Аймгийн Алдарт уяач Д.Даваажав: Нэг өдөр аймаг, сумын айргийг зэрэг хүртэж явлаа

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 17 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги VIII багийн харьяат, аймгийн Алдарт уяач Даваадагвын Даваажав 1980 онд Уянга суманд төрсөн. ММСУХ-ны “Уяачийн алдар” одонгоор шагнагдаж байжээ.

-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ?

-Манайханд уяач байхгүй гэж болно. Аав багадаа моринд давхидаг хүүхэд байсан гэсэн. Уянгын баян Цэрэнчимэд гэж хүний зургаан нас нэг жил сумандаа түрүүлсэн. Тэгэхэд зургууланг нь аав унасан гэдэг юм. Ийм түүх суманд байдаггүй л юм билээ. Тэр түүхээ аав их ярьдаг сан. Тэрнээс өөрөө уяж байгаагүй. Гэр бүлийнхнээсээ би л морь уяж байна. Намайг морь уяж эхлэхэд аав нас өндөр болчихсон байсан. Аав маань үг дуу цөөтэй хүн л дээ. Наадмын бичлэгийг нь хараад их баярладаг байлаа. Ямартаа ч аавыгаа сэрүүн ахуйд нь  баярлуулсандаа бахархалтай явдаг

-Та морь уяад хичнээн жил болж байна вэ?

-Улсын Алдарт уяач болсон Даваадорж гэж Уянгын найзтайгаа морь мал гээд л явна. Яваандаа уруу татагдсан гэж болно. Тэгж байгаад аймгийн Алдарт Гантуул гэж Баянголын залуу бий. Түүнээс Дундговийн Луусын угшилтай хээр үрээг авсан. Аймгийн Алдарт уяач Ганзориг гэж хүний адууны угшилтай юм билээ. Түүнээс өмнө суманд давхидаг зөндөө адуу байсан л даа. Эднээс гайгүй сайн давхиж, аймгийн Алдартын болзлыг хангахад хээр үрээний амжилт жин дардаг.

-Та шүдлэн авсан юм уу, хязаалан уу?

-Сумандаа ганц нэг айрагдсан хязаалан үрээ авч байлаа. Надад ирээд  2011 онд аймгийн Ардын хувьсгалын 80 жилийн ойд мордуулсан ч сайн давхиагүй. Харин сумын 80 жилээр дөрөвлөсөн. Дараа жил нь соёолондоо “Арвагар хээр”-ийн 10 жилийн ой дөрөвдүгээр сарын 11-нд болоход түрүүлээд, аймгийн наадамд дөрөвлөж, Тарагтад аймгийн баруун бүсийн уралдаан болоход аман хүзүүдсэн. Сумын 80 жилийн ойд бас нэг морь уяж, хоёулаа дөрөвлөсөн. Гэхдээ одоо байхгүй ээ. Хөлгүй болгоод сүүлдээ алдчихсан. Олон ч уралдсан даа, хөөрхий.  Гамгүй уралдуулсан тал бий. Надад мэдэгдэхгүй овооны наадмыг түүсэн шиг билээ. Ид хурдан жил нь зун Дундговийн наадам болсон юм.  Тэнд Дундговийн өөрсдийнх нь голдуу 300-гаад адуу ч мордсон бил үү. Эхний 100 хэд нь ороод л, сүүлийнхийг нь будилуулаад хаячихдаг юм билээ.

-Хэн гэж хүн дээр уягдаж байсан юм.

-Гантулга өөрөө уядаг байсан.

-Өөр ямар хурдан морьд байна вэ?

-Түрүү жил нэг даага “Арвагар хээр”-ийн 20 жилийн ойгоор түрүүлсэн. Нэг хээр морь сумын 80 жилийн ойгоор дөрөвлөсөн. Түүнээс хойш давхиагүй л дээ. Гэхдээ аймгийн амжилтанд ордог юм билээ. Эндхийн унаган адуу. Үүгээр бэлгэнд ирсэн миний адуунуудыг уядаг уяачид бий л дээ. Тухайлбал, аймгийн Алдарт уяач Баярмөнх /Хөх/ надад нэг үрээ бэлэглэсэн нь сумандаа ганц нэг айрагдсан.

-Уяачийнхаа хувьд төлөвлөсөн зорилтууд юу байна вэ?

-Уржнан Пүрэвжав ахаас сартай хүрэн даага аваад эрлийз гээд буцаагаад зарчихсан. Тэр уг нь сайн байсан ч эрлийз гэхээр хэцүү юм билээ. Үнэндээ ойрын хэдэн жил адуу мал гэж айхтар зүтгэсэнгүй дээ.


-Адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд сэтгэл огшоосон ямар наадам хэдэн онд тохиосон бол оо?

-Тэр үед аймгийн болон сумын наадам нэг өдөр зэрэг болсон юм. Би аймагт хээр үрээтэйгээ очоод дөрөвлүүлсэн бол суманд “Хөх”-ийн бэлгэнд өгсөн сартай хүрэн аман хүзүүдсэн. Сайхан л юм билээ. Бас “Арвагар хээр”-ийн 10 жилийн ой, Бямбасүрэн Алдартын цолны мялаалга наадам давхцаж, тэнд түрүүлсэн. Би тэгэхэд өөрөө байгаагүй л дээ. Тэгээд Өлзийтийн мундаг хурдууд ирж байхад өвөлжингөө 7-8 уралдсан миний адуу ч шалихгүй биз гэж болсон. Гэтэл түрүүлчихээр нь үнэхээр их баярласан. Найз маань хар азаргаа дааганд худалдаж авахад нь бид Өвөрхангайн цаад талын шүтээн дээр гаргаж өгч байлаа. Тэр үедээ ганцхан уралдчихаад шууд улс руу авч явсан юм. Би ч горьдоод зурагтаар хараад суусан аман хүзүүдчихдэг байгаа. Түүнээс өмнө гаргаж өгч байхад Өвөрхангайн том уяачид бараг л шоолж байсан юм. Гэтэл анх удаа Өвөрхангайгаас явсан адуу айрагдах нь тэр. Хэдийгээр миний адуу биш ч их гоё санагдаж билээ.

-Танд ч тийм баярт өдрүүд ойрхон байгаа байх аа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна