Уяач О.Амгаланбаатар: Анх удаа морь уяад төрийнхөө наадамд айрагдууллаа

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 18 -нд

АХ-ын 98 жилийн ойд алаг шүдлэн айргийн тавд хурдлуулсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын баярын сэтгэгдлийг хүргэж байна.

-Төр түмнийхээ их цэнгэл баярт шүдлэн үрээ айрагдуулсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Би анх удаа морь уяж  байгаа шинэ залуу уяач.Өмнө нь баг, сум, аймгийн наадамд ч морь мордуулж үзээгүй. Гэтэл анх удаа морь уяад төрийнхөө наадамд мордуултал айрагдчихлаа. Сэтгэл хангалуун баяртай байна. Миний нэгэн адил анх удаа морь уяад төрийн наадамд айрагдуулах нь ховор тохиолдол юм билээ. Би алс зайдуу Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг хүн. Тэр холоос ирж нутаг орныхоо нэрийг гаргасандаа туйлын баяртай байгаа.

-Үрээгээ айрагдана чинээ бодоогүй бололтой.

-Дөнгөж морь уяж байгаа хүнд тийм бардам бодол хаанаас төрөх үү. Монгол эр хүний хийморь морь дагаж сэргэдэг гэдэг утгаараа өнөө жилээс эхлэн морь уяж байгаа юм. Түүнээс өмнө төрийн алба хашдаг байсан учраас морь уях боломжгүй байлаа. Ер нь бол төрийнхөө наадамд морь мордуулъя. Нутаг ус, ижий аавынхаа нэрийг гаргая л гэж бодсон. Түүнээс айраг түрүү авах тухай санаа ч үгүй байсан.

-Алаг үрээ сунгаануудад хэр байсан бэ?

-Эхний хэдэн үрээнд л яваад байсан. Тэр өдрийн аз хийморь түшиж үрээ маань айрагдлаа.


-Уралдааныг зурагтаар үзсэн үү?

-Манай Говь-Алтай аймгийн баяр наадам 9,10-ны өдрүүдэд болсон. Шүдлэнгийн уралдааныг зурагтаар үзээд наашаа гарсан даа. Төрийн наадамд барилдах бөхчүүд, уралдах уяачдыг нутгийн уул, ус нь цуг ирж түшдэг юм гэнэ лээ гэдэг үгийг нэг бус удаа дуулж байсан. Үнэхээр үнэн юм байна. Миний үрээ айрагдсаныг дуулаад Алтайн ард түмэн маань үнэхээр их баярласан. 

-Хэлж буй үгнээс тань дүгнэхэд морь малнаас хөндий хүн биш бололтой. Танай удам сударт уяачид олон байв уу?

-Манай аав аймгийн Алдарт уяач Очирбат гэж хүн бий. Сумандаа МСУХ-г үүсгэн байгуулж, морины төлөө олон жил зүтгэсэн. Мөн орон нутагтаа одтой сайхан наадаж аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Миний хувьд багадаа хурдан морь унадаг байсан. Ер нь тэгээд монгол хүн тэр дундаа хөдөө өссөн хүүхэд адуу малнаас тэгтлээ алсрахгүй байх аа. Ааваас гадна намайг моринд татаж оруулсан хүн бол Говь-Алтай аймгийн Алдарт уяач, аймгийн МСУХ-ны Дэд тэргүүн  Дэлгэржаргал дүү маань. Нас нь залуу ч адууны төлөө зүрх сэтгэлээ зориулж явдаг мундаг зүтгэлтэн. Надад “морь уя” хэмээн адуу хүртэл бэлэглэж байсан. Өнгөрсөн жил дүүгийн дээд гурван нас аймгийн баяр наадамд айрагдсан.Мөн алаг үрээний маань унаган эзэн МУ-ын Алдарт уяач Батбаяр найз маань байна. Ийм сайхан хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр төрийн наадамд морь айрагдуулаад байна. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад эдгээр хүмүүстээ баярлаж талархаж буйгаа илэрхийлье ээ.

-Талархлын үг хаягласан эздэдээ хүрэх бизээ.Алдарт  уяач аав нь төрийн наадамд морь айрагдуулсан хүүдээ хэрхэн баяр хүргэсэн бэ? Мэдээж их догдолсон байх.

-Надаас илүү баярлаж байна лээ. Аймаг, сумаас хүмүүс залгаад аавд л баяр хүргээд байна гэсэн. Аав түүнд нь хөөрөөд сэтгэл хангалуун байгаа гэсэн. Аавыгаа ингэж баярлуулсандаа би ч гэсэн их баяртай байгаа.

-Алаг үрээгээ аль бүсийн уралдаанд уралдахаар төлөвлөж байна вэ?

-Алаг үрээ Хөвсгөлд уралдана. Би өөрөө хэдэн үрээ аваад Баян-Өлгий аймаг руу явж байна.

-Сайхан наадаарай.

-За баярлалаа. Танай уншигчдад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Б.Хастөр

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.