“Туушин”-гийн Н.Зоригтын хар амжилтаа ахиулж, түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 28 -нд

Хаврын уралдаанууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа эрхэм уншигч морь сонирхогч та бүхэнд “Багануур-Бага Хэнтий” бүсийн морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт  уралдааны талаарх мэдээллийг хүргэж байна. Ням гараг буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөний бэлгэт сайн өдөр Гүнгалуутайн нутаг хүн малын хөлд дарагдаж өнжлөө.
“Нүүрэнтэйн хурд-2012” хаврын уралдаанд 50 гаруй хурдан азарга тоосоо өргөн хийморь бадрааж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин” компанийн захирал Н.Зоригтын хар өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Харин “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд наймалж, “Нүүрэнтэйн хурд-2011” бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан  Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Баяржавхлангийн зээрд халзан өнөө жил амжилтаа ахин бататгалаа. Хурдан азарганы уралдааны айргийн гуравт Багануур дүүргийн уяач Баатархүүгийн хонгор хурдалсан бол  айргийн дөрөв, таваар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Ариунсайханы хүрэн, бор  тус тус хурдаллаа.  Хоёр азаргаа айрагдуулж  өмтэй сайхан наадсан Ариунсайхан уяачдаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
“Нүүрэнтэйн хурд-2012” уралдааны их насны ангилалд мөн л тавь гаруй хурдан хүлэг шандас шалгаж, нутгийн адуу түрүүлэн зон олны урмыг дэврээнэ билээ. Багануур дүүргийн уяач Сэргэлэнбаатарын  хээрийн ар дээр  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул А.Мөнх-Эрдэнийн хээр хурдалсан. Дуу хуурын өлгий нутгийн уяач хурдан хүлгээ “Нууц” хэмээн нэрийддэг юм билээ. Харин айргийн гуравт  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Д.Буянтогтохын буурал, айргийн дөрөвт тус сумын уяач И.Цолмонгийн хонгор халзан, айргийн тавд  Багануур дүүргийн уяач  С.Цэндсүрэнгийн “Онцгой” хэмээх хонгор морь тус тус хурдалсан юм.
Соёолонд бусад насны адил тавь гарч уралдсан бөгөөд Төв аймгийн Архуст сумын уугуул Ч.Махбалын  сартай зээрд түрүүлж,  Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Мөнх-Эрдэнийн ухаа зээрд аман хүзүүдэн, Багануур дүүргийн уяач Гантулгын хул, гурвалж, мөн дүүргийн уяач Баярмагнайн хонгор дөрвөлж, Ганбаатарын хамар цагаан хүрэн тавласан юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна