ЗАЛУУ УЯАЧ П.МӨНХТУЛГА:МОРИН УРАЛДААНЫГ ҮНДЭСНИЙ ДАРХЛАА ГЭДГЭЭР НЬ ХАРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 05 -нд

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Жигүүр бор азаргаа айргийн гуравт хурдлуулсан залуу уяач Ө.Мөнхтулгын баярын сэтгэгдлийг хуваалцснаа хүргэж байна.

-Шүдлэн цагаасаа хурдалсан бор азарга төрийнхөө наадамд дахин айрагдлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Бор азарга маань улс, бүсийн уралдаанд хоёр түрүүлж, гурав айрагдаад байсан. Өнөө жил  айргийн гуравт хурдалж, төрийн зарлигт наадмын зургаа дахь хишгээ хүртлээ. Баяртай байна. 
-Баяр наадмын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Нар хур нь тэгширсэн сайхан наадам болж байна. Манай галынхан  сайхан наадаж, 10 айраг, түрүү хүртлээ.
-Бор азарга аавыг тань Тод манлай уяач цолонд хүрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Өнөө жилээс ууган хүүгийн нэр дээр уралдахаар болж байгаа бололтой. 

-Өнгөрсөн жил аав маань бор азаргаа надад зүсэлж өгсөн. Тиймээс өнөө жилээс эхлээд миний нэр дээр уралдаж байгаа юм. 


-Ууган хүүгээ уруу татсан хэрэг байх нь ээ.

-Би Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн хүн. Багаасаа мал хуйтай ойр байж хурдан морь унадаг байлаа. Нас нэмээд моринд томдон хасагдахдаа уйлж байсан хүүхэд. Тухайн үед бүсийн уралдаан гэж болдоггүй байлаа. Газар хол учраас улсын наадамд ирж уралдах боломжгүй. Харин аймгийнхаа наадамд очиж хэд, хэдэн айраг авсан.
-Уяачийн гараагаа хэдий үеэс эхэлсэн бэ?

-1998 оны улсын наадамд миний нэр дээр шүдлэн үрээ аман хүзүүнд хурдалж байсан. Мөн Нийслэлийн хурдад  үрээ аман хүзүүдсэн. Үүнээс гадна бага наадмуудаас бол нэлээд хэдэн айраг авсаан. 
-Дөрвөн үеэрээ адуутай ойр байлаа. Таныхаар монгол наадам, морин уралдаан гэж юу вэ?

-Монгол наадам гэхээр их өргөн сэдвийг хамарна  л даа. Тиймээс морин уралдааны тухайд хариулах нь зөв байх. Өөрийн болоод түүнээс доод үеийнхэндээ хандаж “морин уралдааныг шүүмжлэхээсээ илүүтэй үндэсний дархлаа  гэдгээр нь харж, хөгжүүлэх, өвлүүлэх тухайд нь ярьж байгаач ээ” гэж  хэлмээр санагддаг. 
-Аль бүсийн уралдаанд уралдахаар төлөвлөж байна вэ?

-Галынхантайгаа ярилцаж байгаад шийдвэрлэнэ дээ.
-Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.