МУ-ын Алдарт уяач П.Буд: Дашцэрэнгийн хээр, Даатгал хээр, Цогнайжамцын хул, Далайн халтар хүрэн гүүний минь үр сад

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 02 -нд

Сар дүүрэх өдрүүдэд холын замд гарснаа бэлгэшээдэг нэг найз надад бий. Би хэзээнээс ч юм мэдэхгүй, түүнийг дагаад тийнхүү сэтгэл догдолдог болчихсон. Сар шинийн босгон дээр Улсын Алдарт уяач цол хүртсэн Пяранлайн Буд гуайг зорих замд 15-ны тэргэл саран мандаж, нойр хулжаан сэтгэл гэгэлзүүлж байв. Хотоос аажуухан гарсан бид тав нэлээд аажуу Баруун-Уртад хүрч, Алдартын хүүгийнд очлоо.

Гэрийн эзэгтэй шөнө дунд гэлтгүй босч сүүтэй цай аягалан барьж, таваг тариа дөхүүлэх нь ёсоо гээгүй айл болохыг илтгэнэ. Бидэнд зориулан бурхан тахил залсан өрөөндөө гурван тусдаа ор засчээ. Унтахаар ормогц үүд нээн “Манайх бүгчим шүү. Халууцвал цонхоо нээгээрэй” хэмээн сануулсан нь үнэн байлаа. Цонхоо нээсэн хэдий ч нар мандмагц өрөө бүгчим халуун болж, манарсан амьтад босч ирэв. Цай уух зуурт гэрийн эзэн тогооноос халуун мах гаргаж, хамт ирсэн хархүү “Та хэдийг унтаж байхад өвөөгийнхөөр ороод ирлээ. Өглөө эрт босоод хантаазан дээрээ одонгуудаа зүүж байна” хэмээсэн юм. Ингээд бид зээ нарынх нь хамтаар шинэхэн Алдарттай уулзахаар отгон хүүгийнхийг нь зорив. Мөн л идээ будаа дэлгэж, таваг тариа засчээ.


Өвгөнийг Алдарт уяач болсонд үр хүүхдүүд нь ихээхэн баяртай байгаа нь илт. Цай уунгаа зургийн цомог эргүүлж, зарим нэгийг нь буулган аваад Долоон худаг хэмээх газрыг зорив. Энд 2008 оны Алтан овооны тахилгат түрүүлсэн халзан азарга нь бий. Насны сүрд дарагдаж, сүлд нь буурсан халзан азарга сүүлийн өдрүүдэд илт дорд оржээ. Өвгөн уяачийг халзан азарганых нь хамт зургийг нь дараад, буйдхан гарч, буган морьтой нь мөн сүүдэрлэв.

Ингээд үндсэн зураг авах газар луугаа хөдөллөө. Их адуу нь усанд орохоор ирэх мөчид Алтан овоонд өргөсөн сэтэртэй цагаан морийг зурганд оруулахаар тооцсон юм.

Нэлээд хүлээсний эцэст адуу ирж, өвгөн өөрийн унадаг хүрэн морио эмээллэн, сэтэрт цагаанаа хөтлөн намбалзтал шогшуулсаар хэдэнтээ зургаа даруулснаар хээрийн ажил өндөрлөж, дунд хүүгээр нь хүргүүлэн аймаг дахь гэрт ирээд бид дараах яриаг өрнүүлсэн юм. Өдгөө 79 насыг зооглож буй буурал Алдарт ухаан саруул, хэл үг хурцын дээр аливаа үйл явдлыг бодит мэт зураглан ярьдаг хүн аж. Цаг нарт баригдаж, сэтгүүлийн хуудсанд захирагдаагүй бол өвгөн Алдарттай өнжин хонон хууч дэлгэмээр...

Гэхдээ уншигч таны урмыг хугалахааргүй дэлгэр яриа болсон хэмээн таанам. Тухлан сууж таалан болгооно уу.

Гавьяа шагнал:

Алтангадас одон

Онц тээвэрчин

Осолгүй манлай жолооч

V, VI, VII таван жилийн гавшгайч

Аймгийн сайн малчин

Сумын сайн малчин

ММСУХ-ны Эрдэнийн Очир одон

Сүхбаатар аймгийн хүндэт иргэн тэмдэг

-Дарьганга хошууны шинэхэн Алдартад нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хэдэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болов?

-Баярлалаа. Багаас адуутай холбогдсон доо. Өвгөн аавынхаа уясан хурдан морийг унадаг байлаа. Намайг 12-тойд өвгөн нас барж, 14 настайдаа өвлийн уралдаанд хар морио өөрөө уяж, унаад нэгийн удаа орж байсан юм. Тэгэхэд олон уяач ирж зоос хаян “Тэрний морь түрүүлнэ, айрагдана” гэцгээж. Муу ээж минь /эмээгээ ийн дууддаг/ “Хүүгийнхээ морин дээр зоос хаяулюу гэснээ эмэгтэй хүн эрчүүлийн наадамд ороод яах вэ гээд хэлж чадсангүй” гэсэн юм. Гэтэл хар морь минь нэгийн удаа ороод ээж минь хавчаараа өмнөө барьчихсан уйлаад ирж билээ. Миний уяачийн түүх ингэж л эхэлсэн.

-14 настай гэхээр 1954 он болж таарах нь ээ дээ?

-Тийм байх. 12 настай өвгөнөө ойчуулаад, 13 настай морь уяагүй. 14-тэйдөө уяад хар морио айрагдуулсан нь тэр. Түүний хойтон жилээс Батсүхийн Амараа гэж ах дүү хоёроор морио унуулдаг болсон. Тухайн үед сургуульд ороогүй тав, зургаан настай жаахан хүүхдүүд байсан бол одоо 70 гарчихсан өвгөн болж.

-Уяач, унаач хоёр зэрэг өтөлжээ.

-Тэгсээн. Миний морины анхны унаач Амараа одоо ч энх тунх сууна. Тэр жил өөрөө унах гэсэн томдоод байхаар нь Батсүх ахынд очоод хэлтэл “Хурдан морь унаж үзээгүй. Задгай давхиад л байдаг юм. Эргүүлээд өгчихвөл тогтчих байлгүй” гэсэн юм. Тэгээд хэлсэн ёсоор нь сумын наадамд эргүүлж өгөөд гаргатал гурваар орчихсон.

-Морь уямагц л айрагдуулаад эхэлж...

-/инээгээд/ Хургаа хариулангаа айлын хүүхэд гуйж морио сунгана. Эхний морь хүлээхийн зуурт хурга явчихаад, эргүүлээд /хургаа/ирэх хооронд хоёр морь маань алдраад идчихсэн. Барьж аваад сунгатал нэг нь доогуур, нөгөө нь арай дээгүүр давхиад... Хөгтэй наадмууд алийг тэр гэхэв. Бидний үед морийг одоотой адил ажил мэргэжил болгон уяж байсангүй. Малаа услангаа, хонио саах зуураа морины ажил хийдэг. Тэгж уяад хээр халзан хязаалангаа сумын наадамд гуравт оруулж, буурал морио модтой давхиулж байлаа. Хойтон жил нь /1957 онд/халзан соёолонгоо нэгийн удаа оруулсан. Тэгэхэд цуг уяж байсан хавчиг морийг аав маань хамаатны хүндээ өгчихөөр нь уяж байсан бусад адуугаа орхиод наашаа /Халзан сум руу/ нүүсэн. Аавдаа уурламар болж байгаа юм уу даа./инээв/ Тэгээд ганц гүү, морьд голдуу цөөн тооны мал авч үлдээд, бусдыг нь Халзангийн “Оч” гэж арван хэдэн өрхтэй нэгдэлд нийгэмчилчихлээ. Гэтэл морьд голдуу хэд маань тогтдоггүй. Нэгдэлд өгсөн нэг гүүгээ эргүүлж худалдаж аваад хоёр гүүтэй болж тэднийхээ үр төлийг уясаар энэ насыг барлаа даа. Бидний үед морь уясан хүнийг их адалдаг, төлөвлөгөө нормоор дардаг байлаа. Түүнтэй зохицож морио уяад заримдаа гайгүй цагаан юманд орно, заримдаа ч орохгүй. Жолооч байхдаа лекц, сонин уншлага тасалж хэл аманд орохоос төлөвлөгөө нормоо тасалж байгаагүй ээ. Аймгийн аваргаар хоёр удаа, өвс тэжээлийн аваргаар нэг удаа шалгарсан. Бас болоогүй сайн жолооч, баатар маатар болно гээд Архангайн Хөдөлмөрийн баатар Ёндон гуайн туршлагаар ажиллуулна гэж шахаж шаардаад морь хар луу явах цаг хязгаарлагдаад. Тэгэхдээ буянтай сайхан улсын буянаар баяр наадамд юм оруулаагүй үе байгаагүй ээ.


-1954 онд анх морь уяж айрагдуулсан гэхээр 65 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж МУ-ын Алдарт уяач цолыг хүртжээ. Олон жилийн нөр хөдөлмөр шүү.

-Тэгэлгүй яах вэ. Эрүүл мэндийн асуудлаас болоод шагналаа төрийн ордонд, Ерөнхийлөгчөөсөө гардан авч чадаагүй ээ. Төрийнхөө сүлдэнд мөргөж залбиръя гэсэн хүслээ биелүүлж чадаагүй ч Төрийн ордны баруунтаа байдаг байдаг Хангарьд ордонд Алдарт уяач цолоо нөхөн гардаж авсан.

-Тэр үед чухам юу бодогдож байх юм.

-Засаг төр минь хүнийг голдоггүй юм байна л гэж бодсон.

Хүүтэй болох хүсэлдээ хөтлөгдсөн өвөө минь намайг хүн болгосон

-Унаган адуугаараа наадаж амжилтанд хүрэх уяачийн том бахархал гэдэг.Танайд хурдны үр тарьсан буган азарганыхаа талаар ярьж өгөөч.

-Аавын /өвөөгөө хэлж байна/ маань буян болж, унаад зогсдоггүй сайн халтар гүү надад үлдсэн юм. Миний аавын адуу сайн л даа.

-Пяранлай гэж таны өвөө юм уу?

-Тийм. Миний төрсөн аав Чимэдноров бол морь хар уядаггүй, нормын ажил хийдэг байсан хүн. Харин өвөө Пяранлай маань сайн адуутай, хурдтай хүн байсан. Өвөө эмээ хоёр үр хүүхэдтэй болж чадахгүй болохоор нь ахынхаасаа нэг охин өргөж авсан юм билээ. Түүний дараа миний ээж төрсөн. Миний ээж бол Пяранлай өвгөний төрсөн ганц охин нь. Хоёр охин нь өсөж том болоод айлын хүн болмогц хоёр хөгшин Жамбаа Мээрэн гэдэг айлаас жаал хүү өргөж аваад түүнийгээ өвчнөөр алдчихаж. Тэгээд Ихбулагийн хувилгаанаас “Хүүхэд өргөж авах тал байна уу? гэж асуусан шоогоо хаяад “Охин хүүхэд хулгай хийгээд авбал талтай л юм байна” гэж. Тэгээд Намсрай гэж олон хүүхэдтэй найзындаа очоод өлгийтэй хүүхдийг нь аваад гарах гэсэн хонио сааж байгаа хүн хараад болдоггүй гэнэ. Тэгэхээр нь Намсрайн төрсөн дүүтэй суусан Довдонсангийнх руу согтуу дүр үзүүлэн гуйвж дайвж ороод. Хэсэг сууж байгаад мордож газрын нам барьж явсаар гол дээр хургаа усалж байсан хүүхдүүд дээр очиж. Өвөртөө хятад пүүснээс авсан чихэртэй. Түүнээсээ өгөнгөө түрүүний авахаар санаархдаг өлгийтэй нялхын дээд тал болох бойвготой /бойтогтой/ хүүхдийн хоёр гарт чихэр атгуулаад, “Нэгийг нь Гөеөдөө өгөөрэй. Нөгөөг нь өөрөө аваарай” гэж. Намсрайн ээж настай хүн юм санж. Манай энд настай эмэгтэй Гөеө гэдэг юм. Тэгээд Довдонсангийн том хүүхдэд “Дүүг аваад явсан” гэж хэлж болдоггүй юм шүү гээд ахиж чихэр өгөөд. Нөгөө бойвготой хүүхдэд “Хоёулаа Гөеөдөө чихрээ аваачиж өгье” гэж хэлэнгээ өвөртлөөд мордоод давхичихаж. Хөлийг нь гаргаад өвөртөлчихсөн болохоор Сүжийн нуурны урд дээр өрөөсөн бойвго нь үсрээд уначихаж. Буугаад авах гэснээ айгаад авч чадалгүй дэрсний хажууд унасныг нь тогтоож аваад тэр чигтээ давхисаар гэртээ хүрээд ирж. Тэгээд морио уяж хоноод үүр муухан цайхтай зэрэг мордож очоод бойвгоог нь аваад ирж. Тэгсэн маргаадар өглөө нь Довдонсангийн хүү ирсэн гэж байгаа юм. Хаачиж яваа юм бэ гэсэн чинь “Тэмээ эрж явна” гэж. Тэмээ эрэх биш тагнуул байх нь гэж бодоод хөгшнөөрөө сүүний хоол хийлгэж, боов боож өгөөд явуулсан гэнэ лээ. Өөрөө бол гэрээсээ ч гаралгүй байсан гэж байгаа юм.


-Нөгөө айл нь хүүхдээ үгүйлдэггүй ээ...

-Намсрайнх хүүхдийнхээ тоогоор шаазанд тараг хийгээд тавьсан чинь нэг шаазантай тараг үлдэж. Энэ хэний тараг вэ гэсэн чинь Дэлдэнгийнх гэж. Манай Ажааг жааханд нь Дэлдэн гэдэг байсан юм. Дэлдэн хаана байна гээд хайгаад аргал түлээ, шар эсгийн дор үзээд олддоггүй. Орой шөнө болчихсон. Намсрай нь хөл нүцгэн морио зайдалчихсан Довдонсангийнд очоод “Хүүхэд алга” гэвэл “Яавал гэж” гээд тоодоггүй гэнэ. Тэндээсээ гэртээ ирээд “Олон хүүхэд алга болж болдоггүй юм уу, муу хүргэн тэгж байна” хэмээн ууртайгаар гутлаа өмсөөд морио эмээллэхээр гарах гэсэн чинь настай ээж нь “Чи мордоод хэрэггүй. Тэр хүргэнийг уулзуул” гэж. Хүргэн нь ч хадам ахыгаа уурлуулсан гээд араас нь хүрэлгүй яах вэ. Ээж нь “За хоёулаа гаръя, чамд мэдсэн харсан юм байна уу?” гэсэн чинь “Пяранлай ингээд явж байсан, их л согтуу явна билээ. Жамбаа мээрэнгийнхээс хүүхэд өргөж аваад тэр нь үгүй болсон. Архины цагаан солио болсон юм уу. Тэрийг ахад хэлдэг юм уу гэснээ “Чи миний хүүхдийг мэддэг юм уу” гээд загнана байх гэж айгаад хэлсэнгүй” гэж. Түүнийг дуулаад ээж нь Намсрайд “Чи мордоод хэрэггүй, гэгээ гэрэл болж байж учраа ол. Чиний хүүхэд яах ч үгүй, би мэдэж байна. Зовсон эрсэн хүнийг тамлаад хүргэгдээд ирэх юм байна” гээд явуулсангүй гэнэ. Дөрөв хоногийн дараа Намсрай согтуу дүртэй манайд ирээд “Чи намайг хүүхдээ тэжээж чадахгүй гэж бодоо юу” гээд агсамнаж. Өвгөн хулгасаар очиж морийг нь уяад. Эмгэн нь сандраад шагайж хараад байж. Тэгээд “Хорвоо хэцүү. Чи намайг мэдэхгүй бол өөр мэдэх хүн байхгүй. Гэрт орж байж хоёулаа яръя” гэж. Намсрай гуай гэрт орж ирээд ээжтэй мэндэлж байна гэнэ. Тэгээд хувилгаанаас асуусан, тийм учраас чамд хэлээгүй хэмээн учирлаад хоёр гурван хоног хамт архи ууж. Явахдаа хүүхдээ нэг үнэрлэчихээд мордъя гэтэл ажаа ээжийн дал мөрөнд нүүрээ наачихаад үнсээгүй гэдэг. Тэгсэн аав нь “Хүн зовоохгүй сайн хүн болоорой” гэчихээд яваад өгсөн юм гэнэ лээ. Тэгж ирсэн Ажаа минь уржнан 85 хүрээд бурханд очлоо доо.

-Гурван охинтой ч голомтоо сахиулах нуган үр мөрөөдөөд л явдаг байжээ дээ.

-Тийм хөөрхий. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд намайг төрөөд удаагүй байхад ”Би энэ хүүхдээр голомтоо сахиулна” гээд гэртээ оруулчихсан юм гэнэ лээ. Ээж аавынхаа үгнээс зөрж чадах биш. Тэгээд ч ах байсан болохоор, орж хөхүүлчихээд бусдыг эмээд даатгаад орхидог байсан гэдэг юм.

-Эрх танхи хүүхэд байв уу?

-Өө эрх гэж арчаа байхгүй, хэрэггүй амьтан байсан. Аав минь адуу малд явахдаа дагуулж гараад өөрөө өндөрхөн газар үлдэж тэрүүгээр давхиад ир гээд явуулна. Ирэхгүй жаахан удахаар уйлчихсан сууж байдаг сан. Айгаад л тэгдэг байсан байх даа. Ойчдогийнх нь урьд жил манайд “чоно хөөх” үүрэг ирээд би багийн дарга Базар гэдгийг дагаад явлаа. Өвгөн “Би өөрөө явж чадахгүй хүүгээ явуулна. Харин чи миний хүүг дэргэдээ авч яваарай. Би сайн морьтой явуулна” гэсэн юм. Тэгээд би хонгор морио унаад Базар гуайг дагаад явлаа. Замдаа нэг айлд хоноод маргааш нь Галсанжамц, Товоо нарын хоёр өвгөнтэй самналтанд явах үүрэг хүлээгээд үлдлээ. Товоо өвгөн тэмээтэй /инээв/, Галсанжамц гуай цагаан морьтой. Тэгээд явж байтал нэг амьтан гүвээн дээгүүр давах шиг болохоор нь хоёр өвгөндөө хэлээд хөөхөөр боллоо. Гүвээн дээгүүр гараад очсон чинь орог нохой цас идэж байснаа намайг хараад хойшоо хөдөллөө. Би ч чөх гээд ухасхийтэл миний морь чихээ хатгаад, хамраа дуугаргаад юу юугүй очоод нийлчихдэг юм. Тэгсэн нэг их том амтай амьтан байна, өвгөний “Миний хүү амар чононд дөхөж болохгүй шүү” гэж хэлсэн нь бодогдоод мориныхоо амыг татсан дийлдэггүй. Эмээлийнхээ араар сууж байгаад дугуйруулж татан зогсоогоод алхуулангаа өвгөдөө хүлээлээ. Тэгсэн хойд дээгүүр байсан улсууд өнөөхийг чинь дамжуулаад хөөгөөд явж байна. Орой нь багийн дарга “Чи чоно харав уу” гэж байна, “үгүй” л гэлээ. Тэгсэн “Үгүй байхдаа яадаг юм. Морины чинь омруун дор бөртөгнөөд байхад дагаад явахгүй, дугуйруулж байгаад амыг нь татна лээ. Буу” гэж хэлээд буунгуут морийг маань унаад явчихлаа. Би Ханд гуайн цагаан морин дээр эмээлээ тохоод өвгөчүүлийг дагаад буцах зуур нөгөө хэд чинь “Багийн дарга морийг чинь авчихлаа. Чи сайн морьгүй яана” гэж надаар тохуу хийгээд. Би ч бэл алдчихсан дуугарч чаддаггүй. Дотроо нээрээн морийг минь өгөхгүй байх вий гэж бодсоор унттал шөнө багийн дарга хөтлөөд ирсэн байсан. Өнөө чоноо авлачихаад, хүний морийг шөнө бээрүүлчихнэ гээд 30 гаруй км газраас хүргэж ирсэн хэрэг. Тэр үеийн улс тийм хариуцлагатай.

Пяранлай хөгшний гурван адуу улсын наадамд айрагдсан

-Сонирхолтой л түүх байна. Пяранлай гуайн сайн халтар гүүний талаар ярьж байсан. Түүнийгээ үргэлжлүүлэх үү?

-Манай өвгөн сайн адуутай байсан хүн. Өөрөө өтөлж, би өсөж том болоогүй байх үед юм гэнэ лээ. Мөнххаан сумын Дэндэв гэдэг хүнтэй гэрлэсэн эгчийнхээ том хүү Найданд гурван адуу өгч л дээ. Уг нь хурдан улаан мориныхоо дүүг “Чи энд тэнд уралддаг хүн энийг авч уралд” гээд өгсөн юм билээ. Тэгсэн Найдан нь цээжээ авсан цавьдар адууг чинь авъя гэж. Тэгээд дахин нэг адуу нэмж аваад явж. Тэр адуунууд гурвуулаа улсын наадамд айрагдсан.

-Хэдэн онд вэ? Та санаж байна уу?

-Аавын найз Өндөр Магсарын хүү Намжилдорж надад ярьсан юм. АХ-ын 22 жилийн ойгоор бор морь, хар даага хоёул дөрөвт давхиж, цээжгүй цавьдар морь нь 1948 онд АХ-ын 27 жилийн ойгоор аман хүзүүдсэн байна лээ. Аавын адуу хурданг нотлох өөр нэг түүх бол фронтод бэлэглэсэн хоёр морь нь Хонгорын дивизийн цуутай хүлэг болсон явдал юм. Аав минь унаанд сайн хонгор, хар зүсмийн хоёр морио фронтод бэлэглэж. Хонгор морь нь хурдан адуу л даа. Хар морь нь болохоор өвөл босоогоороо төрөөд хойд хөл нь жоохон хөлдчихсөн ч унахад зогсдоггүй адуу. Хонгорын дивизийн адуу хариулж байсан хүн “Танай өвгөний Зээрэн хонгор манай отрядын данжаад морь байсан шүү. Олон түрүүлсэн” гэж ярьсан. Эдгээр адууны үр удам над өвлөгдөж ирснийг би нэгдэлд өгсөн гэсэн шүү дээ. Тэрнээсээ буцаагаад хурдан хээр халзангийнхаа төрсөн дүү гүүг авсан юм. Миний адууны суурь бол өвөөгөөс үлдсэн тэр хоёр гүүний үр төлүүд. Адуугаа сайжруулахын тулд хэд хэдэн азарганд гүү тавьсан. Өлзийт сумын өндөр Гэндэн гэдэг хүний адууны угшилтай хар азарганд тавиад хамар цагаан зээрд азарга гарсны үр төлүүд их хурдалсан. Түүний нэг төл нь миний харагч гүү. Энэ харагч гүүний төл болгон нь хурдалсан даа. Түрүү асуусан буган азарга бол Сүхбаатар сумын Сүхбаатар гэдэг хүний адуу. Би өвөл дааган үрээ авч азарга тавьсан юм. Буган азарганы удам угшлын тухайд ээдрээтэй. Өгсөн хүн нь өөр өөр юм ярьдаг. Харин ахын найз Буд гэдэг хүн “Баян Самбуу гэж хүний Үйзэн хонгорын угсаатай азаргыг би Уулбаяны хойд чигээс авсан. Тэрний төл болов уу” гэж ярьсан нь ортой байж мэднэ.


-Буган азаргаа уяж байсан юмуу?

-Уялгүй яах вэ. Шүдлэндээ ташуурынх нь сур сүүлэнд нь хавчигдаад 11-ээр орсон. Дараа жил нь буюу 1985 онд хязаалан үрээг манай энэ багш хүү унаж аймгийн наадамд түрүүлгэсэн. Соёолон болон хавчигтаа нэгийн удаа орсон санагдана. Долоотой азарга Дарьгангад түрүүлсэн. Тэгээд нэг таваар давхисан юм. Чухам яг хэзээг нь санахгүй байна. Сайн адуу нь танигдсан тул би буган азаргандаа хамар цагаан зээрд азарганыхаа төл хар, хүрэн гүүнүүдийг хураалгасан юм. Хүрэгч гүү Буган азарга хоёрын анхны төл нь Сүрэнээгийн хээр азарга, дараагийнх нь манай хүргэн Шаравдоржийн хээр, тэгээд Ооёогийн хээр, дараах нь Буджавын буган, Нямжавын буган гэж хурдан азарганууд төрсөн. Харин харагч гүүнээс Их, Бага буган морьд, Хүрэлээ хүүгийн буган, миний Сарт хүрэн, хар, Бага хүрэн зэрэг азарганууд гарсан. Надад тус болж байсан Ичинноровын Хүрэлээ гэдэгт шүдлэн үрээ өгсөн нь сайн давхиагүй. Тэд уяж чадаагүй юм уу, яадаг юм. Бусад нь цөм давхисаан. Жаахан давхиад ирэхээр хүмүүс авъя гэдэг. Би ч үгүй гэдэггүй байсан.                                           

-Хоёулаа эхлээд хүрэгч гүүний төлүүдийг яръя. Ууган төл Сүрэнээгийн хээр азарганаас эхэлье?

-Сүрэнээгийн буган оройхон буюу наадмын алдад гарсан унага. Даагандаа жаахан юм аймгийн наадамд 14-өөр давхиад дараа нь болсон Тээврийн ойд сумдад түрүүлж, айрагдсан даагануудтай уралдаад гурваар ордог юм. Сүрэнээтэй гэмгүй сайхан нөхөрлөнөө. “Дүүдээ азарга тавих адуу аль” гэхээр нь “энийг ав” гээд өгчихсөн.Сүрэнээ дээр очоод өвөл, зунгүй олон уралдаж, олон ч түрүүлж, айрагдсан. Медаль дөнгөж гарч эхэлж байхад таван медальтай соёолон адуу хөтөлчихсөн аймгийн ойгоор ирээд айрагдуулж байсан юм даг. Тэгж ирэхдээ нэг сайхан буган гүү бэлэглэчихээд явсан.

-Сүрэнээгийн буган азарганы төл гэж хэлэх хүнтэй цөөнгүй таарч байлаа.

-Сүрэнээ адуу мал нааш цаашаа болгохдоо гаргуун. Миний мэдэхийн “Их хурд-4” уралдаанд аман хүзүүдсэн Дашцэрэн начингийн хээр морь байна. Яг бие төл нь. Мөн Тод манлай уяач Б.Далайн улсад түрүүлдэг халтар хязаалан байна. Сүрэнээгийн ярих нь олон эр төл өгсөн гэнэ лээ.


-За тэгвэл Шаравдоржийн хээрийн тухайд...

-Аймгийн наадамд айрагдаж байсан адуу. Хурдан гэдгийг нь мэдээд манай хүргэн ахдаа авч өгсөн. Шаравдоржийн хээрийн бие төл бол төрийн наадмын түрүү, Их хурдын айрагт Даатгал хээр. Үүнээс гадна олон хурдан адуу төрсөөн. Ноднин Асгатад Нямын харын төл гэсэн байхаа хар азарга түрүүлж байна гэсэн. Адууны удам хөөж ярихын тухайд хүүхдүүд надаас илүү. Ах нь өтлөөд хольж хутгаад байдаг болж.

-Асгатын нэрт хатгуурч, засалч Даарий гуайн хүүхдүүдэд очсон адуунууд хэр давхисан бэ?

-Буджавын буган гэдэг нь уягдаагүй, зэрлэг шахуу адуу явдаг гэнэ лээ. Харин үр төлүүд нь энд тэнд хурдалж байгаа дуулддаг. Нямжавын буган нь жижиг наадмуудад айраг цагаанд орсон байх.Үр төлүүдийг нь үнэндээ мэдэхгүй байна. Ямар ч байсан хонин шар нүдтэй адуунууд байх учиртай. Манай адуу багадаа цэхэр юм шиг нүдтэй байгаад томрохоороо шар болдог юм. Өвөг нь болох миний буган азарга яг тийм нүдтэй адуу байсан.

-Оёогийн хээрийн тухайд...

-Хязааландаа тээвэрчдийн ойд наймаар давхисан соёолон азаргыг Оёо аваад тэр жил нь суманд зургаалуулж, дараа жил нь дөрвөөр давхиулсан гэсэн байхаа. Наймтай Их хурдад айрагдаж, 11-тэй улсын наадамд тавласан Налайхын Цогнойжамцын хул морь чинь энэ хээр азарганы төл. Бусдыг нь сайн мэдэхгүй байнаа.

-Хүрэн гүүний төлүүдийн хувьд ийм байж. Хар гүүний төл болгон шахуу хурдалсан гэсэн шүү дээ. Ууган төл нь Их буган морь уу?

-Тийм. Их буган морь даага, шүдлэндээ аймагт айрагдаад, соёолон түрүүлээд, бүдүүрсэн хойноо Сүхбаатар суманд нэг айрагдаад дахин уралдаагүй. Түүний дараагийн төл нь Сарт хүрэн. Хүрэн азаргаа дааганд нь сургаад, шүдлэнд нь уяж модтой давхиулсан. Хязааландаа аймагт хорин хэдээр ороод, Алтан овоонд 12-оор давхилаа. Эцэг Буга азарга нь байсан, адуу цөөтэй соёолон азарганд хураалгах гүү байдаггүй. Долоо найман хүн гуйсан голоод авдаггүй шүү. Хоёр адуунаас өгөх гэж үзлээ, тарган мориноос өгөх гэж үзлээ авдаггүй. Тэгэхээр нь Нарангийн Гомбожав гэдэг хүнээс алаг гүү авч тушчихаад Асгатын 70 жилийн ойгоор уралдуулах санаатай уялаа. Өнөөх чинь азаргасаад нэгдлийн адуу руу явчихна. Зүүнтээ мал дээр байдаг хүү маань олж ирээд уяна. Тэгэхээр нь би ахад “Хураалгах гүү байхгүй юм чинь энийг засъя. Аягүй бол нэгдлийн адуу руу гүйж байж азарганд бариулчихна” гэсэн “Энийг засчихаар дөрвөлжин хүрэн морь л болно биз дээ. Уг нь засаатай нь байлгах юм сан. Миний цэргийн найз халзан Цэдэндамбаа гэж хүн буган азарганыхаа төлөөс өгөөрэй гэсэн юм. Би тэрэнд хэл дуулгая. Чи тэр болтол засааг нь авч болохгүй шүү” гэж байна. Өнөөх чинь нэгдлийн адууны гүү хөөж, явчихаад хүү маань нэвтэрсэн хөлстэй дөнгөж олж ирээд хөлс нь тэр чигээрээ хатчихсан байхад нь Цэдэндамбаа гуай хоёр хүүтэйгээ ирлээ. “Ах чинь хүрэн адуу зарна гэсэн аль вэ” гэхээр нь заасан “хээ хэцсс” гээд голоод хаяад явчихлаа.

Тэгээд яахав Асгатын 70 жилийн ойгоор уяад очлоо. Хүргэний хүү Хүрэлчулуун таван настай унаж байсан, “Өвөө хаана байна” гэж чангаагаад гуравт оруулчихдаг юм. Улсын араар яваад очсон чинь пайзгүй явж байна. Морины комиссын гишүүн Мичиджамбаагийн Ооёо хүрээд ирэхээр нь “Миний хүрэн яагаад пайзгүй байгаа юм гэсэн чинь “Бид мэдэж байгаа” гээд явчихлаа. Тэгээд гурвын пайз авчирч өгдөг юм. Түүний ар дээр аймгийн тээврийн ой болж, сумдад түрүүлж, айрагдсан адуунууд урилгаар ирээд өтгөн наадам боллоо. Өнөөх чинь тэнд занатай хол түрүүлсэн. Тэгж л хурд нь танигдсан адуу даа. Сарт хүрэн аймагт дөрөв түрүүлж, гурав айрагдаад 2008 оны шуурганаар хөгшин азарга адуутайгаа алга болчихсон юм.

-Төл нь Алтан овоонд түрүүлдэг жил юм байна шүү дээ?

-Тийм. Манайх 2008 онд их олон адуу алдсаан. Миний сарт хүрнийг тодорсных нь дараа авъя гэж ирдэг улс олширсон. Хүмүүс үнэнд нь болж гэж хардвал дэмий гэж бодоод би зараагүй юм. Тэр нь ч болсон байна лээ. Хоёр халзан азаргыг минь хайрласан. Нээрэн Өвгөн ноёны наадамд зургаагаар орсон юм байна.

-Хэдэн оныход нь тэр вэ?

-2000 он шиг санагдах юм. Сүрэнхорын хар азарга түрүүлдэг жил шүү дээ.Олон адуунд гарч чаддаггүй. Буяндэлгэрийн Жинст хонгор, Ухнын халиун хоёр гараад л хөтөлчихсөн. Тэрний ар дээр Манлай уяач Сандуйжавын Дүү зээрд, Сүрэнхорын хар. Ах бид хоёр машинд суугаад дагаж явсан юм. Эхний азаргануудыг дагаж явснаа Цэнджав ахын азаргыг харуулъя гээд эргээд очсон 100-гаад адууны ард гарч чадахгүй бултганаж байна. Хүүхэд ойж тусаагүй сайхан байна, түрүүчийн азарган дээрээ очъё гээд эргээд давхичихлаа. Дагаж явсан машины эзний азарга нь ухраад 20-иодоор ороод ирж. Түүн дээр иртэл миний хүрэн азарга өнгөрөөд явчихлаа. Ах “Миний азарга өнгөрчихлөө ч гэж хэлсэнгүй. Манай ах их тайван гоё хүн л дээ. Хэсэг явж байснаа наадмын талбай ил гарахын алдад “Цэнджав ахынхаа азаргыг одоо нэг харуулъя” гээд дугуйраад эргэтэл ах “Миний азарга өнгөрчихсөөн. Тийшээ яваад хэрэггүй” гэсэн. Ингээд хойноос нь давхиад хүрсэн чинь “Хөлтэйхэн шиг зургаа” гэж билээ.

-Эрт гарч чадсан бол дархан айрагдах байжээ.

-Эрт гарсан бол, газар жаахан тавиу бол айрагдчихаар л байсан.

-Цэдэндамбаа гуай Асгатад айрагдахад нь харсан уу? Юу гэсэн бэ?

-Уралдааны дараа ах цэргийн найз Лхамсүрэнтэйгээ явж байхгүй юу. Тэгэхэд нь Цэдэндамбаа гуай таарсан юм шиг байгаа юм. Лхамсүрэн гуай “Чиний голсон азарга айрагдаж байгааг харж байна уу” гээд тоглоомоор ташуурдаж. Үүнийг азарга унаж уралдсан хүргэний жаахан хүү харчихаад “Тэр буурал дээлтэй ах чинь яасан айхтар хүн бэ. Халзан толгойтой өвгөнийг зодсон” гэж билээ. Дараа нь Тээврийн ойгоор хол түрүүлэхэд нь Цэдэндамбаа гуай ирээд “Хүрэн соёолонд чинь гар хүрч болох уу?” гэж үү./инээв/ Болохгүйдээ яахав дээ.

-Дахан дор эр, даахин доор хүлэг гэж. Тийм гологдохоор адуу байсан юм уу?

-Эцэг буган азарга нь ч ялгаагүй жаахан. Ямар сайндаа Алтан овооны тахилгат уралдахаар очоод гологдож байхав.Мордохоос нь өмнө медалийг нь зүүж талбай тойруулж буулгачихаад зогсож байтал тав зургаан залуу ирээд “Аймгийн хурдан азарга гээд байсан чинь нэг муу жоохон шүдлэн үрээ шиг юм байна ш дээ” гэсэн юм. Тэгсэн ах ирээд “Чи медалийг нь зүүгээд талбай тойруулаад аятайхан гаргачихгүй” гэлээ. Азарга ч мордлоо. Бид бусдын адил даваан дээр гараад олон морьтой улсын дунд суугаад хүлээж байв. Тэгсэн эхний адуунууд гараад ирлээ. Харсан манай азарга мөн байнаа. Хамт суусан улс “Гомбын хүрэн, Болдын хээр, Шарбандийн улаан азарга” гээд тааж ядаж байтал манайхны Дугарсүрэн гэж хүн “Наад Шарбандийн улаан, Болдын хээр чинь ч биш ээ. Эзэд нь энэ байна ” гэж байсан юм. Бүдүүн азарга байтлаа шүдлэн үрээ гэж гологдохоор тийм л жаахан амьтан. Сарт хүрэн эцгийгээ дуурайсан жижигхэн ч унаад явахаар дөрөө богинодоод байх шиг санагддаг, өргөн адуу.

Их халзан азарга цуцдаггүй адуу

-Сарт хүрний дараа хар гүүнээс тань ямар төл гарлаа?

-Бага буган морь. Аймагт хэд хэд айрагдаад, Сүхбаатар суманд нэг айрагдсан. Хавчигтаа айрагдаж чадаагүй зургаалаад, долоон настай анхны Их хурдад очоод эндчихсэн юм. Айхтар устай бороотой жил таараад халтирч унахдаа нугасаа тасадчихсан байна лээ.

-Харамсалтай юм. Түүний дараа...

-Халзан сумын Цэнд гэж найздаа өгсөн хүрэн азарга. Бага наадамд хоёр айрагдсан гэдэг байхаа. Харин үр төлүүд нь сайн давхиж байгаа дуулддаг шүү. Өнгөрсөн жил болсон Алтан овооны тахилгат аман хүзүүддэг Намдагийн Хүрлээгийн хар соёолонгийн эх нь манай тэр хүрэн азарганы

охин төлийнх нь төл гэнэ лээ. Цэндийн хүрний дараа хар адуу гарсан нь бага наадамд айрагдаад манайхны хамаатан мянгат малчин Бондого Сүхээ азарга тавина гээд авсан. Тэр яасныг харин дуулаагүй.

-Түүний дараа...

-Хар азарганы дараа дандаа охин төлүүд гарсан. Тэдний төлүүдээс мөн хурдалсаан. Асгатын Улаан загалмайн хорооны дарга Чойжилсүрэнгийн хүүд зарсан нь давхисан. Бас нэг хүрэн адуу Өвөрхангайн Бямбасүрэнд очсон. Говь-Алтай руу нэг саарал адуу гарсан. Ер нь манайхаас авсан болгон нь давхилаа гээд баярын бичиг захиа занаа, бэлэг, шил архитай ирдэг юм хөөрхий.

-Сарт хүрний төлүүд таныг эцгээсээ дутуугүй баярлуулсан гэсэн. Хүрэн азаргандаа ямар гүү хураалгасан юм бэ?

-Найз Дамдиндоржийн адууны хүрэн гүү. Тэр хоёрын дундаас хоёр халзан азарга маань гарсан. Их халзан мөн жижигхэн биетэй. Даага манай хүү сургаж унаад явж байхад нь үеийнх нь хүүхдүүд “Унага уначихаад юу хийж яваа юм” гээд дооглож байсан гэдэг юм. Хязаалан өвөл нь уяад, холбооны наадамд есөөр оруулаад, Шаргын хөндийд гуравт хурдлуулж, дараа нь Шаргын хөндийд болсон Жигжиджавын нэрэмжит бооцоотой уралдаанд 21-т давхиулсан. Зун нь Халзанд гуравт давхиад, Уулбаянд түрүүлээд, аймгийн 60 жилийн ойгоор нэгийн удаа орж хүрэн мотоциклиор шагнуулж байлаа. Тэгээд хавчиг азарга аймагт гуравт ороод, долоотой азарга Асгатад түрүүлээд, Сүхбаатар сумын 80 жилийн ойгоор дахин түрүүлсэн. Тэрнээс хойш уяагүй.

-Яагаад? Ид уралддаг нас нь биш үү?

-Хөлийг нь жаахан эвгүйтүүлчихээд.Түүнийг нь эмчилж сайхан болгоод 2008 оны тахилгат уралдуулна гэж байтал шуурганаар алдчихаад тахилга болж байхад Нарангийн тэндээс олж авчирсан. Тэгээд ноднин өвөл тэнгэрт очлоо доо, хөөрхий.

-Соёолон жилээ их хурдан байжээ дээ.

-Тийм шүү. Халзанд гуравлаж, Уулбаянд түрүүлээд, аймгийн 60 жилээр нэгийн удаа орсон. Аймагт уг нь бараг түрүүлсэн юм шүү дээ.


-Тэгээд яагаад аман хүзүүнд барьдаг билээ?

-Гурван адуу холбоотой ирээд. Тэгсэн цуг ирсэн морьдынх нь эзэд муудалцаад нэг нь тугаа хугалж, нөгөө нь пайзаа аваад. Тэр үед аймгийн даргаар Эрдэнэцогт гэж хүн ажиллаж байсан юм. Тэр маргааныг тасалж, Халзангийн Амгалангийн хээрт түрүүг нь өг, Будын хүрэн халзанг нэгийн удаа болго, Асгатын хонгорыг нь гуравт оруул гэсэн юм билээ. Би хэл аманд дургүй болохоороо дуугараагүй. Холбоотой ирсэн гурван адууны хоёр нь морин, минийх л азарган соёолон байсан юм.

-2008 оны тахилгаар уг нь Их халзандаа илүү найдлага тавьж байжээ хэмээн ойлгогдлоо. Зөв үү?

-Тийм. Миний Их халзан азарга цуцдаггүй адуу л даа. Хоёр сайн давхилтай Асгатад түрүүлчихсэн болохоор горьдолгүй яахав. Гэтэл алдчихаад олдоггүй. Тэгээд л Бага халзандаа найдахаас өөр аргагүй болсон. Бага халзан болохоор гараа сайтай, үзүүр дээрээ хүүхэд жаахан тааруу бол суух гээд байдаг адуу. Тиймээс хүүхдийн чадвар их чухал. Манай хэд хүүгийн таван настай хүүгээр унуулчихъя гэхээр нь би айгаад. Тэгж байсан хажуу айлын нэг хөөрхөн хүү “Би азаргыг чинь уная” гэж байна. Өөрөө хүний морь унадаг гэнэ. Ямартаа ч эцэг эхтэй нь уулзъя гэж бодоод “Чи аавыгаа нэг уулзуулчихгүй юу” гэлээ. Тэгсэн аав нь ч ороод ирлээ. Баяндэлгэрийн Баатар гээд зүс таних хүн байна. “Би нэг гайгүй азаргатай, тэрэндээ нэг аштайхан хүүхэд тавих гэсэн олддоггүй” гээд үнэнээ хэлсэн “Би азаргагүй, энэ Чойжоогийн Амараагийн морийг унадаг юм” гэж байна. Хэр унадгийг нь лавлатал “Би мэдэхгүй, Чойжоогийн Амараа л аваад явдаг юм” гэлээ. Тэгж байтал гадаа машин дуугараад Амараа морины ажил хийх гээд хүүхдээ авахаар ирж байна. “Энэ морь хэр сайн унадаг хүүхэд вэ” гэсэн чинь “Сайн морийг сайн л унана, муухан морийг муу л унадаг хүн дээ” гэчихээд хаалгаа хаагаад алга болчихлоо. Мориныхоо ажлыг хийчихээд хүрээд ирэхээр нь “Өглөө азарга мордоно, хүүхдээ манайд хонуулна шүү” гэж аавд нь хэлээд үлдээлгэчихлээ.Тэгээд маргааш өглөө нь тэр хүүхэд унаад түрүүлж байгаа нь тэр.

-Хэдтэй азарга түрүүлж байгаа нь тэр билээ?

-Насыг нь хэлж мэдэхгүй юм. Ахыг минь мэнд байхад хоёр гурав айраг цагаанд орсон. Би энэ халзан азаргаа ахдаа өгсөн байсан юм.

-Алтан овооны тахилгат түрүүлэхийг ах тань харсан уу?

-Чадаагүй ээ, бурхан болчихсон байсан.

-Халзан азаргаа түрүүлнэ чинээ бодож байв уу?

-Хүч нь л хүрдэг юм бол гайгүй зөв байгаа, аштайхан /аятайхан/ уралдчих болов уу л гэж бодож байснаас түрүүлнэ гэж тооцоогүй ээ. Хөгшин бид хоёрын дор нэг юм дэвсээд өгчихсөн нэлээн доохно сууж байсан юм. Тэгсэн дарга нарын морь үздэгийн баруун сугаар хоёр азарга ороод ирсний нэг нь мөн байна. Дурандаж байтал нөгөөхийгөө хаяад л дэргэдүүр өнгөрлөө шүү. Тэгтэл хүү “Халзан азарга ирлээ шүү” гэж хэлээд бүснээс татаж өргөж босгочихоод азарга руугаа явцгаачихав. Хөгшин бид хоёртой ач охин л үлдлээ. Тэгж байсан ашгүй манайхны хамаатан болох хилийн цэргийн хурандаа явж таарахаар нь машин асаагаад морин дээр аваачаад өгөөч гээд хүргүүлсэн.

-Халзан азарга Алтан овооны тахилгаас хойш яаж давхисан юм бэ?

-Дараа жил нь Асгатад уралдсан. Би хүний машинд суугаад дагаж явсан юм. Халзан азарга сурсан зангаараа гараад л хөтөлчихлөө. Туршлагагүй хүүхдээр унуулчихсан байсан юм. Тэгсэн нэг машинтай хүн “явуулаад бай” гээд шахуулаад байж. Тэгээд буураад ирэнгүүт нь хүрэн азарга ирж нийлээд. Түүнтэй хоёулаа авалцсаар улсын доохно иртэл бөөн азарга дайраад нөгөө хүрэн азарга алхаж шогшсоор тавлаж, миний халзан азарга зургаа руу ороод ойчих нь холгүй болохоор нь татуулчихсан. Тэрний дараа жил буюу 2010 онд их хурдан байсан. Түрүүлсэн. Гэхдээ тооцоогүй.

-Яагаад?

-Олс татаж эргүүлдэг байсан үе. 200 гаруй азарга мордож, гуравхан азарганаас бусад нь олсонд оролгүй уралдчихлаа. Тэр үед Асгатын морины комиссоор Дашдондог агсан ажиллаж байсан юм. Өнөөх чинь олсонд орсон гурван азарган дээр тавианы хүүхдийн унаж явсан уяагүй азаргыг нэмж дөрвөн азарга уралдсанд тооцон барьж билээ. Асгат тэгж айргийн тавын азаргагүй наадам нэгийг хийсээн. Тэгсэн чинь энэ хүүхдүүд аав улсын наадамд яв гээд болдоггүй. Наадам тулчихсан, энд ажил хийгээд эцчихсэн байдаг. Тэгээд улсын наадамд очлоо.Тээлтэндээ тэгдэг юм уу гэдэс нь цанхайгаад эвгүй болчихоор нь би “Азаргаа алчихна больё. Явуулахгүй” гэтэл том хүүгийн цэргийн сургуулийн хампаанууд нь “Уралдуулаа, бид нар хоёр дахь эгнээнд нь зогсоож байгаад эргүүлчихнэ, хүүхдээ гараа өргө гэж хэл, үгүй бол танихгүй” гээд. Тэгээд хэлснээрээ эргүүлж өгсөөн хөөрхийс. Халзан азарга Цагаан хөтөл гэдэг дээр гарч ирээд сууж долоо, найм руу орохоор нь хүү татуулчихсан. Харин Асгатад нэгийн удаа орсон хээр шүдлэнгээ мордуулж, 50 хэдээр оруулсан.

-2011 онд хаана уралдсан бэ?

-Улсад уралдсанаас нь хойш уяагүй.

-Халзан азарганы төлүүд хэр хурдалж байна вэ?

-Хурдалсаан хурдалсан. Дандаа л хүнд зарчихаад байна. Өнөөдөр миний хөтөлж зургаа авахуулдаг буган адуу халзан азарганы төл. Түүний ах хээр азарга шүдлэндээ нэгийн удаа ороод, хязаалан ханиад хүрээд уяагүй. Соёолон бооцоотой уралдаанд түрүүлээд тэгээд зарчихсан. Том халзангийн төлүүд ч хурдалсан.

Алтан овоондоо хоёр цагаан адуу өргөж сэтэрлэсэн

-Алтан овоондоо цагаан адуу өргөн сэтэрлэж тахидаг гэсэн. Тэр талаараа манай уншигчдад хуучлаач?

-Аавын минь сэдсэн хэрэг. Тэр үед тийм зан үйл хориотой байлаа шүү дээ. Хатуу цаг үед аав минь цагаан адуу авч хоёр хүүгийнхээ өмнөөс овоондоо өргөн сэтэрлэсэн юм. Аавын сэтэрлэдэг анхны цагаан морь Дэлгэр өвгөний адуу. Дааганд нь олж харчихаад “Хурдан юм авъя” гэхээр нь ах бид хоёр “Өөрийнхийгөө яая гэж байж хүнээс авна гэж юу байхав” гэчихлээ. Ах аав ээж хоёртой цуг амьдардаг. Манайхан нэг хашаанд байсан юм. Аав манайд орж ирээд “Хүн өтлөхөөрөө дааганы мэдэлгүй болдог юм байна. Би тэр Дэлгэрийн цагаан даагыг авна. Та хоёроос тав таван зуун төгрөг авна. Ичихгүй бол таван зуун төгрөгөө авна гэж шүүхэд заргалдаарай” гээд загнаж байнаа. Тэгээд аавыг гэртээ орохоор нь гадаа сууж байсан ах дээр очоод “Аав ямар олон адуу авах биш, тэрийг нь авч өгье” гэчихээд гэрээсээ 500 төгрөг аваад аавынд орлоо. “Ах бид хоёр ярилаа, энэ 500 төгрөг” гэвэл “Чамаас мөнгө авахгүй. Надад мөнгө байгаа, алив хөгшөөн авдрын түлхүүр аваад аль” хэмээн уриалгахан дуугараад хөдсөн бээлийнд хураасан мөнгөнөөсөө 1000 төгрөг аваад явсан. Удалгүй ирээд “Өндөр” Санжаа, “алаг” Жамба хоёроор сэтэрлүүлчихлээ. Тэр хоёр чинь лам хүн юм шүү дээ. Ингэсэн гэж хүнд хэлж болохгүй шүү. Чи маргааш хоёр номхон морь авч очоод Дэлгэр өвгөнд өгчих. Даагаа ижилсүүлж байгаад авнаа” гэж байна. Хэд хоногийн дараа нөгөө гурвыгаа авчирч, адуундаа тавих болоод “тамга даръя” гэсэн чинь “Тамга дарахгүй, би овоондоо өглөө гээд наминчилчихсан. Овоо л мэдэг” гэдэг юм. Тэгээд адуундаа аваачаад тавьсан хоёр мориноосоо салаагүй. 1990 оны Алтан овооны тахилгаар анх адуу сэтэрлэх болж, нэгдлийн дарга даагандаа Дарьгангад айрагдсан бөөн сүүлтэй бор азаргыг авчирсан юм билээ. Шалзтай цагаан болчихсон, өвдөг борви нь бор тийм азарга л даа. Яг тэр үед нь бид нөгөө цагаан морио овоон дээр гаргаж, санд багтаана гээд хөтлөөд явж байсан чинь өвгөн лам нар харчихаад “Энэ хөтөлж яваа цагаан морь л жинхэнэ овооны морь байна” гэж байна. Нөгөөхийг нь дуулчихаад аймгийн захиргааны дарга Төмөр-Очир гэдэг хүн “Чи цагаан морио нэгдэлд өгчих, хоёр адуу өгье” гэнэ. “Хоёр адуу хамаа байхгүй, ямар хүн маллах юм, маллах хүнийг нь мэдэж байж өгнө” гэтэл хариу хэлсэнгүй. Би ч морио өгсөнгүй. Тэгээд Дарьганга нэгдэл нөгөө бор азаргаа сэтэрлэсэн. Аавын минь сэтэрлэсэн тэр цагаан адуу 33 хүрч талийсан даа.

-Сэтэрлэсэн адууг тэнгэрт харвахаар дэл сүүлийг нь авдаг уу?

-Нэлээд хожуу дөрвөн туур, дэл сүүлийг нь түүж авсан. Мөн толгойг нь аваад сайхан газар залсан. Гурван туурайг нь хүүхдүүддээ өгөөд, үлдсэн нэгийг нь өөрөө авсан.

-Түүний дараа өнөөдрийн цагаан адууг сэтэрлэсэн юм уу?

-Цав цагаан адуу барагтай таардаггүй юм билээ. Олдохоороо тамгатай. Аавынхаа захиснаар тамгагүй адуу хайж байтал Буджавын адуунд цагаан саарал даага явж байна. “Ах нь энийг чинь авъя” гэсэн “тэг тэг” гэсэн юм. Тэгээд үнэ мөнгийг нь өгч аваад аймгийнхаа Шарав гэж настай ламаар сэтэрлүүлэхээр очтол “Аавын чинь сэтэрлэсэн цагаан морины дэл сүүлнээс байна уу” гэж асуугаад өгсөн чинь хадганд будаатай цуг хийгээд хүзүүнд нь уячих гэсэн. Түүнийг нь ёсоор болгосон доо. Сэтэртэй морьдоо жил бүрийн тахилгаар овоон дээрээ гаргаж, санд нь багтаадаг ёстой.

-Танайхаас өөр цагаан адуу сэтэрлэдэг айл байна уу?

-Энэ хавьд мэдэхгүй, Дарьгангад бол бий бий.Өнөө жил нэг хижээл цагаан морийг санд нь оруулаад сул тавьчихаж байна лээ. Манай түрүүний цагаан морийг байхад хүрэн, цагаан зүсмийн хоёр хөгшин адууг өргөж түлхсээр овоон дээр гаргаж санд нь оруулаад тавьж байсан.

-Өвөөгийн адууг Сүхбаатар сумын буган азаргаар сүлсэн.Өөр хаанаас адуу авсан бэ?

-Нэрт уяач Гэндэнгийн Бадиагийн адууны хар азаргыг авсан. Миний найз Болдын Лхамсүрэн тэдний адуунд гүү тавиад хоёр эр төл авсан юм билээ. Лхамсүрэнгийн хар гэж их хурдан азарга болсон. Би дүү харыг нь авч, дааганд нь таваар давхиулаад алдчихсан. Хичнээн жил болгоод энэ зүүн хойноос олж авсан чинь амьсгааны гэмтэй уях аргагүй болчихсон байсан. Тэгээд яахав хүний өөрийн хэдэн гүү хураалгаад Шаргын уулын ард идээшилдэг болсон юм. Тэр гүүн дунд нь Халзангийн Жамъяншаравын өгсөн Босоо зээрдийн угсааны хар гүү байсан.

-Босоо зээрдийн төл зээрд азарганых нь төл байх нь ээ дээ.

-Тийм. Манай хүүд өгсөн юм. Тэр гүү болоод өнөө хар азарганаас хамар цагаан сартай хүрэн унага гаргалаа. Их хурдан адуу. Түүгээр нь азарга тавьж, охин төлийг нь Буга азаргандаа хураалгадаг болсон. Ингэж өөрийн унаган адуун дээр Босоо цавьдар, Бадиа адууны цус холилдсон болохоор хурдан байлгүй яахав.


-Тийм бололтой. Жамъяншарав Алдартаас гадна энэ нутгийн ямар уяачидтай дотно нөхөрлөдөг вэ?

-Олон сайхан найз бий. Манай ахмадууд сайхан улс. Алба ажилтай байхад “Өнөөх чинь ирнэ” гээд морь барьж уячихаад явдаг. Би ажлаас өмнө очиж хөлсөлнө. Тэр олон сайхан улсын ач тусаар адуу минь хурдалсаан. Асгатын Дайрий гэж сайхан буурал байлаа. Би машин тэргээрээ нүүдэл суудал хийх, аргал түлшээ ойртуулахад нь тусална. Нөгөө хэд маань надад морь уяхад тусална. Олон сайхан хүний нэрийг дурдаж болно. Базарсад гэж өвгөн одоо бий. Өнөө жил тэрэнтэйгээ уулзах гэсэн чадсангүй. Өнөөдөр миний өдий зэрэгтэй яваа нь ахтай минь салшгүй холбоотой. Миний ахыг энэ хавийнхан андахгүй дээ.

-Адуу малын арилжаа наймаа их хийж байна уу?

-Би тийм юманд ерөөсөө оролцдоггүй. Энэ хүүдээ /бага хүүгээ хэлэв бололтой/ “Миний хүү хүн юм авъя гэвэл өгсөн шиг өг. Өгөхөөргүй юм байвал шулуун хэл” гэж захидаг юм. Харамссан сэтгэлээр хүнд юм өгөөд дэмий. Юм болохгүй. Хуучны сургаалд “Харамч хүнээс хужиг утас ч битгий ав” гэж сургасан байдаг юм. Тэрийг л баримталж явахыг хичээдэг дээ.

-Таныг гэргийгээ “хулгайлсан” гэж дуулсан. Үнэн үү?

-Үнээн, үнэн. Тийм заншилтай байсан юм чинь. Бидний үед одоотой адил ил цагаан харилцаа байсангүй. Хүн амьтнаас нуугдаж, хонь малын бэлчээр дээр уулзаад “Хоёулаа амьдарвал яасан юм бэ?” гэсэн чинь болмоор юм ярьж байна. Тэгэхээр нь “Би нэг шөнө яваад очно. Бэлэн байгаарай” гэлээ. За л гэж байна. Тэгээд өдөр судар харж байгаад одоо бурхан болчихсон Бор гэдэг найзаараа “Өнөө шөнө очно бэлэн байгаарай” гэж хэлүүллээ. Борыг хоёулаа хамт явна шүү гэсэн чинь Дамдиндорж гэж найз маань “Би цуг явъя” гээд.Тэгээд гурвуулаа шөнө очоод сэмээрхэн гэрт нь орсон “Гутлаа олж чадсангүй” гэж байна. “Гутал чинь хаана байдаг юм” гэсэн чинь мухлаганд байгаа гэнэ. Гадаа гараад өмсчихнө биз гээд сэмээрхэн гэтээд гараад ирсэн чинь араас гараад ирлээ. Тэгээд л чингэлэгнээс гутлаа олж өмсөөд намайг дагаад хүрээд ирсэн хүн дээ. Ирэхэд муу ээж минь дэн барьчихсан цагаан идээгээр таваг засчихсан сууж байж билээ.


-Ижийдээ хэлчихээд явсан юмуу?

-Өөрөө хэлээгүй ээ. Найзаараа хэлүүлсэн.

-Тэгж нийлсэн хоёр 10 сайхан хүүхдийн ижий аав бололцож өдгөө өнөр бүлийн эзэд болжээ.

-Энэ 18-тай, би 17-той нийлж зургаан хүү, дөрвөн охин төрүүлсэн. Хамгийн том охин Бор одоо 62 настай. Гурав дөрвөн хүү моринд дуртай, уядаг. Одоогоор бага хүү аймгийн Алдарт уяач цол хүртээд байна. Хүүхнүүдийн хүүхдүүд бас уянаа.

-Үе дамжин морь уях төрийн хэрэгт шамдаж буй та бүхнийг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Ирсэн зочин буцаж, орсон бороо арилдаг ёсоор ярилцлагаа энэ хүргээд өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ийм сайхан дэлгэр яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

-Ерөөл бат оршиг. Та бүхний ажил үйлсэд мөн амжилт хүсье. Манай нутгаар ирж байгаарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна