Гавьяат хуульч С.Нямжав: Сайхан сумынхаа ард иргэдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлсэндээ баяртай байна

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 25 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын сурвалжлага үргэлжлэн хүрч байна. Энэ удаа соёолонгийн уралдаанд хээр үрээгээ айргийн дөрөвт хурдлуулсан С.Нямжавын баярын сэтгэгдлийг хүргэж байна.

-Булганчуудынхаа аз хийморийг өргөж, төрийн наадамд соёолон айрагдуулсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Өнөө жилийн баяр наадам сайхан боллоо. Соёолон морь айрагдуулж, наадамчин олноо болон Булган нутгийнхнаа, Сайхан сумынхаа ард иргэдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлсэндээ баяртай байна.

 -Хээр үрээ өнгөрсөн жил хязааландаа төрийнхөө наадамд есөд хурдалсан. Өнгөрсөн жилийн болоод өнөө жилийн уяаны хувьд ялгаа байв уу? Айрагдчих болов уу гэсэн итгэл хүлээлт байсан байлгүй.

-Эрлийзүүд нь цөөн мордвол айрагдах л байх гэж бодсон. Миний үрээний уяа сойлгыг  Тод манлай уяач Т.Гантөмөрийн хүү Г.Чинзориг болон Нямбаатар нарын залуус тааруулдаг. Манай сунгаанаас их насны морь, хязаалан аман хүзүүдэж, соёолон айрагдлаа. Чанартай сунгаан болж байж.

-Гавьяат өнөө жил хэдэн насны морь мордуулсан бэ?

-Ганцхан халтар үрээгээ л мордуулсан.

-Хавар уралдсан уу?

-Уралдаагүй. Хавар тэр орой морь уралдуулна гэдэг мал мэдэхгүй улсын ажил байх даа. Хаврын сар дөнгөж гарсан даруйд бол яах вэ. Гэтэл тээр хойно мал муудсан хойно уралдуулахаар ямар хэрэг байх вэ.

-Ингэхэд төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа юм бэ?

-20 жилийн өмнө 1999 онд их насны морь мордуулсан. Улсын наадам Яармагт болдог байх үед наадам будлих нь олонтаа. Тэр жил их насны морь хоёр, гурав тасарч эргэн, миний морь нэг хэсэгт нь айрагдаж байсан юм. Түүнээс хойш зарим нэг жил морь мордуулж чадахгүй байж байгаад 2010 онд соёолон наймаар давхиулсан.

-Нутагтаа болсон бүсийн уралдаанд оролцож байсан уу? Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-2010 онд улсад наймаар давхисан соёолон Эрдэнэтэд болсон бүсийн уралдаан  аман хүзүүнд хурдалсан. 2015 оны  “Булган хангайн хурд” хангайн бүсийн уралдаанд халтар үрээ долоогоор давхиж байсан. Өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд дөрөвт давхисан.

-Хээр халтар зүсмийн адуугаар сайн нааддаг юм аа даа.

-Янз бүр дээ. Анх бор адуу сайн давхидаг байсан. Дунд хавьдаа хүрэн зүсмийн адуу гайгүй давхиж байснаас сүүлийн үед хээр халтар зүсмийн адуу хурдалж байна даа.

-Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна