Аймгийн Алдарт уяач Б.Амгаабазар: Хонгор морь минь хүслээр давхидаг хурдан буян

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 18 -нд

Бөөрөлжүүт 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Баяртогтохын Амгаабазар гэж нэгэн үе хурдан хонгор мориороо шуугиулж явсан эр. Хавчигтаа ирсэн хонгор морь нь 20 хүртлээ уралдахдаа аймаг, сумын наадамд 13 түрүүлсэн хурдан буян. Харин эзэн уяач нь 1949 оны өвөл Даянгийн ам хэмээх газар айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлжээ.

Б.Амгаабазар Алдарт нэгдлийн үхэр сүргийг олон жил мал малласан хөдөлмөрөө үнэлүүлж Засгийн Газрын хүндэт жуух бичиг, Уянга сумын 60, 70 жилийн ойн медалиар тус тус шагнуулж байжээ.

-Хүлэг эрдэнэ эзнээ алдаршуулдагийн бас нэгэн жишээ болсон хонгор морины тань талаар эхлээд ярилцъя. Урмаар тэтгэсэн удамт хурдан хүлгийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-За тэгье ээ. Миний хонгор морь манай дүү Уламбаярын унаган адуу. Би хавчигт нь авч 20 хүртэл нь уралдуулахдаа аймагт нэг түрүүлгэж, гурав айрагдуулсан. Уянга сумандаа долоо, Зүүнбаян-Улаанд дөрөв, Тарагтад нэг нийт 13 түрүүлж, Хужиртад нэг удаа гурваар давхисан. Олон төрөхгүй хурдан буян байсан даа.

-20 настай Хужиртад айрагдсан юм уу?

-Үгүй ээ. Сумандаа түрүүлсэн юм. Уг нь тэр жил уяхгүй гэж бодсон ч өөрөө хэцэн дээр ирж зогсчихоод, морь үсэргэхээр дагаж гуядаад байхаар нь хөлс авч байгаад сумынхаа наадамд мордуултал түрүүлчихсэн.


-Тэр жил хэдэн морь уралдсан юм бэ?

-70, 80-аад л морь уралдсан байх. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг хөгшин морь минь зүтгэсээр байгаад түрүүлээд ирсэн. Ирснийх нь дараа зодгийг нь тайлаад дахин уралдуулаагүй. Хоёр жил ижил сүрэгтээ явж байгаад бурхандаа одсон доо, хөөрхий. Хонгор морь биеэр томгүй жижгэвтэрхэн. Их зоримог. Ер нь тэгсгээд л гараад ирнэ шүү. Одоотой адилхан тэжээл иймээ тиймээ юм өгч байгаагүй, жинхэнэ “оригоороо” уралдаж байсан мал.

-Чухам тиймдээ ч олон жил тогтмол амжилттай уралдаж чадсан байх.

-Тийм байх. Унаган эзэн нь бага насанд нь уяж зөндөө айрагдуулсан. Би хавчигт нь аваад олон түрүүлгэж тодруулсан юм. Ер нь ховорхон айрагдсан адуу даа.

-Хэдэн онд аймгийн наадамд түрүүлсэн юм бэ?

-1990 хэдэн онд шиг л санагдаад байна. /1996 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүүлж байжээ. сурв/Ах нь нас ахиад юмаа мартаад байдаг болжээ. Хол сайхан түрүүлж байсан. Түүний дараа гурав айрагдахдаа ганцаараа гарч ирээд яг үзүүр дээрээ дайруулаад айрагдаж байсан юм даг.

-Хэний ямар морьдтой уралдаж байсан бэ?

-Хужиртын Үүт хүрэн гэж дүнтэй морь байлаа. Хужиртын Хошуу цагаан гэж лут хошуу цагаан хээр морь байлаа. Мөн Хайрхандулааны нэг халзан морь байсан. Тэд нартай л уралдаж байсан даа. Аймагт түрүүлдэг жилээ Зүүнбаян-Улаан, Тарагтын наадмыг бас авчихаад очсон юм.

-Гурав дахь уяагаараа аймагтаа түрүүлжээ дээ.

-Тийм гурав дахь давхар уяагаараа аймагт түрүүлээд дөрөв дэхэд нь Нарийнтээлд уралдсан. Тэгсэн булхайцаад маргааш нь ахиад уралдуулахад гурвалсан. Ийм л түүхтэй морь доо миний хонгор. Энд тэндээс цус ороогүй жинхэнэ энэ нутгийн  монгол адуу.


-Өвөл уралдаж байсан уу?

-Тэр үеийн өвөл одоогийнхтой адилхан зөөлөн, дулаавтар байгаагүй. Их хатуу, цан хүүрэг ихтэй. Хонгор морь жаахан бээрэгдүү адуу байсан болохоор өвөл уяж байгаагүй.Харин зун алгасалгүй уядаг байсан. Хонгор морины уяа орохоороо өндөр том юм шиг харагдаж, галбир нь ч тодорч гоёмсог болдог сон. Биеийн хийцийн тухайд бөгс нь жаахан ондгор, цээж нь жаахан гудрагдуу. Уяа нь таарсан бол хэдэн ч адуу байсан гараад л өнгөлдөг. Ерөнхийдөө зан ааш тогтуун хэрнээ уяаны үед надаас өөр хүн хүргэхгүй.Би өөрөө л хөлсийг хусдаг. Өөр хүн очихоор өшиглөөд хавьтуулдаггүй байсан.

-Ярилцлага эхлэхийн өмнө хурдан хээр азаргатай байсан гэж байсан. Хээр азарга энэ нутгийн адуу юу?

-Тийм. Баянхонгор гаралтай адуу. Яг аль сумын хэний адуу гэдгийг мэдэхгүй юм. Эхнэрийнхээ дүү малын эмч Мөнхөө гэж хүнээс хавчиг азарга авч уяад тэр жилээ сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Миний хээр азарга сумын наадамд тав түрүүлсэн адуу. Тарагтад нэг түрүүлээд, Зүүнбаян-Улаанд гурав аман хүзүүдэж, Хужиртад нэг айрагдсан. Хужиртын сургуулийн 70 жилийн ойд хээр азарга, хонгор морь хоёроо авч очоод хоёуланг нь гурваар давхиулж байсан. Тухайн үед хүн бүл сайтай, хол явж уралдах боломжтой байсан бол миний хээр азарга илүү амжилт гаргах байсан байхаа.  Дээр нь олон гүү хураалгадаг байсан нь уяанд нь нөлөөлсөн байх гэж боддог.  

-Төлүүдээс нь хурдалж байна уу?

-Нэг хонгор соёолон Зүүнбаян-Улааны наадамд дөрвөөр давхисан. Миний хээр азарга хэлбэр хийц уран биш, дэл сүүл ихтэй, хүнээр бол хээгүйдүүхэн. Гэхдээ булчин сайтай, яргайдуу махтай жижиг биетэй лут адуу байсан.

-Та анх уралдуулна гэж бодож авсан юм уу эсвэл сайн азаргатай болоё гэж зорьсон юм уу?

-Давхичихмаар ч юм шиг харагдаад байхаар нь уях санаатай авсан юм. Тэгээд авсан жилээ суманд түрүүлээд хурд нь тодорсон адуу. Хүн бүл цөөнтэй, дээр нь миний эрүүл мэндийн байдал сайнгүй байсан тул хээр азарганыхаа хурдыг гүйцэд таниулж чадаагүй байхаа. Үр төлийг нь ч гэсэн сайн дахиулж чадаагүй. Би өөрөө бие сайнгүй, хүүхдүүд жижиг уяж чадсангүй дээ.

-Залуудаа нутаг адуугаар нааддаг байж. Одоо олныхоо жишгийг дагаад газар холын адуугаар наадаж байна уу?

-Манай дунд банди моринд хорхойтой. Өнгөрсөн хавар Дорнодын Матад, Сүхбаатарын Дарьганга орж хоёр даага, нэг шүдлэн үрээ, нэг шүдлэн байдас авчирсан юм. Хавар ч их зүтгэж орлоо. Үрээнүүд ч туранхай, хүүхдүүд ажил төрөлтэй амжихгүй уяж чадахгүй байтал аймгийн Алдарт уяач Хөхийн дүү Батжаргал хүүхэдтэйгээ ирээд “Амгаа ахаа би хоёр даагыг чинь уяя” гээд аваад явсан. Хээрийг нь уяад сумандаа, Бат-Өлзийд зургаагаар давхиулаад, Чандагат түрүүлгэсэн байна лээ. Зүүн зүгийн адуу бие хаагуур том ондоо юмаа. Гүүгээ барьдаггүй болохоор унага нь өсгөлүүн байдаг бололтой. Гэхдээ манай Өвөрхангайн адуу биеэр бага ч яс сайтай шүү.

-Хангай газрын адуу бие хаа багавтар л даа. Ингэхэд та хэдий үеэс эхлээд морь уясан юм бэ?

-Би 1972 онд цэргээс халагдаж ирээд, 1973 онд унаган соёолонгоо уяж сунгаанд түрүүлгээд урам орсон доо.Тэгээд 1976 онд нэг хүрэн морь гурваар давхиулж, нэг хар соёолон түрүүлгэснээс хойш дөрвөн жил түр завсарлаад 1980 оноос эхлэн тууштай уясан. Харин сүүлийн хэдэн жил морь уясангүй. Хойтонгоос амьтан дуурайгаад нөгөө зүүн талаас авчирсан хэдийгээ уяна даа.  

-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байгаа улс вэ?

-Манай аав морь уяж байгаагүй ээ. Би багадаа Шарав гуайн өлзий тамгатай буурал морийг унаж суманд хоёр түрүүлгээд, Доржсүрэн гуайн хээр морийг унаж дөрвөөр давхиулж байсан. Тэгээд 16 хүрмэгц аавыгаа дагаж сувай үхэр маллаад,  нэгдэл тартал хариулсан. Тэгээд харин зав зай муутай байсан гээд байхгүй юу.

-Танай Бөөрөлжүүтээс төрсөн сайн уяачид, шандаст хүлгүүдийг танилцуулаач?

-Гаадаг гэдэг хүний Аварга хүрэн гэж дүнтэй морь төрж гарч ирсэн. Тэрний дараа аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн Гаапуу гэж дүнтэй морь байлаа. Мөн Цэрэнжигмэд  гэж хүний морьд сайн давхидаг байлаа. Өөр бас хөгшний эцэг Туваангив гэж хүний морьд аймаг, суманд түрүүлдэг байсан. Манай Бөөрөлжүүтээс Гаадаг, Цэрэнжигмэд, Цээням нарын сайн уяачид төрсөн. Тэднийг залгаж Шийрэвнямбуу, Янжин, Батбаяр гэж дүнтэй уяачид байлаа. Одоо үлдсэн мань мэтийн хэдхэн уяач байна. Бид тэжээл энэ тэрийг нь мэдэхгүй хоцрогдоод байгаа бололтой. Харин Давааноров тэдний банди нар сүрхий уяад байгаа шүү.


-Уянга сумын уяачид амжилтаараа Өвөрхангайдаа дээгүүр бичигддэг юм билээ.

-Тийм байна уу?

-Тийм ээ. Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.

-Миний хамгийн сайхан наадам гэвэл хонгор морь 20-той түрүүлсэн сумын наадам юм даа. Зорьж уяагүй байхад түрүүлээд ирэхэд үнэхээр их баярласан. Түүнээс  өмнө ч намайг баярлуулсан даа.

Миний хүслээр давхидаг хурдан буян байж дээ.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.               

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна