Аймгийн Алдарт уяач Д.Батзориг: Уламжлалаа дээдлэх ёстой ч шинжлэх ухаанч хандахыг хичээдэг

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 28 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Давааноровын Батзоригийг уншигч тантай уулзуулж байна. 1996 оны өвөл сумынхаа хүн эмнэлэгт айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр 2015 оноос бие даан мрь уяж, 2016 онд сумынхаа шилдэг уяачаар шалгаран 2017 онд сумын, 2018 онд аймгийн Алдарт уяач цолыг тус тус хүртжээ. Морь уях төрийн хэрэгт шамдан суралцаж, богино хугацаанд өндөр амжилт үзүүлээд буй тэрээр бидний асуултанд ийн хариулсан юм.

-Аз хийморь халгисан залуу Алдартад энэ өдрийн мэнд хүргэе. Хоёр жил дарааллан цолоо ахиулж, сумынхаа шилдэг уяачаар шалгарч байж. Аймагтаа амжилтаараа илүүрхдэг Уянгачуудаа магнайлсан 2016 оны дурсамжаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Хоёр жилийн хугацаанд аймгийн Алдар уяач цол хүртсэн хэдий ч багаасаа адуутай нөхөрлөсөөн.Зургаан настайгаасаа эхлэн хурдан морь унаж, томдоод хасагдмагцаа туслах уяач хийх гэх мэтээр уяачийн эрдэмд бага багаар суралцаж байсан юм. Тэгээд ШУТИС-ийн барилгын инженерийн ангийг төгсөөд орон нутагтаа ирж морьдоо өөрөө уяж байна. Түүнээс өмнө өөр хүнээр уяулдаг байсан юм. 2016 оны тухайд 8-р сарын 5-нд болсон сумын баяр болон Монгол Улсын харцага Гантулгын мялаалга наадамд бага саарал азаргаа аман хүзүүдүүлж,соёолонгоо  таваар, хязаалангаа гурваар давхиулсан. Олон газрын уяачид цугларсан томоохон наадам байсан учраас манай сумаас таван морь л айрагдсан.

-Нөгөө хоёр нь ....

- “Хуурнигч хүлэг” галын ерөнхий уяач, аймгийн Алдарт уяач Пүрэвжав ахын халзан, аймгийн Алдарт уяач Шийлэгдорж ахын хул  айрагдсан.

 -Тэр жил өөр наадамд оролцсон уу?

- Говь-Алтай аймагт болсон Засгийн газрын тогтоолт баруун бүсийн уралдаанд очсон. Морьд маань 20 гаргаж давхисан. Мөн Дөрөлжинд болсон уралдаанд хоёр морь түрүүлгэсэн юм байна. 2017 оны тухайд сумын чанартай уралдаанаас хоёр түрүү, долоон айраг хүртэн сумын Алдарт уяач цол хүртсэн.

-2018 онд хэрхэн наадсан бэ?

- Том бага нийлсэн уралдаанаас 10 түрүү, найман айраг хүртсэн. Үүнээс хамгийн том нь “Өндөр Гэгээний хурд” Өвөрхангай аймгийн шигшмэл хурдан морьдын уралдаан болох байх. Аймаг, сумын наадамд эхний аравт хурдалсан хүлгүүд урилгаар оролцсон тэрхүү уралдаанд би саарал азаргаа аман хүзүүнд хурдлуулж, Хөдөлмөрийн Алдар медалиар шагнуулсан. Шигшмэл хурдад бас нэг даагатай очсон ч хүүхэд нь ойчоод амжилт үзүүлж чадаагүй.

-Сумандаа түрүүлж, айрагдсан хүлгүүдтэйгээ очжээ дээ. 

-Сумынхаа наадамд азарга, их морь, хязаалан түрүүлгэж, бас нэг хязаалан аман хүзүүнд давхиулсан. Дөрвөлжний наадамд их морь, соёолон, хязаалан, даага түрүүлгэж бас нэг даага айрагдуулсан. Манай Дөрөлжний наадам сумын чанартай өтгөн уралдаан болдог юм. Үүнээс гадна 7-р сарын 2-нд болсон аймгийн их сорилго уралдаанд хоёр даага дөрөв, тавд, соёолон, хязаалан тавд, азарга гуравт давхиулсан. Бөөрөлжүүт багийн наадамд нэг үрээ түрүүлгэж, соёолон айрагдуулсан. Энэ мэтчилэн наадсаар 10 түрүү, найман айраг хүртсэн байна лээ.


-Орон нутагтаа хангалттай нааддаг юм байна. Улсын чанартай уралдаануудад гарч уралддаггүй юм уу?

-Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд очиж, саарал азаргаа 37-д, үрээ, даагануудаа дундуур давхиулсан. Хэдийгээр айраг, түрүү авч чадаагүй ч сургамжтай наадам болсон.

-Сургамжаа бусадтай хуваалцаж болох уу?

-Уяан дундуур хот яваад тав хоночихоод ирсэн юм. Хэдийгээр байнга утсаар холбогдож ямар ажил хийхийг нь зөвлөж байсан ч хоолны алдаа гарсан байна лээ.

-Уяач хүн насаараа суралцдаг юм хэмээн туршлагатай эрхмүүд ярьдаг юм билээ.

- Тэр үнээн. Хүүхэд байхаасаа морь унаж, туслах уяачаар ажиллан шат дараатай суралцаж байгаа ч эргэлзэх зүйл бишгүй гарна. Би хүүхэд байхдаа ганц зун гэртээ зусаж үзээгүй. Хичээл амрангуут адуу байгаа айлынх руугаа явчихдаг. Тэгээд намар хичээл ороход ирдэг байсан. Тэгж явахдаа нутгийн тулхтай ах нараас сурсан мэдсэн зүйл ихээ.

-Би хувьдаа хорь гаруйхан настай залуу уяачийг тоогоод л байна. Зарим нэг нь өдийд эхлээ ч  үгүй байгаа шүү дээ.

- Гэхдээ сурах мэдэх зүйл их бий. Залуу уяачдад зориулсан ном товхимол гарын авлага байхгүй ч туршлагатай уяачдын ярилцлага, нэвтрүүлгийг үзэн хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авдаг. Тэгээд үе үе түүнийгээ уншиж бодож эргэцүүлдэг юм. Мөн оюутан байх хугацаандаа Тод манлай уяач Онон, Манлай уяач Батчулуун нарын болон Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас зохион байгуулдаг сургалтуудад хамрагддаг байсан. Малын эмч нарын сургалтанд ч гэсэн сууж нэлээд зүйлийг сурч мэдсээн. Энэ бүхнээс гадна Пүрэвжав, Дамбаа зэрэг нутгийн уяач нарын зөвлөгөөг их сонсдог. Ер нь аливаа зүйлийг олон талаас нь харж, мөн чанрыг нь ойлгохыг хичээдэг. Бид уламжлалаа дээдлэх ёстой ч зарим зүйл дээр шинжлэх ухаанч хандах ёстой. Жишээлбэл морины хөлөнд цус буучихлаа гээд шууд хатгахын оронд шандас шөрмөсний гэмтэл байна уу гэдгийг нягталж, шаардлагатай бол эмчид хандах хэрэгтэй. Ер нь уяач хүн хурдан мориныхоо хөлөнд их анхаардаг байх ёстой. Морины хөл гэмтэхэд дан ганц уралдааны үеийн ачаалал нөлөөлөхгүй. Тухайн адууны жин, уралдаанч хүүхдийн жин, уралдаж байгаа газрын онцлог зэргээс эхлээд олон хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр уяач уралдах газраа урьдчилан судалж, унах хүүхдийнхээ жинг тохируулах хэрэгтэй. Ер нь тэгээд товчхондоо уяач хүн хөдөлмөрч, ажигч, мэдрэмжтэй,өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Өмнөх гурван чанар нь байсан хэр нь өөрийн гэсэн үзэл бодолгүй бол сайхан эвлэсэн адуугаа бусдыг дагаж баллах явдал гардаг. Өөрөөр хэлбэл нэг том цолтой уяач тэгээд байна. Сайн л байж таарна хэмээн таамгаар ажил хийх, эм тариа өгөх зэргээр алдаа гаргасан нь цөөнгүй. Тиймээс  би бусдыг туршлагыг хуваацдаг ч шийдвэрээ өөрөө гаргадаг.

-Миний ажигласнаар бусдын зөвлөгөө туршлагаас илүүтэй өөрийн гаргасан алдаа том сургамж болдог юм шиг санагддаг. Залуу Алдартад тийм явдал тохиож байв уу?

- Байлгүй яахав. 2013 оны хангайн бүсийн уралдаан. Архангай аймаг үүсч байгуулагдсаны 90 жилийн ойгоор дөрвөн адуу яваад ганцхан хязаалангаа айрагдуулсан. Саарал азарга маань тав дээр орж ирээд үзэгчдийн үзүүрт хадуурч шантраад зургаалсан.Тэгээд болоогүй ирснийхээ дараа бие нь муудаж өтгөн шээгээд сандаргасан. Тэгсэн алсуураа шингэний дутагдалд орчихсон байсан байна лээ. 2013 оны зун гантай, тэр өдрүүдэд хурц нартай байсан юм. Гэтэл бид уснаасаа хол буучихсан. Хэдийгээр зөөврийн усаар морьдоо усалж байсан ч ханатал нь усалж чадаагүй юм шиг байна лээ. Түүнээс хойш ийш тийшээ явахдаа хүмүүстэй ханьсаж зөвлөдөг болсон.


 -Гэсэн ч төрийн зарлигт наадамд үрээгээ айрагдуулсан байна шүү дээ.

- Тэгсээн. Хамгийн сүүлийн өдөр хязаалан уралдаж, ганц найдвар болсон хул үрээгээ мордуултал

230 гаруй хязааланд гуравт хурдалж, ах бид хоёр бараг нулимс унагасан./инээв/

-Ийм баяр бахдалт наадмууд олон байх болтугай. Цолоо ахиулах баярт мөчид тань илүү дэлгэрэнгүй хуучилъя. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжил хүсье.

- За баярлалаа.    

Б.Хастөр    

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна