Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Хар азарга маань олон жил баярлуулах байх аа

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 26 -нд

Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд адуун сүргийн манлай азарга айрагдуулсан хийморилог эрхмийг уншигч танаа уулзуулж байна. Энэ хүн бол сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн юм.

-Адуун сүргийн манлай азарга айрагдуулж Архангайчуудынхаа хийморийг өргөсөн танд баяр хүргэе. 

-Баярлалаа. Архангайн уяачид хийморьтой сайхан наадаж, азарганы уралдаанаас хоёр айраг хүртлээ. Уугуул нутгийн түмэндээ “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан хурдан хүлгийн босоо  цагаан хиймориор тэтгэгдэж явахын ерөөл өргөе. Мөн Партизанчуудадаа баяр наадмын мэнд дэвшүүлж, уясан хүлэг морьд нь хурдан байхыг хүсье. 

-Их насны морь айрагдуулж байсан. Азарга айрагдуулах өөр санагдах юм уу?

- Монголчууд их насны морь өм нээдэг гэж ярьдаг нь үнэн юм билээ. Ах нь 1978,79  оны үеэс төрийн наадамд морь мордуулсан хүн. Олон жил тэвчээртэй хүлээсний эцэст буурал морь маань АХ-ын 96 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж, тэр цагаас улс, бүсийн чанартай уралдаан наадмаас овоо хэдэн айраг хүртлээ. Морь айрагдсан наадам болгон сайхан. Гэхдээ дээд нас, эцэг мал айрагдуулах бэлгэдэлтэй сайхан юм байна. Моринд дурласан хүн сайн адууны хажуугаар зүгээр өнгөрч чадахаа байдаг юм байна. Ахад нь хэд хэдэн сайхан азарганууд бий. Шувуун саарал, Пээдэг бор гэгчлэн.

-Хар азарга хаанахын адуу вэ?

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу. Энэ жил хавчиг зургаан настай олон жил баярлуулах байх аа.


-АХ-ын 98 жилийн ойд хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ?

- Нас болгонд хоёр, гурван адуу мордуулж байгаа. Бага насанд өөрийн унаган буюу бор азарганы маань төлүүдээс мордож байна.

-Төрийн наадамд хоёр айрагдаж, 2018 оны чансаа өндөр их насны морьдыг тэргүүлсэн хүрэн мориндоо нэлээд найдлага тавьж байгаа байх.

- Их найдаж байгаа. Хүрэн мориндоо найдахгүй бол өөр ямар  моринд найдах вэ. (инээв)

-Хөвгүүд тань аавыгаа дуурайгаад моринд элэгтэй бололтой.  Удахгүй өөрсдийн нэртэй хүлгүүдээ уралдуулах байх даа.

- Манай хүүхдүүд моринд дуртай. Гурван хүү гурвуулаа морь уяна. Морь уях гэдэг олон хүний хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн шүү дээ. Өөрийн хүүхдүүдээс гадна миний дээд талын ахын хүү бас их моринд дуртай. Одоо надтай цуг морь уяж байгаа. Аав нь Дуламсүрэнгийн Пүрэвсүрэн гэж улсад шүдлэн үрээ түрүүлгэж байсан хүн.

-Удамт уяачдын дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Сайхан наадаарай.

- За баярлалаа.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.