Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Удахгүй унаган тамгатай адуугаа улс, бүсийн уралдаанд айрагдуулах байх

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 18 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд бор соёолонгоо аман хүзүүнд хурдлуулсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайханы баярын сэтгэгдлийг хүргэж байна.

-Завхан нутгийн уяачдын аз гийсэн наадам болж байна. Уугуул нутгийнхаа суу алдрыг өргөн төрийнхөө  наадамд соёолон аман хүзүүдүүлсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-За баярлалаа. Завханчууд минь үнэхээр сайхан наадлаа. Надад бол Тосонцэнгэл сумын маань наадам болоод буй мэт санагдаж байна. Яагаад гэхээр миний бор үрээ аман хүзүүдэж, багын найз Тод манлай уяач Галбадрахын маань  бор морь түрүүллээ. Нэг уяаны морьд төрийн наадмын түрүү, аман хүзүүг хүртэн Завхан нутгийнхаа тэр дундаа Тосонцэнгэл сумынхаа нэрийг гаргасанд сэтгэл хангалуун сайхан байна.

-Бор соёолон өнөө жил хоёр дахиа аман хүзүүдэж байна. Алинд нь илүү догдолсон бэ?

-Мэдээж төрийн наадмынх нь. Төрийн наадамд морь айрагдуулж,  төрд данслагдана гэдэг том хувь заяа. Хавар төвийн бүсэд бор үрээ маань түрүүлж яваад үзүүр дээрээ дайруулж аман хүзүүдсэн. Шинэ хүүхэд туршлагагүйтсэн хэрэг л дээ. Саяын аман хүзүү бол хуваарийнхаа дагуу оногдсон гэж бодож байна.


-Төрийн наадмын анхны хишгээ их тайван хүлээж авчээ.

-Би чинь баяр баяслаа ил гаргаж чаддаггүй бүдүүн тоймын хүн шүү дээ. /инээв/ Дотроо бол нөгөө дээлэндээ багтахгүй баярлаж байгаа./инээв/ Цэнгэлдэхэд цоллуулж байхдаа харин аав, ижийгээ бодоод жаахан “нэрсэн” шүү.

-Аав тань морь уядаг байсан уу?

-Манайх сумын төвийн айл. Аав маань Тосонцэнгэл сумын мод боловсруулах үйлдвэрт, ээж маань нийтийн ахуйн үйлчилгээний газарт мастер хийдэг байсан юм. 2014 онд намайг морь уяж эхлэх үед хоёул амьд сэрүүн байсан.  Харин өнөөдөр төрийн наадамд морь айрагдуулахыг тэнгэрээс харж суусан байх. Яг ингэж бодсон нулимс дүүрээд ирдэг юм билээ.

-Тэр хэдхэн хоромд хүн өөрийн амьдралын үнэ цэнэтэй бүхнээ дэнсэлдэг юм шиг.

-Тийм байна лээ.

-Ижий, аав ихэс дээдэстээ талархахаас гадна багын найздаа баярлаж байсан байх.

-Тэгэлгүй яахав. МУ-ын Тод манлай уяач Галбадрах бид хоёр бүүр багын найзууд. 10 анги төгссөн цагаасаа хойш нөхөрлөж байна. Галаа найздаа маш их баярлаж байгаа. Миний нэр дээр давхиж байгаа хурдан  буянгуудын ихэнх нь найзын маань адууны угшилтай. Би морь сонирхож уясан цагаасаа эхлээд өөрийн гэсэн цөөн тооны адуунд үржил селекц хийсэн. Тэдний маань түрүүч хурдалж байна. Сая гэхэд Төв аймгийн баяр наадамд даага түрүүлж, хязаалан гуравт давхисан. Өнөөдөр  Баянцогт сумын түүхт 90 жилийн ойд хязаалан үрээ түрүүлж байна гэнэ. Удахгүй  унаган тамгатай адуугаа улс, бүсийн уралдаанд айрагдуулах биз ээ.


-Бэлгэ оршиг. Томоохон наадмуудад ямар амжилт үзүүлсэн бэ?

-Галбадрахын даага, шүдлэндээ улсад айрагдсан хүрэн халзан азарганы төл халзан морь маань 2015 онд “Булганхангайн хурд”  уралдаанд шүдлэндээ аман хүзүүдээд,  долоо хоногийн ар дээр болсон ММСУХ-ны түүхт 20 жилийн ойд түрүүлсэн. Халзан морь маань дараа жил нь бас их хурдан байсан ч миний өм дутан гараан дээр хүүхэд нь унаж, “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ Тод манлайн морь тавиач хүү барьж авч мордоод улсад 10-т орсон. Хойтон жил соёолондоо төрийн гурван өндөрлөгийн суудал өнгөртөл өнгөнд явж байгаад сууж 13-т орсон. Жаахан өм дутаад байснаас миний халзан морь хурдан буян л даа.Халзан морины амжилтаас гадна “Мандалын хурд”-д даага гурваар давхиулсан.

-Улс, бүсийн уралдаанаас таван айраг түрүү хүртээд байгаа юм байна. Аль бүсийн уралдааныг зорих вэ?

 Галынхантайгаа ярьж байгаад шийдвэрлэнэ дээ.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

-За баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна