МУ-ын Алдарт уяач Ч.Махбал “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 17 -нд

Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ жил бүрийн эцэст тухайн оныхоо амжилт бүтээлийг дүгнэн, ирэх жилийнхээ зорилтыг дэвшүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад 21 салбар холбооны тэргүүн, сумдын уяачид, нийслэлийн төлөөлөл гээд нийт 60 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалт зөвлөгөөний үеэр “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүн Даваагийн Мөнх-Эрдэнэ ажлынхаа тайланг танилцуулж, холбооны дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэн ММСУХ-д санал хүргүүлэхээр тогтлоо.


Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах гол агуулга нь “Хонгорын хурд” МСУХ нь улстөрөөс ангид байна гэсэн асуудал байв. Мөн ирэх жил Баянхонгор аймагт зохион байгуулагдах бүсийн уралдааныг Хангайн бүсэд Баянбулаг суманд, Төвийн бүсэд Баацагаан суманд, Говийн бүсийн уралдааныг Шинэжинст суманд тус тус зохион байгуулахаар тогтлоо.


Хуралдаанаар “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүн Даваагийн Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар дараагийн тэргүүнийг сонгосон юм. Төлөөлөгчид Баянбулаг сумын харьяат МУ-ын Алдарт уяач Ч.Махбалыг нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүнээр сонголоо.


“Хонгорын хурд” МСУХ-ны орон нутаг дахь салбарын дэд тэргүүнээр Т.Энхмандах, Улаанбаатар хот дахь салбар холбооны дэд тэргүүнээр Б.Золбоо, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захиралаар Д.Гантулга нар сонгогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа. Мөн “Хонгорын хурд” МСУХ-г найман жилийн турш маш амжилттай удирдан, тодорхой амжилтад хүргэсэн Даваагийн Мөнх-Эрдэнэ тэргүүнийг холбооны “Хүндэт тэргүүн”-ээр батламжилсан юм.


“Хонгорын хурд” МСУХ-ны ажлын алба

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.