Аймгийн Алдарт уяач Ч.Мөнхбаяр: Аймгийн наадмаас нэг жил 8 айраг хүртэж байлаа

Сэтгүүлч
2020 оны 3-р сарын 25 -нд

“Шувуут” I багийн харьяат, аймгийн Алдарт уяач Чимэддоржийн Мөнхбаяр 1959 оны зун эхээс мэндэлжээ. Уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулагч тэрээр сумын сайн малчнаар шалгарч, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан аж

-Удам дамжсан уяачдын нэг хэмээн дууллаа. Дээдчүүлийнхээ талаар хуучлаач.

-Манай аавын нагац ах нар болох Гэндэн, Сэрээнжав гэдэг хүмүүс морь сайн уядаг байсан юм. Сэрээнжав нь аймагт шөвгөрсөн саарал морьтой. 1960-аад онд саарал морь нь аймагт гуравлаж, хүрэн соёолон нь түрүүлж байсан гэнэ лээ. Буурал Гэндэн гэдэг нь аймаг, сумын наадамд түрүүлсэн буурал цоохор азаргатай. Буурал цоохор нь аймагт хоёр ч удаа түрүүлсэн байх. Мөн аавын ах Балдорж гэдэг хүн морь уядаг байлаа. Хээр морийг нь би унаж аймгийн наадамд ганц хоёр удаа шөвгөрүүлж, сумын наадамд ч мөн 2-3 удаа шөвгөрүүлсэн. Бага насанд олон түрүүлсэн цоохор адуунуудтай. Балдорж ах нас бараад манай аав Чимэддорж морь уясан юм.

-Аавынхаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Манай аав 1987 оноос идэвхтэйгээр морь уясан.Урьд нь морь уяж байсан ч засгийн адуу хариулаад, гүү барих боломж тэр бүр гараагүй байдаг юм. Аав азарга уядаггүй, бусад насны морь уядаг байсан. Хурдан бор морь нь даага, шүдлэн, хязааландаа аймгийн наадамд түрүүлж, Арбулагийн наадамд даага, шүдлэн түрүүлж, хязаалан гуравласан. Бүрэнтогтохын 30 жилийн ойд Нарангийн морь түрүүлж, бор морь соёолондоо удаалсан. Хавчиг өнжөөд, нийлсэн морь манай суманд дөрөвлөсөн. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор аймагт очиж тавласан. Үндсэндээ бор морь зургаан жил түрүүлж, нэг тав, нэг гурав, нэг дөрөвлөсөн. Үүний дараа аав хоёр улаан морь уясан. Хоёулаа тус бүр хоёр түрүүлээд, нэг нь гурван удаа гуравлаж, нэг нь хоёр удаа дөрөвлөж, нэг аман хүзүүдсэн. Бага насны адуу бол олон айрагдуулсаан.

-Сүүлийн хоёр улаан нь хаанахын адуу вэ?

-Хядгана голын адуу. Өөрөөр хэлбэл, нагац ах Гэндэнгийн унаган адуунууд.

-Гэндэн гэдэг хүний адууг танай ааваас өөр ямар, ямар хүн уяж хурдлуулсан бэ?

-Арбулагийн Гургаан Алтангэрэл гэж аймгийн Аварга уяач хүн байлаа.Тэр хүнд Гэндэнгийн адууны цоохор морь, бас гүү ч байсан. Түүний хүргэн Гүрсүрэнд ч бас байсан боловч Сэлэнгэ рүү зарсан сурагтай байна лээ. Надад ч бас ганц нэг юм бий.

-Таны хувьд хэдийнээс морь уях ажилд шимтэх болов?

-Би таван настай морь унаж сурснаасаа хойш мориноос салалгүй 60 нас хүрлээ. Энэ хугацаанд цэргийн гурван жил л завсарласан байх. Аймаг, сум, овооны наадам нийлсэн 300 гаруй шөвөгтэй. Аймгийн баяр наадмын 18 шөвөг, долоон түрүүтэй. Аймгийнхан намайг андахгүй ээ.

-Аймгийнхаа наадамд амжилт үзүүлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Аймгийн 60 жилийн ойгоор хоёр азаргатай очиж хээр нь удаалан, алаг нь гуравлаж байлаа. Уг нь хоёулаа хол тасархай түрүүлж ирсэн ч бариан дээр тугнаас үргэж хүүхдээ хаяад, араас нь Батбаярын хээр азарга холбогдож ороод миний хоёр азарга аман хүзүү, айргийн гуравт баригдсан. Мөн соёолон гуравлуулж, бас нэг цагаан үрээ аман хүзүүдүүлж, хонгор халзан шүдлэн гуравлуулан, даагаа тавлуулаад буцаж байлаа. Тэр жилийнхээ амжилтаар 1992 онд аймгийн Аварга уяач болсон.

-Тэр жилийн наадам таных болжээ.

 -1991 оноос хойш 2002 он хүртэл олон жил аймгийн наадамд оролцохдоо нэг жил дээд тал нь найм, доод тал нь дөрвөн шөвөг хүртэж байлаа.


-Нэг насанд хэдэн адуу уядаг байсан бэ?

-Хоёр хоёроор нь уядаг байлаа.

-Хэдэн оны наадмаас найман айраг хүртсэн юм бэ?

-1998 онд. Азарга хоёр, гурваар, их морь аман хүзүү, дөрвөөр, хязаалан аман хүзүү, дөрвөөр, шүдлэн, даага түрүү, соёолон гурваар давхисан.

-Зургаан айраг авсан нь хэзээ юм бэ?

-1996 онд болов уу даа. Дахиад хоёр морио гурав, дөрвөөр давхиулж, азаргаа аман хүзүүдүүлээд, хязаалангаа аман хүзүү, гуравт оруулж, шүдлэн түрүүлгэсэн.

-Тэгвэл дөрвөн айраг авсан нь хэзээ билээ?

- Хойтон жил нь найман айраг авсан гэхээр 1997 онд байх шүү.

-1996, 1997, 1998 он буюу гурван жил дарааллан очиж аймгийн наадмаа “буулгаж” дээ.

-Тэгсэн. Анх 1991 онд дөрвөн шөвөг авсан. Тэгэхэд их морьгүй оролцож соёолон гуравлуулж, хязаалан аман хүзүү, шүдлэн айргийн гурав, даага айргийн тавд оруулсан. Дараа жил нь буюу 1992 онд хээр азаргаа түрүүлгэж, бор, саарал хоёр соёолонгоо аман хүзүү, гурваар давхиулж, даага түрүүлгэн, мөн дөрвөн шөвөг хүртсэн юм байна. Нэг жил бор алаг азаргаа аймагт түрүүлгэсэн.

-1993 онд яаж наадсан юм бэ?

-1993 онд сумандаа наадаж хоёр айраг, зургаан насны түрүү авсан. Гэхдээ гурван түрүү нь манай дүү Баярсайханых. Би морийг нь уяж уралдуулсан юм. 1994 онд мөн сумандаа наадаж азаргаа аман хүзүүдүүлж, хоёр морио гурав, дөрвөөр давхиулан, хоёр хязаалан түрүүлгэж, удаалуулсан. Мөн тэр жил шүдлэн гуравлаж, даага түрүүлж, нийт долоон айраг авсан. 1995 онд болохоор бор азаргаа гуравлуулж, хээр азаргаа тавлуулсан. Тэгэхэд хоёр морио аймгийн наадамд шөвгөрүүлнэ гээд чадаагүй.

-Аймагтаа зохион байгуулагддаг Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд оролцож байв уу?

-2007 оны “Хотгойдын хурд”-д очсон. Соёолон долоо, их насны морь 11-ээр давхисан. Би гурван соёолонтой оролцоод нэг нь долоолж, нөгөө нь наймлаад, гурав дахь нь 10 дээр ирж, даага долоолж, шүдлэн үрээ 10 хэдээр давхиулж айраггүй буцаж байлаа.

2010 оны “Хотгойдын хурд”-д бор морио таваар давхиулж, хээр соёолонгоо дөрөвлүүлсэн. Тэгэхэд хээр соёолон “нүдэн” Галаагийн улаан халзан үрээтэй ирж суугаад дөрөвлөсөн юм. Тэр жилээ “Дархад хурд” уралдаанд бор морио тавлуулж, хээр үрээгээ удаалуулахад, “нүдэн” Галаагийн улаан түрүүлсэн.

-2014 оны “Хотгойд хурд”-д ямар амжилт үзүүлсэн бэ?

-Морь уралдуулаагүй.

-Засгийн газрын тогтоолтой бүсийн наадамд их морь айрагдуулна гэдэг хүн болгонд тохиох завшаан биш л дээ. Бор мориныхоо удам угшлыг дэлгэрэнгүй танилцуулаач?

-Унаган адуу. Галбадрахын улаан азарганы төл бор гүүг тарганы Намсрайгаас авсныг аймгийн 60 жилээр удаалдаг хээр азарганд хураалгаад гарсан адуу.


-Бор морь хэдий үеэс уягдсан юм бэ?

-Даагандаа их ааштай, хүүхдүүд унаж цээжийг нь аваад уягдалгүй байгаад соёолонгоос нь уясан. Соёолондоо Хатгалд аман хүзүүдэж, Төрөөгийн даншигт зургаалсан юм байна. Хавчигт нь уяагүй. Нийлсэн жилээ буюу долоотой морь сумандаа түрүүлж, наймтай мөн түрүүлсэн. Тэгээд хойтон жил нь Алаг-Эрдэнэд тавлаад хөлгүй болсон л доо. Тэгэхэд Алаг-Эрдэнэд бор морь тавлаж, хээр морь дөрөвлөсөн юм.

-Хөлгүй болсон морь яаж даншигт айрагдах билээ?

-Доголон аваачиж уралдуулаад айрагдахад хүмүүс “Гурван хөлтэй айрагдаж байна” гэцгээж байсан юм. Намсрайдорж гуай андахгүй дээ, даншигт түүний хул, халиун морь нь уралдаж халиун нь түрүүлж, хул нь зургаалсан. Даншгаас хойш уралдуулалгүй залуугаар нь амраасан даа.

-Бор морь улсын бүсэд нэг айрагдсан. Аймагт хэд айрагдсан юм бэ?

-Аймагт айрагдаагүй. Суманд хоёр түрүүлж, гурав айрагдсан.

-Соёолондоо “Хотгойдын хурд”-д дөрөвлөсөн хээр нь?

-Хээр морь 40-өөд шөвгөрсөөн. Түүнээс хойш даншигт очоогүй. Эх нь манай нагац ахын цоохорынх. Эцэг нь тарганы Намсрайн Таван хээрийн төл.

-Та их насны мориор голдуу сайн нааддаг юм уу даа?

-Азарга, их насаар би их наадсан. Даага, шүдлэн сумын наадамд замгүй айрагдсаан. Миний морьд завсаргүй ирдэг байсан үе бий.

-Ойролцоо болж байгаа бүсийн наадам руу явдаг уу. Жишээлбэл, Завханд хэд хэдэн удаа бүсийн уралдаан боллоо шүү дээ.

-Яваагүй. Энэ хавиараа л нааддаг.

-Танай адуунаас гадагшаа гарч хурдалсан уу?

-Намсрайдоржийн хээр чинь миний унаган адуу. Эцэг тал нь аавын алаг азарга. Уядаггүй, мөрийнд ирсэн адуу. Дээд тал нь Увс гаралтай гэж улс ярьдаг юм. Манай аав хавчиг азарга уяж тавлуулаад больсон. Азарга уях дургүй хүн байсан юм. Тэр азарганы төлүүд ер нь хурдан байсан шүү.

-Та бол гурав дахь үеийн уяач. Танай хүүхдүүд морь уях уу?

-Хоёр хүү бий. Моринд дуртай, уях байлгүй.

-Сүүлийн үед хүмүүс нутаг адуугаар наадахаа болиод зүүн зүгийн адуу руу хошуурдаг болж. Таны хувьд?

-Үгүй, би өөрийнхөөрөө уралдаж байгаа. Зүүн зүгээс ганцхан азарга авч тавьсан. Энэ жилээс төл нь даага болж байна.

-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны оролцсон наадмуудаас хамгийн баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаар өндөрлөе.

-Аймаг ер яваагүй байгаад анх 1991 онд дөрвөн адуу айрагдуулахдаа их баярласан. Хоёр аман хүзүү, хоёр айраг хийсэн. Тэгэхэд Намсрайдоржийн хээр, Зоригтын бор азарганууд ид сайн байлаа. Тэгэхэд анх ирээд тэгж сайн наадсандаа үнэхээр их баярлаж билээ.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.