Аймгийн Алдарт уяач Ц.АЛТАНГЭРЭЛ: Аав маань үүрээр үүл хараад шөвгөрөх морьдын зүсийг хэлдэг байлаа
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын анхны Аварга уяач Цэдэнсамбуу агсны хусуурыг хатаалгүй хурдан хүлгийн уяа эвлүүлж яваа удаах хүү алтангэрэлийн ярилцлагыг хүргэж байна. Аавынхаа чивчиртэл сойсон хурдан хүлгэдийн нуруун дээр дан цамцаа дэрвүүлэн салхитай уралдан айраг, түрүүнд хурдлуулж явсан хүү өдгөө өвгөдийн үйлийг өөрийн биеэр залгуулахын зэрэгцээ дараа үеийн уяачаа бэлтгэж явна
-Таныг хурдан хүлгийн уяа тааруулахаас гадна сумынхаа баяр наадамд зодоглочихдог гэж сонссон. Хэдий үеэс барилдаж эхэлсэн юм бэ?
-Ах нь 1985 онд наймдугаар ангид байхдаа өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож барилдсан. Түүнээс хойш 1988 онд аймгийн аваргад тавдугаар байр эзэлсэн. Тэр жилээ цэрэгт татагдаж, Бүх цэргийн армийн аваргаар барилдаж байлаа. 1990 онд цэргээс ирээд 10 жил барилдаж, 2000 онд 32 насандаа сумын начин цол хүртсэн. Начин болсноос хойш морины ажил эрхлээд барилдаж чадаагүй.
-Аав, ээж тань удамд барилддаг хүн байсан уу?
-Бөхийн удам гэх юм байхгүй ээ. Ах маань начин, дүү сумын харцага цолтой бөх. Бас уяач.
-Таны аав Цэдэнсамбуу орон нутагтаа нэртэй уяач явсан. Аавынхаа уясан морьдыг хэдэн жил унасан бэ?
-Би долоотойгоосоо зургадугаар анги төгстөл буюу найман жил морь унасан. Энэ хугацаандаа аймаг, сумын баяр наадамд айрагдуулж, түрүүлгэж л байлаа.
-Аймагтаа ямар морийг нь унаж айрагдуулж, түрүүлгэсэн юм бэ?
-1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор аавынхаа бор халзан үрээг унаж сумандаа түрүүлгээд, аймагт очиж тасархай ирсэн ч суугаад тавлуулсан. Тэгээд “Арай эрт гаргалаа” гэж аавд загнуулж байв шүү. Манай Үүртуяа ахын бор морь түрүүлсэн. 1982 онд соёолон бор үрээгээ унаж аймагт тавлуулсан. Миний нэртэй Батаан бор гэж хязааланг унаж Арбулагт гуравлуулж, аймагт очиж аман хүзүүдүүлсэн. Тэр бүдүүрч ирээд гавьтай давхиагүй. 1984 он хүртэл унаад, 1985 онд наймдугаар анги төгсөөд аавтайгаа нийлж морь уяж эхэлсэн.
-Орчин цагт морины хүүхэд олдохгүй нэг уралдаанч зургаа, заримдаа бүр есөн насны морь унах ч тохиолдол байдаг. Та нэг наадамд хэдэн насны морь унадаг байв?
-Аймагт таван насны морь унаж байсан. Эхний өдөр азарга, их нас, дараагийн өдөр соёолон, шүдлэн, даага унасан санагдаж байна. Арбулагтаа бол 1979, 1980 онд хоёр жил дарааллан зургаан насны морь унаж байлаа. 1979 онд болсон Мандал нэгдлийн 40 жилийн ойд азаргаа аман хүзүүдүүлээд, их нас 14-өөр, соёолон хойхнуур, хязаалан гуравлаад, шүдлэн 22-оор давхиулж, дааганаасаа уначихсан. Бас л их ядарна шүү.
-Туслах уяач хийсэн хүүхэд насны дурсамжаа сөхвөл?
-Хүргэн ахын аав Жамъянжав гэж аймгийн Алдарт уяач байсан юм. Тэр хүнийг аав “Чи энэ жил Батаагаар туслах уяач хийлгэ” гээд би уяаны ажилд нь туслах болов оо. Би хөлсөлж, үсэргэж, нэг ёсны уяач болж байгаа юм даа. Тэр жил хүргэн ахын аавын морьд мундаг сайн давхиж, 4-5 шөвөг, хоёр түрүү ч авсан шиг санагдаж байна. Тэгээд намайг “Хийморьтой сайн хүүхэд надтай нийлж, миний морьд сайн давхилаа” гээд 50 цаасаар шагнаж билээ.
-Тэр үеийн 50 төгрөг ч их мөнгө шүү дээ. Амттай зүйл их авч идсэн үү?
-Тэгэхэд их хөгжилтэй юм болсон. Уг нь 20 цаас өгье гэж бодож байгаад хөгшин хүн андуураад 50 цаас өгчихөж л дээ. Хичээлдээ явах гэж байтал нөгөө өвгөн ах хүрч ирээд “Ах нь андуураад 50 төгрөг өгчихөж. 30 цаасаар уг нь гурил, будаа авах гэсэн юм” гэж байна. Гэтэл багш охин нь “Та хүүхдэд өгчихөөд юу ярьж байгаа юм бэ. Би тэр гурил, будааг чинь авъя. Миний дүү зүгээр, зүгээр” гэсэн чинь “Өвөөгөө уучлаарай” гээд яваад өгч билээ. Дараа нь цэрэгт явталаа аавыгаа дагасан даа. Шөнө аавтай хамт морио манаж хононо. Үүрээр аав үүл хараад “За, маргааш тийм зүстэй, тийм морь түрүүлнэ” гэнэ. Тэгээд манай морины зүс таарвал “Миний хүүгийн морь тэгнэ шүү, ингэнэ шүү” гэж захидаг байлаа. Одоо ч үүл хардаг хүн ховордчихоод байна.
-Аавын тань үүл ажиглаж айрагдах морьдыг нэрлэсэн нь таарч байсан уу?
-Яг л таардаг байсан. Бараан зүсмийн морь түрүүлнэ гэвэл зургаан насны мориноос нэг юм уу, хоёр нь л зөрөөд, дан бараан зүстэй морь ордог байсан.
-2007 онд “Их хурд-4” уралдаан болоход шарга азарга ид хурдан, хүн болгон түрүүлнэ гэж бодож байсан. Тэгэхэд нэг өвгөнөөс телевизийнхэн “Өнөөдөр ямар азарга түрүүлэх бол оо” гэж асуухад “Өнөө өглөө бараан үүл байсан” гэж хэлснээр нь бараан зүсмийн азарга түрүүлж байсан л даа.
-Би бол үүнд итгэдэг. Бөөн үүлнээс хошуураад тасарсан үүлний өнгө цайвар байна уу, бараан байна уу гэдгийг хардаг гэж аав хэлж байсан. Намайг морь унадаг байх үед Сүмбэрт нэг баяр болоход хүмүүс “Танай аав мундаг юм байна аа. Шөвгийн таван морины дөрвийг нь таалаа” гэж билээ. Би аавыгаа түрүүлж, шөвгөрөх морьдыг үүл харж шинжих тал дээр мундаг хүн гэж боддог.
-Адуу маналцаж олон удаа хам хоносон байлгүй. Ер нь морь уяхдаа юуг илүү чухалчилдаг хүн байсан бол оо?
-Манай аав зөөлөн талдаа уядаг хүн байсан. Залуу зандан насандаа ямар байсныг би мэдэхгүй. Намайг уялцаж байхад 50 гарчихсан байсан үе. Ер нь хайрлангуй маягтай уяад, дутуудуулдаг байсан юм болов уу гэж боддог. Аав ч өөрөө “Би яг тавих шөнийн өл дээр алдаад байдаг юм. Түүнээс хөлс, уяа, тарыг нь тааруулдаг. Зориг муудчихаад тэр юм уу, арай цатгалдуулдаг” гэж хэлж байсан удаатай.
-Уралдах морины урд шөнийн хоол гэж үг байдаг. Гэхдээ өлдүүлж байснаас ихдүүлээд мэнд ирсэн нь дээр гэж боддог байсан байх.
-Тэгж л боддог байсан байх. Би ч бас аавын тэр талыг нь дуурайгаад цатгалан талд нь тавьдаг.
-Хэдий үеэс та бие даан морь уясан бэ?
-Би 1992 онд айл болсон юм. Тэр жил эхнэр маань төрөөд, аав, дүү хоёр миний морьдыг уяж Бүрэнтогтоход очиж наадсан. Тэнд миний нэр дээр шүдлэн долоогоор, азарга есөөр, их нас нэлээн хойхнуур давхиж, аавын ганц хоёр морь айрагдсан байдаг. 1994 оноос өөрөө гардан уяж эхэлсэн.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас ямар насны мориор авч байв?
-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор Арбулаг сумандаа соёолон дөрөвлүүлж анхныхаа шөвгийг авч байлаа. Тэгээд аймагт аваачиж тавиад 20 хэдээр ирсэн. Тэр жилээ хадам ах Нямаан Мөнх-Эрдэнээс нэг хүрэн морь авч уясан чинь шүдлэндээ нэг дөрөвлөөд, хязааландаа сууж зургаалаад, соёолондоо бас ганцаараа туган дээр ирсэн ч суугаад есөөр давхиад орж чадаагүй.
-Үзүүрийн цуцаа гэдэг юм гаргаагүй гэсэн үг үү?
-Үзүүрийн цуцаа гаргаагүй шиг байгаа юм. “Та өөрөө уяхгүй юм чинь би энэ хурдан хүрэн морийг чинь худалдаж авъя” гээд 2002 онд 500 мянгаар авсан. Хайнагийн шар, монголын сувай үнээ, хязаалан гуна, 12 нарийн мал, нэг охин даага, нэг бухан бяруу өгсөн юм даг. Тэр үед мундаг үнэ л дээ. Хайнагийн шар гэхэд 150 мянга хүрч байсан юм. Тэр морийг авсан жилээ суманд 22-оор давхиулж, урд Гөвдөөд тавлуулаад их баярласан. Дараа жил нь буюу 2003 онд дүү нартайгаа уяж сумандаа гурваар давхиулчихаад аймгийн анхны “Хөвсгөлийн хурд” уралдаанд авч очлоо. “Хөвсгөл хурд” чинь их том уралдаан шүү дээ. Бүх сумын наадмын зургаан насны эхний тавд хурдалсан 30 моринд урилга өгсөн юм. Суманд миний хүрэн морь гуравлаад, хээр шүдлэн маань түрүүлсэн учир хоёр урилгатай. Тэгээд тэнд очиж хүрэн морь долоолоод, хээр үрээ тавласан. Залуу ч байсан, шөвөг, түрүү ч олон хүртээгүй үе болохоор маш их баярласан. Анхны том наадам гэвэл тэр юм даа. Түүнээс хойш хүрэн морь олон баярлуулсан.
-Хүрэн морины эзнийгээ олон баярлуулсан нь хэдэн оны, хаанахын наадмууд вэ?
-2004, 2007 онд сумандаа хоёр түрүүлсэн. Хоёр удаа аман хүзүүдэж, нэг гуравлаж, нэг дөрөвлөж, нэг тавласан. Алт толгойд хоёр түрүүлж, Цагаан-Уулд очиж хоёр удаа аман хүзүүдсэн. Би нэг медальтай морь аваад шүдлэнд нь энд гуравлуулснаас хойш 28 медаль авахуулсан. Тэрийг идэр залуу 11, 12-той байхад нь Баянзүрхэд очиж анхны мотоциклийн байтай уралдаанд түрүүлгэж, мотоцикль авч байлаа. Дараа жил нь дахин Баянзүрх сумын баяраар очиж удаалчихаад буцаж ирээд эндсэн.
-“Хөвсгөлийн хурд”-д тавласан унаган хээр шүдлэнгийн амжилт үргэлжилсэн үү?
-Хээр шүдлэн маань сумандаа түрүүлчихээд, аймагт “Хөвсгөлийн хурд”-д очиж тавласан. Хязааландаа энд шөвгөрөөд, соёолонд нь зассан чинь даалгүй эндчихсэн. Уг нь хүмүүс “Азарга тавь” гэж байсан ч аав цагаан цайвар адууны удамтай болохоороо “Хээр халтар үрээгээр азарга тавихгүй. Бор зүстэй юм тавина” гээд засчихсан юм. Үүний дараа унаган улаан бор, бор халзан үрээ ойр тойрны наадамд түрүүлж, шөвөг авч л байсан.
-Унаган адуунаас гадна зүүн талаас ч гэдэг юм уу, адуу авч уясан уу?
-Сүүлийн үед энд тэндээс адуу их авдаг боллоо. Сүхбаатар аймгаас Жамбалын Шуну гэдэг хүнээс хүрэн хязаалан авч уяад багт гуравлаж, суманд есөөр давхисан. Соёолондоо хүүхдээ булгиад уяж чадаагүй. Хавчиг жилээ багтаа аман хүзүүдэж, суманд ирж зургаалдаг бил үү. Ноднин сумын наадамд дөрөвлөсөн. Мөн Мөнххаанаас шарга азарга, Тариалангаас хээр морь авсан. Унаган морьд маань ч сайжирч байна. Нэг хэсэг морь эндсэнээс хойш сэтгэл гундуу оргиод айраг, түрүү завсарласан. Уяад байгаа ч хүний аз харьдаг юм уу, 3-4 жил бага наадмуудад ороод, сумын наадамд найм, ес орчмоор эргээд байлаа. Тэгээд ноднин азарга маань сумын наадамдаа дөрөвлөж дахин айраг амсав. Энэ жил дориун байх болов уу гэж бодоод 8-9 морь уяж байна.
-Адууныхаа чанар чансаанд анхаарч сайн адуутай болжээ. Тэр сүргээс хурдан хурцыг нь уяж сойх залгамж халаа тань бэлэн үү?
-Хүү, охин хоёр маань хоёулаа л хурдан морь унаж өслөө. Хүү маань одоо 25 настай, Алаг-Эрдэнэд суурьшиж удмаа залгаж морь уяж байна. Би Сүхбаатар, Дорнодоос ч адуу авлаа. Цагаан-Уулын 10 түрүүлсэн хүрэн азаргатай “хув хар” Монхоо гэж хүнээс хоёр сая төгрөгөөр азарга авч тавьсан. Түүний төл гүү, Шуну гуайн хүрэн азарга хоёрын дундаас дориун, дориун юм гарч байна. Адууны хувьд яриангүй сайжирсан гэж боддог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна