Аймгийн Алдарт уяач Д.Алтанхуяг: Хонгор азарга маань гурван бүсийн уралдаанд айрагдаж, чансаа өндөр хүлгээр шалгарсан

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 12 -нд

Номт 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дагвасүндэлийн Алтанхуяг нь Москвагийн олимпийн жил айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ.

2016 оны Монгол улсын чансаа өндөр эрлийз дээд насны хүлгүүдийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн хонгор азарганы эзэн төрийн зарлигт наадмаас нэг түрүү, найман айраг хүртсэн хийморилог уяач. Тэрхүү амжилтаа үнэлүүлж өнөө жил буюу 2019 онд аймгийн Алдарт уяач цол хүртжээ.

-Сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн төрийн зарлигт наадмуудаас хишиг хүртсэн цөөн уяачдын нэг юм байна. Алдартын уясан хүлгүүд хаана хэрхэн хурдалж байв?

-Хүний өөрийн нийлсэн нэлээд хэдэн адуу төрийн зарлигт наадамд түрүүлгэж, айрагдуулсан. Хамгийн анх “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд  хонгор халзан шүдлэн аман хүзүүнд хурдлуулсан. Түүний дараа жил Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбалын хээр азаргыг “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд таваар давхиулсан. 2013 онд Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Лувсантарваагийн Бямбаноровын хүрэн азаргыг Архангай аймгийн 90 жилийн ой хангайн бүсийн уралдаанд түрүүлгэсэн.  2015 онд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой хангайн бүсийн уралдаанд хонгор соёолон гурваар давхиулсан. Энэ хонгор азарга 2016 оны ”Дүнжингаравын хурд”  болон шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд тус тус гурваар давхисан. Мөн Орхон аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.  2017 оны тухайд Төв аймгийн наадамд түрүүлсэн Лхамсүрэнгийн Цогтбаярын шарга азаргыг Хан Хөхүй хайрхны төрийн тахилга баруун бүсийн уралдаанд аман хүзүүдүүлсэн. Ингэхээр улсын бүсийн уралдааны нэг түрүү, долоон айраг болж байна уу.

-Тийм байна. Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан хонгор халзан үрээнийхээ тухай дэлгэрүүлээч.

-Даагандаа хариугүй жаахан адуу байсан болохоор сургаад л орхичихсон юм. Тэгээд шүдлэнд нь уясан сунгаануудад хурдан байна аа. Онон ахынхан, Иеэгийнхэнтэй / Манлай уяач Ихбаяр/ сунгахад өнгөнд нь уралдаад байсан. Улсын наадамд явах гэснээ туршлага дутах байх гээд аймагтаа уралдуулах шийдвэр гаргалаа. Тэгсэн аймгийн наадмын шүдлэн нэлээд орой мордоод, яг шүдлэн уралдах үеэр чанх хойноосоо салхилчихлаа. Халзан үрээ гарч зугтаагаад салхи сөрж хэсэг яваад хөлс нь хатаад нам суусан. Тэгээд шогшиж явсаар есөд орлоо. Гэхдээ улсын наадамд явчихсан бол гайгүй давхих байжээ гэсэн дүгнэлт хийчихээд сууж байтал Цанаа ах нутаг руугаа явж наадна гээд. Нэг дороо уяж байсан юм болохоор хамт явлаа. Тэлмэнд болсон бүсийн уралдаанд хонгор үрээ аман хүзүүдсэн. Наашаа буцаж явахад Буур хэмээх Жамъян Аваргын 110 жилийн ой таараад мордуулаадахсан чинь, хөөрхөн зайтай түрүүлдэг юм аа. Тэгэхдээ хөлөндөө жаахан хөндүүртэй болоод хязаалангаасаа хойш уягдаагүй. Азарга тавьчихсан.

-Төлүүд нь яаж давхих уу?

-Төл цөөтэй. Найман настай байхдаа азаргатай ноцолдоод шархаа даалгүй эндчихсэн юм. Ганц эр төл нь ноднин соёолондоо Орхон аймгийн Жаргалант сумын 40 жилийн ойд аман хүзүүдсэн. Гайгүй давхил гармаар л юм янзтай юм билээ.


-Цандэлэг Тод манлайн унаган адуу гэл үү?

-Согтуу зээрд гээд салгалж явдаг зээрд азарга байсан юм.Тэрний төл. Эх хонгор алаг гүү нь олон хүний гар дамжиж ирсэн болохоор удмыг нь сайн мэддэггүй юм.

-Дараагийн айргийг Ч.Махбал Алдартын хээр азарга авчирсан гэсэн. Та хоёр эртний танилууд уу?

-2009 онд Салхин халтар азарга нь улсад гуравлахад Бандаагийн /Тод манлай уяач С.Ганхуяг/дүү Зоригоо /Алдарт уяач Ганзориг/ морийг нь уядаг байсан шүү дээ. Махбал дараа хавар нь Сүхбаатарын Баяндэлгэр орж азарга, их морь авчраад Зоригоод үзүүлтэл голсон юм билээ. Хаврын адуу туранхай байгаа биз. Тэр үед манайх Сэргэлэнгийн зүүн урд руу гарчихсан байсан юм. Нэг орой Махбал давхиж ирээд “Ийм хоёр адуу байна. Чи оролдоод үзэх үү” гэхээр нь “Тэгье” гэсэн чинь ачуулаад явуулчихсан байсан. Ирэхээр нь харсан их морь нь гайгүй, азарга нь нэлээд туранхай байсан. Тэгээд яахав нэгэнт тэгье гэчихсэн хүн чинь сайхан тэжээгээд зун нь сунгасан гайгүй явахаар байна шүү. Цанаа ахын Соёмбо хүрэн, Хэнмэдэх ахын халзан гээд гайгүй азаргануудтай хамт сунгахад шүү дээ. Тэгээд улсад мордуулсан 23-т орсон. Түүний дараа Хөвсгөл явж таваар давхиад, Наранхүү гишүүнд очсон доо.

-Хавар их нимгэн азарга ирсэн гэсэн шүү дээ. Яаж уясан бэ?

-Туранхай, нимгэхэн байсан болохоор их зөөлөн уясан. Додомдоно гэж ярьдаг даа.Тэгж л уясан. Би ер нь зөөлөн уяатай. Тэр нь азарганд таараад, их моринд зөөлдөөд байх шиг санагддаг. 

-Бямбаноров гуайн хүрэн азарганы анхны түрүүг авчирсан юм байна. Хүрэн азарганы талаар ярилцах уу?

-Бямбаноров Алдартыг морь сонирхогчид төрийн түмэн эх хар морины эзэн гэдгээр нь андахгүй байх. Хүрэн азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Бат-Эрдэнийн унаган адуу гэдэг юм билээ. Даагандаа Дундговийн наадамд гурвалж, соёолондоо Говьшанхад тавлаад, түүний дараа жил /2008 онд/ хавчиг азарга Их мандал говийн бүсийн уралдаанд айрагдсан. 2009 оны улсын наадамд аравт давхиад, 2012 оны говийн бүсийн уралдаанд долоолсон  азаргыг 2013 оны зун уяа эхэлснээс нэлээд хойно надад авчирч өгсөн юм.

-Эрдэнэчулуун Манлай уядаг байсан  билүү?

-Тийм. Манлайгаас уяа салгаад хэнээр уяулахаа мэдэхгүй явахад нь халиун азаргатай Одонбаатар гээд ах хүү таарч “Дөртэй юм, Хуягаагаар уяулчихгүй юу даа” гэсэн юм билээ. Тэгээд надад даагандаа айрагдаж байсан Зараа зээрдтэйгээ авчирч өгсөн. Тэгэхээр нь “Энэ жил улсын наадамд уралдаж амжихгүй ээ. Их хурдад л зориулж уяя” гэсэн юм. Тэгээд тусад нь сунгаа  ажил хийгээд “Их хурд”-д мордуултал 13-т давхисан. Тэр жил Их хурд Хархоринд болсон шүү дээ. Тэндээсээ шууд Архангай орж уралдуулаад түрүүлгэсэн дээ. Тэгээд уралдаанаас буцах замдаа би хүлээлгэж өгөөд ирсэн. Түүнээс хойш би уяагүй ээ.

-2015, 2016 онуудад бүсийн уралдаанаас дөрвөн айраг хүртсэн хонгор азарганыхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч.

-Эцэг нь Онон ахын Мангар зээрд гээд Англи азарга. Эх нь Хэнтийн Галшарын Дураараа Мийгаагийн адууны хонгор гүү. Хонгор азарга дааганаасаа эхлээд л уралдсан. Хязааландаа хөлнөөсөө болоод уралдаж чадаагүй. Гайгүй сайн тордоод соёолон, хавчиг нь хоёр жил сайн уралдуулсан даа.

-Улсын наадамд уралдаж байсан юм уу?

-2015 онд соёолондоо улсад 18-аар давхисан. Тэгээд давхар уяагаар Өвөрхангайн бүсэд аман хүзүүдээд, 2016 оны хавар Дүнжингаравын хурдад гурваар давхисан шүү дээ.

-2016 онд улсад уралдаагүй санагдах юм.

-Хурдан байсан хэр нь амьсгаа нь болж өгөхгүй болохоор нь уралдуулаагүй юм. Хоолой аман дээр нь нэг юм байна гэж мэдээд Наранбаатар эмчид үзүүлтэл паразитын эсрэг туулга хэрэглээгүйгээс болоод шимэгч хорхойнууд нь хоолойг нь дүүртэл үржчихсэн. Түүнээсээ болоод амьсгалж чадахгүй болчихсон байсан байна лээ. Тэгээд туулга өгч, тариа тариад яаралтай эмчилгээ хийсэн л дээ. 13-нд эрлийз ангилалд мордуулчих уу гэснээс болиод “Их хурд”-д уралдахаар шийдсэн юм. Тэгсэн гурваар давхисан.

-Эмчид үзүүлээгүй бол айхтар хэрэг мандах байж. Туулгыг зохистой хэмжээгээр нь тодорхой улиралд хэрэглэж хэвших хэрэгтэй юм билээ.

-Харин тийм ээ. Хонгор азарга хөлийн хурдаар айхтаргүй ч суухыг мэддэггүй мал байгаа юм. Тэр жил улсын наадмын эрлийз дээд насны ангилалд түрүүлсэн Дугараагийн хээр азаргатай шууд гарч уралдаад үзүүр дээр дайрдаг адуу чинь сүүлдээ суугаад байсан нь хорхойноос болсон байна лээ. Би ч хоолойн дээр нь нэг юм байна гэж гадарласан л даа.

-Эрдэнэтийн уралдаан өрсөлдөөнтэй болсон гэлцдэг. Хангайн бүсийн уралдааны талаар жаахан дэлгэрүүлээч?

-Их хурдад мордоход нь хүүхдэдээ “Барьж уралдаад дөхөөд ирэхээр нь хөдөлгөөрэй” гэж захисан юм. Тэгсэн Даш-Өлзий гуайн цавьдар түрүүлж, Цэндбаатарын хээр аман хүзүүдэж, хонгор гурвалсан. Эхний хоёроо гүйцэн алдаад л барианд орсон шүү дээ. Тиймээс бид дахин уралдаан байна хэмээн тооцож Эрдэнэт хотын 40 жилийн ой хангайн бүсийн уралдааныг зорьсон юм. Морь дагаж явсан машинуудыг барианаас гурван километрийн зайд зогсоож,  Даш-Өлзий гуай бид хоёр хоёр талаас дохиод хоцорсон. Нэлээд халуун өдөр байсан  холбоотой явж байгаад хонгор азарга  үзүүр дээрээ суларч, зээрд нь дахин түрүүлсэн дээ.

-Засгийн газрын тогтоолт гурван бүсийн уралдаанд айрагдсан амжилтаараа 2016 оны чансаа өндөр хүлгүүдийн нэгээр эрэмбэлэгдсэн санагдана. Хэдэд билээ?

-Гуравдугаарт эрэмбэлэгдсэн. Хонгор азаргаа 2017 оны улсын наадамд ганц уралдуулчихъя гэсэн зорилт тавиад чадаагүй дээ.


-Шинэ цагийн адуу нас ахих тусам хөлөндөө асуудалтай болдог юм шиг санагддаг.

-Биеийн жин нэмэгдэхээр хөл нь дийлэхгүй болчихоод байх шиг. Эрлийз адуу тарган тамиртай уралддаг онцлогтой. Монгол адуу шиг хөнгөхөн, нимгэхэн болгочихвол хурд нь саарчихдаг. Эд нар чинь Цагаан хөтөл рүү уруудахдаа 60-тай явдаг амьтад шүү дээ.

-Хонгор азарга уяаны бус үржлийн адуу болж байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-Энэ жил наймтай. Уралдахаа больж байгаа болохоор ахиухан тооны гүү хураалгадаг юм бил үү гэж бодож байна.

-Хан Хөхүй хайрхны тахилгад аман хүзүүдсэн шарга азарганы талаар одоо ярилцъя?

-Хан-Уул дүүргийн харьяат Лхамсүрэнгийн Цогтбаяр гээд найзын маань адуу. Цагаан морины Цогоо гэхээр зарим нэг нь танина даа. 2016 оны өвөл над авчирч өгсөн юм. Тэгсэн өөдтэй эвлэдэггүй. 2017 оны зун Сүхбаатарт байлгаж байгаад нааш нь авчирч, 61-н  гарам дээр сунгасан монгол дотроо гайгүй байна. Гэхдээ улсын наадамд арай айрагдаж барахааргүй. Цогоодоо “Шарга азарга улсад айрагдаж барахгүй. Багахан наадамд уралдаад бүсэд явъя. Гачууртад түрүүлгэх үү?, Төв аймагт түрүүлгэх үү?” гэсэн “Аймаг нь гоё шүү дээ. Болох юм уу” гэж байна. Тэгээд Төв аймгийн наадамд мордуулж түрүүлгээд, Увс руу таван адуу аваад явсан даа. Шарга азарга тэнд аман хүзүүдсэн.

-2018 онд яаж давхисан бэ?

-Өнгөрсөн жил уясан ч болж өгөөгүй.     

-Азарганы уяаг илүүтэй тааруулдаг Алтанхуяг Алдартын уяачийн түүх хэзээнээс эхэлдэг вэ. Удам сударт тань уяачид байв уу?

-Өөрийнхөө дур сонирхлоор  морь уяж байна даа. Манай аав, ээж төвийн улс. Урчуудын эвлэл, үйлдвэрт ажиллаж байсан. Харин аавын ээж аав Эрдэнэ уулыг тойрон нутагладаг малчин улс. Би сургуулийнхаа амралт эхлэнгүүт өвөөгийнх рүүгээ алхчихдаг. Товчхондоо багаасаа хөдөө амьтай хүүхэд байсан. 1993 онд 6-р ангийн сурагч байхдаа бор гүүнийхээ төл хусран хээр даагыг уяад Сэргэлэнд болсон уралдаанд есөөр давхиулж, уяачийнхаа гарааг эхэлж байлаа. Сайндаа ч биш улсууд “Энэ хээр даагаа зарчихаач” гээд байхаар нь “уяад үзье” гэж шийдсэн юм. Яг уяачийн дөр суулгасан адуу бол одоогийн Ерөнхийлөгч  Х.Баттулгын алаг морь.

-Сугар Алдарт уядаг санагдах юм.

-Аймгийн  наадмын цувааг харахад  миний нэр л бий дээ. Онон ах надад “Хуягаа алаг морийг чинь зарчихсан шүү” гэж хэлснээс хойш Сугарын нэр дээр уралддаг болсон. Улсад анх айрагддаг жилийнх нь амжилт Сугарын нэр дээр бичигдээд, түүнээс хойшхи нь Баттулга Ерөнхийлөгчийн нэр дээр байгаа байх.

-Тийм байна лээ.

-Алаг морийг уяж, уралдуулж байсныг энэ хавийнхан мэднэ ээ.

-Би лавласан төдий. 2009 онд Очирвааньд айрагддаг халзан үрээг Цандэлэг Тод манлай бэлэглэсэн юм уу?

-Тэр их түүхтэй. Тухайн үед Ихбаяр Цанаа ахын морийг уядаг байсан шүү дээ. Тэгээд Иеэгийн төрсөн өдрөөр Цанаа ах эх алаг гүүг нь бэлэглэсэн юм билээ. Алаг гүүг Амгалан төрийн ажнай шаргын эцэг халтар азарга хураачихсан охин унага дагуулчихсан явахыг хараад би Ихбаяртай наймаа хийхээр боллоо. Томчууд шиг наймаа хийж байгаа нь энэ гээд Баянхошууны дэлгүүрээс нэг шил архи авлаа. Тэгээд Эрдэнэ уулынхаа наана очиж зогсоод “За нөгөөдөхөө гаргаад ир” гэсэн чинь байдаггүй. Хоёр биенээсээ “Чи аваагүй юм уу” гэж асуугаад.../инээв/

-Гээчихсэн юм уу?

-Дэлгүүрийнхээ лангуун дээр тавиад мартчихгүй юу. Хоёр биенээ тэмтэрч үзээд байдаггүй. Ямар буцалтай биш. Тэгээд л өнгөрлөө. Дараа жилийнх нь наадмын өмнөхөн Цанаа ахын адуучин залуу ярьж байнаа. “Алаг гүү чинь унагалсан. Эр унага гарлаа” гэж байна. “Ямаршуухан унага гарав” гэсэн чинь “Янзын сэрийсэн унага байна” гэнэ. Хуучин сэрийсэн унага гэж ярьдаг байсан. Одоо бол пээ эрлийз юм шиг муухай юм гарлаа гэх байлгүй. Тэр жил олон гүү хээл хаяж, гарсан унагануудын цөөхөн нь эр байсны нэг нь миний хонгор халзан. Алаг гүү надад ирээд өгсөн анхны төл нь тэр.


-Наймаа хийх үед халтар азарганы төл охин унагатай байсан гэсэн шүү дээ. Тэрийг та авсан юм уу?

-Гол нь түүнийг авах гэж л наймаа хийж байгаа нь тэр. Хонгор халзангаа даага болдог жил нь би Угтаалд байгаад морь малан дээрээ ирж чадаагүй юм аа. Тэгсэн Ихбаяр Дорнод руу авч яваад сургачихсан. “Ямар ч байсан сургаад орхичихлоо. Зүгээр нь ч зүгээр юм байна лээ” гэсэн юм. Дараа жил нь шүдлэн үрээ аймагт уралдуулж, аман хүзүүдүүлээд, Завхан явж байгаа нь тэр.

-Шарга азарганы дүүгээс гайгүй төл авч чадсан уу?

-Гүү болгож чадаагүй алдчихсан юм.

-Тэгвэл алаг гүүнээс өөр хурдан адуу төрсөн үү?

-За үгүй дээ. Алаг гүүг Соёмбод хураалгаад  эр алаг унага гарсан юм. Ах нь гайгүй давхисан болохоор горьдолгүй яахав. Тэгээд Зуунмодын харьяат Батдорж гэдэг залууд зарагдсан ч сайн давхиагүй ээ. Тэр үед Соёмбын төлүүд өөдтэй давхихгүй байсан. Ихбаяр уяж байсан шүү дээ. Гүү болгоны төл хурдан байдаггүй юм билээ.

-Одоо хэний морьдыг уяж байна вэ?

-Би нэг их олон хүний морь уядаггүй юм даа. Дундговийн нэг залуугийн адуу бий. Хотод амьдардаг хоёр залуугийн морьдыг уяж байна. Цөөн хэдийг тэжээж уяад энд тэнд айрагдуулаад л явдаг юм.

-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны амьдралд тохиосон хамгийн баяр бахдалтай наадмын дурсамжаар өндөрлөе.

-2009 оны “Очирваанийн хурд” л юм даа. Том наадамд морь айрагдуулж үзээгүй хүнд түүн шиг сайхан наадам байгаагүй. Эхний хоёр үрээ бүүр хол салаад явчихсан шүү дээ. Тэр үед ёстой нөгөө огшино гэдэг л болдог юм билээ. 10 жил өнгөрсөн хэр нь өчигдөрхөн мэт тод санагдаж байна.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажилд мөн амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна