Шилдэг уралдаанч Н.Цэлмэг: Сайн уяач болоод улсад очиж морио уралдуулнаа

Сэтгүүлч
2020 оны 5-р сарын 11 -нд

2015 оны Монгол Улсын шилдэг уралдаанчаар шалгарсан Нямхүүгийн Цэлмэг хүүгийн "Тод магнай" сэтгүүлийн Говьсүмбэр аймгийн тусгай дугаарт өгсөн ярилцлагы хүргэж байна. 

-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Нямхүүгийн Цэлмэг гэдэг. Энэ жил долоон настай. Хоёрдугаар ангид сурдаг. Айлын ууган хүү байна. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Нэг нь гурван настай. Нөгөөх нь нэг ойтой. 

-Хэдэн настайгаасаа морь унаж сурсан бэ?

-Таван настайдаа анх морь унаж сурсан. Хурдан морь унаж уралдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд Говьсүмбэртээ соёолон, шүдлэнгээ түрүүлгэсэн.

-Энэ жил хаагуур наадав?

-Энэ жил морь унасангүй. Тэгж байгаад нэг сайхан өдөр унах л байх даа. Наадамд морь унах гоё шүү. Гэхдээ тэр гоёыг үгээр хэлж мэдэхгүй юм.

-Өөр ямар морь унаж байв?

-Өндөршилийн наадамд хул үрээтэй очиж түрүүлгэсэн. Бас Чойрт уралдаад өвөөгийнхөө хүрэн соёолонг түрүүлгэж, аавынхаа шүдлэн насны хул морийг уналаа. Шивээгийн овоо тахих наадамд шүдлэн, даага хоёр унаж даага тавлуулж, шүдлэн хоёрлууллаа.  Өөр хотод нэг очсон юм байна. Тэгсэн их сонин. Намайг олон газар түрүүлсэн байна гээд уралдуулаагүй. Уг нь ганцхан шүдлэнтэй очсон л доо. Гайхаад л өнгөрсөн.

-Олон жил морь унана биз дээ?

-Тэгэлгүй яахав. Тавиач болтлоо унана.

-Морь унахад хэцүү зүйл бий юу?

-Юу байхав. Харин ч эсрэгээрээ сайхан зүйл олон юм уу. Наадам болохоор миний нойр хүрдэггүй юм. Тэгэхээр эртээ босоод нүүр гараа угаагаад, морьдоо аваад явдаг.

-Танай ангийн хүүхдүүд бас морь унадаг уу?

-Манай ангид надаас өөр хүүхэд байхгүй. Өөр уяаны найз нар олон л доо. Золбоо гэж хамгийн сайн найз маань бас унаач.

-Уралдааны үед унаач хүүхдүүд юуг анхаарах ёстой вэ?

-Замаа л сайн хэрэгтэй дээ. Хараагүйгээс нүхэнд бүдэрнэ, чулуу үсэрнэ гээд аюултай.

-Аав нь юу гэж захидаг уу?

-“Миний хүү болгоомжтой явж байгаарай” гэж захидаг. Би ч захиасыг сайн биелүүлээд ирдэг.

-Аль наадам хамгийн гоё нь байсан бэ?

-Өмнөговийн Говьшанхын наадамд хул морьтойгоо очиж тавласан. Дорноговийн наадамд Кадр, Баяраа хоёр агаатайгаа явсан. Миний төрсөн ах нар биш л дээ. Тэгээд шүдлэнгээ унаж түрүүлгээд, даага хоёрлуулсан. 

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох уу?

-Морь уяна даа. Сайн уяач болоод улсад очиж морио уралдуулнаа.

-Ярилцсан дүүдээ баярлалаа. Сайн уяач болоорой.

П.Ундраа 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.