Аймгийн Алдарт уяач Э.Отгонбаатар: Их хурддаа зорин очиж аавынхаа болоод өөрийнхөө нэрийг гаргах зорилго тавьсан

Сэтгүүлч
2020 оны 3-р сарын 30 -нд

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жаргалант 2-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Эрдэнэ-Очирын Отгонбаатарыг “Хийморилог зочин” буландаа урилаа. Жигүүр хээр азаргаа гурван жил дарааллан зүүн бүсийн уралдаанд түрүүлгэж, айрагдуулаад байгаа түүнийг манай уншигчид эчнээ таних бизээ. Магадгүй зарим нэг нь сэтгүүлийн хуудас сөхөнгөө  битүүхэн хүлээдэг ч байсан байж мэднэ. Тэгвэл таны өмнө ММСУХ-ны Уяачийн Алдар одонт, Уулбаян сумын 2016, 2017 оны шилдэг уяач, 2017 оны Сүхбаатар аймгийн болоод МУ-ын чансаа өндөр азарганы эзэн хийморилог эрхэм саатаад байна. Таалан болгооно уу.

-Хурдан хүлэг эзнээ алдаршуулдаг. Зүүн бүсийн уралдаанд гурван жил дарааллан түрүүлж, айрагдсан Жигүүр хээр азаргаар тань уншигчид таныг  эчнээ таних бизээ. Ярилцлагаа өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдааны дурсамжаар эхэлье. Төрийн наадмын түрүү Магнай халиуныг дийлж түрүүлсэн тэр наадам таны хувьд хамгийн баяр бахдалтайд тооцогддог байх.

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жил халтар азарга их хурдан байсан. Зүүн бүсийн хурдаас өмнө Хэнтий аймгийн баяр наадамд мөн түрүүлсэн. Урьд жил нь Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд таваар давхисан болохоор аймагтаа болох их хурддаа шөвгийн гуравт орох байх гэж харж байсан юм.Гэтэл төрийн наадмын түрүү Магнай халиуны өмнө гишгэж түрүүлэн түмэн олноо баясгаж, миний аз өмийг нээн, аавын минь нэрийг орон даяар дуурсгууллаа.

-Харин өнөө жилийн тухайд хаагуур давхина хэмээн тооцоолж байсан бэ?

-Бид төрийнхөө баяр наадмыг зорин ирж уралдсан. Халтар азарга маань уг нь хурдан байсан ч 38-аар давхилаа. Тэгээд давхар уяагаар Алтан овооныхоо их тахилгыг зорин очиж, аман хүзүүнд хурдалсан.

-Энэ жил хэдтэй билээ?

-Он гараад шинэ естэй болох азарга.

-Удам, угшлыг нь дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч?

-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Тэрбишийн Амараа найз маань 1998 онд над эхийг нь бэлгэнд өгсөн юм. Уулбаян сумын Зүүн Сэхүүл гэдэг газар нутаглаж байхад нь бор халиун даага сонгон авч байлаа. Энэ халиун дааганы эх нь Тэрбиш гэдэг хүний хурдан буурал морины төрсөн дүү халиун гүү. Харин эцэг нь Баяндэлгэрийн хурдан адуутай Түвдэн гэж хүний халиун азарга  юм билээ. Халиун азаргыг бэлэгт өгсөн гэж байсан.

-Эх нь Баяндэлгэрийн адуу санж. Эцэг нь...

-Манай Уулбаяны сайн адуу болгон орсон аавын үндсэн улаан адууны хар халтар азарга надад байдаг юм. Түүний төл. Эцэг  халтар нь бас их хурдалж байсан адуу. Хавчигтаа Уулбаян сумынхаа 80 жилийн ойгоор дөрөвт хурдалж байсан. Жигүүр хээрийн эцэг нь 21, эх нь 20-той. Одоо ч хоёулаа ижил сүрэгтээ энх тунх явж байна. Эх халиун гүү нь 10-аад унагалсаны гурав нь эр. Тэр гурав нь гурвуулаа хурдан азарга болсон.

-Тодруулбал?

-Ах нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Олигоо хэмээх Цогпүрэв гэдэг хүнд очсон. Цогпүрэвийн халтар гэж Говь-Алтай аймгийн өвлийн бүсийн уралдаанд айрагдсан хурдан азарга бий. Тэр ууган эр төл нь. Дараагийнх нь миний Босоо халиун азарга. Шүдлэн сумынхаа наадамд түрүүлээд, хязаалан аман хүзүүдэж, соёолон дахин түрүүлсэн. Хавчигтаа өөрийн аймгийн Мөнххаан сум болон Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлээд, долоо, найман настайдаа Хэнтий, Сүхбаатар аймгийн наадамд дөрөвлөсөн. Дүү нь гурван жил дарааллан улсын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан бол ах халиун нь мөн гурван жил дарааллан аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдсан.

-Жигүүр хээр отгон нь байх нь ээ?

-Тийм. Даагандаа сумынхаа  наадамд түрүүлээд, Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд долоолсон. 2013 онд шүдлэн өнжсөн. 2014 онд хязаалан үрээ Сүхбаатар аймгийн баяр наадамд долоолоод, Уулбаян сумынхаа 90 жилийн ойд гурвалж, хойтон жил нь соёолондоо Халзангийн 90 жилд түрүүлээд, давхар уяагаар Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд очиж 13-т давхисан. 2016 онд хавчиг азарга Бүрэнцогтын уурхайн наадамд аман хүзүүдээд, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд тавласан. 2017 онд болохоор Хэнтий аймгийн баяр наадам болон зүүн бүсийн уралдаанд түрүүлээд, 2018 онд улсын баяр нааадамд 38-д орж, Алтан овооны тахилгад аман хүзүүдсэн.Уралдсан цагаасаа хойш хамгийн хойгуур давхисан нь төрийн наадмын 38-р байр.


-Улсын наадмын босго өндөр байв уу? Эсвэл уяа сойлгын болоод  дадлага туршлагын алдаа гарав уу?

-Урьдны жилүүдээ бодоход энэ жил уяа сойлго нь илүү сайхан байсан. Тиймээс ч “Энэ жил хурдан байна, улсынхаа баяр наадамд зориод уралдчихъя” гэж бодоод ирсэн юм. Тэгсэн морь тавих хүүхэд нь соёолон болох адуутай очоод, комиссынхон “нас таарахгүй” гээд авч үлдчихсэн байна лээ. Анх удаа улсын наадамд уралдаж байгаа учраас төхөөрөмжин дээр очиж будилаад,  гараа алдсан гэсэн. Би машинтай  дагаж явсан ч  олж харж чадаагүй. Цагаан хөтөлийн ар дээр ирэхэд лав эхний 100 дотор байгаагүй. Бүүр сүүлд барианы орчим их ширүүн хөлтэй 44-өөр орчих шиг болсон 38-д  баригдсан байна лээ. Хэдийгээр айрагдаж чадаагүй ч морь хүүхэд мэнд зам цагаан сайхан уралдсаан.

-Төрийн наадам ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Сайхан юм билээ, дэгтэй журамтай. Уралдаж баймаар санагдсан.

-Амжилтын товчоог нь сонсож байхад хаврын уралдааны амжилт дурьдагдсангүй.  Та хэлсэнгүй юу?

-Өвөл уралдуулдаггүй юм. Арьс хөрс нимгэн талдаа адуу л даа. Ах халиуныг нь ч гэсэн өвөл уралдуулж байгаагүй.

-Улс, бүсийн уралдаанд гайгүй давхисан адуунуудыг тэсгээдэггүй. Хээр азарганд үнэ хэлсэн улс байсан л биз дээ?

-Хэд хэдэн хүн авъя гэж байсаан.Түүнээс Ховдын Мэндсайхантай наймаа хийхээр тохирсон байсан юм. Тод манлай уяач Мөнхбат гуайтай ирээд “халтар азаргыг авъя” гэхээр нь үнэ өртгөө тохироод талыг нь аваад үлдсэн.

-Хэзээ ямар ханшаар хийгдсэн наймаа вэ?

-2016 оны хавар 70  сая төгрөгөөр наймаалцахаар тохироод 42 саяыг нь авч, үлдсэнийг нь “Ах нь азаргаа авах болохоороо өгье” гэж тохирсон юм. Тэгсэн сүүлийнх нь мөнгө нэлээд удаад бүтэмж муутай боллоо гэхээр нь би 42 сая төгрөгийг нь данс руу нь хийчихсэн. Тэгээд л бидний наймаа дууссан даа. Түүнээс хойш өөр улс авъя гээд ирэхээр нь би зараагүй.

-Үнэ тохироогүй хэрэг үү?

-“Миний халтар азарга надаас гарах тавилангүй юм байна. Зарагдах байсан  бол зарагдчихаар хугацаа болсон” хэмээн сэтгэл шулуудаад өөрөө уяж, хавчигт  нь зүүн бүсийн уралдаанд таваар давхиулсан.Тэгээд тэр наадмаас хойш аавынхаа бэлдэж өгсөн адуугаар өөрөө л наадъя, нутаг ус, аавынхаа нэрийг гаргая гэж шийдсэн дээ. Миний аав олон сайн азарга авсан ч зарах дургүй хүн байсан. Ах халиун азаргыг Монгол Улсын Манлай уяач Одонбаатар авъя гээд очиход аав өгөөгүй.

-Жигүүр гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?

-Хусран даага анх уяхад миний дунд хүү унадаг байсан юм. Хүүхэд нь жаахан томдчихсон болохоор эмээлтэй мордуулдаг. Сунгаан дээр эмээл нь хойшоо шувтрах шахчихаад дэл нь босчихсон, сүүл нь тэгшрээд нисэх гэж байгаа аятай ирдэг байсан. Тэр эрчээрээ сумынхаа наадамд хол түрүүлэхэд нь би бэлгэшээж, Жигүүр хээр гэдэг нэрийг өгсөн юм. Ахыг нь Босоо халиун гэдэг. Би халтар азарганыхаа нэрийг оносон л гэж боддог.


-Сонсголонтой сайхан нэр

-Аавын минь бий болгосон Төвд ма тамгатай адуунаас олон азарга сум, аймаг, бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан. Миний Босоо халиун гэхэд л нэг түрүүлж, нэг дөрөвлөсөн. Сэцэн ханы  хурд хаврын уралдаанд халиун, халтар хоёрын эцэг халтар азарганы төрсөн дүү хээр азарга тавлаж байсан. Зөвхөн Хэнтий аймгийн баяр наадамд гэхэд аавын бий болгсон гурван азарга түрүүлж, айрагдсан байна. Ер нь манай аав сайн адуу цоглоосон хүн шүү. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Анхбаярын буурал азарганы төрсөн дүү Увсын бүсэд тавд орж байна дуулдана дээ. Тэр манай унаган адуу.

-Азарганы абшигтай  айл даг шүү.

-Магадгүй л юм. Би азарга уях дуртай. Улс азарган адуу уяхад хэцүү гүү маллагаатай гэдэг миний хувьд эвссэн зан ч байдаг юм уу, азаргыг арай илүү уяад байдаг юм. Унаагаар сайн тураагаад, зун тарган ирэн дээр нь  уралдуулдаг. Ийм арга барилаар уяж, сум, аймгийн наадамд 10-аад азарга айрагдуулсан.

-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?

-2014 онд. Аав маань 2012 онд аймгийн Алдарт уяач цолоо аваад 2013 оны зургадугаар сард бурхан болсон. Дараа жил нь би сумынхаа 90 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач цолоо гардан авч, Жигүүр хээр маань гуравлан, мялааж байлаа. 2012 онд аавыг аймгийн Алдарт болоход халиун азарга маань Хэнтий аймгийн наадамд дөрвөлж байсан. Мөн тэр жил Жигүүр хээр даагандаа суманд түрүүлэхэд аав “Сайн адуу. Хурдан ч болж магадгүй юм байна. Миний хүү азарга тавиарай” гэж захисан юм.

-Ингэхэд танайхан хэдэн үеэрээ морь уясан улс вэ?

-Миний аав Арилдийн Эрдэнэ-Очир 12-тойдоо өнчирсөн юм билээ. Аав Арилд нь морь уяж байсан эсэхийг би мэдэхгүй юм. Манай аав ч бас морь уяж байгаагүй. Харин сайн адуу цогцлоосон хүн. Захиргаадалтын үед сайн улаан адуутай байсан. Түүн дээрээ нэмээд Уулбаян сумын Түвдэндаржаа багшаас хээр, / Тэр хүн  Хүүхэн шүүлэнгийн хээрийн удамтай хурдан хээр азаргатай байсан юм/ мөн сумын Сүхтогоо гэдэг хүний ээжээс хүрэн, Халзан сумын Ядам гэж хөгшний хүү Бүрнээбаатараас хээр, Хэнтий аймгийн Баянхутагийн харьяат, олон түмэндээ “шар шүдэт” Зоригоо хэмээн алдаршсан залуугаас хяруутай буурал, Монгол Улсын Алдарт уяач Жамбалын Шунугаас халтар, Уулбаянгаас бас нэг халтар азаргыг тус тус худалдан авч байсан. Манай аав амьд сэрүүн ахуйдаа 8-9 азарга авсан. Ааваасаа хойш бид нэг л азарга авсан. Тэр азарга бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Надиа гэдэг хүний адууны угшилтай, Уулбаян сумын Осоржамаагийн хурдан хар азарганы удмын  адуу. Осоржамаагийн хар азарга Хэнтий, Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж, айрагдан сумдын тэгш ойгоор  олон түрүүлсэн гэнэ лээ. Тэр хар азаргыг манай дүү өнгөрсөн хавар 10 сая төгрөгөөр худалдан авсан.

-Уяаны эрдэмд сургасан, рзааж зөвлөдөг байсан буурлууд цөөнгүй биз?

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн адуучин, даага сайн уядаг Тогоонхүү гэдэг өвгөн байлаа. Аавын хүргэн болох хүн л дээ. Аав минь 1989 онд намайг тэр хүн дээр аваачиж өгсөн. Тэр хүн надад морь уях эрдмийн анхны “А” үсгийг зааж сургасан. Түүний дараа 2002 оноос МУ-ын Алдарт уяач Жамбалын Шуну гуай дээр очиж гурван жил даган морь уяж  овоо дөртэй болсон.  Шуну гуай соёолон адуу сайн уядаг. Миний хоёр дахь багш бол Шуну Алдарт. Түүний дараа олноо Бураа хэмээн алдаршсан Шарын Пүрэвжав багшаа нэрлэнэ. Манай аавтай  их найз байсан юм билээ. 2006, 2007 оны үед манайхан оторт явж Мөнххаанд очиход Пүрэвжав гуай надад бишгүй зүйл зааж өгсөн.

-Танаас өөр морь уядаг хүн бий юу?

-Бид ээж, ааваас наймуулаа. Хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй. Манай ах дүү нараас морь уядаг хүн байхгүй, ганцхан би л уяж байна. Аав минь намайг хар багаас адууны хүн болгон бэлтгэж, хонь мал хариулах, ноослох зэрэгт оролцуулдаггүй. Зөвхөн адуу л маллуулдаг байсан.Түүний үрээр би 17-18 жил морь уяад аавыгаа аймгийн Алдарт уяач болгосон доо.

-Аав тань талархалтайгаар буцсан байх.

- Миний аав надад сайн адуу бэлдэж өгсөн. Бурхны орноос хүүгээ харж байгаа байх хэмээн дурсаж, залбирч явдаг даа. Ирэх жил халтар азарга маань аятайхан байвал төрийн наадам юмуу  Их хурддаа зорин очиж аавынхаа болоод өөрийнхөө нэрийг  гаргах зорилго тавьсан.


-Нээрэн их ирэх жил чинь “Их хурд”-тай юм байна шүү дээ.

-Монголын морины их олимп гэж ярьдаг тэр том наадамд азаргаа айрагдуулчихвал хүн болсны хэрэг бүтэх биз. Нутгийн минь уул овоо түшиж,  Сүхбаатарчуудын маань уухайн түрлэг түлхэц болох байх гэж боддог.

-Уучлаарай. Асуух нь зүйтэй байх гэж бодлоо. Жигүүр хээрийг эрлийз гэх яриа байдаг.

-Миний халтар азаргыг  эрлийз, хурлийз гэж ярьдаг улс бий. Аль талаа ч бодсон тийм юм байхгүй. Гоё ганган төрсөндөө л тэгж хэлүүлдэггүй юм бол. Анх соёолон түрүүлэхэд Халзангийн залуучууд эрлийз гээд цоллох эсэхдээ хүрч  байгаад цоллосон. Эцэг нь уягдахаараа бас тийм гоёмсог болчихдог байсан юм. Уулбаянгийнхан бол бүгдээрээ мэднэ дээ.

-Уулбаянгийнхан гэснээс сумын холбоо тань хэр ажиллаж байна вэ?

-Манай сумын уяачдын холбооны тэргүүнээр Осоржамаа ах ажиллаж байгаад 2018 оны гуравдугаар сард Даваагийн Ганбаатарт ажлаа өгсөн. Би уяачдын холбоогоо бишгүй сайн ажиллаж байгаа л гэж боддог. Тийм ч болохоор нь уяачид нь улсын бүсийн уралдаанд амжилт үзүүлж байна. Алтан овооны тахилгад  манай сумын хоёр азарга айрагдлаа. Миний халтар азарга аман хүзүүдэж, Гомбожавын Мөнхбаатарын хээр азарга тавласан. Мөн Сүхбаатар аймгийн баяр наадамд азарга тавлаж, их насны морь түрүүлсэн бол Хэнтий аймгийн баяр наадамд их насны морь түрүүлж, шүдлэн аман хүзүүдсэн.

-Уулбаяны адуу хурдан байхын ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгтээ илүү их амжилт гаргаарай.

А.Тэлмэн 

Тод магнай сэтгүүл №104

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.