Аймгийн Алдарт уяач Д.Давааноров: Уяач хүнд морь түрүүлэхтэй дүйцэх аз жаргал үгүй

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 09 -нд

Бөөрөлжүүт 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноров 1963 оны намар Таацын хөнөг хэмээх газар айлын  ууган хүүхэд болон мэндэлжээ.  Аймаг, сумандаа морин спортыг хөгжүүлэхэд  өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн тэрээр Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, АХ-ын 80, 90 жилийн ойн медаль, ММСУХ-ны Уяачийн Алдар одон, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, “Арвагар хээр” МСУХ-ны 20 жилийн ойн медалиар тус тус  шагнагджээ.

-Монгол улсын шилдэг салбар “Сайн Ноён Ханы хурд” МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байсан гэсэн. Хэдий үеэс сумынхаа холбооны үйл ажиллагаанд оролцох болсон юм бэ?

-Холбоо байгуулах тухай анхны хуралд нь суугаагүй ч үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байгаа. Манай сум аймагтаа анхны хаврын уралдааныг зохион байгуулсан юм шүү дээ.

-Хэдэн онд гэсэн үг вэ?

-Сумын морин спорт уяачдын холбоо 1999 онд байгуулагдсан. Бидний хэсэг нөхөд 2000 оны цагаан сарын дараахан Бадрал бригадын нутагт их насны морьдын уралдааныг зохион байгуулж, айрагдсан морьдын бай шагналыг хувиасаа өгч байсан юм. Би тэр үед түрүү морийг 100,000 төгрөгөөр байлж байсан. Тухайн үедээ их мөнгө л дөө.

-Хаврын анхны уралдаанд хэр олон морь уралдсан бэ?

-Одоог бодвол морь уядаг хүн цөөхөн байж дээ. 20 гаруй морь уралдаж Пүрэв-Очир Алдартын  хээр түрүүлж байсан. 


-Хууринагч хээр үү?

-Тийм. Аман хүзүүний морийг Бат-Орших, айргийн гурвын морийг Жаргалболд, айргийн дөрвийн морийг Шийрэв, айргийн тавын морийг Төмөрчөдөр тус тус байлж байлаа. Хамгийн чухал нь бидний санаачлан бий болгосон тэрхүү уралдаан уламжлал болон тогтож, улам бүр өргөжсөөр азарга, соёолон насны морьд уралддаг болж, аймгийн бүсийн статустай болсон.

-Сумынхаа МСУХ-ны тэргүүнээр нэлээд хэдэн жил ажилласан гэсэн. Та хэд дэх тэргүүн нь вэ?

-Гурав дахь нь. Хамгийн анхны тэргүүнээр нь Шийрэв, удаах тэргүүнээр нь Ганбат нар ажиллаж байгаад миний бие хүлээн авч, найман жил удирдсан. Энэ хугацаанд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь 2010 онд аймгийн бүсийн уралдааныг сумандаа амжилттай зохион байгуулж, бай шагналын хувьд шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл тэрхүү уралдаанд зориулан 50 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж, түрүү морийг гурав, аман хүзүүний морийг 2,5, айргийн гурвын морийг хоёр, айргийн дөрвийн морийг 1.8, айргийн тавын морийг 1,5 сая төгрөгөөр тус тус байлсан. Уяачийн хөдөлмөрийг тэр хэмжээнд үнэлсэн наадам өмнө нь болж байгаагүй. Тухайн үедээ Өвөрхангайн хэмжээнд хамгийн өндөр бай шагналтай уралдаан боллоо гэж байсан юм. Миний хувьд уяачийн хөдөлмөрийг үнэлж, нийгэм дэх үнэлэмжийг өсгөхийг зорьдог байсан. Түүндээ ч хүрсэн гэж боддог. Тэр уралдаанаас хойш ерөнхийдөө манай аймагт зохиогддог уралдаануудын бай шагнал өссөн.

-Хэдэн жилийн өмнөх сумын уралдааны бай гэхэд өндөр сонсогдож байна. Тэргүүнээр ажиллаж байхдаа хийсэн өөр бусад ажлуудаасаа хуваалцаач?

-Дээр ярьсан бүсийн уралдааны үеэр бүх уяачдаа хамруулсан сэтгүүл гаргасан. Мөн уяачдынхаа холбоог байртай болгосон. 2011 онд сумынхаа 80 жилийн ойгоор Уламбаяр, Бат-Орших нартай хамтран өөрсдийн хөрөнгөөр наадмын талбайг байгуулсан.

-Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг түлхүү шийдвэрлэдэг байжээ дээ.

-Санхүү тал дээр голчлон анхаарч байсан ч уяачдаа идэвхжүүлэхэд анхаарал хандуулж, Баарай, Дөрөлжид сумын чанартай уралдааныг зохион байгуулдаг болсон. Тогтмол уралдаантай, бай шагналын хувьд өндөр болоод ирэхээр уяачдын идэвхи сэргэдэг юм билээ. Тэгээд гаргасан амжилтыг нь үнэлж, сумын Алдарт уяач цолыг олгодог болсон.

-Аймгийн МСУХ-ны Дэд тэргүүнээр ажилладаг бил үү?

-2012-2016 онд Дэд тэргүүнээр ажиллаж байсан. Би ер нь “Арвагар хээр” холбоог анх байгуулагдсан цагаас нь эхлээд үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцсон доо. Монгол түмний морины их шүтээн цогцолборын зураг төсөл дөнгөж гараад байхад Бямбасүрэн бид хоёр анхны хандивлагч нь болж, тус бүр таван сая төгрөг өгч байлаа. Түүний дараа 108 суварга бүтээхэд мөн сум орон нутгийнхнаа уриалан оролцож 10 гаруй суварга бүтээлгэсэн.Уржнан улсын бүсийн уралдаан зохион байгуулахад нь 15 сая төгрөгийн хандив өгсөн. Энэ мэтчилэн санхүү мөнгөний тал дээр нь байнга л тусалж дэмжиж явдаг даа.

-Ингэхэд хэзээнээс морь уясан юм бэ?

-Бас л уралдаан ивээн тэтгэж яваад. /инээв/ 2006 онд “Арвагар хээр” МСУХ-ны нэрэмжит уралдаан аймагт болсон юм. Түүнд нь би 500.000 төгрөгийн хандив өргөөд түүнийгээ өгөхөөр очсон байсан юм. Тэгсэн улсын Алдарт уяач Бямбасүрэнгийн саарал азарга түрүүлдэг юм. Нутгийн дүүгийн адуу түрүүлэхийг харсан сайхан санагдаад. Түүнээс долоо хоногийн дараа шинийн гурванд болсон уралдааны үеэр Бямбасүрэнд саарал азаргыг нь авах хүсэлт тавьсан зөвшөөрсөн юм. Тэгээд зургаан сая төгрөгөөр Дөл саарлаа аваад наадаж эхэлсэн дээ.


-Саарал азарга хаанахын адуу вэ?

-Сэлэнгийн Хашаат сумын гаралтай адуу. Хавчиг азарга авч байсан юм. Хязаалан үрээ энд ирж, соёолондоо сумын наадамд айрагдаж, хавчигтаа аймагт түрүүлсэн. Хавар шинийн гурванд аймагт түрүүлээд, шинийн найманд Баянголд болсон аймгийн бүсийн уралдаанд бас түрүүлсэн. Тухайн үед би морь сайн мэдэхгүй телевизийн сурвалжлагчийг машиндаа суулгаад дагаж явсан юм. Тэгсэн 70 гаруй азарга мордож саарал азарга хол түрүүлчихдэг юм. Тэгээд л ер нь сэтгэл шулуудсан даа. Баянголд болсон бүсийн уралдааны дараа шинийн 15-нд Нарийнтээлд бас нэг уралдаан болсон бас л түрүүлсэн.

-Уралдвал түрүүлдэг л адуу юм биш үү?

-Тийм. Хойтон жил нь тойргийн бүсийн уралдаанд аман хүзүүдээд, Өлзийтийн бүсэд аман хүзүүдсэн.

-Авдаг жилийнхээ зун хаана уралдсан бэ?

-Тэр зун азаргатай зодолдоод булчингаа хазуулчихаад уралдаж чадаагүй юм. Хойтон жилийнх нь зун бас азаргатай ноцолдоод уралдаж чадаагүй. Хойд хөлөө хазуулчихсан. Ер нь зун уяхаар азаргатай зодолдоод гэмтчихээд байсан.Зарим жил нь байгалийн бэрхшээл тулгараад уралдаан болоогүй. Саарал азарга надад ирээд том жижиг нийлсэн уралдаан наадмаас 19 айраг, түрүү хүртсэн.

-Хэд нь аймаг, аймгийн бүсийн уралдааных вэ?

-Хоёр түрүү,  дөрвөн айраг нь аймгийн чанартай уралдааных. Сумын наадамд бол арав гаруй удаа  айрагдаж, түрүүлсээн. Ид байх хоёр зунаа өнжөөгүй бол илүү ч амжилт гаргах байсан биз.

-Хэд хүртлээ уралдсан бэ?

-Арав хүртлээ уралдсан болов уу. Азаргыг олон жил уралдуулаад дэмий санагдсан. Сайн адууны төлийг нь авсан нь дээр шүү дээ. 2010 онд манай энд зуд болоод саарал азарга зургаан гүү, таван унагатай байсан чинь ганцхан гүү үлдээд бүгд үхчихсэн. Тэгэхээр нь би 2011 онд Баян-Өндөрийн Лхамаа гэж хүнээс тойруулга угшилтай хоёр гүү авч хураалгасан юм. Түүний төлүүд сайн давхиж байгаа.  

-Дөл саарлын төлүүд ямар амжилт үзүүлээд байна вэ?

-Аймгийн наадамд нэг саарал морь, хонгор үрээ айрагдсан. Өөр нэг хонгор үрээ Уянгад түрүүллээ. Сумдын наадамд бол олон айрагдсаан. Нэг хонгор үрээ аймгийн их сорилгод зургаад давхихаар энэ хавьд уралдуулсан. Дараа нь бодохнээ улсад явдаг байсан байна лээ. Яагаад гэхээр аравт ирсэн Отгоннасангийн хүрэн улсад очоод дөрвөөр давхичихсан. Хүн чинь өөрийнхөөгөө байнга л голж  байдаг юм байна шүү дээ.

-Өвөрхангайн адуу чангараад байгаа шүү. Отгоннасан Тод манлай нутагтаа уяж байгаад л улсад түрүүлгэчихдэг хүн.

-Олон жилийн туршлага бий л дээ. Одооноос гарч уралдах бодолтой байгаа. Хүүхдүүд ч тэгж ярьж байна.

-Аав хүү, ах дүү Алдартууд орон нутгийн ханасан цолонд хүрсэн шүү дээ. Тэгэхээр гарч уралдах шийдвэр зөв байх аа.

-Дөл саарлын төл хоёр хонгор азарга бий. Тэр  хоёртоо их найддаг юм. 

-Бага саарал азарга гэж бас байдаг уу. Түрүүн тэгж ярих шиг болсон.

-Бий, бий. Дорнодын Баян-Уулын адуу. Дөлгөөн саарал гэдэг юм. Манай сумынхан Баян-Уулд явж байгаад дөрвөн насны морьдын уралдаан хийж, өөрсдөө байлсан юм. Тэгээд хоёр портер адуу авсан. Тэр үед би өмнө нь нэг аман хүзүүдсэн ганц саарал хязааланг авсан юм. Бага саарал азарга маань надад ирээд улсын бүсийн уралдаанд л ороогүй. Аймгийн чанартай наадамд олон айрагдсан.


-Амжилтуудыг нь дэлгэрүүлж яривал...

-Хязааландаа аймгийн 80 жилийн ойд гурваар давхисан. 2012 онд соёолондоо аймгийн наадамд түрүүлж орж ирээд хадуураад замаас гарчихсан юм. Тэгэхээр нь Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд аваад очтол “эрлийз” гээд бариад үлдчихдэг юм. Жинхэнэ монгол азарга шүү дээ. 2013 онд хавчиг азарга Бүрд суманд болсон аймгийн бүсийн уралдаанд  гурвалсан. Бас л түрүүлж орж ирээд хүмүүс рүү ханараад гурвалж байгаа нь тэр. Зун нь аймгийн наадамд түрүүлээд, Архангайн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд эхний хоёр азаргатай цуг тасархай ирж байгаад хүмүүс рүү ханарчихсан. Тэгээд 2014 оны хавар нь Тарагтын бүсэд гурвалж, сумандаа болсон бүсийн уралдаанд дөрвөлсөн. Аймгийн наадамд хоёр мордоод хоёуланд нь түрүүлсэн. Уржнангийн цаад жил Хужиртын ой болоход бас түрүүлсэн.

-Өвөрхангайн шигшмэл хурдад айрагддаг нь аль саарал тань вэ?

-Бага саарал шигшмэл хурдад аман хүзүүдсэн. Одоогоор 12 түрүүлж, 25 айрагдаад байна.

-Ханардаг нь л хэцүү байна. Хүүхдийг нь сольж үзээд ч нэмэргүй юу?

-Нэмэргүй юм билээ. Нэгэнт тийм зан суучихсан адуу дийлддэггүй бололтой юм. Архангайд бол айргадлаа л гэж бодсон. Би хотод байсан улсын Алдарт уяач Даваадорж залгаад “Давааноров ах аа, танай саарал азарга орчихлоо. Гурван азарга тасархай явж байна” гэсэн. Тэгээд л айрагдчихсан юм бодоод хүүхдүүд рүүгээ залгатал “наймлачихлаа” гэдэг юм. Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд 19, Баянхонгор аймагт болсон говийн бүсийн уралдаанд тавьсан долоо дээр явж байгаад бас хүмүүс рүү орчихсон.

-Хоёр саарал азаргаар сайхан нааджээ. Өөр Давааноров Алдартын магнайг тэнийлгэж, урам зоригоор тэтгэсэн ямар хүлгүүд байна вэ?

-Хэнтийн Мөрөн гаралтай цавьдар морь Хархорин сум байгуулагдсаны 280 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Хэнтийн Баян-Адарга сумын гаралтай зээрд халзан азарга аймгийн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Мөн Хэнтий аймгийн баяр наадамд дөрөв түрүүлсэн хүрэн морийг авч аймгийн наадамд зургаад давхиулсан. Тэр их хурдан морь байсан ч эндчихсэн юм.

-Зүүн талын адуу нэлээд авчээ.

-Тэгсэн. Нэг үе адуу их авсан шүү. Морь уядаггүй байхдаа Бямбасүрэнг хэдэн саяар адуу авлаа гэхийг дуулаад Чойдог гуайд “Тийм их мөнгөөр адуу аваад хайран юм. Та хүүхдэдээ хэлмээр юм” гэж байсан. Гэтэл хэдэн жилийн дараа өөрөө энд тэндээс адуу цуглуулаад Чойдог гуайд амаа асуулгаж байлаа. /инээв/ Морь гэдэг аргагүй сайхан амьтан шүү. Алтан туурайтын буянаар олон аавын хөвгүүдтэй сайхан нөхөрлөж явна даа. Хэрвээ би морь уядаггүй байсан бол хүн танихгүй шүү дээ. Морь уяад сайн давхихаар хол ойрынгүй мэддэг болчихдог юм байна.

-Тэр ч үнэн шүү. Адуу явж байхад харалгүй өнгөрдөг монгол хүн бараг үгүй байх аа.

-Бид бол зогсож байгаад харна шүү дээ.

-Адуутай нөхөрлөсөн он жилүүдэд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?

-Саарал азаргаа хязаалан авчраад аймгийнхаа 80 жилийн ойд айрагдуулах хамгийн сайхан байсан. Үнэхээр их баярласан. Дараа жил нь хавчиг азарга түрүүлж мөн л дээлэндээ багтахгүй гэдэг шиг хөөрч байлаа. Уяач хүнд уясан морь нь түрүүлэх шиг баяр бахдал хаа байх вэ. Энэ хорвоод түүнтэй дүйцэх аз жаргал байхгүй.


-Анзаараад байсан азаргаар сайхан нааддаг юм аа даа. Тэр тусмаа саарал бүгээн зүсмийн адуу илүүтэй  давхидаг бололтой.

-Зорьж зүсийг нь ижилсүүлдэггүй л дээ. Гэхдээ саарал адуу илүү хурдалдаг юм. Бас азарганы тухайд зорьж туйлширдаггүй. Зургаан насны морь уяхад азарга гайгүй давхиад байдаг.

-Хангайнхан жороо мориор гангарах нь элбэг. Алдарт сайхан адуунд хэр ач холбогдол өгдөг вэ?

-Жороо морь бий бий. Аймгийн 80 жилийн ойгоор гурвалсан хүрэн морь маань сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Манай буурай аав жороо моринд дуртай хүн байсан юм. Түүнийг нь бодоод жороо морь байлгадаг. Гэхдээ бид унаж чадахгүй юм байна аа. Жороо морийг унах техник өөр шүү дээ.

-Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж буй та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа.

Д.Энхтуяа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.