Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Сүүлийн зургаан жил улс, бүсийн уралдаанаас айраг алдалгүй наадаж байна

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 16 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийнэ Очирсүрэнгийн баярын сэтгэгдлийг хүргэж байна.

-Монгол төрийн наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэсэн танд халуун баяр хүргэе.

-Баярлалаа .Та бүхэндээ ч гэсэн баяр наадмын мэнд хүргэе. Соёолон түрүүлгэнэ гэдэг их аз завшаан байдаг юм байна. Тэрийг өчигдөр мэдэрлээ. Сэтгэл догдлол одоо ч дарагдаагүй л байна. Зүйрлэбэл  үзүүртэй модноос дээгүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур явж байгаа юм уу даа. /инээв/

-Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолонгийн түрүү шүү дээ. Ерөнхий сайдаас эхлээд зочид гийчид ихтэй байв уу?

-Гэрт багтахгүй шахуу л байлаа. Түрүү соёолонгийн медальд хүрэх, хөлсөнд хүрэх гэсэн таних танихгүй улс их ирдэг юм байна.


-Ийм баярт мөч тохионо хэмээн төсөөлж байв уу?

-Түрүүлнэ гэж бодоогүй. Үрээ маань сунгаанд хурдан байсан болохоор айрагдчих болов уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ л энэ хүй мандлын дэнжид ирсэн уяач бүхэн морьдоо айрагдаж, түрүүлгэх зорилготой байгаа шүү дээ. Тэр утгаараа бат итгэлтэй байх аргагүй юм. Гэтэл зээрд соёолон маань түрүүлээд, зүрх цээжиндээ багтахааргүй болтлоо хөөрлөө. Ямар сайндаа уяач дүүтэйгээ хоёул эндээс гүйсэн. Намайг гүйцэхгүй байна гэнэ. 50 хүрч байгаа хүн залуу хүүхдэд гүйцэгдэхгүй хурдан гүйж байна гэдэг их хөөрсөний тэмдэг биз.

-Хөөрөхөөс ч яахав. Тийм цаг үед хамгийн үнэтэй бүхнээ санагалздаг гэх юм билээ.

-Үнэхээр тэгдэг юм билээ. Миний хувьд аавыгаа  их үгүйлсэн. Аав минь байсан бол ойгүй их баярлах байсан даа гэж... Мөн намайг уяач болоход нөлөөлсөн нагац ахыгаа дурссан. Ийм сайхан нандин дурсамж сэдрээд самсаа шархираад байсан ч өөрийгөө барьсаан. Одоо ч гэсэн хяналттай л сууж байна. Цэнгэлдэхэд хүүгээ дагуулж ороод “Хэдэн жилийн дараа хүү маань ингээд зогсох байх даа” хэмээн бодоход бас л таатай байна лээ.

-Та чинь эртний уяач байх шүү. Дунд сургуульд байхаас морь уясан гэдэг санагдах юм.

-Дунд сургуулийн сурагч байхдаа 9-ний орой морьдоо хөтлөөд Яармагийн дэнжийг зорьдог байлаа. Түүнээс хойш ажил амьдралын мөр хөөж хэсэг завсарлаад 2003, 2004 оноос дахин морь уясан. Эхний 10-аад жил суманд наадаж, олон түрүү айраг хүртсээн. Одоо эргээд бодоход сумын наадам шиг сайхан наадам алга.

-Энэ үгийг их олонтаа дуулах юм аа. Төрийн наадамд хэдий үеэс эхлээд морь мордуулсан билээ.

-2011 оноос эхлэн морь мордуулж байна. Эхний жилээ даага 15, шүдлэн 21-ээр давхиулсан гэрчилгээ батламж маань одоо ч хадгалаастай бий. Том наадмын анхны айргийн тухайд 2014 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанаас хүртсэн. Тэр жил морьд маань хурдан Цагаан хөтлийн сунгаанд дээгүүр давхиж байсан юм. Тэгээд хөлөө гэмтээчихсэн хэр нь суга таягтай Хөвсгөл явж бор даагаа гуравт давхиулан анхны айргаа хүртсэнээс хойш айраг, түрүү тасарсангүй ээ. 2015 онд Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд даага түрүүлгэж, Хотгойдод айрагдсан бор үрээгээ айрагдуулсан. 2016 онд Говь-Алтай аймагт болсон Баруун бүсийн уралдаанд бор хязаалан айргийн дөрөвт хурдлуулж, 2017 онд “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд зээрд шүдлэнгээ түрүүлгэлээ. 2018 онд АХ-ын 98 жилийн ойд хул шүдлэнгээ дөрөвт хурдлуулж, өнөө жил зээрд соёолонгоо түрүүлгэн төрийн зарлигт наадмаас  найман айраг түрүү хүртээд байна.


-Адуу  сэтгэл зүтгэл дагаж хурдалдаг гэдэг. Очирсүрэн Алдартыг олон наадмын ар талыг хариуцсан морины зүтгэлтэн гэдгээр нь уншигчид хэр мэдэх бол. Өнөөдөр тэр зүтгэлийн үр шим гарч буй бололтой. Би хувьдаа тийнхүү бэлгэшээж байна.

-2013 оноос Нийслэлийн МСУХ-ны үйл ажиллагаанд оролцож байна. 2014 онд Нийслэлийн МСУХ удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийхэд миний бие Дэд тэргүүнээр сонгогдож, хэдхэн сарын дараа болсон “Хангарьд” уралдааныхаа комиссын даргаар ажилласан. Энэ мэтчилэн олон уралдааны наадмын зохион байгуулалтанд оролцдог.

-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай. Ирэх жил цагаан сараар төрийнхөө хишгийг хүртэх мөчид илүү дэлгэрэнгүй ярилцъя.

-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.