“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэн: МАНАЙ УЯАЧИД ХААНА ЯМАР УРАЛДААН БОЛНО, ТЭНДЭЭС АЙРАГ ХҮРТДЭГ БОЛСОН

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 16 -нд

Өнгөрсөн жилийн ММСУХ-ны  шилдгийн шилдэг салбараар шалгарсан Хөвсгөл аймгийн  “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж, ярилцсанаа хүргэж байна.

-Танай холбоо морин уралдаан гэж туйлшрахгүй олон нийтийн сэтгэл ханамжийг чухалчилж “Хотгойдын хурд”-4 наадмыг шинэлэг, өвөрмөц зохион байгуулсанд баяр хүргэе. Энэ санаа анх хэрхэн төрсөн талаар ярилцлагаа  эхлүүлье?

- Баярлалаа. Дэлхийн спортын наадмуудын нээлтийн жишгийн дагуу үдшийн тэнгэр дор нээлт хийе гэсэн хүсэл, мөрөөдөл маань биелсэнд баяртай байгаа.

Энэ нэлээд урт түүх болох байх. Аймгийн МСУХ-ны тэргүүнээр сонгогдоход төв холбооны удирдлагаас танай аймаг, Баян-Өлгий хоёр л улсын чанартай бүсийн уралдаан зохион байгуулаагүй байна. Өлгийг ойлгож болно. Харин Тэсийн голын, Хотгойдын унаганы өлгий нутаг ийм байж таарахгүй. Эхний даалгавар энэ байх болно гэсэн. Тэгээд л энэ үүргийг биелүүлэх ажилдаа орсон доо.

Анх удаа 2007 онд нутагтаа хангайн бүсийн морин уралдаан “Хотгойдын хурд-1”-ийг санаачлан зохион байгуулахдаа л бусад бүсийн уралдаанаас өвөрмөц наадам хийе гэж бодож хийсэн. Анхны хурд маань ч нутгийн зон олны талархал хүлээсэн баяр наадам болж чадсан гэж боддог юм. Энэ нээлтэн дээрээ Өндөр Гонгор, Н.Гэлэнхүү, “Сүхбаатар” хөлөг онгоц гээд нутгийн бахархлуудаа багтаасан нээлт хийж байлаа. Түүнээс хойш дөрөв дэх даншиг наадмаа өнгөрсөн зун зохион байгууллаа. “Өөрсдийнхөө хэмжээнд “Бага олимп” болгохыг л хичээдэг. Энэ уламжлалаа энэ удаа ч гэсэн хадгалсан. Ер нь олимп гээд спортын том наадмуудын нээлт ихэвчлэн шөнө болдог шүү дээ. Тэр жишгээр бага олимпын наадам хийж, нээлтээ шөнө хийнэ дээ гэсэн бодол “Хотгойд-3”-аас эхэлсэн ч тухайн үед бүтээгүй юм.

Нөгөө талдаа нутгаасаа гурав сонгогдсон хүний хувьд нутаг зон олноо баярлуулсан арга хэмжээг хийнэ дээ гэж бодоод л явсан. Гэхдээ энэ бол ганц хүн бодоод, зүтгээд ийм арга хэмжээг хийчихгүй. Энэ удаа техникийн боломж, найруулагч, зохион байгуулалт, хандив санхүү гээд бүх нөхцөл бүрдсэн учраас санаа маань биеллээ олж хэрэгжсэнд баяртай байгаа.

Хөрөнгө зардал их гарах учраас хандивлагчгүйгээр ийм арга хэмжээ хийх талаар бодох ч хэрэггүй. Нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүний хүчин чармайлтын үр дүнд нутаг зон олныхоо сэтгэлд хүрсэн даншиг наадмыг зохион байгууллаа. Наадмын дараа олон хүн уламжлалт жишиг эвдсэн сайхан наадам боллоо гэхэд нь урамшиж, баярлаж байлаа. Баянхонгорын сарлагтай наадамтай жишээд Монгол даяар л хэдэн өдөр шуугисныг бодвол бид үр дүнд хүрсэн юм байлгүй дээ.


-Нээлтийн арга хэмжээ үнэхээр сайхан болсон. Зохиомж, найруулга, гэрлийн шоу үнэхээр шинэлэг байж чадсан. Монгол түмний сэтгэлд хүрсэн. Ямар хүмүүсийн бүтээл вэ?

- Олон хүний хамтын бүтээл. Үдшийн тэнгэр дор наадмын нээлт  хийе гэсэн бодолтой баг хоёр талаасаа уулзалдаж таарсан. Нэг талаас наадам зохион байгуулагч бидний зүгээс олимп шиг үдшийн тэнгэр дор нээлт хийе гэж хүсэл байлаа. Нөгөө талаас гэрлийн шоугаар мэргэжсэн баг ур чадвараа харуулах захиалга хүлээж байж. Анх уулзахад л бидний саналыг сонсоод тэд ашиг харахгүй хийж өгье, бид сурсан, мэдсэнээ амьдрал дээр туршаад үзэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд л “Саунд офф Монголия” гэдэг компанитай гэрээ байгуулж наадмын ажил эхэлсэн. Ерөнхий продюсероор Дамдинсүрэн, найруулагчаар манай аймгийн хөгжмийн зохиолч Сэр-од ая, хөгжмийн найруулгыг хийсэн юм.  Наадмын бэлтгэл ажлын явцад хөтөлбөрүүд дээрээ ярилцаад явсан. Миний хувьд л өмнө бодож байсан шиг сэтгэлд хүрсэн наадам болж чадсан. Олон ч хүний сэтгэлд үлдсэн байх. Цаг агаарын урьдчилсан прогнозоор тэр үдэш бороотой байхаар байсан. Гэтэл хуйларсан борооны үүл наадам тойроод өнгөрсөн. Олны төлөө ажлыг бурхан хүртэл үнэлдэг юм билээ. Нутгийн Хар морьтын Сахиусаа залсан маань ч нөлөөлсөн биз. Олон хүний оролцоо, хичээл зүтгэлээр даншиг наадмын ажил бүтдэг талаар би дээр хэлсэн. Манай урлагийнхан, спортынхон, гандангийн лам нар, хандивлагчид, Мөрөн сумын ажлын албаныхан гээд олон хүний сэтгэлийн дэмээр энэ ажил бүтсэн. Тэр хүмүүстээ нутгийнхаа уяачдын өмнөөс талархсанаа илэрхийлье.

-Би энэ наадмын найруулагчаар ажилласан Уянгатай уулзахад “Үнэхээр нутгийн сахиус, ид шид” гэж байдаг юм шиг билээ. Хуйларсан борооны үүл тойроод л өнгөрсөн гэж байсан. Та тухайн үед юу бодож байсан?

-Тухайн үед ганц сэтгэл зовоож байсан зүйл тэр л дээ. Цаг агаарын мэдээгээр 20-21 цагийн үед аадар бороотой гэсэн байсан. Үнэхээр ч баруун талаас борооны хар үүл хуйлраад ирсэн. Цагийн юм цагтаа, наадам ч эхэлсэн, бороо ч хажууханд ойртоод салхи жаахан мэдрэгдсэн. Зохион байгуулагчид бид ч дотроо залбирч эхэлсэн. Олон түмэн ч гэсэн бороо битгий ороосоо л гэж хүсээ биз. Гэтэл хуйларсан борооны хар үүл тойроод өнгөрчихсөн. Нээлт ч сайхан болсон. Энэ жил бороо орно гэсэн цагтаа л орсон, хоёр удаа л хэлсэн цагтаа орсонгүй гэж байсан. Сахиусаа залсаны л ид шид байсан юм байлгүй дээ. Ер нь олны төлөө ажлыг бурхан хүртэл ивээдэг юм билээ. Таалахгүй бол салхи, ширүүн бороо хамаг ажил нурааж ч мэднэ шүү дээ. Наад зах нь тэр босгосон олон самбаруудыг хуу татаад, гэрэл цахилгаан таслаад хаяж мэдэх байлаа.  

Наадмыг маш олон хүн ирж үзсэн. Бид уг нь улс орон даяар телевизийн бичлэг цацах, дроноор зураг авах, янз бүрийн үзүүлбэрүүд хийх зорилгоор талбайг тусгайлан бэлдэж 5000 билет тарааж талбайд тусгай суудал засан, шөнийн гэрэлтүүлгээ хүртэл суурилуулсан байсан. Одоо манай наадмын талбай шөнийн ямар ч арга хэмжээ зохион байгуулах орчин үеийн лед гэрэлтүүлэгтэй болсон байгаа.

Талбайн дээд багтаамж 5000 хүн орох боломжтой байсан. Нэг талаар гадаадын наадмын нээлт шиг л зурагтаар харуулах гэж бэлдсэн хэрэг л дээ. Гэтэл наадам үзнэ гээд урилгагүй ирсэн хүмүүс маань дайраад орчихсон. Нөгөө тусгайлан бэлдсэн талбайд дроноор зураг авч цацаж, үзүүлбэр явуулах өнгөрсөн. Зарим морьтой үзүүлбэрүүдээ гаргаж чадаагүй. Урлагийнхан үүдэнд орж чадаагүйгээс болоод 30 минут хоцорч Үндэсний телевизээр наадмыг нэвтрүүлсэн нь тийм учиртай. Тухайн үед ч наадмын зохион байгуулалт эвдээд, манайхан тэвчээргүй байна шүү гэж бодож суулаа. Харин наадам тарахад шинэ дээл, хувцсаа өмсөөд хөдөөнөөс зорьж ирсэн маш олон хүнийг хараад “Ингэж зорьж ирсэн хүмүүсийг яаж үзүүлэхгүй буцаах билээ, орж үзсэн нь яамай даа” гэж бодогдсон шүү. Нэг орой ч гэсэн нутгийнхнаа баярлуулж наадам хийх зорилго маань биелсэнд баярласан. Тэд чинь бүгдээрээ л намайг дэмжигчид шүү дээ.


-Та даншиг наадам зохион байгуулахад хандивлагчдын оролцоо чухал гэлээ. Энэ удаагийн наадмыг зохион байгуулахад оролцсон гол хандивлагчдыг дурдвал…

-Үдшийн тэнгэр дор нээлтээ хийсэн, өртөг зардал өндөртэй энэ том наадам, шоуг зохион байгуулах гол боломжийг олгосон хандивлагчдаа дурсахгүй өнгөрч болохгүй. Наадмын ерөнхий хандивлагчаар манай Бүрэнтогтох сумын харьяат Отгонлхагва захиралтай “Монгол майнинг”, Их-Уул сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Энхтөр захиралтай “Итгэлт хүлэг” компаниуд оролцсон. Түүнчлэн Батболд захиралтай “Цагаан-уул магнат” ХХК, Шинэ-Идэр сумын харьяат Батзориг захиралтай “MTU” групп, Эрдэнэт дэх Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Улаанбаатар дахь Цагаан-Үүр, Галт, Рашаант, Чандмань-Өндөр, Бүрэнтогтох сумдын нутгийн зөвлөл, Б.Баянмөнх захиралтай “Мадимос” групп, Төрмөнх захиралтай “Платинум ланд” ХХК, Ц.Амаржаргал захиралтай “Улаан-од” ХХК, Энхтуяа захиралтай “Зос трейд” ХХК, Галсанням захиралтай “Их-Уул менежмент” ХХК, Ч.Пүрэв-Осор захиралтай “Төгс засал” ХХК, Х.Буман захиралтай “Бум констракшн” ХХК, Ж.Цогт-Эрдэнэ захиралтай “Цэвдэг” ХХК, Ч.Цэрэнбат захиралтай “Идэр чандмань“ ХХК, Ц.Элбэгзаяа захиралтай “Синчи-ойл” ХХК компаниуд болон иргэн Г.Жигжидсүрэн, С.Хүрэлбаатар, Л.Нямхүү, Х.Цэгмид, Балдансүрэн нар сэтгэлийн томоохон хандив өргөснийг хэлэх хэрэгтэй.

Харин энэ далимд хамтран зохион байгуулсан бүх хүнд нутгийн зон олон, уяачдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Морины босоо цагаан хийморь та бүхнийг өнө мөнхөд ивээх болтугай гэж ерөөе.

-Наадмын нэг зорилго уяачид туршлага, ур чадвараа солилцох ядвал гэж та хэлдэг. Анхны даншигт ирж оролцож байсан уяачдаас илүү их ирж чадсан уу?

-2007 онд “Хотгойдын хурд” хангайн бүсийн хурдан морины уралдааныг анх нутагтаа зохион байгуулахад 17 аймгийн уяач, хурдан хүлгэдийнхээ хамт ирж оролцсон. Энэ нь тухайн үедээ л хамгийн өргөн цар хүрээтэй болсон даншигт тооцогдож байлаа. Өмнө нь бусад аймгуудад зохиогдож байсан бүсийн наадмууд ийм өргөн цар хүрээтэй болж байгаагүй юм билээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт буураагүй харин ч өргөжсөөр байгаа.

-Танайхыг чулуугаа түүхээс эхлээд морины замаа сайн бэлддэг, айрагдсан болон барьсан морьдынхоо бай шагналыг маргаан, чирэгдэлгүй өгдөг гэж Монголын уяачид ярьдаг юм билээ?

-Зам, гараа гээд уралдааны аюулгүй байдлыг хангахад манайхан их анхаардаг. Замынхаа чулууг түүнэ, үер усанд эвдэрсэн хэсгийг нь хусаж засна гээд,хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, малгай байхгүй бол уралдуулдаггүй. Гараан дээр хотоос улсын наадмын гарааны төхөөрөмж дээр ажилладаг багийг авчирсан. Ямар нэг маргаан, осол гаргаагүй. Тэд маш сайн ажилласныг дурдах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл.

Түрүүлж, айрагдсан морьдын бай шагнал битгий хэл, барьсан морьдынхоо бай шагналыг араас нь утасдаж байгаад манайхан аваачиж өгдөг. Зарим газар барьсан морьдынхоо байг өгөхдөө хойрго ханддаг. Морин уралдаан гэдэг эрчүүдийн хийморио үздэг наадам. Тийм учраас жудаггүй байдал гаргаж болохгүй гэдгийг хатуу захидаг. Манайхан ч хариуцлагатай ханддаг. 


-Бүсийн уралдаан уяачдын хувьд мэдээж цол авах, ур чадвар, туршлагаа хуваалцах гээд ач холбогдолтой. Харин бусад иргэд баяр наадмаас ямар ач холбогдол, өгөөжийг хүртдэг гэж та бодож байна вэ?

- Олон зүйлийг хэлж болох байх. Наад зах нь сэтгэл ханамж авч, нутгаараа омогшиж хэдэн өдөр наадмаа ярьцгаана. Гэхдээ би хоёр зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Дэлгүүрийн лангуу, бензин колонкийн шатахуун, банкны АТМ машин хоосордог гээд бодохоор бизнес эрхэлдэг хүмүүст маань том дэм болдог байх. Өргөн хэрэглээний бараа, хуушуур, бууз, мал мах гээд олон зүйл борлогдож байгаа. Тийм ч учраас гадаад улс орнуудад Олимп авах гэж бөөн өрсөлдөөн болдог.

Нөгөө талаар, Улсын цолтой том том уяачид манай нутагт ирж наадан, хурдан хүлгүүдээ уралдуулдаг. Түүнээс ихээхэн сургамж авч, бид хаахна явна вэ гэдгээ нутгийн уяачид мэдэж авдаг. Анхны “Хотгойдын хурд”-д манайхан гурван айраг авч бусад түрүү, айргаа алдчихсан. Үүнээс их сургамж авсан байх. Түүнээс хойш уяачид маань адууныхаа чанарыг сайжруулах, ур чадвараа нэмэгдүүлэх тал дээр ихээхэн хичээл зүтгэл, чармайлт гаргасан.

Холбооны зүгээс ч гэсэн бодлогын хэмжээнд дэмжсэн. Гурван жилийн дараа 2010 онд “Хотгойдын хурд-2” бүсийн уралдааныг зохион байгуулахад манайхан долоон айраг, түрүүг нутагтаа үлдээж чадсан. Харин 2013 онд болсон “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн морин уралдаанд хоёр түрүү, 14 айраг авч амжилт нь дээшилсэн байдаг юм. Мөн 2017 онд манай аймагт болсон “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын бүсийн гурван насны уралдаанд манай уяачид нэг түрүү, гурван айраг хүртэж амжилт маань ахисан.

Өнгөрсөн зуны “Хотгойдын хурд-4”-өөс хоёр түрүү, 15 айраг хүртсэн байна лээ. Энэ удаагийн даншгаар манай аймгийн уяач  Ч.Цэрэнбат Тод манлай уяачийн болзол хангасан. Тэрээр бүх насанд морьдоо айрагдуулж морин уралдааны түүхэнд гарч байгаагүй амжилтыг гаргасан.

Энэ юу хэлээд байна вэ гэхээр “Хотгойдын хурд” бүсийн уралдаан Хөвсгөлийн уяачдыг газар газрын уяачдын морь уях эрдэм ухаан, арга туршлагаас суралцаж ур чадвараа нэмэгдүүлж, адууны удам угшлыг сайжруулахад томоохон түлхэц болсныг харуулж байгаа юм.

Ер нь бүсийн уралдаан зохион байгуулахын гол ач холбогдол энэ л дээ. Тийм учраас олон жилийн өмнөх миний зорилго бүрэн хэрэгжсэн.

-Та холбооны тэргүүн болоод наадам хийж анхны даалгавраа биелүүлсэн талаар ярилаа. Та өөр ямар зорилго тавьсан, хэр биелэлттэй байна?

-2003 оны Улсын наадамд азарга аман хүзүүдүүлж аймгийнхаа нэрийг анх удаа наадмын төв асарт улс орон даяар цуурайтуулаад нутагтаа ирэхэд Ш.Пүрэвхүү эгч л ганцаараа хадагтай ирж баяр хүргэж байлаа.

Морины уралдаан, баяр наадмын талаар өөр хүн ирж уулзсангүй. Дараа жил нь хоёр дахиа их насанд айрагдлаа бас л таг чиг, ирж хууч хөөрч байгаа хүн алга. Нэг иймэрхүү л байсан юм. Харин дараа жил нь нэг өдөр С.Гүншир, Б.Галбадрах, Ч.Ванчинбазар гурав  над луу утасдаад “Манай уяачдын холбоо сул байна, тусал, дарга бол” гэж санал тавьсан. Удахгүй хурал болоод л даргаар нь томилогдож, ажилдаа орсон түүхтэй юм товчхондоо бол.

Тэгээд уяачдынхаа сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор өндөр бооцоотой уралдаан зохион байгуулах, том уяачдыг аваачиж сургалт зохион байгуулах, гадагш уралдахыг уриалах гээд л эхэлсэн. Өөрөө би тухайн үедээ аймагтаа толгой байсан Сүхээгийн хээр гэдэг азаргыг худалдан авч “Дүнжиргаравын хурд”-д уралдуулж 12-т давхиулсан. Үнэхээр сайн азарга байлаа. Тэр жил түрүүлсэн М,Энхболдын хүрэн азаргыг сунгаан дээр хол орхиж түрүүлж байсан. Уралдахын шөнө хоолон дээр нь алдчихсан. Эзэн нь өөрөө ирж уяж уралдуулсан бол баараггүй айрагдах байсан юм. Ингэж л ажил эхэлж байсан

Одоо бол хаана ямар морин уралдаан болж байна, тэнд Хөвсгөлийн уяачдын морь айрагдаж байна. Сүүлийн гурван жил улсын чанартай бүх бүсийн уралдаанд манай уяачид очиж морь айрагдуулсан гэвэл хилсдэхгүй байх шүү. Өнгөрсөн хугацаанд манай аймгаас анхны Тод манлай уяачаар Г.Доржпүрэв, Монгол Улсын Манлай уяачаар Т.Болдбаатар, Монгол Улсын Алдарт уяачаар Ч.Цэрэнбат, Д.Бадрах, Г.Батболд нар тодроод байна. Энэ удаагийн даншгаар хоёр дахь Тод манлай уяач маань төрлөө.

Энэ бүх амжилтууд манай уяачдыг довноосоо гарч уралдаж эрийн цээнд хүрснийг харуулж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, анх уяачдын холбооны ажлыг авчихаад улс, бүсэд түрүүлж айрагдуулах хүртэл хол байна даа л гэж бодож байлаа. Одоо бол хаана ямар морин уралдаан болно тэнд манай уяач очоод айрагдаж тэд нараараа бахархаж, самсаа шархируулан суудаг болжээ. Нөгөө талаар тавьсан зорилго маань биелж байна даа гэж баярлах юм.

-Одоо уяачдын хувьд асуудал болоод байгаа монгол морьд, эрлийзийг цаашдаа ялгаж чадах уу?

-Хуулийн төсөл бол бэлэн болсон байна билээ, удахгүй хэлэлцэж батална. Хуулийн гол зохицуулалт нь мундааны өндөр хэмжээд, үүлдэрлэг байдал харгалзахгүй гэсэн байна лээ. Энэ нь зөв байх аа. Одоогийн гол маргаан бол үүлдэрлэг байдал гэдэг нэрийн дор зарим нэг нь бусдын уяа жигдэрсэн морьдыг хасаад өөрсдөө айрагдаж байна гэдэг асуудал л даа. Миний бодлоор цаашдаа үүлдэрлэг байдлаар ялгаж уралдаж чадахгүй биз дээ. Гурав, дөрөв дэх үеэсээ монгол талаа татаад л төрчихнө, ялгах ямар ч боломжгүй. Зарим 25 хувийн цустай эрлийзийг ч ялгахад хүндрэлтэй. Тиймээс мундааны өндрөөр хязгаар тавихаас өөр шийдэл гаргахад хэцүү байх шиг. Цусыг нь шинжлээд, паспортжуулна гэдэг манай нөхцөлд амаргүй. Ер нь тэгээд морин уралдаанд хурд л үзэх гэж очдогоос хойш хурдан амьтныг хасна гэдэг утгагүй. Одоо барианд орж байгаа адууны хурдыг харахад бахархмаар болж байна шүү дээ. Адуу сайжирч байна.

Ер нь улсын наадмын морин уралдааны түүхийг харахад 1947 онд морин тойруулгад ирсэн Будённый азарга түрүүлж, айрагдсанаас эхлээд тойруулга, Жаргалант адуу улсын наадамд түлхүү айрагддаг болсон юм билээ. Сүхбаатар, Хэнтий, Дорнод зүгийн адуу ч гэсэн дээ, өмнө, хойноос янз бүрийн замаар орж ирсэн адууны үр төлүүд ихэнх нь байдаг. Түүх сөхвөл Дарьгангад Манжийн амбан захирагчийн адуун сүрэгт байсан Араб адууны үр төлүүд бол тожин адуу шүү дээ.  Манай Тэс, хотгойд адуу бол хойд талтай холилдсон байдаг. Хотгойдууд бид чинь Енисей мөрөн хавиар нэг хэсэг нутаглаж байгаад наашилсан түүхтэй улс шүү дээ. Нэг хэсэгтээ арай өндөр мундаатай эрлийздүү адуугаар Долоон хошуу даншиг наадмыг доргиож байсан нь дуунд хүртэл бичигдэж үлдсэн байна. Үүний бас нэг баталгаа бол 1945 онд Улаан армид агт бэлдэх Оросын судалгааны хэсгийн дүгнэлтэд Тэсийн савын адуу өндөрлөг, сайн адуу гэж бичигдэж үлдсэн байдаг юм. Хожим морин заводыг байгуулахад Тэсээс гүү их аваачсан гэдэг юм.

-Та адуугаа цэвэр цусны адуугаар сайжруулж байгаа юу. Сүүлийн үед морио уяж байна уу. Айрагдлаа гэж сонсогдсонгүй. Улс төрчийн ёс зүйд хэр нийцэхгүй байна уу?

-Сүүлийн жилүүдэд унах хүүхэд, уяачгүй байснаас морьдоо бараг уяагүй гэхэд болно. Түүнээс биш гишүүн хүнд харшлах зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээрээ, морьтой байснаараа мал аж ахуйн салбарыг ойроос мэдэрнэ. Наад зах нь цаг агаарын мэдээ, өвлийн бэлтгэл хадлан тэжээл, хашаа хороо, малаа хулгайд алдах вий гээд малдаа, малчдадаа санаа зовно. Малчдад тулгамдаж байгаа асуудлыг амьдралд бодитойгоор ойлгож мэдэрнэ гэдэг гишүүн хүнд маш чухал зүйл. Миний хувьд морь гэдэг чамирхал, эсвэл нэр хүнд олох хэрэгсэл биш гэж би байнга хэлдэг. Монгол эр болж төрснийх монгол ахуйтайгаа ойр байж адуунаасаа сайхан энерги авч амьдрах хэрэгтэй.

Малтай байна гэдэг ахуй бүрэн айл юм шиг надад санагддаг. Малгүй бол ахуйд маань нэг л орон зай дутуу мэт бодогдох байсан байх. Өөрөө заагаад унах сайхан морьдтой байна гэдэг амьдралын бахархал шүү дээ.

Морьдоо уралдааны чиглэлээр сайжруулах чиглэлд эхэлж анхаарсан хүний нэг байх аа. 2005 онд Франц улсаас дэлхийд данстай адууны хөлдөөсөн үр оруулж ирж, Сүхбаатарын халзангийн угшилтай гүүнд суулгаж анхны төл авч байлаа. Мөн араб, англи, англи-араб гээд цэвэр цусны азаргуудаар сайжруулж байна.

-Морин уралдааны түүхийг бичилцэж, олон дэвшлийг энэ салбарт гаргаж яваарай. Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа, шинэ онд сайн сайхныг хүсье.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна