Уяач Д.Мөнхбат: Наадмын өмнөх сунгаануудад сайн байсан болохоор горьдож л байлаа

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 02 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Жанчив зээрдээ аман хүзүүнд хурдлуулсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дамдингийн Мөнхбатын баярын сэтгэгдлийг хүргэе.

-АХ-ын 98 жилийн ойн хурдан хязаалангийн уралдаанд таны зээрд үрээ аман хүзүүнд хурдаллаа. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?

- Маш их баяртай байна. Нийт монголын зон олондоо баяр наадмын мэндийг дэвшүүлье.

- Итгэлтэй байв уу?

- Улсынхаа наадамд анх удаа уралдаж байгаа нь энэ. Наадмын өмнөх сунгаануудад сайн байсан болохоор горьдож л байлаа.

- Хаана сунгаануудаа хийсэн бэ?

- Багахангай дүүрэгт “Агт-Эрдэнэ” галынхантайгаа нийлж сунгасан. Би чинь морь уяад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үедээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Гончигийн Хархүү найз маань моринд орох саналыг тавьсан. Тэгээд хязаалан үрээ өгч, өнөөхөө уяад 2016 оны Эрдэнэ сумын наадамд түрүүлгэж байлаа. Миний найз чинь миний багш байгаа юм.


- Танай дээдчүүлд уяачид бий юу?

- Аав маань гоёмсог жороо морь унадаг байсан гэсэн. Жороо морьтой Дамдин гэхээр Баян-Өндөрийнхөн андахгүй. Гэхдээ морь уяж байсан эсэхийг нь асууж байсангүй. Хүн чинь эцэг эхээ мөнх дэргэд байх юм шиг санахыг яана. Гэнэн байгаа юм шүү. Аав маань хоёр жилийн өмнө бурхан болсон. Одоо л ааваасаа “Танай удамд морь уядаг хүн байсан уу” гэж асуух минь яав даа гэж бодож сууна.

- Жороо морийг баргийн хүн уначихдаггүй. Таны хувьд морь маланд эвтэй юу?

-Би чинь Төв аймгийн Эрдэнэ суманд 1992-2002 оныг хүртэл мал малласан. Энд байхдаа адуу малаа өөрөө унаж сургаад, нааш цааш нь зохицуулаад явчихдаг байлаа. Тэгээд 2002 оноос хот руу орж ирсэн.

-Төрийн наадмын айраг хүртчихээд аавдаа харуулсан бол гэсэн гуниг төрсөн л байх даа?

- Тийм яг үнэн. Морьдоо гарсан цагаас эхлүүлээд л аав ээждээ залбирсан. Дараа нь баярлаад уйлсан. Тэд маань тэнгэрийн орноос хүүгээ харсан гэдэгт итгэж байгаа шүү.

- Яриагаа ингээд өндөрлөхөөс. Баяр хүргэсэн дуудлага тасрахгүй нь бололтой? Нутгийнхнаас тань дуудлага их ирж байна уу?

- Тийм ээ, маш их холбогдож байна. Утас бол ямар ч завгүй болсон. /инээв/ Эхнэр маань Төв аймгийн Эрдэнэ сумын хүн. Адуу мал маань ч энд  болохоор нэг хэсэг энэ сумаар овоглодог байлаа. Тийм болохоор Эрдэнэ сумынхнаас маань дуудлага их ирж байна. Гэхдээ энэ удаад галынхан маань нутаг усаараа зарлуулж, дуудуулах ёстой гэж зөвлөсөн болохоор аавын нутаг Өвөрхангай аймгийн Баян-Өндөрөөрөө бүртгүүлсэн. Гэхдээ Баян-Өндөрөөс таних хүн байхгүй л дээ. Аав ээж хоёр их залуудаа тэндээс гарч хотод суурьшсан улс байгаа юм. Магадгүй Баян-Өндөрийнхөн гайхаж байж мэдэх л юм. /инээв/


- Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

- Баярлалаа. Энэ дашрамд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэ сумынхандаа баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та нарт баярлалаа.

Б.Хастөр

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.