Сайхандулаанчууд шилжин явах цомын эзэн боллоо

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 28 -нд

Баясгалан хэмээх усан луу ж?лийн шинийн таванд Сайншанд хотноо “Хутагтын хурд-2012” хаврын бүсийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Уламжлалт уралдаанд газар газрын 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж, азарганы уралдааныг Хатанбулаг сумын уяач М.Жаргалсайханы хул алаг магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Цэцээ гүн”  галын уяач С.Төрмандах хээр, айргийн гуравт Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат,  аймгийн Алдарт уяач Сайнбуянгийн хүрэн халзан, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач О.Саруулбаярын хүрэн, айргийн тавд  Улаанбаатар хотын уугуул “Цэцээ гүн” галын уяач Я.Ганболд хул тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо  цэнгүүлсэн юм.
120- иод  хүлэг шандас шалгасан их насны морьдын уралдаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Д.Баярсайхан хар түрүүлж, аман хүзүүнд  Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уяач Ц.Мөнх-Амгалангийн загал, айргийн гуравт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уяач Л.Жаргалсайханы хонгор халзан, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Буянбардах халтар,айргийн тавд  Дорноговь аймгийн Мандах сумын уугуул аймгийн Алдартуяач Д.Хашбатын хүрэн тус тус хурдаллаа.
Дашрамд сонирхуулахад Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Алтанширээ сумын морин спорт уяачдын холбоо, ”Хутагтын хүлэгч” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн ивээн тэтгэсэн уг уралдаанд Сайхандулаан сумын морин спорт уяачдын холбоо хамгийн өндөр оноо авч шилжин явах цомын эзэн болсон юм.
Сэтгүүлч Л.Сандуй

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна