​ МУ-ын Алдарт уяач Б.Баярдорж: Цолоо мялааж төрийн наадмын хишиг хүртлээ

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 16 -нд

АХ-ын 98 жилийн ойд шүдлэн айрагдуулсан Б.Баярдоржийн сэтгэгдлийг хүргэж байна.

-АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд хар үрээгээ айрагдуулсан  Алдарт уяачид баяр хүргэе.

-Баярлалаа. Өнөө жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Монгол орны ихэнх аймгууд зуншлага сайтай, түүнийгаа дагаад адуу бяртай, уралдаан шимтэй болж байна.

-Сүүлийн жилүүдэд төрийнхөө наадмаас тогтмол хишиг хүртэж буй. Гэхдээ өнөө жилийн наадмын айраг арай илүү онцлог байсан болов уу гэж бодож байна.

-Онож хэллээ. Гахай жилийн сар шинийн босгон дээр төрийнхөө хишгийг хүртэж Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. Цол дагаж бяр гэдэгчлэн цолоо баталчих юм сан, мялаачих юм сан гэсэн бодол хүсэл өмнөх жилүүдийнхээс илүү байлаа. Түүнийг минь ёсоор болгож, хар үрээ маань төрийнхөө наадамд айрагдсанд сэтгэл хангалуун баяртай сайхан байна.

-Хар үрээгээ баярлуулна гэдгийг бараг мэдэж байсан байх аа.

-Сунгаануудад хурдан байсан болохоор айрагдчих болов уу гэсэн хүлээлт байсаан. Гэхдээ энэ бол төрийн наадам. Олон аавын хүүгийн хурдан хурц хүлгүүд ирж байгаа.

-Өнөө жил хэдэн насны морь мордуулсан бэ?

-Шүдлэн, их насны морьд мордуулсан. Их морь 30 гаргаж давхилаа.

-Завхан нутгийнхны од гийсэн наадам болж байна. Нутгийн хүүгийн хувьд баяр хөөр дүүрэн байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Уугуул нутгийнхан маань урамтай сайхан наадлаа. Монгол төрийн наадмын их насны морьдын уралдааны түрүү, аман хүзүүнд, соёолонгийн уралдааны аман хүзүүнд, шүдлэнгийн уралдааны айргийн дөрөвт Завхан нутгийн уяачдын морьд хурдаллаа. Бөх нь шөвгийн дөрөвт хурдаллаа. Нутгийн минь уул, ус баяссан байх аа.

-Бүсийн уралдаануудаас аль аймгийн онцолсон бэ? 

-Казак түмний өлгий Баян-Өлгий аймагтаа уралдахаар ирээд байна. Уул, ус нь тэгширсэн сайхан хангай байна. Хишиг буянаа хайрлах байх аа.

-Эргэлзэхгүй байна. Сайхан наадаарай. Амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Хастөр

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.