Уралдаанч Д.Мөнхтэмүүжин: Долдугаар сарын 11 бол миний төрсөн өдөр

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 18 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааны /2019.07.10/ айргийн тавд О.Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдалсан юм. Уг үрээг 282 дугаартай Далайн Мөнхтэмүүжин хүү унасан билээ. Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч тэрээр 2018 оны Монголын чансаа өндөр уралдаанчдын нэг бөгөөд тодруулбал, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Үүнээс өмнө 2017 онд ч чансаа өндөр уралдаанчдын хоёрт бичигдэж байлаа. 

-Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцана уу?

-Баяртай байна. Улсынхаа наадамд зургаа дахь жилдээ морь унаж уралдлаа.

-Туршлагатай уралдаанч байх нь ээ. Хэдэн настай юм бэ?

-Маргааш 14 нас хүрнэ. /Долдугаар сарын 11/ Ихбаяр ахындаа зургаа дахь жилдээ, өөрийндөө нэг дэх жилдээ морь унаж байна. Анх 2015 онд улсад хязаалан түрүүлгэж одтой наадаж билээ. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрчээ.

-Гоё өдөр төржээ. Аав нь морь уядаг байх нь ээ?

-Тийм ээ, аав маань сумын Алдарт уяач цолтой Далай гэж хүн бий. Одоогоор аймаг, сумандаа нааддаг юм.

-Аав хүү хоёр ямар амжилтын эзэд болоод байгаа вэ?

-Одоогоор аав ойр зууртаа л наадаж байна. Би туслах маягтай. /инээв/ Боломж гарвал уясан морийг унадаг.

-Ах дүү нараас нь морь унадаг уу?

-Бид ээж ааваас тавуулаа. Гэхдээ надаас бусад нь морь унадаггүй юм.

-Том болоод уяач болох уу?

-Тэр мэдээж. Уяач болно оо гэж боддог юм.

-Ярилцсанд баярлалаа. Ирээдүйн мундаг уяачийн дараагийн уралдаанд амжилт хүсье.

П.Ундраа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.