хувь тохиол байлгүй яахав. Олон жил энэ мөчийг хүлээсэн. Нэг л өдөр түрүүлэх байх  хэмээн бодож байсан минь ёсоор боллоо. 30 жилийн тэртээ халзан морио улсын наадамд аман хүзүүдүүлчихээд цоллуулж зогссон бол өнөө жил халзан азаргаа түрүүлгээд цоллуулж байхдаа “над халзан адуу их ээлтэй байдаг юмуу даа” гэж бодож байлаа.  

-Хүхээ халзан “энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай” гэсэн хэлцийн биелэл болж, олон хүнд урам зориг өглөө.  Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг энэ болов уу?

-Тийм шүү.Энэ халзан чинь даагандаа баян ходоод болж байсан юм.  Барианд орсон дааганы арынхыг баян ходоодоор цоллодог шүү дээ. Тэр жил улсын наадамд 40- өөдөөр давхиад баян ходоод болсон. Шүдлэн үрээ их хурдан байсан ч хүүхэд нь ойчоод айрагдаж чадаагүй. Хязааландаа болохгүй байхаар нь Дорнодод аваачаад тавьчихсан чинь том азаргатай адууны гүү хураагаад азаргатай зодолдоод болдоггүй. Тэгэхээр нь буцаж авчраад жаахан ажил хийж  байгаад Багануурт уралдуулсан гурваар давхисан. Тэгээд өнгөрсөн жил хавчиг шүд нь гарчихсан соёолон азарга улсад аман хүзүүдээд, энэ жил түрүүллээ.

-Наран хонгор улсад түрүүлдэг жил Даваахүү ахтай уулзахад нэлээд догдолсон янзтай байсан. Онон тод манлай хүүгийнх нь азарга түрүүлэхэд яаж хүлээж авсан бэ?

-Үгүй яахав яваад ирсэн чинь үнссэн. /инээв/ Зурагтаар уралдааныг нь үзэж байсан долоо наймаар л давхиад, явах янзгүй л байсан. Болдоо дагаж явсан юм. Тэгээд залгаад “наадах чинь явахгүй байгаад байна уу?” гэсэн чинь “гайгүй байхаа бариатай явж байна” гэсэн.  Зурагтаар харахаар ерөөсөө олигтой урагшилж өгдөггүй. Цагаан хөтөл давтал явахгүй байхаар нь “хоол нь ихэдчихдэг юм байхдаа” гэж бодож байтал хүүхэд нь шахаад урагшилсан. Ер нь бол хурдан байсан болохоор нь түрүүлчих байх гэж бодож байсан юм.

-Тод манлайг нэлээд сандаргажээ. Тэгэхээс ч яахав нэг уяаны гурван азарга дараагаараа орлоо шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд нэг уяаны гурван адуу дараалсан тохиол гараагүй. 2016 онд Дагваа ахын хоёр азарга дараагаараа орж байсан. Харин өнөө жил манай уяаны гурван азаргаараа төрийнхөө наадамд дараагаараа орж үзэгч түмнээ баясгалаа.

-Урамтай сайхан санагдсаан. Ингэхэд “Түмний эх” гал уяа АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаас  нийт хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?


-Нийт 10 айраг, түрүү авлаа. Азарганы уралдаан дээр миний халзан түрүүлж, Баттөмөрийн хонгор аман хүзүүдэж, Пүрэвбаатар ахын загал гурвалсан. Их морин дээр Бадамсүрэн гуайн хээр гурвалж, Баттөмөрийн хар  дөрөвлөн, Максын зээрд тавлалаа. Хязааланд Баттөмөрийн хүрэн, дааганд Дорнодын Батмөнхийн хээр  тус тус гурвалж, эрлийз дээд насанд  Ч.Цэрэнбатын хул азарга аман хүзүүдэж, дундад Говь-Алтайн Хүрэлтулгын хүрэн дөрвөөр давхисан. Ийнхүү өнөө жилийн наадам сайхан болж, “Түмний эх” гал уяа маань арван айраг, түрүү хүртлээ.

-Төрийн наадмын  45 айраг, түрүүний 10-г нь дангаараа хүртчихдэг “Түмний эх” аргагүй улсын шилдэг гал уяа юмаа. Ингэхэд та морь уясан цагаасаа хойш хичнээн айраг түрүү хүртсэн болоо. Барагцаалах уу?

-Монгол улсын шилдэг уяачаар дөрвөн жил дарааллан шалгарсан. Өнгөрсөн жил хоёрт орсон. Тэрний өмнө  гуравт орсон. Энэ зургаан жилийн хугацаанд заримд нь 20 гаруй, заримд нь 15, 16, 17, 18 гээд айраг түрүү авсан байдаг юм билээ. Тэгээд бодоод үзэхээр 100 нэлээд гарсан байхаа.

-Олон хүний нөр хөдөлмөрийн үр шим гэдгийг бид гадарлана. Харин зарим үзэгчид торгон дээлтэй, ганган машинтайгаа давхисаар айрагдуулдаг мэт санадаг бололтой.

-Хүүхэд, залуучууд нийлсэн 50-60 хүний хоёр сарын хөдөлмөрийн үр дүнг төрийн наадмаар үздэг. Анх ёслохдоо бараг 200-гаад морь уяна. Тэдний зарим нь тэр жилдээ уралдана. Зарим нь сургалтын маягаар уягдана. Зарим нь явцын дундаас тавигдана. Энэ мэтчилэн цөөрсөөр улсын наадамд нэг насанд дээд тал нь дөрөв, тав дунджаар хоёроос гурван адуу л морддог.

-Төсөөлж байснаас ч нүсэр юм гээч.

-Хавар уяа эхлэхэд цөөхүүлээ гарна. Тэгээд өдөр хоногоор хүмүүс нэмэгдсээр яг ачааллын үедээ 50-60 хүрнэ шүү дээ. Бүсийн уралдааны үеэр хэд хэд хуваагдаад явчихдаг болохоор ачаалал арай багаснаа.  

-Тантай уулзах гэж  гурван удаа ирээд чадаагүй. Морь луугаа явчихсан үед тань таарах юм.  

-Манайх 100 гаруй километрийн цаанаас морьдоо зөөж байгаа. Морь ирэнгүүт нартай уралдаад уяа руугаа явахгүй бол амжихааргүй болдог юм. Хэдэн хүүхдээ авч яваад мориндоо ажил хийлгэчихээд буцаагаад нааш нь машинаар өгч явуулна. Наадмын өдрүүдэд бид ийм л хэмнэлээр ажилладаг даа.

-Бүсийн уралдаануудад уралдах уяачдадаа Тод манлай ямар зөвлөгөө өгөх вэ? Давхар уяаны үед юун дээр анхаарах ёстой вэ?

-Давхар уяаны үед биеийг нь алдруулчих гээд байдаг талтай. Уясан адуу чинь чангараад мушгисан юм шиг л болж байгаа шүү дээ. Тэр нь жаахан сулрах маягтай болмогц бие нь алдарчихдаг. Тиймээс хамаагүй хөнгөрүүлэхгүй бас хөл гар луу нь орчихолгүй байх нь чухал.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье.

- Баярлалаа. Нийт уяачдадаа “Их хурд” болон бүсийн уралдаануудадаа амжилттай сайхан наадахыг хүсэн ерөөе.

А.Тэлмэн

9 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.