"Хотгойдын хурд-IY" уралдааны тухайд...

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 24 -нд

“Хотгойдын хурд” уралдааны нэгэн онцлог бол Хотгойд нутгаас төрөн гарсан нийгэм улс төр, шашин соёлын зүтгэлтнүүдийн мэндэлсэн ойтой давхцаж байсанд оршино. Тухайлбал 2010 онд Шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ой, 2014 онд Ерөнхий сайд, Жалханз хутагт С.Дамдинбазарын мэндэлсэний 140 ойг тохиолдуулан өргөн дэлгэр наадмууд болж байсан бол өнөө жил Мөрөн хотын 210 жилийн ойг тохиолдуулан хийсэн билээ. 


Мөрөнгийн хүрээ байгуулах суурин газрыг олон шинжээч, зурхайч нар дэлхийн дөрвөн тэнгэр тэгш бүрдсэн, эд хөрөнгө, эрдэм буяныг хадгалан байх ходоодны шинж бүрдсэн төгс сайхан газар гэж үзээд Дэлгэрмөрөн хэмээх голын дэнжийг сонгон авсан нь одоогийн Мөрөн сумын үүсгэл болжээ. Ахай бэйсийн хошууны энэ нутагт 1809 оны цагаан морин жил анхны Найдангийн дуганыг барьж нүүдлийн хэлбэртэй байсан хүрээ суурин хэлбэрт шилжсэн түүхэн оныг баримтлан 2019 онд түүхт 210 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Мөн ойн үеэр Ахай бэйлийн хүрээний гол шүтээн болох Хар морьт сахиусыг шинээр бүтээлгэн залсан нь наадмын түүх, шашин соёлоо уламжлан дээдлэх үзлийг залуу үеийнхэндээ харуулсан бас нэгэн онцлог болж байв.


Хурдан морины уралдааны хувьд Монголын Морин Спорт Уяачдын Холбооны YII их хурлаар батлан гаргасан хурдан морины сэрвээний өндрийн хэмжээний стандартыг баримтлан хэмжих төхөөрөмжийг ашиглан хурдан морьдыг уралдааны замд гаргасан болно. 


Хотгойдын хурд-IY уралдаанд Хөвсгөлчүүд одтой сайхан наадаж 2 түрүү 16 айргийг хүртсэнээс МУАУ Чулуунбатын Цэрэнбат “онцгой” сайхан амжилт гаргаж зургаан насны уралдаанаас 6 айраг хүртэж Хотгойдын хурд уралдааны содон амжилтын эзэн болоод байна. 


Мөн Хөвсгөл нутгийн уяачдын хөдөлмөр зүтгэлийн үр болсон Хөвсгөлийн унаган адуунууд түрүү айрагт олноороо багтаж байсан нь нутгийн олны бахархал болж байлаа. Үүнд МУАУ Дондовын Бадрахын хээр морь, хээр хязаалангууд айрагдсан, хязаалангийн түрүү болох ААУ Д.Ариунарангийн уяж байсан МУТМУ Д.Хишигжаргалд очсон “Цолмон” халзан үрээ, шүдлэнгийн түрүү Баянзүрх сумын харьяат ААУ Очирын Баатарын “Дүү хул” үрээний амжилтуудыг дурдаж болно. 


Тус уралдаан нь Монголын шигшмэл морьдын “ИХ ХУРД” уралдааны дараа болж Их Хурд уралдааны айргийн азарга Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн буурал, Цагаан-Уул сумын уугуул уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр зэрэг азарганууд, Их насны уралдаанд улсын наадмын 6,7 гээд айргийн арханаар хурдалсан МАКС-ын хүрэн морь, Говь-Алтайн Г.Чинзоригийн цавьдар гээд нэрд гарсан хурдууд тоосоо өргөж түрүү айрагт хурдалсан нь наадмын чансааг илтгэх бас нэгэн үзүүлэлт байв.

Т.Наранхүү

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна