“Алтан морь” цомтон таваар нэмэгджээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 23 -нд

ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины  уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага,  хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналын энэ жилийн эздээр Тод манлай уяач Г.Батхүү агсан, Тод манлай уяач Д.Хишигжаргал, Манлай уяач Б.Бадраа, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн, “Мобиком” корпорацийн захирал Тацуяа Хамада нар тодорчээ.

Шунхлай удмын адууг үндэслэгч Г.Батхүү агсны монголын хурдан морины хөгжилд оруулсан 30-аад жилийн хөдөлмөрийг үнэлэн түүний хүү Б.Ганхөлөгт Алтан морь цомыг хадгалуулсан бол   Д.Хишигжаргал, Б.Бадраа, Д.Лхагвасүрэн, Тацуяа Хамада нарт шигшмэл морьдын “Их хурд-8” уралдааныг зохион байгуулахад хандив өргөн дэмжлэг үзүүлснийг нь  үнэлж, энэхүү шагналыг хүртээсэн байна.



“Алтан морь” нь Азийн морин уралдааны дээд шагнал төдийгүй ММСУХ дотоодын морины зүтгэлтнүүдээ урамшуулдаг үнэлэмж өндөртэй шагнал бөгөөд  ногоон хаш чулуун дээр эртний Монгол хаадын элч төлөөлөгчдөө олгодог итгэмжлэл /Алтан гэрэгэ/-ийг алтаар шарж суулган, түүн дээрээ Азийн морин уралдааны холбооны билгэдлийг цул мөнгөөр цутган, өмнө нь Эртний Хүннүгийн үеийн олдвор болох Мөнгөн морийг мөнгөөр цутгасан байдаг юм.


ММСУХ-ноос “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгох тухай санал гаргасны дагуу 2014 тухайн үеийн ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Дэд тэргүүн Х.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар Азийн морин уралдааны холбоог үүсгэн байгуулагч, Хонконг Жокеи клубийн ерөнхийлөгч асан, Японы морин уралдааны холбооны Гадаад хэрэг хариуцсан дээд консул ноён Кожи Сатод анхныхыг нь гардуулан өгч байсан билээ.

Харин дотоодын морины зүтгэлтнүүдийн хувьд ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр гурван  жил дарааллан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан  УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүү хамгийн анхныхыг нь авч байжээ. Түүнээс хойш "Арвагар хээр” МСУХ-ны нарийн бичиг Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн , Тод манлай уяач Д.Дагвадорж, П.Мэндбаяр, Х. Бат-Эрдэнэ, Д.Цэрэнжигмэд, Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн М.Мөнхбаясгалан нарын хүндтэй эрхмүүд энэхүү шагналыг хүртэж байжээ.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна