Монгол улсын Алдарт уяач Ч.ЦЭРЭНБАТ: Унаган таван адуу улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдлаа

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 20 -нд

Шинэ-Идэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Чулуунбатын Цэрэнбат хүлгийн хийморьт сүсэглэсэн 10 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Тод манлай уяач цолны болзол хангаад байгаа билээ. Бид түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Одтой сайхан наадаж буй хийморилог Алдарттай уулзаж буйдаа баяртай байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.

-Баярлалаа, танай хамт олноор дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд болон уул усны оргил болсон үзэмж төгөлдөр  Хөвсгөл нутгийн зон олондоо  энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

-Ярилцлагаа таны намтраас эхэлье.

-Би 1964 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн хүн. Эхнэр, хоёр хүүхэд, ач нарын хамт амьдарч байна. Бага ахуй насандаа сургууль соёл гээд малтай тэгтлээ ойр байгаагүй ээ. Моринд хожуу орсон хүн.


-Анх адуу гэдэг энэ сайхан амьтантай нөхөрлөсөн түүхээсээ хуваалцаач.

-Багаасаа адуу малд сонирхолтой байсан ч ажил төрлийн шалтгаанаас болоод төдийлөн зав, чөлөө нь зохицож өгөхгүй явсаар 2009 онд Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант зэрэг гурван суманд түрүүлсэн хязаалан үрээнүүдийг авч анх уяач болж байлаа.

-Эргэн тойрныхон цөм моринд шимтээд байхаар дагасан хэрэг байх нь ээ дээ.

-Миний хүү Ц.Чимэдбавуу моринд их дуртай. Одоо морьдоо гардан уяж байна. Хүү маань 2007 онд Англи руу сурахаар явсан юм. Тэгээд утсаар ярих бүрт яаж ийж байгаад л морины тухай сэдэв рүү орчихно. Хүүгийнхээ “өв соёлоо” гэсэн тэр сайхан сонирхлыг үгүй хийчихгүй юм сан гэсэндээ төгсөж ирэхээс нь урьтаж 2009 онд тийнхүү гурван үрээ авч байгаа нь тэр.

-Хүү нь тэр жил их сургууль төгссөн юм уу?

-2010 онд. Сургуулиа төгсөөд ирэхэд нь уях морьд нь бэлэн байна хэмээн тооцсон хэрэг л дээ. Гэтэл одоо ганц хүү бус манай гэрийнхэн тэр чигээрээ моринд дуртай болсон байна.

-Хүүдээ зэхсэн үрээнүүд хэрхэн хурдалсан бэ?

-2009 оны өвөл гурван үрээгээ аваад 2010 оны хавраас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Нямлхагва гэж залуугаар уяулж эхэлсэн. Манай Чимээ /Ц.Чимэдбавуу/ дагаад туслах уяач нь аятай болчихсон. Тэр жилээ аймгийн баяр наадмаас гурван айраг аваад бөөн баяр болж байлаа. Анхны юм бүхэн сайхан шүү дээ. 2010 оны Хөвсгөл аймгийн баяр наадам бол манай гэрийнхний хувьд мартагдашгүй дурсамж үлдээсэн.


-Шинэ залуу уяачид гурван айраг хүртэнэ гэдэг бахтай байлгүй яах вэ.

-Түүний дараа жил нь Хөвсгөл аймаг үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож хот хүрээ, хажуу зэргэлдээ аймгуудаас олон морь ирсэн өтгөн наадам боллоо. Битүүхэндээ айж байсан ч цоохор хязаалан маань түрүүлж, саарал соёолон маань айрагдаад сайхан наадсан.Чухам тэр цагаас улам их урам орж адуугаа сайжруулахад түлхүү анхаарахын зэрэгцээ гарч уралдах болсон доо.

-Төрийн зарлигт наадмын анхны айргаа хэдэн онд хүртсэн бэ?

-2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанаас. Цоохор соёолон маань айргийн дөрөвт хурдалж, хөдөлмөрлөж амжилтанд хүрч болохыг мэдрүүлсэн. Тэгээд тэнд түрүүлсэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат А.Батжаргалын хээр шүдлэнг авч, дараа жил нь Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүүлгэж байлаа.

-Хангайн бүсийн уралдаанд аав, хүү хоёр одтой сайхан наадсан санагдана.

-Тэгсээн. Буурал халзан соёолон, хээр шүдлэн  тус, тус аман хүзүүдсэн. Ханган бүсийн тэрхүү уралдаан хүү бид хоёрт том довон дээр уралдаж болох юм байна гэсэн итгэлийг хайрласан.

-Тэр цагаас хойш сайн адуунд гар татаагүй байх.

-Надаас илүү миний хүү л их адуу авсан. Анхандаа “Ааваа энийг авлаа. Энийг авчих уу” гээд асуудаг байсан бол сүүлдээ өөрөө мэдээд таалагдсан адуугаа авчихдаг болсон байна лээ. Нэг очиход л хараагүй адуунууд ирчихсэн байдаг юм. Ер нь Сүхбаатар болон зүүн аймгуудаас эр, охингүй олон адуу авсан шүү. Тухайн үед авсан охин адуунуудаас өнөөдөр миний унаган адуунууд төрж сайхан уралдаж байна. Тэгэхээр хүүгийн минь зөв байжээ гэж боддог.


-Өнөө жил онцгой сайхан наадсан. Унаган адуу хурдлах уяачийн бахархал биз.

-Тэгэлгүй яах вэ. 2019 он хүү бид хоёрын хувьд үнэхээр сайхан жил байлаа. Улсын наадам, “Их хурд” болон бүсийн уралдаануудаас 10 айраг, түрүү хүртэж, бахдам сайхан амжилтын эзэн боллоо. Унаган таван адуу маань түрүүлж, айрагдлаа. Дээр нь “Хотгойдын хурд” бүсийн наадамдаа зургаан насны морь айрагдууллаа. Манай галынхан болон бусад хүн “Нэг хүн бүх насанд нь морь айрагдуулсан анхны тохиолдол”  гээд байгаа.

-Морины олимп буюу “Их хурд” уралдааны  “Хамгийн хурдан” ангилалд түрүүлж, аман хүзүүдсэн адуунуудаа хэрхэн таньж авсан бэ? Аргагүй хурдан буянгууд байна лээ.

-Би 2014 оныг хүртэл дан сайхан монгол адуугаар  уралдсан. 2014 онд манай аймагт Жалханз хутагтын 140 жилийн ой, хангайн бүсийн уралдаан болоход эрлийз адуунууд давамгайлж миний нөгөө хэдэн монгол адуу айрагт багтаж чадаагүй юм. Тэгсэн Чимээ /Ц.Чимэдбавуу/ “Аав аа, хоёулаа шинэ цагийн адуутай болохгүй бол томчуудтай уралдаж чадахгүй нь” гэсэн юм. Тэгсэн хэд хоногийн дараа миний найзын эрлийз даага Дорнодын зүүн бүсэд айрагджээ. Утсаар холбогдоод авахаар болж, “Өлзийт” хороололд тосч авч байлаа. Хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн халзан азаргаа анх хараад л таалсан. Ирсэн цагаасаа хойш намайг баярлуулж, 15 алт, нэг хүрэл медаль хүртээд байна.

-Хулынх нь тухайд...

-Хүү маань унаганд нь Сэлэнгийн Баяраа гэж хүнээс авсан. Хязаалангаасаа уралдаж, улсын наадмын анхны айргийг авч өгсөн хүлэг минь байгаа юм.

-Олон сайхан наадам тохиосон байх. Тэдгээрээс хамгийн ихээр сэтгэл догдлуулсныг нь онцлооч гэвэл?

-Хамгийн, хамгийн гэдэг юм ар араасаа гарч ирээд байдаг бололтой./инээв/ Өнгөрсөн жил улсад хул азаргаа айрагдуулан төрийн наадмын анхны айргаа хүртэх сайхан байсан. Өнөө жил халзан азаргаа “Их хурд”-д түрүүлэхэд мөн их баярлалаа. Гэтэл хэдхэн хоногийн дараа төрсөн нутгийнхаа дэнжид зургаан насны морь айрагдуулан их омогшсон. Тийм сайхан мөчид аав ээжийн минь заяа, нутгийн минь уул ус мөн ч их түшиж, тулж, ивээлээ хайрлаж байна даа хэмээн бодсон. Ер нь энэ сайн уяачид, энэ сайхан олон хүлэгтэй учирна гэдэг зүгээр нэг хувь тавилан биш байх гэж залбирч явдаг юм. Манай галын голыг нугалж байдаг Тод манлай уяач О.Батбилэг дүү маань дэндүү сайн уяач л даа.

-Ингэхэд ямар тохиолоор “ТҮМНИЙ ЭХ” галын гишүүн болсон юм бэ?

-Олон сайн адуу авч аймаг орон нутагтаа наадахад аймгийнхаа баяр наадмын гурван түрүүг хэд хэдэн удаа хүртсэн. Улсын бүсийн уралдаанаас  ч нэлээд хэдэн айраг авсан. Тэгээд яг улсад ирээд уралдахаар уяаны арга барил дутаад болдоггүй. Тиймээс хүүтэйгээ хоёулаа ярилцаж байгаад хот явахаар шийдэж, 2016 онд А.Билигүүдэйгээр дамжуулан Билгээтэй анх уулзаж байлаа. Анх ирэхдээ бүсийн найман айрагтай байсан бол өнөөдөр улс, бүсийн  уралдаанаас 25 айраг хүртээд байна.

-Хоймор нутгаас төрөх хоёр дахь дээд цолтон болох нь...

-Тийм ээ, 10 жилийн дараа Тод манлай  уяач цол хүртэх нь. Энэ дашрамд, Тод манлай уяач Д.Онон ахдаа болон Билгээдээ, мөн миний морины ажилд тусалж дэмждэг бүх хүндээ, уралдаанч хүүхдүүддээ  чин сэтгэлийн угаас талархаж явдгаа илэрхийлье. Морь уях гэдэг олон хүний хөдөлмөр зүтгэлийн үр шим байдаг.


-Морин уралдааны өнөөгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Аливаа зүйл хөгжин дэвжиж байх учиртай. Энэ бол зүйн хэрэг. Гэхдээ бодлого барьж буй ММСУХ морин урадааныг спорт болон уламжлалт чиглэлээр нь тусад нь хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хурдлах чадвартай цэвэр цусны адуунууд уралдах боломжтой морин тойруулга барьж, богино зайн уралдаан хөгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал үндэсний морин уралдаан  уламжлалт хэв маягаа алдахгүй.

-Таны хувьд шинэ цагийн монгол адууг хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Цаг үеэсээ хоцрохгүйн тулд цэвэр азарга оруулж ирээд зүтгэж л байна. Үр төлүүд нь сайхан давхиад эхэлсэн. Нэгэнт одоо хараад ялгах боломж хомс болж буй тул цаг үеэ дагахаас өөр арга алга. Төр засгийн зүгээс уралдах морьдыг ялгана хэмээн сүржин мэдэгдэл хийдэг ч цагаа тулахаар чадахгүй байна. Энэ байдал даамжирвал хөдөөгийн уяачид л хохирно.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Я.Түвшинбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна