АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЧИНЗОРИГ: 20 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТӨРИЙН НААДМЫН ХИШИГ ХҮРТЛЭЭ

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 21 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын сурвалжлага үргэлжилсээр байна. Энэ удаа та бүхэндээ түрүү дааганы эзний сэтгэгдлийг хүргэе. 

АХ-ын 98  жилийн ойн баяр наадамдаа даага түрүүлгэсэн танд баяр хүргэе.

 Баярлалаа. АХ-ын 98 жилийн ойн баяр наадам нартай, хуртай дэлгэр сайхан боллоо. Хүлэг морьд нь хурдан, хүчит бөхчүүд нь бяртай, эрхий мэргэчүүл цэцтэй монголчууд минь сайхан наадлаа. 180-аад үрээ мордож миний халтар даага түрүүллээ. Халтар дааганы эх нь манай өөрийн унаган адуу. Т.Батзориг Тод манлайн азарганд гүү тавиад гарсан төл байгаа юм.

-20 жилийн дараа дахин төрийн наадмын хишиг хүртлээ хэмээн ярьж байсныг тань санаж байна.

-Тийм ээ, миний бие АХ-ын 78 жилийн ойн баяр наадмаар Өлгөр хүрэн соёолонгоо айргийн тавд хурдлуулж байлаа. Түүнээс хойш яг 20 жилийн дараа халтар даагаа түрүүлгэж байна. Үрээ маань хоёр гурван бэсрэг уралдаанд сайн байсан болохоор айрагт багтана гэдэгт итгэлтэй байсан. Харин түрүүлнэ гэж бодоогүй ээ. Сайхан байна.

 -Төрийнхөө наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?

-Улсын наадамд шүдлэн, даага мордуулсан. Шүдлэн үрээ  16-д орлоо. Мөн шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд бор морь маань гурав, дөрвөөр явж байгаад зургаад орсон. Одоо Говьсүмбэрт болох бүсийн уралдаанд оролцох гээд морьдоо ачуулчихсан байна. Хээр азарга, бор морь, хээр шүдлэн, халтар даагаа мордуулна. Эрлийз дээд насанд хүүгийн маань Хараацай мордох байх.


-Гончиг гуайн хөвгүүдийг адууны тэнгэр хардаг бололтой. Ах дүү гурав төрийн зарлигт наадмуудаас хишиг хүртлээ шүү дээ.

- Баярлалаа. Бид эцэг эхээс арвуулаа. Таван хүү, таван охинтой. Таван хүүгийн дөрөв нь морь уядаг. Хэдэн жилийн өмнө миний дүү Г.Эрдэнэбилэг улсын наадамд хязаалан айрагдуулж байсан. Өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд нөгөө дүү Г.Цоггэрэлийн бор соёолон түрүүлсэн.

Тэр бор хурдан адуу. Даанч өнөө жил азарганд хазуулаад өнжчихлөө. АХ-ын 100 жилийн ойгоор уралдуулах бодолтой байгаа юм.  Цогоогийн хээр азарга өнгөрсөн жилийн Дүнжингаравт гурваар давхисан. Энэ мэтчилэн дүү нарын маань морьд сайхан давхиж байгаа.

-Таныг Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд Шуурган хонгор азаргаа түрүүлгэж байсныг тань санаж байна.

-2010 оны зүүн бүсийн уралдаанд Шуурган хонгор маань соёолондоо түрүүлж байсан. Түүнээс өмнө 2003 онд Хүйн долоо худгийн анхны наадамд Буган халиун даагаа айргийн тавд давхиулж, давхар уяагаар Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд гуравт оруулж байлаа. Хурдан хүлгийн буянаар төрийн зарлигт наадмаас хэд хэдэн айраг, түрүү хүртээд буй.

 -Ураг удмаараа одтой сайхан наадагч та бүхэнд амжилт хүсье. Сайхан наадаарай.

- Баярлалаа.

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна