Аймгийн Алдарт уяач Н.Баттөмөр: Сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан ч азаргаа орж ирэхэд нулимсаа барьж дийлээгүй

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 31 -нд

Говь хангайн цэнхэр орон хонгор нутгийн уяачид өнөө жил аз өм дүүрэн наадсан. Тус аймгийн Бууцагаан сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөр төрийн зарлигт наадмаас ХОЁР түрүү, ЗУРГААН айраг хүртэж, Улсын Алдарт уяачийн болзлыг дүүрэн хангаад буйг уншигчид мэдэх биз ээ. Түүнтэй манай сурвалжлагч уулзаж баяр наадмын сэтгэгдлийг нь хуваалцангаа дараах ярилцлагыг өрнүүлсэн байна

-Хонгор нутгийнхаа алдрыг цуурайтуулсан хийморилог хүүтэй уулзаж буйдаа баяртай байна. Танд баяр хүргэе.

-Баярлалаа

-2018, 2019 он таны амьдралд онцгой дурсамж үлдээж байна. Морин эрдэнээ дээдлэгч хэн бүхэн энэ хувь тавилангийн төлөө хичээнгүйлэн зүтгэдэг шүү дээ.

-Сүүлийн хоёр жил үнэхээр онцгой сайхан байлаа. Ялангуяа өнөө жилийн тухайд бүр илүү баяртай байгаа. Учир нь олон жилийн мөрөөдлөө биелүүлж, төрийнхөө наадамд унаган тамгатай адуугаа айрагдууллаа. Мөн хонгор азарга  аман хүзүүнд, хар морь айргийн дөрөвт хурдалж нутгийнхаа нэрийг өргөн төрийн наадмаас нэг дор гурван айраг хүртсэндээ маш их баяртай байгаа. Тэр бүр тохиохгүй энэ хувь тавилангийн эзэн болоход багын найз Борын маань /аймгийн Алдарт уяач Г.Болдбаатарын/ хичээл зүтгэл маш их байсан. Энэ дашрамд найздаа баярлаж талархаж буйгаа илэрхийлье ээ.

-Улсын наадмын уралдаан эхэлдэг 10-ны өдөр анхны айргаа хүртсэн. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач.

-Унаган тамгатай адуугаа төрийн наадамд айрагдуулна гэдэг уяач хүний хувьд юутай ч зүйрлэшгүй баяр бахдал. Тэр тусмаа олон жил хүсэн хүлээсэн хүний хувьд. 7-р сарын 10 миний хувьд  олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн онцгой өдөр байсан. Уяач хүн уясан морио айрагдуулна гэж бодож мордуулдаг. Миний хувьд ч ялгаагүй. Хүрэн үрээ маань сайхан уралдаад ирэх байх гэсэн бодолтой мордуулсан.

-Айрагдана гэдэгт дүүрэн итгэлтэй байгаагүй бололтой.

-Зурагтаар уралдааныг нь харж суухдаа дотроо залбирч л байснаас яг айрагдана гэж бодоогүй. Гэтэл хүрэн үрээ маань сайн давхиж, гуравт хурдалсан. 

-Хөлсний хашаа хүртэл түмэн бодолд ээрэгдэж, хөөрч догдолсоор явсан байх.

-Хамгийн түрүүнд аав, ээждээ талархах сэтгэл төрдөг юм билээ. Ээж, аавын минь буян, эх нутгийн буян, олон жил адуу дагасны минь ач буян өнөөдөр ирэх ёстой байжээ гэж бодсон.

-7-р сарын 11. Төрийн наадам албан ёсоор эхэлж,  уяачийн эрдмийг шалгадаг дээд насны хүлгүүд уралддаг өдөр. Тэр өдрийг дурсаач.

-Хонгор азаргандаа итгэл хүлээлгэж, их горьдож байсан. Бор маань ч  “Айрагдах нь айрагдана”  гэж хэлсэн. Тийнхүү сэтгэл зүйн харьцангуй бэлтгэлтэй байсан хэрнээ азаргаа барианд орж ирэхэд нулимсаа барьж дийлээгүй./сурв.инээв/ Хүмүүс гар барьж, баяр хүргээд л... Тэгээд жаахан тайвшрах санаатай тавын хашааны ойролцоо хэсэг зогсож байгаад орсон.


-Зурагтаар үзэж байгаад баттай болмогц дөхсөн юм аа даа.

-Бор машинтай дагаж, би цагдаагийн гэрийн хойно утсаараа үзээд сууж байсан юм. Байсхийгээд интернет нь гацаад бичлэг тасарчихна. Сүлжээ орж ирэх хооронд Бор “Одоо яаж байна” гээд залгана. Одоо эргээд бодсон хөгжилтэй санагдчихлаа.

-Их насны морьдын уралдаан дээр илүү туршлагажсан байсан уу?

-Төрийн наадамд дээд нас айрагдуулна гэдэг их том хувь заяа. Морь барианд орох агшинд өөрийн эрхгүй “Би их том хувь заяатай төрж дээ” гэж бодогддог юм билээ. Хар мориндоо итгэлтэй байсан хэдий ч уралдааны замд яг түрүүчийн үйл явдал давтагдсан.

-Ямар...

-Бор машинтай дагаад, би утсаар мэдээлэл өгдөг. Сүлжээ тасрах зуур Бор байн байн залгаад л... Би “Сүлжээ тасалдаад байна, жаахан байж байгаад  залга л даа” гэдэг хариу өгдөг /сурв.инээв/

-Та 7 сарын 12 нд төрсөн юм байна. Энэ жилийн төрсөн өдөр хамгийн “күүл” нь үү?

-Яг тийм. Төрсөн өдрийн хамгийн том бэлгийг найз минь өгсөн. Би тоглоод “Миний төрсөн өдрийг Монгол улс даяараа тэмдэглэдэг” гэдэг юм.

-Жанжин ухаа гараа алдаагүй бол бүр илүү болох байсан биз.

-Миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Олон аавын хөвгүүд наадаж байгаа шүү дээ. Бид төрийн наадмын 30 айраг, түрүүний гурвыг нь буюу 10 хувийг нь дангаараа хүртсэн. Энэ бол баргийн аавын хүүд тохиох хувь биш. Тиймээс талархан  залбирч явах учиртай. Бүх ажлыг нь гардан хийж байсан адууныхаа баримжааг илүү ойроос мэдэхээрээ Борд маань жаахан тиймхэн байсан байж мэднэ. Яагаад гэхээр Жанжин ухаа гурван сунгаан дээр гурвууланд нь түрүүлсэн шүү дээ. Хар морь айрагдаад хөлсний хашаанд ороход морь бариач нар “Соёолон байгаа юу?” гэсэн. Гэтэл манайхны нэг нь “Наад хоёр чинь маргааш соёолон түрүүлгэнэ” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн бид биш эргэн тойрныхон цөм Жанжин ухаад итгэл тавьж хүлээж байсан. Сүүлд бид ярилцаад “Аргагүй ир нь орчихсон байжээ” гэдэг дүгнэлтэнд хүрсэн.


-7 сарын 12-нд Монгол төрийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн цолыг Төв цэнгэлдэх хүрээлэнд дуудаж алдаршуулдаг. Бууцагааныхаа уул усыг Монгол улсын төв цэгт гурвантаа авчирсан хүүдээ аав, ээж нь хэрхэн урам хайрласан бэ?

-Аав минь тэнгэрээс хүүгээ харсан байх. Өөд болоод хэдэн жил болж байна. Харин ээж маань Хүйн долоо худагт ирж, хүүгээ дэмжсэн. Зурагтаар уралдаан үзэж байхдаа их баярлаж байгаа бололтой байсан. Тэгээд “Миний хүү олон түмэндээ буруу зөрүү зүйл хийж байгаагүйн чинь үр дүн өнөөдөр ингэж гарч байна. Улам их хичээгээрэй” гэж хэлсэн.

-Үр хүүхдээ зөв, сайн сайхан явахыг харах шиг талархууштай зүйл орчлонд үгүй байж мэднэ. Танайх хөл ихтэй байсан уу?

-7-р сарын 12-нд УИХ-ын дарга Г.Занданшатар гуай ирсэн. Ер нь хөл татраагүй шүү. Хүн ихтэй утсаа авч чадаагүй, хүмүүс  “Баяр хүргэх гэсэн утсаа авдаггүй юм байна лээ” гээд гомдоллож байсан. Утсаа хаана  байгааг ч мэдэх сөхөөгүй болчихдог юм билээ.

-Морь хурдлаад ирэхээр хамгийн түрүүнд нутагтаа очиж наадна даа гэж боддог байсан хэмээн уяачид ярьдаг. Танд тэгж бодогддог байсан уу?

-Ламын Гэгээний хурд наадамдаа анх удаа морьтой очсон нь өнөө жил. Түүнээс өмнө үзэгчийн хувиар очиж хардаг байлаа. Энэ жил “Их хурд”-д уралдалгүй морьдоо хадгалж байгаад Ламын Гэгээнийхээ  380 жилийн ойд очиж уралдсан. Нутгийн маань уул, ус ивээж бид нэг түрүү, хоёр айраг хүртэн сайхан наадлаа.

-Олон жилийн  хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд гэдэг өгүүлбэрийг нэг бус удаа хэлсэн. Н.Баттөмөрийн уяач болсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?

-Багаасаа адуу малтай ойр байсаан. Гэр сумын төв дээр ч би гол төлөв хөдөө өвөө эмээгийндээ байж, нагац ахынхаа уясан морийг унадаг байлаа. Баг, бригадын наадамд ахын уясан хөөрүү морийг унаад гараан дээр нь сугараад үлдчихгүйг хичээдэг байлаа. /сурв. инээв/ Нөгөө морь нь гарч хэсэг давхиад суучихдаг. Тэр үедээ тэгэх л ёстой юм шиг санадаг байж. Харин одоо эргээд бодоход буруу л уралддаг хүүхэд байж. /сурв. инээв/


-Хэдэн жил хурдан морь унасан бэ?

-Хоёр, гурван жил унасан байх аа. Хамгийн сүүлд сургуулийн 40 жилийн ойгоор Бөмбөгөр суманд байдаг нэг ахынхаа алаг морийг унаж долоод давхиулж байснаа санадаг юм.

-Аав тань морь мал уядаггүй байсан юм уу?

-Манай аавын талынхан бүгдээрээ тээврийн тэрэгний жолооч нар. Аавын ах Даргиа харин морь уядаг. Ахын бор морь Баянхонгорт сайн давхиж байсан юм билээ.

-Хүүхэд ахуйн дурсамж сэдрээж хожмоо хурдан морь уях болсон нь хэдэн он бэ?

-2004, 2005 оны үеэс ганц нэг гүү мал цуглуулж байгаад 2008 оноос уралдуулж эхэлсэн. Уяачдаас туршлага судалж байгаад “Ерөөсөө адуугаа сайжруулах нь л зөв юм байна. Гэхдээ тоон дээр бус чанар дээр нь анхааръя” гэдэг шийдвэрт хүрээд, боломжийнхоо хэрээр адуу мал цуглуулсан. Тэгж яваад 2015 оноос Бортойгоо нийлж морь уяхаар шийдсэн.

-Адуугаа чанаржуулах зорилго тавьсан гэлээ. Хаа хаанаас адуу авсан бэ?

-Би Монгол Улсын Алдарт уяач Л.Олонбаяр ахын “Баянлиг” гээд компанид нь ажилладаг байсан юм. Олноо захирлын морь тухайн үед ид хурдан байлаа. Шарга даагыг улсад түрүүлэхэд би арын албыг хариуцаж байсан. Ойрын хүний морь түрүүлэх сайхан юм билээ. Яг тэр үеэс хүүхэд насны хүсэл мөрөөдөл сэдэрч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, МУ-ын начин Дашдаваа гэж хүний хүү Тулга гэж залуугаас даагатай гүү авсан юм. Нөгөөх маань “Нийслэлийн хурд”  уралдаанд таваар орж ирээд цагдаа нараас үргэж, хүүхдээ унагаачихсан юм.

-Нийслэлийн хурд эрэмбэтэй уралдаан шүү дээ. Тэнд айрагдах шахсан гэхээр хоосонгүй л адуу байж.

-Тэгэлгүй яах вэ. Өнөөхийгөө шүдлэнд нь  Олонбаяр захиралд бэлгэнд өгчихөөд Тангаа Тод манлайгаас хусран даагатай гүү авч, даагыг нь уяад арав, хорь дотор нэлээд давхиулсаан. Мөн Сүхбаатар аймгийн Халзан сумаас алаг, халиун үрээ, хонгор, хүрэн морьд авч бага наадмуудаар гайгүй давхиулсан.

Бор бид хар багын найзууд. Би өөрт тохиолдсон явдлаа бүгдийг нь Борд ярьдаг. Тийм адуу аваад, тэгж давхиуллаа, ийм адуу авсан явахгүй байна гэгчлэн. Тийнхүү  хуучны дурсамжуудаа сэдрээж байгаад 2015 онд  зорилго тавиад хамтарч морь уяя хэмээн шийдсэн дээ.


-Хүсэл зорилго нэгтэй байх нь амжилтанд хүргэдэг гэдгийг богино хугацаанд батлан харуулсан.

-Ганзага нийлсэн гэж уяачид ярьдаг шүү дээ. Бидний ганзага нийлж  сүүлийн хоёр жил сайхан наадлаа.

-Миний өмнө хонгор нутгийн шинэ цолтон сууж байна.

-Улсын наадам, бүсийн уралдаанаас хоёр түрүү, зургаан айраг хүртсэн. Баяр наадмын тухай хуульд заасанчлан улсын Алдарт уяачийн болзол хангасан байх.

-Хар морийг харсан улс чамлангуй байсан гэдэг. Та тэдний нэг үү?

-Юу гэж голох вэ. Би ер нь адуу малын талаар муу үг унагаадаггүй хүн. Тэгээд ч Бор бид хоёр зөвлөлдөж байгаад авсан чинь яалаа гэж чамлах вэ.

-Хүргэн хүүгийн хүчийг үзүүлж Булганы ойд их морь түрүүлгэх бахтай байсан биз.

-Өө тэгэлгүй яах вэ. Манай хадмууд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын улс.  Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор зорьж очиж уралдаад, их морь түрүүлгэж, азаргаа айрагдуулахад гэр бүлийнхэнд маань таатай л байсан байх. Ер нь Булган аймаг надад их ээлтэй байдаг юм. Хэдэн жилийн өмнө Хишиг-Өндөр суманд болдог хаврын бүсийн уралдаанд хүрэн морио түрүүлгэн машинаар шагнуулж байлаа. Тэр уралдааны түрүү морийг мотоциклиор байлдаг байсан юм билээ. Тэгээд тэр жил анх удаа машинаар байлахад нь хүрэн морьтойгоо очоод түрүүлгэж байсан.

-Одтой нааджээ. Адуугаа чанаржуулах бодлого баримтлах болсон талаар дээр дурдсан. Алдартын адууны удмын сонирхож болох уу?

-Зүүн чигийн гүү нэлээд авсан. Сүүлийн үед олныхоо жишгийг дагаад цэвэр Англи азарга авлаа. 50 хувийн цустай эрлийз азарга бас байна. Тэдэндээ  өмнө нь цуглуулсан гүүнүүдээ хураалгах байдлаар үржил хийж л байна. Сайн адуу гаргаж авах нь нэг насны хөдөлмөр гэдэг биз дээ. Тэгэхээр одоогоор үр дүнг нь ярихад арай эрт байна.

-ММСУХ-ны тэргүүлэгчийн сонгуульт албатай.  Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нь оролцохоор шийджээ дээ.

-Өөрийн тань хэлсэнчлэн мэдээлэлд ойр байж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох нь зүйтэй гэж үзсэн.

-Тэгэхээр холбооноос баримталж буй бодлогыг дэмждэг хэмээн ойлгож болох уу?

-Үүлдэрлэг байдлыг харгалзан асуудлыг улам бүр дэврээж байгааг бид сүүлийн хэдэн жил харлаа шүү дээ. Тэгэхээр сэрвээгээ бариад уралдах нь шулуун гэж бодож байна.

-Энэ удаа миний асуулт энд хүрээд өндөрлөж  байна. Хийморилог уяачийн дараа дараагийн уралдаануудад улам их амжилтыг хүсч,  хонгор нутгаас төрөх анхны дээд цолтон болоорой хэмээн ерөөе. 

-За баярлалаа. Ерөөлөөр болог.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна