Хурдан морины салбар хороон нарийн бичгийн дарга Ц.Галбадрах: Надад оноосон адуу айрагдсанд баярлаж байна

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 04 -нд

АХ-ын 98 жилийн ойд Зурвас цавьдар хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулсан Ц.Галбадрахын ярилцлагыг хүргэе. 

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд таны зурвас цавьдар үрээ айргийн дөрөвт хурдаллаа. Нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

- Баярлалаа. Юуны өмнө адууны соёлыг дэмжин, тээж, баяжуулж бас хөгжүүлж яваа монголынхоо уяачдад баяр наадмын мэндийг хүргэе. Би чинь төрийн наадамд олон жил түмний хурдаар сэтгэлийн цэнгэл эдэлж яваа хүн. Харин энэ удаад надад оноосон адуу айрагдсанд баярлаж байна.

-Уяачид хүний адуу айрагдахад өөрийн юм шиг баярладаг болсон цагт л морь айрагддаг юм гэж ярьдаг. Магадгүй энэ үг тань дээр биеллээ олсон гэлтэй. Бэлгэшээлтэй юм шүү?

-Сайхан асуулт байна. Би 1985 оноос хойш морины комисст ажиллаж байна. Энэ хооронд олон хүний морь айрагдаж, олон ч хүн цол авлаа. Тэр бүрт өөрөө авсан мэт баярладаг юм. Өнөөдрийг хүртэл л төрийн наадам сайхан байх болтугай. Хүүхэд морь эндэхгүй сайхан наадам болоосой гэж залбирч, зохион байгуулалцаж явсанаас морь айрагдуулах талаар огтхон ч бодож явсангүй шүү. Бас л өөр юм байна аа.

-Та төрийн наадамдаа хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?

-Уг нь мордуулдаг ч айрагдуулж байгаагүй ээ. Улс хувьсгалын 80 жилийн ойгоор нэг саарал азарга 45-д давхиулсан. Бас нэг хонгор үрээ наймд давхиж байсан юм. Харин өнөө жил надад төр хайр хишгээ үзүүлэв шив дээ. Энэ бол миний монголын ард түмэн надад бэлэглэсэн бэлэг гэж ойлгож байна.

-Таны морийг МУ-ын Манлай уяач С.Ганбаатар уяж байгаа гэсэн. Манлай хэдий үеэс таны морийг уяж байгаа юм бэ?

-Гурван жилийн өмнөөс Ганбаатар Манлайтай хамтарсан. Аргагүй л мундаг сайн уяач байдаг юм байна. Би Ганбаатартаа их баярлаж байна.

-Өнөө жилийн баяр наадамдаа хэдэн насны морь мордуулав?

-Ерөөсөө ганцхан хязаалан л мордуулсан. Бусдыг нь Баянцогтын ойд Ганбаатар маань аваад явсан. Би бол уяачаа л дагана уу гэхээс өөрөө толгой мэдэж шийдэх юу байх билээ.

-Төрийнхөө наадамд морь айрагдуулчихаад Төв цэнгэлдэхэд цоллуулж  зогсоход олон зүйлийг бодож амждаг гэлцдэг. Та ч бас тэгэв үү?

-Тийм юм билээ. Ах нь их баярлаж байгаа. Төрүүлж өсгөсөн аавдаа, ээждээ бүх л намайг дэмждэг монголын ард түмэн, адууны соёлыг дээдэлдэг, хурдан морины уях сойх их ажлыг авч яваа уяачдадаа баярлаж байгаа юм. Сайхан аав маань тэнгэрээс харсан биз ээ. Миний аав зөвшөөрсөн учраас миний морь айрагдсан байхгүй юу.


-Аль бүсэд наадах гэж байна даа?

-Мориныхоо байдлаас болно доо. Би уг нь Хөвсгөлд уралдая гэж бодож байсан ч Дарханы зам засвар ороод холуур тойрох нь. Одоо тэгээд яах вэ, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэрийнхээ аль нэгэнд очиж наадна даа.

-Ярилцсанд баярлалаа. Бүсийнхээ уралдаанд сайхан наадаарай.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.