Тод манлай уяач Д.Ганбаатар: Монголчуудын хийморь наадмын маргаашнаас сэргэдэг

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 13 -нд

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд их насны морь айрагдуулсан Тод манлай уяач Д.Ганбаатарын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэе.

-Төрийнхөө наадамд их насны морь айрагдуулсан танд халуун баяр хүргэе.  Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Сайхан байна. Нар хур нь тэгширсэн сайхан зун болж, наадам ч өргөн дэлгэр болж байна. Монголчууд ярьдаг даа. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэж. Энэ бол монгол хүн бүр баяр наадмаа хүлээн догдолдогийн илрэл. Ийнхүү бүтэн жил догдлон хүлээдэг төрийн наадамд хурдан зээрд морь маань айрагдаж, Мэнгэт хүрэн маань зургаагаар давхилаа.Үнэхээр сайхан байна. Би монголчуудын хийморь наадмын маргаашнаас сэргэж, тэр эрч хүчээрээ дараа жилийнхээ наадамтай золгодог гэж боддог юм.

-Цагаан сар, наадмыг үндэсний дархлааны вакцин гэдэг шүү дээ. 

-Бас тэгж ойлгож болох юм. Морь уяна гэдэг нүүдэлчдийнхээ соёлыг өргөж байгаа хийморьтой сайхан ажил. Энэ олон жилийн хугацаанд сайхан уяачидтай, ах, дүү нартай нөхөрлөж байна. Би уяачдыг эрийн хугархай байдаг юм уу даа гэж боддог шүү. Ингээд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад хийморилог Монгол түмэндээ, Алтайчууддаа баяр наадмын мэндийн өргөн дэвшүүлж, аз хийморьтой байхын ерөөл өргөе өө. Хөдөлмөрч бөгөөд сайхан сэтгэлтэй хүнд аз хийморь заяадаг гэж боддог. Та бүгдийн маань аз хийморь буян хишиг нь улам их аривжих болтугай.Хүн болгонд сайхан мөрөөдөл бий. Тэр сайхан мөрөөдлүүд нь биелэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.


-Чих баясч, сэтгэл сэргэм сайхан үг байна. Тод манлай олон морь мордуулав уу?

-Нас насанд мордуулсаан.Маргааш ч бас мордуулна. Гол горьдож байсан их насны морьд маань сайхан давхилаа.

-Их насны морь уяачийн ур чадвар, шандсыг нь шалгадаг гэдэг.

-2000 онд анх улсын наадамд морь айрагдуулж байлаа. Сайхан л даа төрийнхөө наадамд морь айрагдуулна гэдэг. Гэхдээ миний хувьд хор нь гарсан гэх юм уу, Заавал айрагдуулах гээд улайраад байдаггүй. Ганц миний хувьд ч биш дийлэнх уяачдын хувьд морь, хүүхэд мэнд сайхан уралдаад ирээсэй гэж л залбирдаг байх. Тийнхүү мэнд сайхан наадсан наадам болгон сайхан. 

-Мөн чанар таньсан хүний үг дуулах таатай байна. Бага дүү Манлай уяач цол хүртсэн. Максын ахан дүүсийг морины хийморь тэтгэх юм аа.

-Морь, бөх удам дагадаг гэдэг. Манай өвгөдүүд бүгдээрээ сайхан уяачид байлаа. Аавын аав Аюуш, элэнц өвөө Сов нарын дээдчүүл маань орон нутагтаа сайхан наадаж, олон айраг, түрүү авдаг уяачид байсан. Миний ээжийн аав Замбал гэж хүн бас олон сайхан хүлгүүдтэй. Айраг, түрүү арвин хүртдэг уяач байсан. Ах дүү бид гурав морины хиймориор тэтгэгдэж байгаа нь ийм  сайхан өвгөдийн маань буян хишиг.

Бидэнд олон том мөрөөдлүүд бий. 10 жилийн өмнө дэлхийн аваргад морь түрүүлгэнэ хэмээн мөрөөдөж байсан маань 2015 онд биелж, монгол түмнийг омогшуулсан. Олон ажлын байр бий болгож монгол залуусаа хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болгоно хэмээн зорьсон маань биеллээ олсон. Монголынхоо эдийн засагт нэмэр болж ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх юмсан хэмээн бодож явдаг маань биеллээ олж байгаа.

-Дараагийн арван жилд юу төлөвлөсөн бол оо?

-Ямар ч байсан 5000-10.000 ажлын байр бий болгохоор зорьж байна. Хоёр том төсөл дээр ажиллаж байгаа учраас биелэх магадлал өндөр байгаа. Ер нь тэгээд хүн зөв юм бодоод, том мөрөөдөлтэй, бусдыг гэсэн сэтгэлтэй байхад үйлс нь бүтдэг юм даа.  

-Америк дахь морьд тань хэрхэн хурдалж байгаа вэ?

-Саявтархан бид 55 дахь түрүүгээ авсан. Үүнээс гадна 50 гаруй аман хүзүүний амжилт бий. Америкт олон сайхан морьд маань айрагдаж, түрүүлж байгаа. Сүүлийн үед өөрсдийн бий болгосон унаган адуунуудаараа сайхан уралдаж байна. Хамгийн гол нь монгол уяачийн эрдмийг дэлхийд таниулж байгаа явдал юм.


-ОУ-ын уралдаан гэснээс тойруулга барих ажил ямар шатандаа яваа вэ?

-Морин тойруулгын ажил ноднингоос эрчимтэй явагдаж байгаа. Энэ намар ашиглалтанд өгөх байх. Тэгээд морьтон монголчууд маань морин тойруулгадаа сайхан уралдан, чөлөөт цагаа зөв өнгөрөөж, тэндээс сэтгэл ханамж авдаг болох байх.

-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Дараа дараагийн уралдаанууд, ажил үйлсэд нь амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.