​ Аймгийн Алдарт уяач Ц.Дамдин-Ядам: Цоохор үрээ маань төрийнхөө наадамд бараг гурван жил дарааллан айрагдлаа

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 26 -нд

АХ-ын 98 жилийн ойд цоохор соёолонгоо айрагдуулсан Ц.Дамдин-Ядам баярын сэтгэгдлээ ийн хуваалцжээ.

-Сүүлийн гурван жил цоохор үрээгээрээ сайхан наадлаа. Энэ жилийн наадам ямар онцлогтой санагдсан бэ?

-Энэ жилийн наадам сайхан боллоо. Цоохор үрээ маань төрийнхөө наадамд бараг гурван жил дарааллан айрагдлаа. 2017 онд шүдлэн үрээ анх төрийнхөө наадамд мордож, долоод давхиж байсан бол өнгөрсөн жил хязааландаа гурвалаад, өнөө жил соёолондоо тавд орлоо. Морь айрагдсан наадам болгон сайхан шүү дээ. Сэтгэл хангалуун сайхан байна аа.

-Гурван жилийн наадам, гурван жилийн уяа сойлгын дунджаас үрээнийхээ багцааг аваа болов уу. Айрагдана гэдэгт итгэлтэй байсан уу?

-Ер нь итгэлтэй байсан шүү. Цоохор үрээ маань сунгаанд хурдан байсан. Тэгээд зурагтаар уралдааныг нь үзэж байгаад Цагаан хөтөл нэлээд өнгөрсөн хойно нь хөлсний хашаа руу гарсан хоцорчихсон байна лээ.

-Ихбаяр Манлай уяа сойлгыг нь тааруулдаг бил үү? 

-Тийм. Сүүлийн хоёр жил Ихбаяр Манлай уяж байгаа.

-Тэс нутгийн хүү өнөө жил төрийнхөө наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?

-Соёолон, шүдлэн насны морьд мордуулсан. Шүдлэн маань хойхнуур ирсээн.

-Тэс нутгийнх гэснээс дээдчүүл тань морь уяж байсан уу? Та багадаа хурдан морь унаж байв уу?

-Манай аав, өвөө хоёул моринд дуртай хүмүүс байсан. Өвөө жороо моринд их дуртай. Сайн жороо адууг анддаггүй байсан. Харин аавын хувьд хээр морь нь сумын наадамд хоёр, гурав түрүүлсэн. Миний хувьд бие томтой хүүхэд байсан болохоор багадаа хурдан морь унаж байгаагүй.

-Тэгвэл барилдаж байв уу?

-Хүүхэд байхдаа барилддаг байсан. Улсын начин Мөнхжаргал манай ээжийн хамаатан.

-Эрийн гурван наадмын хоёроор нь наадагч Алдарт баруун бүсийн уралдаанаас төрийн зарлигт наадмын анхны айргаа хүртэж байсан бил үү?

-Хан хөхүй хайрханы төрийн тахилга баруун бүсийн уралдаанд хүрэн шүдлэн, бор даага тус, тус таваар давхиулсан. Баруун бүсийн уралдаанд энэ цоохор үрээ маань шүдлэндээ наймд давхиж байсан юм.

-Хурдан цоохрын эзний дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.118

    Мэндээ харын төл байна уу юуны төл байна одоо үед падлий байхгүй

    Reply
  • 103.240.241.110

    мэндээгийн халтар азарганы төл гээд чи өөрөө тв-д өгсөн яриа чинь байгаа даа хө? яахав тэнцээд уралдсан адуу бас олон байгаа болохоор яахв дээ? яриагаа 1 адил өгч бай

    Reply