МУ-ын Манлай уяач Б.Лхагва-Очир: Адууг хайрлан, дээдэлж байж буян заяаг нь хүртэнэ

А.Тэлмэн
2020 оны 5-р сарын 27 -нд

Морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч сэтгүүлийн маань 2019 оны отгон дугаарын зочноор энэ цагийн шилдэг уяачдын нэг, эрэмбээрээ нутгийнхнаа манлайлагч эрхэм уригдлаа. Тэр эрхэм хүн бол Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Баярсайханы Лхагва-Очир юм. Аавыгаа моринд урвуулж, Алдартын эрэмбэнд хүргэсэн тэрээр 1989 оны хавар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлж. Аавын амь, айлын ганц хүүг нагац ах нь морь унуулахаар толгой мэдэн шийдсэн тэр нэгэн өдрөөс хойш түүний амьдрал адуу гэгч амьтнаас алсарсангүй. Моринд элэгтэй, хурдан морь гэхээр нүд нь сэргэдэг хүүгийнхээ хүслийг биелүүлэхээр Н.Баярсайхан Алдарт мөнгө хатуу цагт сая гаруй төгрөгөөр хар азаргаа худалдан авч, уяачийн гарааг эхэлсэн гэдэг. Тэр цагаас хойш аав хүү хоёрын адуутай нөхөрлөх түүх эхэлж, олон сайхан наадмын дурсамжаар хөглөгдсөөр өнөөдрийг хүрчээ. Энэ тухай уншихыг хүсвэл сэтгүүлийн дараагийн хуудсуудад анхаарлаа хандуулаарай.

Таван жил дарааллан өндөр чансаатай уяачаар шалгарч байна


-Шилдэг уяачид баяр хүргэе. Энэ шагналыг хэд дэх удаагаа авч байна вэ?

-Баярлалаа. 2015 оноос хойш таван жил дарааллан Монгол Улсын чансаа өндөр уяачаар шалгарч байна. Үүнээс өмнө их уяачдыг харж, “Ийм болох юм сан” хэмээн битүүхэн мөрөөдөж явлаа.

-2015 онд ямар амжилт үзүүлж, хэддүгээрт эрэмбэлэгдсэн бэ?

-2015 онд улсын баяр наадмаас хоёр айраг, бүсийн уралдаанаас нэг түрүү, долоон айраг хүртсэн амжилтаар чансаа өндөр уяачдын наймдугаарт эрэмбэлэгдэж байсан. Тэр жил хавар Дүнжингаравын хурдад хүрэн соёолон таваар давхиад, зун нь улсын баяр наадамд хүрэн шүдлэн гурвалж, халзан морь соёолондоо дөрвөөр давхисан. Улсын баярын ар дээр Говьшанхын хурдад очиж уралдаад халзан морь, Марзан зээрд хоёрыгоо аман хүзүүдүүлж, Данагар хүрэнгээ түрүүлгэсэн. Мөн намар нь болсон ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд халзан морь аман хүзүүдэж, хүрэн соёолон гурваар давхисан.

-2016 оны тухайд...

-Улсын баяр наадмын нэг түрүү, бүсийн уралдааны хоёр түрүү, таван айргийн амжилтаар 27 оноо цуглуулж, тавдугаарт эрэмбэлэгдсэн. Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд хээр соёолон таваар давхиж, улсын наадмаар хүрэн хязаалан түрүүлсэн. Мөн “Таван толгой” ХХК-ийн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд халзан морь, хээр соёолон түрүүлж, хүрэн азарга аман хүзүүдэн, хээр азарга дөрөвлөж, хүрэн хязаалан аман хүзүүдэн, эрлийз дээд насанд нэг азарга айрагдсан.

-За тэгвэл 2017 онд Лхагва-Очир уяач ямар амжилт гаргаж байсан юм бэ?

-Ардын Хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг хүртэн 26 оноо цуглуулж, наймдугаар байрт жагсаж байж. Тэр жил улсын наадамд хүрэн хязаалан аман хүзүүдээд, эрлийз дунд насанд Батболд ахын Сүлд хул гурвалсан. “Их мандал-2017” говийн бүсийн уралдаанд хээр морь гурвалж, хүрэн морь дөрвөлж, хүрэн соёолон түрүүлж, хээр соёолон гурваар ороод, Сүлд хул түрүүлсэн.

-2018 онд 25 оноогоор мөн тавдугаар байрт шалгарч байсан юм байна. Тэр жил улсын наадмаас нэг айраг, бүсийн уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртжээ.

-Улсын баяр наадамд халзан морь гурваар давхисан. Улсын наадмын дараа Дорноговьд болсон говийн бүсийн уралдааныг зорьж, халзан морь, Батболд ахын бор азаргыг тус тус түрүүлгээд, хүрэн морио аман хүзүүдүүлж, Сүлд хулаа айрагдуулсан. Мөн эрлийз дунд насны ангилалд хул үрээ аман хүзүүдэж, хээр соёолон тавласан. Хавар Дүнжингаравын хурдад буурал морь тавд давхисан.

-Өнөө жилийн тухайд Засгийн газрын тогтоолт улсын бүсийн уралдаанаас хоёр түрүү, долоон айраг хүртэн 26 оноо цуглуулсан байсан.

-Улсын наадмын ар дээр Өмнөговь, Хөвсгөл аймгуудад хуваагдаж уралдсан. “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд Улсын Алдарт уяач Гончигбатын Батболд ахын халзан үрээ айрагдаж, Говьшанхын хурдаас хоёр түрүү, зургаан айраг хүртсэн.

-Говьшанхын хурд уралдаан зохион байгуулагдсан цагаас эхлээд айраг, түрүү алдсангүй шүү. Өмнийн цэнхэр говь өөрт тань ээлээ хайрладаг нутаг юм аа.

-Тийм шүү. Олон жил Өмнөговь руу отор хийсэн болохоор өвс ургамлыг нь сайн мэднэ. Тэр утгаараа тийшээ явж уралдах дуртай байдаг юм. Говь гурван сайхан хайрхан минь ч ивээж аав бид хоёр сайхан наадсаар ирсэн түүхтэй. Хамгийн анх 1999 онд “Говь шанхын хурд-1” уралдаан болоход би хар азаргаа унаж наймаар давхиулж байлаа. Дарж явсаар байгаад айрагдуулж чадаагүй юм. Түүний дараа 2003 онд “Говь шанхын хурд-2” уралдаан болоход манай хүрэн азарга хязаалан түрүүлсэн. 2007 оныход мөн хүрэн азарга түрүүлж, Согоо морь минь хязааландаа айрагдаж байлаа. Харин өнөө жил эрлийз дээд насны ангилалд Сүлд хул түрүүлж, Батжаргал ахын хул аман хүзүүдэн, Отгонлхагва ахын хээр дөрвөлсөн. Эрлийз дунд, бага насны ангилалд зээрд үрээнүүд айрагдсан. Монгол морьдын уралдаанд Баавар хүрэн азарга гурвалж, халзан морь түрүүлээд, хүрэн морь гурвалсан. Үүнээс гадна эрлийз дээд насны ангилалд Эрдэнэтөгс ахын уясан Хуур халзан азарга тавлаж, хүргэний даага, шүдлэн айрагдан манай галынхан сайхан наадсан.

“Батсуурь Аварга болохын тулд Намсрайжав гуай Аварга байх албагүй биз дээ” гэсэн 
аавын үг намайг шулуутгасан


-2019 оны уралдаан наадмуудын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Энэ жил сайхан наадсаан. Манай нутагт цаг дэлгэр, ногоо цагаа элбэг сайхан зун болж, морьд маань жүчээнээсээ эрт гарсан. Аав маань цолны мялаалга наадмаа хийх гээд ажил ихтэй байсаар морьдоо нэлээд таргадуулсан тал бий. Түүнээсээ болоод улсын наадамд санасандаа хүртэл уяж чадаагүй. Манайхны морьдын уяа нэлээн дутуу байсан ч сайхан уралдаж дээд тал нь их морь долоогоор давхиж, бага адуунууд 10 гаргаж орлоо. Харин бүсийн уралдааны үеэр морьдын уяа эмхэрч сайхан наадсан.

-Дундговийнхон сүүлийн жилүүдэд сайхан наадаж байгаа. Нэгэн үе Содномпил гуай шуугиулж байсан бол өдгөө Лхагва-Очир гэх залуугийн ээлж иржээ.

-Содномпил Манлай чинь маниусыг бодвол айхтар өндөр амжилт үзүүлсэн хүн юм билээ. Улсын наадамд тасралтгүй есөн жил ирэхдээ айраг, түрүү алдаагүй гэдэг байх шүү. Тэр амжилтаараа Монгол Улсын анхны есөн Манлай уяачийн нэг болсон. Тийм хүнийг хайрлаж, хүндэлж явахаас яахав. Түүний ар дээр Батчулуун Манлай маань залгаад сайхан наадаж, Дундговийнхоо нэрийг гаргасан. Тэгээд Сахал ах маань хэсэг шуугиуллаа. Бас л миний хүндэтгэж явдаг уяачдын нэг. Миний хувьд 2015 оноос бие даан морь уяж, улс, бүсийн уралдаанд оролцох болсон.

-Анх морь уясан жилээсээ л шуугиулаад эхэлсэн юм байна.

-ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөж очоод, нэг хэсэг хүний морь уяж, аймаг, сумандаа наадсан. Тэгж байтал 2015 онд Эрдэнэтөгс ах уяа тусгаарлаад, би өөрийнхөө адуутай үлдсэн юм. Тэгээд унаган битүү үрээнүүдээ сургаж цагаашруулаад уясан, улсын баяр наадмаас хоёр айраг хүртсэн.

-Монгол Улсын хамгийн залуу Алдарт уяач гэгдэж байсан бол өнгөрсөн жил Манлайн эрэмбэнд дэвшсэн.

-Тийм ээ. “Аавыгаа цолонд хүргэсэнгүй, өөрөө цолонд хүрлээ” гэх зэргээр ярих хүмүүс байсан л даа. Миний хувьд ч гэсэн “Аавыгаа Манлай болгоё” гэж бодсон юм. Тэгтэл “Яахав ээ, миний хүү өөрөө цолоо ав. Ааваасаа илүү газар явна. Хүнтэй танилцах хэрэгтэй. Батсуурь Аварга болохын тулд Намсрайжав гуай Аварга байх албагүй биз дээ” гэсэн.

-Нээрэн л тийм дээ. Оновчтой жишээ олж шүү.

-Би ч гэсэн аавын тэр хариултыг сонсоод дахин юм яриагүй. Богино хугацаанд улсын цолонд хүрч, хамгийн залуу Алдарт, Манлай болсон гэдгээс гадна унаган адуугаараа уралдаж амжилтанд хүрсэн гэдэг нь надад сайхан санагддаг. Өөрөөр хэлбэл би унаган адуугаараа улсын цол хүртснээрээ бахархаж явдаг. Харьцангуй богино хугацаанд энэ том цолонд хүрсэн нь буурлуудын минь буян хишиг, алтан тууртын буян, нутгийн уул ус, ард түмний ивээл хайрын тусгал шүү дээ.

 Манай хар азарга монгол адууны шинжийг бүрэн төгс харуулсан сайхан адуу

-Буурлуудын буян гэснээс дээд үед тань ааваас чинь өөр морь уяж байсан хүн бий юу?

-Ааваас дээш морь уяж байсан хүн байхгүй ээ. Аавын аав Чулууны Бандиа гэж улсын Аварга малчин хүн. Аавын тухайд ганзагын наймаа хийгээд хойшоо, урагшаа явдаг байхдаа Бирозана багшийн хар азаргыг авч хурдан морьтой холбогдсон түүхтэй.

-Тэр наймааны тухайд “Моринд дуртай ганц хүүгийнхээ хүсэлт ёсоор” хэмээн аав тань нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Тэгэхээр Баярсайхан Алдартыг моринд “урвуулсан” хүн нь та болж таарах нь.

-Би багын л моринд дуртай хүүхэд байж. Намайг зургаан настай байхад юм уу даа, ээжийн дүү, миний нагац одоогийн аймгийн Алдарт уяач Цолмон ах маань морь уях гэж хорхойсоод, унах хүүхэдгүй давхиж явсан юм шиг байгаа юм. Тэгээд манайд ирээд надаас “Морь унах уу” гэхэд нь би “Уная” гэсэн юм билээ. Ээжид хэлсэн “Аав нь дургүйцэх вий дээ” гэж. Гэсэн ч ах тоолгүй намайг аваад явсан гэдэг. Тэгээд очингуутаа том цэрэг эмээлд жижиг дөрөө хийгээд анх морь унаж байснаа санадаг юм. Хэлтэн хээр нэртэй даага. Хулд сумын Түмэн адууны баяр айхтар бороотой өдөр болоод ах намайг хаймраар даруулж өгөөд мордуулсан. Нүүр нүдгүй бороон дунд учраа мэдэхгүй давхисаар ирсэн айрагдчихсан байж. Тэр мөч бол миний адуутай амьдралаа холбож, адуунд салахын аргагүй болтлоо татагдахын эх үндэс тавигдсан үе юм.

-Ээжийн тань сануулж байсанчлан аав нь дургүйлхсэн үү? Эсвэл...

-Түмэн адууны баярыг аав дагаж үзсэн. Түүнээс хойш би зуныхаа амралтаар ахынд очиж, морь унадаг болсон юм. 1998 онд юм уу даа, хөдөөнөөс ахыг дагаад гэртээ иртэл Бирозана багш манайд ирчихсэн сууж байна. Тэгсэн аав надаас “Хурдан адуу авах уу” гэхээр нь өөрийн гэсэн адуугүй хүн чинь дуун дээр нь зөвшөөрнө биз дээ. Бодох санах юмгүй “Авъя” гэлээ. Тэгээд л аав минь 1,3 сая төгрөгөөр хар азаргаа авч байсан даа.

-1998 онд өндөр ханш шүү.

-Өндөр ханш байлгүй яахав. Азаргаа авахаар очсон наадамд уралдчихсан нэлээн туранхай адуу байж билээ. Тэгээд дараа жил нь найман настай азаргаа би өөрөө унаж Говьшанхад наймаар давхиулсан. Түрүү хэлсэнчлэн жаахан явуулсан бол айрагдах байсан юм шиг санагддаг.

-Наадам нэгээр дуусахгүй шүү дээ.

-1999, 2000 оны заагт айхтар зуд болж, манай азарга шуурганд уруудаад арайхийн олсон чинь сэлдий нь хөлдөөд халуун сав шиг том болчихсон байсан юм. Тэр үед би дөрөв, тавдугаар ангийн хүүхэд. Хичээлээсээ тарж ирээд азарганыхаа хөлдсөн сэлдийг цэвэрлэж угаагаад, тос түрхэнгээ, овъёосоор тэжээнэ. Нөгөө овъёосны бараг тал нь шороо. Ангийнхаа хүүхдүүдтэй ирээд тавган дээр чулуу, овъёосоор нь ялгана. Шөнө хүйтэрбэл ээжтэй хамт гарч нэмнэнэ. Энэ мэтчилэн хичээсний үр дүнд азаргаа босгож авсан. Бас болоогүй нэг эцэнхий гүү хамт тэжээсэн. Тэр зунаа хар азарга уралдаагүй. 2001 онд сумынхаа наадамд 10-аар давхиад, давхар уяагаар Өмнөговийн 70 жилийн ойд очиж түрүүлсэн.


-Би андуураагүй бол хар азарганы тань төлүүд гээд хурдлаад байдаг шиг санагдах юм. Хөлдөлтийн уршиг бага үлджээ дээ.

-2000 оны зун гүү хураалгаад 2001 оноос төлүүд нь гарч эхэлсэн. Ямар ч байсан үр төлд нь харшлаагүй. Хар азарганы үр олон сайхан хурдууд гарч улс, бүсийн уралдаанд уралдсан. Одоо бол төлийн төлүүдээр нь наадаж байна. Харын төл гүүг хүрэн азаргандаа хураалгахад хурдан адуунууд гаргадаг. Эсрэгээрээ харын төл азаргануудыг хүрэнгийн гүүнүүдэд тавихаар мөн л сайн давхиж байна. Манай хар азарга монгол адууны шинжийг бүрэн төгс харуулсан сайхан адуу. Би зургийг нь харах дуртай, байнга харж байдаг юм.

-Хэд хүрсэн бэ?

-22, 23 хүрсэн. 2002 онд Дундговь аймаг байгуулагдсаны 60 жилийн ойгоор 412 азарга уралдахад 10-т давхиж байсан. Хар азарганы төл Улс хээр 2012 онд даагандаа говийн бүсэд дөрвөөр давхиад, 2013 онд шүдлэндээ улсын баяр наадамд зургаалж, өмнөх дөрвөн эрлийз үрээ нь хасагдан аман хүзүүнд баригдаж байсан юм. Мөн Согоо морь байна. Хар азарганы охин төлийн төлүүд бас их хурдалдаг. Улс, бүсийн уралдаанд 10 дотор олон давхисан даа.

-Хар азарга ямар удмын адуу вэ?

-Эцэг талаасаа Дорноговийн Адилбиш гуайн адууны угшилтай. Бирозана багш Иххэтээс том зээрд азарга авчраад унаган хар гүүгээ хураалгаж, манай хар азарга гарсан. Хар азаргандаа манайх нутгийн буюу Жамбага ахын адууны голдуу гүү хураалгадаг байсан.

Миний бодлоор хурдан морь хоёр янзын шалтгааны улмаас хөлөө авдаг


-Жамбалсүрэн Алдартын адууны угсаа нэлээд бий байх шүү. Даншиг хүрэнгийнхээ талаар хуучлаач.

-Уг нь аав Сандуйжав гуайгаас тойруулгын уралдаанд нэг түрүүлсэн хул даагыг нь авах санаатай очсон юм билээ. Тэгээд санаагаа хэлтэл “Таван сая төгрөг” гэсэн гэдэг билүү дээ. 2001 онд өндөр ханш. Тэгээд арай хүчрэхгүй нь гэтэл хамт явсан Жанцан гуайн хүргэн Түмэнбаяр “Би чамайг сайхан ахтайгаа уулзуулъя. Хоёулаа буцъя” гэж. Ингээд Баянцагаан орж Жамбага ахынд очсон юм билээ. Аав “За ах аа, хүнээс хурдан адуу авъя гэхээр зарахгүй адуу заалаа гэх юм. Тийм болохоор та зарахгүй адуугаа эхлээд заачих” гэж. Тэгсэн Жамбага ах “Хөгшин хүүхэн, хүрэн азарга хоёроосоо бусдыг нь зарчихнаа” гэж. Тэгээд адууг нь үзэж байхдаа Биро багш хадагтай хүрэн даагыг зааж “Хурдан даага юм. Сэтэртэй бололтой. Зарахгүй байх аа даа” гэж гэнэ. Хүрэн азарганаас бусдыг зарна гэсэн болохоор аав гүйж очоод “Ах аа, хүрэн даагыг чинь авъя” гэтэл “Тэг” гэж. “Хэд үү” гэсэн чинь “Сая” гэж. Аавд тэр нь бараг “Бэлгэнд ав” гэж байгаа юм шиг сонсогдсон гэсэн (инээв).

-Таван сая төгрөгийн ханш дуулсан хүнд тэгж бодогдох нь аргагүй биз.

-Эх нь шаварт унаад үхчихсэн гэсэн хэр нь нөгөө хулыг нь бодвол даналзсан, нүд булаам сайхан даага байж. Аавыг “Авъя” гэсэн Жамбага ах зогтусаад хэсэг зогссоноо “Нээрээ авах юм уу? Авбал хүрэн даагаа зүгээр өгөхгүй. Их насны морь дагуулна. 500, нэг сая, 1,5 саяын гурван хонгор морь байна. Аль нэгтэй нь ав” гэж. Аав “Сая 500-гийнх нь хонгор морийг авъя” гэж. Ингээд наймаа тохирч, тэр жилээ Жамбага ах уяж, найз нь авч яваад хүрэн үрээг улсад 50-аар давхиулсан юм билээ. Хонгор морины тухайд сум орон нутгийн наадамд олон айрагдаж, түрүүлсээн.

-Хүрэн азарга хязааландаа аавын тань нэр дээр Говьшанхад айрагдсан. Жамбага Алдартаас хэзээ авсан юм бэ?

-Улсад уралдсаных нь дараа урагшаа аваачаад, шүдлэн үрээ Биро багш уяж, Дундговь аймгийн 60 жилийн ойгоор наймд давхиулсан. Дараа жил нь хязаалан үрээ Говьшанхад түрүүлээд, соёолондоо өнжиж, хавчигтаа суманд айрагдаад, долоотой өнжсөн. Наймтай азарга Говьшанхад дахин түрүүлсэн.

-Яагаад өнжөөгөөд байдаг байсан юм бэ?

-Байгал цаг уурын таагүй байдал нөлөөлсөн гэх үү дээ. 2004-2012 оныг хүртэл манай нутаг ерөнхийдөө гандуу байсан юм. Тухайн үед тэжээл овъёос ч гэж айхтар мэддэггүй байж. Тиймээс тамир муутай адууг өнжөөхөөс өөр аргагүй байсан юм.


-2007 онд аймгийнхаа ойд айрагдсан бил үү?

-Тийм. Дундговь аймгийн 65 жилийн ойд аман хүзүүдсэн. Дараа жилийнх нь хавар есөн настай азарга улсын бүсийн уралдаанд уягдаж байгаад хөлөндөө сэв суулгачихсан. Миний бодлоор хурдан морь хоёр янзын шалтгааны улмаас хөлөө авдаг юм шигээ. Эхнийх нь дэндүү сайн уяатай байх үедээ. Хоёр дахь нь эсрэгээрээ сайн адуу муу уятай байх үедээ. Тэр жил хүрэн азарганы уяа дэндүү сайн, морь байтугай, мотортой юмтай ч уралдахааргүй болчихсон байсан. Хавар гурван сард гэхэд хөөврөө хаячихсан, мөлчигнөсөн адуу байсан гээд төсөөл дөө. Замаас нь морь тосгуулж тавихад гүйцэгдэхгүй давхисаар ороод ирдэг. Тийм үед дэндүү шахуу ажил хийж байгаад хөл рүүгээ оруулчихсан байна лээ.

-Хар азарганы мялаалга уралдаанд түрүүлсэн гэдэг. Тэрний дараа юм уу?

-Тийм. Тэнд түрүүлчихээд, Сайхан-Овоод болох улсын бүсийн уралдаанд бэлтгэгдэж байхдаа хөлгүй болчихсон юм. Илүү сайн болгох гэж шунасны гор л доо. Шөрмөсөө цохичихсон байсан тул хоёр жил өнжөөгөөд, 11-тэйд нь Өмнөговийн 70 жилийн ойд мордуулж, айрагдуулсан. Түрүүлэх боломж ч байсан байх. Яагаад гэхээр есөн азарга төхөөрөмж задалж гараад, эргүүлж чадахгүй явсаар замын дунд хүргээд арга буюу арын азаргануудаа гаргасан. Би даамлын машинд сууж явсан юм. Хүрэн азарга гарсан цагаас хөтөлсөөр барианд 4-5-хан км дутуу байхад нөгөө есөн азаргатай очоод нийлчихсэн. Сажилж явсан адуунууд чинь хүрэн азаргыг араас ороод ирэнгүүт уралдаад, тэгээд үзэлцсээр байгаад аргагүй сууж гуравласан юм.

-Тэр азаргануудыг барьчихсан хэрэг үү?

-Үгүй л дээ. Бүгд хасагдсан. Хүрэн азарга тэдэнтэй өрсөж уралдсаар үрэгдчихгүй юу. Дараа нь “Говьшанхын хурд-4” д уралдуулах гэсэн Жамбага ах залгаад “Гэдсийг нь дэндүү гүжир болгочихож. Чи ахынхаа үгэнд ороод нэг шөнө аваад хоно” гээд. Миний хувьд авч хономооргүй санагдаад.Тэгээд өөрийнхөөрөө шийдсэн нь алдаа болж, уралдааны замд эрүүл хөлөө гэмтээчихсэн юм.Түүнээс хойш дахин уралдаагүй. Үр төлүүд нь залгаад хурдалсан даа.

-Төл сайтай юу?

-Уядаг байхдаа цөөн гүүтэй байсан. Дээр нь хөл нь муудаад хатгуулж, хануулна гээд бас гүүнүүд нь эзгүйрсэн тал бий. Мөн ган, зуд, шуурга зэрэг байгалийн шалгарлаас болоод 2011 онд анхны төлүүд нь гарсан. Хонгор халзан морь анхны төлийнх нь нэг. Хязаалан байдасны унага хариугүй юм гарч байсан юм.

Хүрэн азарганы төлүүд эцгийнхээ хэмжээнд хүрэхгүй байх шиг санагддаг


-Алтан азарга цомыг хүртэхэд “Үр төлүүд нь улс, бүсийн уралдаанаас найман түрүү, 16 айраг хүртсэн” хэмээн тодотгож байсан. Энэ хэдэн адууны амжилт вэ?

-Дайчин халзан, Баавар хүрэн, Хишиг хүрэн,Төр хүрэн, Данагар хүрэн, Од хүрэн гэгчлэн зургаан адууны амжилт. Их хурдаас хойш нэмэгдээд 28, 29 болчихсон байх шүү. Баавар хүрэн гэхэд улс, бүсийн уралдаанд гурав айрагдсан. Түүний төрсөн дүү Хишиг хүрэн бүсийн уралдаанд нэг айрагдсан. Хишиг хүрэнгийн дүү Төр хүрэн улсад нэг түрүүлж, нэг айрагдаад, бүсэд нэг түрүүлж, нэг айрагдаад байна. Төр хүрэнгийн төрсөн дүү Данагар хүрэн улсад нэг айрагдаж, бүсэд нэг түрүүлсэн. Данагарын дүү Од хүрэн бүсийн уралдаанд түрүүлж ирээд тугны гадуур орчихсон. Түүний хоёр дүү нь одоохондоо улс, бүсийн уралдаанд хараахан айрагдаж чадаагүй 10-аадаар давхиад байгаа. Сая ярьдаг долоон хүрэн адуу цөм нэг эцэг, эхийн төлүүд бөгөөд одоогоор тав нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдаад байна.

-Эцэг нь ойлгомжтой. Эх нь ямар гүү байдаг юм бэ?

-Манай өөрийн унаган цэгээн гүү.

Хар азарганы төл үү?

-Үгүй ээ. Цэгээн гүүний эцэг нь Баянцагаан гаралтай цэгээн азарга байдаг юм. Энэ цэгээн азарга бас их түүхтэй.

-Тэр түүхээ хуучлаач.

-Хүрэн азарганы наймааг хийчихээд ирэхдээ аав ихээ дэлтэй цэгээн соёолон азарга авчирсан юм. Тэгсэн манай Амбаа (өвөө Чулууны Бандиагаа ийн авгайлж дууддаг аж) “За, хүүдээ ааваас нь хурдан адуу авч өгнө өө” гэж байна. Нэг гоё саарал үрээ ирснийг авчих санаатай “Амбаа, надад энийг аваад өг” гэсэн чинь “Наадах чинь яах вэ, том болоод давхихгүй юм байна. Амбаа нь энэ цэгээн азаргыг авч өгнө өө. Энэ л миний хүүд их юм болно доо” гэсээр цэгээн азаргыг авч өгсөн юм. Цэгээн азарга өөрөө уралдаж амжилт үзүүлээгүй ч үр төлүүд нь биднийг олон жил баярлуулж байна. Тиймээс “Амбаагийн минь буян хишиг одоо надад бууж байна даа” хэмээн бэлгэшээдэг болсон.


-Баянцагааны хэний адуу юм бэ?

-Бавоош гэдэг хүний адуу юм гэнэ лээ. Х үсгэн тамгатай цэгээн соёолонг Алтанбаяр гэдэг хүнээс авсан гэдэг шиг санагдаж байна.

-Хар азарга их зоримог, ер нь уралдаж байхдаа “дийлнэ ээ” хэмээн зүтгэдэг байсан гэдэг. Тэгвэл хүрэн азарга ямар онцлогтой вэ?

-Хар азарга үнэхээрийн зоримог адуу байсан. Харин хүрэнгийн тухайд их омголон адуу. Булгина, хазна, өшиглөнө. 2007 онд Говьшанхад түрүүлэхэд би өөрөө уясан. Ёстой учраа мэдэхгүй явж байгаад түрүүлгэчихсэн юм даа. Хурдан адуу болохоороо ямар ч ажил хийсэн, зөвдөж байсан цаг үе юм шигээ. Азарга эргэхэд л тээр өмнө нь явж байдаг. Айхтар нарийсч, хоолоороо оролдуулаад байхгүй. Ээлжийнх нь ажлыг хийчихэд аяндаа хурдлаад байдаг, бэлэн давхилтай. Би үр төлөөс нь уяж, улсад түрүүлгэж, бүсэд айрагдуулж, түрүүлгэж үзлээ. Гэвч аав шигээ санагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төлүүд нь аавынхаа хэмжээнд хүрч хурдлахгүй байх шиг санагддаг. Хүрэн азарга бол гайхамшигтай хурдан адуу.

-Хүрэн азарга одоо бий юу?

-Бий, бий он гараад 22 хүрнэ. Энэ жилээс дордоод тэжээлд оруулсан.

-Эр төл болгон нь хурдалсан уу?

-За бараг л. Эр болгон нь уягдсан.Тэднээс давхиагүй нь ховор шүү. Охин төлийнх нь төлүүд ч ялгаагүй хурдалдаг. Миний хүрэн азарга аль ч талаараа гайхалтай буян.

-Төлүүд нь хурдаараа гүйцэхгүй ч хэлбэр хийцээрээ эцэгтэйгээ адилхан уу?

-Яг адилхан гардаггүй юм билээ. Ерөнхийдөө төстэй ч усны дусал шиг адилхан биш. Гэхдээ бүгд зүсээ дагадаг.

Дайчин халзан бол монгол адуу


-Олон  адуунуудын тухай ярьж болох ч онцлоод халзан морио яръя. Дайчин халзангийн удам угшлын талаар эхлээд тодруулмаар байна. Яагаад гэвэл “халзан морь эрлийз адуу гэсэн” өгүүлбэрийг нэг бус удаа сонсож байлаа. Харин та монгол адуу хэмээн баталдаг шүү дээ.

-Ийм учиртай. 2008 онд хүрэн азаргаа хөлгүй болгочихоод зун нь азарга уясангүй. Тэгтэл манай хүргэн ах Мөнхбат хул азаргаа уяад сумын наадамд айрагдууллаа. Тэр үед би жаахан дээр нь сагсуу байж. “Ах аа, би ийм азаргыг сумын наадамд ингэж уралдуулахгүй ээ. Их хол түрүүлгэнэ ээ” гэлээ. Тэгсэн маргааш нь ах хул азаргаа хөтөлчихсөн, хүүтэйгээ хоёул ирээд “Ах нь хул азаргаа аймгийн наадамд л айрагдуулчихмаар байна” гэж байна. Тэр үед манайх Өмнөговийн Цогтцэцийд байсан юм. “Аймгийн наадамд айрагдуулах гэж байгаа бол би Дундговь аваад явъя” гэсэн “Ээ, Дундговь ширүүдэх байх аа. Өмнөговьд л уралдмаар байна” гэхгүй юу. Тэгэхээр нь “Би нутагтаа уралдана аа. Дундговьд түрүүлгэчих байх аа” гэлээ. Тэгээд хэлснээрээ Дундговь явлаа. Морь хооллож байтал ах хүү ирээд “Ээ Лхагва-Очир минь, нөгөө муу хул азарга чинь үхэх нь ээ” гэнэ. “Ээ яав аа, юу болов оо” гэсэн чинь “Хоолоо идэхгүй зогсоод байна аа” гэж байна. “Өө ах аа, маргааш хол түрүүлэх юм байна аа” л гэлээ. Тэгээд маргааш нь мордуулахдаа хүүхдэдээ “Ахын дүү бариан дээр сайн шавхраарай” гэж хэлээд явууллаа. Бариан дээр хүлээж байтал үзүүрийн азарганууд гараад ирлээ. Хул азарга байна. Үзэгчдийн үзүүр лүү орж ирээд сайхан тарлаж байтал гурван азарга зэрэгцэхдээ мөргөлдөөд, түүнээсээ болж хөл алдахад нь манай хүүхэд ташуураа хаячихлаа. Тэгээд самгардаж байх хооронд Содномбаатар гуайн хонгор азарга орчихсон. Гэхдээ их ойрхон орсоон. Тэр хонгор азарга бидэнтэй хамт ирсэн юм. Зурхай дээр хоёр азарга зэрэг шахуу гишгэсэн ч Содоо ахын хонгор түрүүлсэн болоод, манай хул аман хүзүүнд баригдлаа. Наадмын дараа гэртээ ирчихээд байтал ах давхиж ирээд “Ах нь чамд хулынхаа төл охин даагыг бэлгэнд өгч байна” гэсэн юм. Тэр нь навсайсан жаахан хул даага. Өвөл нь цаг хатуурахад манайх 100-гаад адуугаа зуданд алдаад ганц хоёрыг нь оллоо. Тэгэхэд хул даага мөнчгөрөөрөө үлдсэн. Айлын адуу дагаад ирдэг бил үү, ямартаа ч мэнд үлдээд хүрэнгийн адуутай нийлчихсэн байсан юм. Тэгээд хамт тэжээгдэж байгаад хүрэнгийн гүү болчихгүй юу. Би “Энийг салгаа, уях азарганы тамир муутгачих гээд байна. Ирэх жил уяна ш дээ” гээд байдаг. Салгахгүй явсаар хүрэнд гарчихсан. Тэгээд хязаалан хавраа унагалж, миний халзан морь гарсан юм. Яахав, хурдан адууг эрлийз хурлийз гэж ярьдаг. Миний хүрэн азаргыг бас улс амьтан “Эрлийз. Хандгайгийн төл, биш” гэдэг юм гэсэн. Очоод үзсэн хүн “Ийм эрлийз адуу гэж юу байх вэ” л гэдэг юм. Даваахүү гуайн Цолмон, Ажнай хүрэн орчихсон, мундаг цустай амьтан юм билээ. Халзан морь бол хариугүй жаахан шүдлэн шиг л адуу шүү дээ. 25-тай, 50-тай гэж л байдаг юм. Хонгор халзан морийг гарч байх үед манайд 50-тай азарга байсангүй, цэвэр азарга ч байсангүй.

-Халзан морины талаар Ганпүрэв нэг хөөрхөн түүх ярьдаг. Эзнийх нь амнаас сонсмоор байна.

-Миний халзан морь чинь бас түүхтэй. 2011 онд дөнгөж их сургуулиа төгсч ирчихээд мотоцикль эвдэрчихсэн адууныхаа захад сууж байтал манай найз, Өмнөговь аймгийн Алдарт уяач Болдбаатар маань давхиад ирлээ. Сайхан шинэ тэрэг уначихаж. “Чи хаанаас мотоцикль авав” гэсэн чинь “Өмнөговиос сая 250 мянгаар авлаа” гэж байна. Тэгэхээр нь “Адууны наймаа хийх үү. Найздаа мотоциклио өгчихөөч” гэсэн чинь “Адууг чинь үзье” гэж байна. Хүрэн азаргатай адуун дээрээ дагуулж ирээд “Энэ хул байдаснаас хүрэн азарганы төл гарах юм. Миний хөгшин энэ хул байдсыг ав. Хэтдээ чамд хэрэгтэй адуу гарна” гэсэн жаахан харж байснаа “Жижигхэн байдас юм” гээд голлоо. Ингээд наймаа хийж чадсангүй. Тэгэхээр нь “За за, тэгвэл найз нь морио уяж мотоцикль авъя даа” гэлээ. Төд удалгүй болсон уралдаанд хоёр морио түрүүлгээд, хоёр мотоцикль авч унагаа ч юүлчихлээ. Тэгээд давхиад ирсэн чинь миний хонгор халзан дөнгөж төрөөд тэнцэж байсан. Аливаа юмны зүйлийн учрал ерөөл гэдэг сонин шүү.

-Гологдсон түүх нэгээр тогтдоггүй гэж дуулсан.

-Байдсан гүүний төл жаахан л юм байж таарна шүү дээ. Даага боллоо, тэжээсэн ч үгүй, бэлчээрээрээ онд орлоо. Хүмүүс байтугай эзэн би өөрөө голоод байгаа нь тэр шүү дээ. Зун нь уясангүй. Намар барьж аваад сургаж, жаал унаж эдэллээ. Сум орохдоо хүн амьтан таарвал “Хүүе, надад нэг даага бий шүү. Зарчихмаар байна. Авах хүн байна уу” гээд л давхиад байдаг. Авах хүн таардаггүй ээ. Тэгж явсаар байгаад шүдлэн болдог өвөл нь суманд нэг уралдаан болох сураг гараад. Хонгор халзангаа оруулж ирээд уралдуулсан чинь айрагдчихдаг юм. Тэгээд зун нь сумынхаа ойд гуравлаж, Дэлгэрхангай, Сайхан-Овоогийн наадамд түрүүллээ. Хязааланд нь таг өнжөөгөөд соёолонд нь Пүүжээ ахын нэр дээр улсад тавьж айрагдуулсан.

-Төрийн наадамд соёолон айрагдуулчихаад өөр хүний нэр дээр цоллуулсаныг тань битүүхэн гайхаад л байдаг юм. Тухайн үед яригдсан наймаа буцсан юм болов уу гэж хүртэл бодож үзсэн.

-Тийм яриа огт болоогүй ээ. Ах хүү морь сонирхож, би зүүнтэйгээс сайхан буурал морь авчирч өглөө. Өөр ч олон сайхан адуу авч өгсөн. Буурал морийг нь улсад уралдуулна гэж бодож байтал уяаны алдаанаас болоод мордохооргүй болчихгүй юу. Гэтэл ах хүү давхиад ирнэ биз дээ. Тэгэхээр нь халзан соёолонгоо нэр дээр нь мордуулсан чинь айрагдчихсан. Нэгэнт ахын нэр дээр уралдуулсан учраас тэр жилийн гурван том уралдаанд айрагдахдаа дандаа Пүүжээ ахын нэр дээр уралдсан.


-Эхлээд яриагүй юм байж. Уралдааны дараа санал тавиагүй гэж үү?

-Бидний хооронд наймаа яригдаагүй. Харин өөр ганц нэг улс “Зарах уу” гэж байснаас үнийн дүн хэлж байгаагүй. Би ч сүүлдээ нэг их заръя гэж бодохоо байсан.

-Эрлийз монголоороо талцсан энэ цаг үед халзан морь уралдаж байна. Танд гомдолтой санагддаг уу?

-Монголын уяачдыг нэгтгэсэн том төрийн бус байгууллага ММСУХ-ны VII их хурлаас “Сэрвээний өндрийг харгалзаж уралдах” шийдвэр гарсан. Үнэхээр сэрвээндээ багтаад уралдаж байгаа бол үүлдэрлэг байдал хамаа алга. Хүний хурдан сайхан буяныг түрүүлж, айрагдаад ирсэн хойно нь “эрлийз хурлийз” гэх нь зохимжгүй юм. Харин үнэн худал нь мэдэхгүй, “айрагдаж, түрүүлж байгаа морьдын сэрвээ давсан байсан” гэсэн яриа гарах юм. Хэрвээ тэр үнэн бол харамсалтай л байна. Улс амьтан ирээд “Чиний халзан морины өмнө эрлийзүүд орлоо шүү” гэдэг. Би хариуд нь “Сэрвээндээ багтаад уралдсан юм байгаа биз дээ. Муу уясан өөртөө л гомдож суухаас, өрөөлд гомдоод яахав” гэдэг юм.

2018 онд халзан морио санаандаа хүртэл уяж чадсан

-Энэ жил улсын баяр наадмын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Айрагдахгүй гэдгийг нь мэдэж байсан. Яагаад гэхээр ажил хийлгүй байсаар хэт таргалуулаад, тэгээд хүчтэй ажил хийсэн чинь хөндүүр суучихсан юм. Сунгаан хийх гэсэн эгзэг нь таарч өгөхгүй явсаар байгаад тулчихсан. Дутуу байгаа морийг Өмнөговийн сунгаанд оруулж болдоггүй. Дангаар нь ажил хийхээс өөр замгүй болоод. Тэгээд баахан хүүхдүүд цуглуулж байгаад 12 морь мордууллаа. Бүгд л сайн, улс, бүсэд хөтөлдөг, айрагддаг морьд. Тэгээд яг сунгах гээд явж байтал хонгор халзан морины хүүхдийн бие эвгүйрхээд, өөр морины хүүхэд аваад тавъя гэхээр тарган байгаа моринд хамаагүй том хүүхэд мордуулж болдоггүй. Арга ядаад сул сунгачихгүй юу. Тэгсэн 12 километрийн сунгаанд халзан морь өнгөлсөн ч улсын наадмаар ямар байхыг нь мэдэхгүй шүү дээ. Гэрийн сунгаантай, ойр зуурын морьдтой ажил хийчихсэн, ийм морийг улсад айрагдана гэх итгэл үнэндээ төрөөгүй. Бүр “Больчихъё” гэж байгаад “Мордуулаад үзье. Болохгүй бол татуулчихна биз” гэсэн шийдвэр гаргасан юм. Тэгээд бодож байгаад ноднин Дорноговийн бүсэд даага унаж уралддаг нөхрийг мордуулчихсан чинь Ганпүрэв залгаад “Чиний хонгор халзан морь гараа руу хүүхэдгүй явж байна” гэдэг юм. Хаана явна гэсэн Цагаан хөтөл дээр гэнээ. “Тэгвэл чи Энхболд дээр очоод асуугаадах. Яасан юм бол” гэсэн “Нөхөр гэдэс нь өвдөөд буучихсан” гэдэг юм. Яагаав нөгөө гэдэс нь эвгүйрхээд байдаг нөхөр шүү дээ. Тэр бичлэг нь фейсбүүкээр зөндөө л явсан даа.

-Сандарсан үедээ гэдэс нь эвгүйрхээд байдаг юм болов уу?

-Магадгүй л юм. Хүүхэд рүүгээ залгаад “Хүүе, чи яав аа” гэсэн чинь “Ах аа, би эмнэлэг дээр байна. Эмнэлгийнхэн намайг биеийн байдал муу, мордуулахгүй гэж байна” гэдэг юм. Тэгэнгүүт нь Ганпүрэв рүү эргэж залгаад “Шаагаа ахын хүрэн морь арай нарийхан байгаа. Нэгэнт хонгор халзан морио мордуулчихсан юм чинь уралдуулаад үзье. Арай л илүү уралдах байх. Хүрэн мориныхоо хүүхдийг солиод тавьчих” гэлээ. Хүүхэд буугаад солигдоод мордох хооронд морьд цаашаа арилсан юм билээ. Бүх морь сайхан эгнээд зогсчихсоны ар дээр миний гурван морь төхөөрөмж рүү ортол дохио дуугарсан. Араас нь хүрээд ирсэн чинь 100 гаруйгаар явж байна. Нэлээн том хүүхэд мордчихсон. Хүүхэд рүүгээ залгаад “Шахаж болохгүй шүү” гэсэн чинь “За” гэж байна. Цагаан хөтөл дээр харж байсан чинь 30-аадаар гарч ирж байнаа. Цагаан хөтөл дээр гарахад хамт явсан 2-3 морь нь бүр зайлаад явчихаж байна. Тэгэхээр нь “За миний хүү, тат. Тэгээд сажлаад оч” гэсэн чинь нөхөр дуугардаггүй. Татдаггүй, яваад л байдаг. Араас нь бөөн бөөнөөрөө хүрээд ирэхээр дарвиад байх юм. Тэгээд Дааган толгойн араар орлоо. Бүр сүүлдээ уурлалаа. “Татаач ээ, морь хөлгүй болгочихов оо” гэсэн чинь нөхөр нэлээн чимээгүй явж байснаа “Лхагваа ах аа, энэ чинь дийлдэхгүй байна шүү дээ” гэдэг юм. “Яваад байгаа юм уу” гэсэн чинь “Яваад байна” гэж байна. “Тэгвэл жаахан явуулаад үзэхгүй юу” гэсэн чинь чимээгүй л яваад байна. Давираад л сайхан урагшлуулж байгаа байх даа гэсэн чинь шавхарчихсан юм билээ. Тэр хойноос дэндүү хүчтэй явчихаар аргагүй л дээ. Тэгээд улсын наадамд долоод давхиулчихаад, дахиад мордоо ч уу үгүй ч үү гээд “Их хурд”-д тавьсан. Тэгэхдээ улсын наадмаасаа ч муу уяатай ирсэн.

-Тийм байхад нь тавьчихаж байгаа юм уу?

-Урд өдөр нь л “За за, болохгүй юм байна даа. Яагаад ч болохооргүй, цалгар болчихсон байна. Ажил нь дэндүү холдчихож, хайрлачихсан байна” гэж найзууддаа ч хэлж байлаа. Гэхдээ дээр хэлсэн шалтгаанаар мордуултал дахиад долоолсон. Сайн уях юм бол яахав, нөгөө хэд дээрээ очоод уралдчих хэмжээний л явж байна лээ. Муу уясан болоод айрагдаж чадаагүй.

-Говьшанхад ямар уяатай мордсон бэ?

-Нутгийн дэвжээ гэдэг өөр шүү дээ. Хоёр том наадамд алдчихсан болохоор сайн тавихыг хичээж, түүндээ ч хүрсэн. Халзан морь ч сайхан түрүүлсэн. Ний нуугүй хэлэхэд надад халзан морь бүсийн уралдаанд айрагдах нь сонин биш. Түрүүлэх нь чухал. Түүнийхээ төлөө зүтгэсэн.

-Говийн бүсэд түрүүлэхэд нь олон хүн баярласан байхаа.

-Сүүлийн үед халзан морь олон балиашигтай болсон байна лээ (инээв).


-Уяа нь дутуу байхдаа улсын баяр наадам, Их хурдад долоолж. Тэгвэл хэзээ халзан морио санаандаа хүртэл уяж байсан бэ?

-Өнгөрсөн жил улсын наадамд гуравт давхихдаа үнэхээр сайн уяатай мордсон. Би өөрийгөө тэгж уяж чадахгүй байх гэж боддог байсан. Яагаад гэвэл зургаан настай уралдаад, долоотой өнжчихсөн морь. Долоотой өнжихдөө яг бэлчээрээрээ, адуундаа өнжчихсөн. Тэр их махыг барж, дийлнэ гэдэг бэрх бүтэшгүй санагдаж байлаа. Үнэхээр ч говьд уясан бол ноднин халзан морио айрагдуулж чадахгүй байсан. Тиймээс зөв хөндүүрийг нь гаргачихсандаа найдаад хангайн сувсан ногоон дээр уяя гээд зургадугаар сарын 9-нд Цээлд ирж буугаад морьдоо уясан. Бодож байсанчлан хүч нь сайхан буурч, уяа нь ч зөв эвлэсэн. Уралдахынх нь урд өдөр хараад “Бараг түрүүлчих байх” гэж бодсон шүү. Тийм ч болохоороо нэг тв-ийн ярилцлагад “Миний халзан морь сайхан түрүүллээ” гээд хэлчихсэн байна лээ. Тэгээд дараа нь залруулж сайхан айрагдлаа гэсэн.

-Манай сэтгүүлд ч гэсэн тиймэрхүү утгатай ярилцлага өгсөн санагдах юм.

-Түрүүлсний дайтай сайхан уралдлаа гэснийг “түрүүлсэн гэж бодож байна” хэмээн ойлгосон юм шиг байна лээ. Улсын наадмын дараа Дорноговьд болсон говийн бүсийн уралдаанд дахиад түрүүлсэн. Цоллогооны үеэр Одгэрэл Манлай ирээд айраг аваачиж өгсөн чинь “Миний дүү халзан морио сайн уяж байна аа. Ирэх жил ингээд уяарай” гэсэн юм. Тэгээд “Хичээнэ ээ, ах аа” гэсэн ч чадаагүй. Энэ жил “Их хурд”-ын үеэр Гэрлээ ахтай уулзсан “Чи юу хийж яваа хүн бэ. Муу уяатай юм билээ. Чи ийм наадамд ийм морь мордуулж байдаг. Ноднингийнх шиг уячихсан бол наадах чинь хурдан шүү. Арга ядахад бүсээ бодохгүй” гэсэн.

-Их хурдад мордуулах хэрэг байна уу л гэсэн санаа байх нь...

-Тийм. Тэгээд Говьшанхад түрүүлгэчихсэн чинь “Аргагүй мал юм байна. Чиний сайных биш, аргагүй төрчихсөн хурдан адуу юм байна. Баяр хүргэе” гэж байна лээ. /инээв/ Сайхан Тод манлай ахынхаа чин сэтгэлийн үгийг дуулах надад ч гэсэн сайхан байсан. Бараг надаас илүү баярлаж байна лээ.

-Бусдын баярлаж цэнгэх шалтгааныг бий болгодог гэхээр уяачийн үүрэг их шүү.

-Адууны л буян заяа юм даа.

-Ингэхэд гологдсон хул гүүнээс өөр хурдан адуу төрсөн үү?

-Охин голдуу төл гаргадаг юмаа. Гурван эр унага гаргасны нэгийг нь муу зан сургаад хадуурдаг болгочихсон. Тэр хээрийг уях аргагүй. Дараагийнх нь Харцага хүрэн гээд Отгонлхагва ахын морь бий. Улсын наадамд тархины хэдэн соёолонд уралддаг. Энэ жил хавчиг зургаатай. Түүний дараагийнх нь миний хүүгийн хээр шүдлэн байна. Би хайрлаад уяхгүй байгаа юм. Одоо цагт монгол бага адуу бол уралдаад амжилт үзүүлэхгүй шүү дээ. Ах шигээ жижигхээн үрээ бий. Сайхан азарга болгоно гэж бодож байгаа.

-Морь уях тухайд гаргаж буй амжилтанд тань мэргэжлийн давуу байдал түлхэц болдог гэж боддог уу? Өөрөөр хэлбэл онол, практикийг хослуулан уяж байгаа учраас илүү амжилт гаргаж байгаа гэдэгтэй санал нэгдэх үү?

-Хөдөөний малчин залуу төрийн наадамд морио айрагдуулж, түрүүлгэхэд хэцүү болсон цаг. Хэдэн жил номын дуу сонссон, хүнтэй яаж харьцах, хүнээс юу авах, юуг эс авахаа гадарладаг болсны үр шим мэдээж тусч л байгаа. Малын эмч мэргэжлээр сурч эзэмшсэн бүхэн маань морь уяхад маш их дэм болдог нь ойлгомжтой. Ер нь тэгээд уяач хүн өөрийгөө аль болох хөгжүүлж, цаг үесээ хоцрохгүй байх ёстой юм билээ. Тэгж байж л амжилтанд хүрнэ.

Морь уяж байгаа хүн ёсыг сахиж, дэг журамтай байх хэрэгтэй

-Цаг үеэ дагаад шинэ цагийн буюу эрлийз адуутай болж байгаа юм байна хэмээн ойлгож болох уу?

-Анхаарч байна аа. Хоёр гурван жилийн өмнө Монгол Улсын Алдарт уяач Сосорын Мөнхбат ахынхаа буянаар Ирланд улсаас цэвэр азарга оруулж ирсэн. Үр төл нь хоёр сайхан даага энэ жил уралдаж аймаг, сумынхаа наадамд айрагдаж, түрүүллээ.

-Нээрэн Ирланд яваад ирсэн байх шүү.

-Тэгсээн. Малын эмч Наранбаатар ахын зааварчилгаагаар Мөнхбат ах бид хоёр Ирландын морины хөгжилтэй танилцаад ирсэн. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн өөрийн нүдээр үзэх өөр юм билээ. Төсөөлж байснаас тэс өөр. Товчхондоо өдөр шөнө шиг ялгаатай санагдсан.

-Лхагва-Очир ингэхэд хэн хэний морьдыг уядаг вэ?

-2016 оны би улсын наадамд морины хэдэн хүүхэдтэй, ачааны ганц машинтай бүл хүч муутайхан ирчихээд сууж байхдаа “тосож аваад гэр, майхан сав бариад өгчих хүн байхгүй” зутруу байна шүү хэмээн бодсон юм. Тэгээд багын найз Дашдорж луугаа залгаад “Найздаа хоол унд, хүүхдийн хамгаалалтын хувцас аваад ирээч хө. Найз нь ганц морины машинтай ирчихсэн байна. Жижиг тэрэг алга. Манайхан ард ажил ихтэй амжилгүй үлдэцгээсэн” гэсэн юм. Наадмын урд өдөр ирсэн болохоор морины ажил хийх, хоол унд бэлтгэх, морь бүртгүүлэх гэж бужигнаад. Маргааш нь өглөө нь морь тайлбарлагч Ганпүрэв, Түвшээ хоёр давхиад ирдэг юм. Тэр хоёрт “Найз нь төрийн наадамд хүрээд ирсэн чинь тосоод авах хүн ч алга. Ер нь хүний морь уяя. Сайхан залуучууд байвал хамтраад морь уяя” гэсэн чинь Улсын Алдарт уяач Батболд ахыг танилцуулж өгсөн юм. Жилийн дараа хул үрээг нь улсад айрагдуулсан. Түүнээс хойш манай сумын уугуул Мөнхбат, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагва, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батмөнхийн Шаравдорж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Чинзориг, Жавхлантөгс, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Батжаргал нарын морьдыг уядаг болсон.

-Албан ёсоор галын зохион байгуулалтанд ороогүй юмуу?

-“Шандаст хүлэгч” гал уяа гэж нэрлэчихээд байгаа. Одооноос л галын зохион байгуулалтанд орох гэж байна.

-Нэрлэхэлгүй хариулаарай. Манлай өөрийнхөө давуу талыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Архи дарс, аалиа цэнгэлээс хол. Дээхнэ үеийн уяачид архи адуу хоёр нэг саванд багтахгүй хэмээн уяаны үеэр хатуу идээ хэрэглэхийг цээрлэдэг байсан юм билээ. Энэ сайхан дэг ёс сүүлийн жилүүдэд алдагдаж байгаад эмзэглэж явдаг. Залуучууддаа хандаж хэлэхэд “Морь уяж байхдаа мориныхоо төлөө л зүтгэх хэрэгтэй. Болсон болоогүй морь уяад л, наадмаас буцахдаа архи дарс уугаад байвал адуу нь шалихгүй. Морь уяж байгаа хүн ёсыг сахиж, дэг журамтай байх хэрэгтэй. Тэгээд дээр нь адуугаа сайхан дээдэлж, арчилж чадвал уяач болох эх үндэс зөв тавигдлаа гэсэн үг. Товчхондоо бол адууг хайрлан, дээдэлж байж буян заяаг нь хүртэнэ.

-Цагаа олсон зөвлөгөө байна.Танд үлгэр дуурайлал авдаг, үг яриаг сонсдог уяачид бий биз.

-Байлгүй яахав. Хамгийн ойрын зөвлөгч бол мэдээж миний аав. Намайг удирдан чиглүүлдэг гол хүн бол аав минь. Аавын үг алт гэдэгчлэн үгнээс зөрөхгүй байхыг хичээдэг. Улс, бүсийн наадамд морь айрагдуулаад ирэхээр сайшаах ч зааж зөвлөн, зэмлэх нь илүү дээ (инээв. сурв). Ер нь намайг ганц дардаг хүн аав.


-Дотроо бол хүүгээрээ бахархдаг байхаа. Би тэгж бодож байна.

-Хүний ганц хүү болж төрснийх аав, ээжийгээ аль болох баярлуулахыг хичээдэг. Ер нь бол хүний ганц хүүд алдах эрх байдаггүй юм билээ. Нэгэн үе өөрийнхөө морийг айрагдуулж, түрүүлгэж байвал болох юм шиг санаж явж. Төрийн хишиг хүртэж улсын цол авснаасаа хойш том хариуцлага ирснийг ойлгосон. Одоо дүү нараа дэмжих, адуутай болгох, найз нөхдийнхөө адууг чанаржуулах, өөрийн мэддэг чаддагаа бусадтай хуваалцах тухайд илүү ач холбогдол өгдөг болсон байна.

-Баяр бахдалаас илүү хариуцлагаа ухаарсан тухай сонсох таатай байлаа. Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би гурван хүүхэдтэй. Хоёр нь хүү. Нэг нь жаахан. Нөгөө нь том биетэй. Энэ жил морь унаад л бараг хасагдаж байна. Багыгаа арай олон жил унах болов уу гэж боддог юм.

-Гурав дахь үеийн уяачид бэлтгэгдэж л байгаа юм байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Миний асуулт энд хүрээд өндөрлөж байна. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

-Сэтгүүлийнхээ зочноор урьж оролцуулсан танай хамт олонд мөн талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье ээ.

А.Тэлмэн

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.