Уяач Ц.Хүрэлтулга: АНУ-ын алдартай азаргануудын хөлдөөсөн үрийг авчирч монгол гүүнд суулган төл авах оролдлого хийж байна

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 28 -нд

-Төрийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе. Хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн улсын наадамд морь мордуулж байгаа. Төрийн наадамд морь уралдуулсан хоёр дахь жилдээ айраг хүртсэндээ баяртай байна. Том амжилт хэмээн үзэж байгаа.

-Тэгэлгүй яахав. Насаараа морь уясан ч төрийн наадамд мордуулж ч үзээгүй хүмүүс бий шүү дээ.

-Өнгөрсөн жил үрээнүүд маань их хурдан, сунгаануудад түрүүлээд байсан ч яг баяраар нэг шүдлэн мордуулж, 20-д давхиулсан.

-Алтай нутгийн хүү хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?

-Өвөө, аав гээд манайхан цөм уяачид. Миний хувьд зургаан наснаасаа эхлээд 13 хүртлээ  хурдан морь унасан. Тэгээд АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байхдаа тэндхийн томоохон морин тойруулгуудад ажиллаж, цэвэр адууны арчилгаа маллагаа хийгээд үржлийн тухайд хангалттай мэдлэг, туршлага хуримтлуулсан. Үүн дээрээ тулгуурлан дөрвөн жилийн өмнө эх орондоо ирсэн цагаас эхлэн дахин морь сонирхож, тэнд мэдсэн сурсанаа амьдрал дээр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

-Адуу үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна хэмээн ойлголоо. Зөв үү?

-Тийм ээ. Би цэвэр англи азаргатай. Мөн араб, орос будённый англи азаргатай. Сүүлийн үед АНУ-ын алдартай азаргануудын хөлдөөсөн үрийг авчирч монгол гүүнд суулган төл авах оролдлого хийж байна.

-Туршилт амжилттай юу?

-Ерөнхийдөө амжилттай болсон. Генетикийн хуулийн дагуу гарч буй унага хамгийн багадаа 50, цаашлаад 80 хувь хүртлээ эхийгээ татах боломжтой. Өөрөөр хэлбэл, үржүүлэгч аль талыг нь илүү татсан  адуу гаргаж авахаа урьдчилан тооцоолж, гүүнүүдээ сонгоно гэсэн үг. Өнөөдрийн хувьд генетикийн мэдээллийн 80 хувь нь монгол тал руугаа татсан байж улсын наадамд уралдах адуунууд гарч байна.

-Хаанахын гүүнүүд хураалгасан бэ?

-Сүхбаатараас хурдны удамтай гүү цуглуулсан. Дээр нь цэвэр цусны зургаан гүү бий.

-Монголд цэвэр цусны адуу үржүүлэхэд хэр тохиромжтой вэ?

-Малчдын хувьд цэвэр адууны үржүүлэг хийхэд мэдээж хүндрэлтэй. Бидний хувьд хурдны чиглэлийн адуу гаргаж авахаар зорин амьдрах орчин буюу жүчээ барьж, маллагааны ажилтан, малын эмч зэрэг  мэргэжлийн хүмүүстэй хамтарч байгаа учраас боломжтой. Хоолны агууламжаас бүх зүйлийг хянадаг учраас одоогийн байдлаар ямар нэг хүндрэл гараагүй байна.

-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.