Алтангадаст Ажгаагийн хүү

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 08 -нд

Хүний хувь зохиол гэж тааварлашгүй шүү. Сэхээтний гэр бүлд өсөж хүмүүжсэн, төвийн хар хүү нэг насны амьдралаа  морьтны соёлыг дэлгэрүүлэхэд зориулна хэмээн хэн санах  билээ дээ. 

Тэр өөрөө ч төсөөлөөгүй явсан биз. Хүүхэд ахуйдаа ганцхан удаа хурдан морь унасан (хоёр насны морь унаж айрагдуулсан) Ажгаагийн хүү эх орны дуудлага хүлээн авч, эр цэргийн албанд татагдан ирээд л энэ хувь тавилантайгаа нүүр тулжээ.

Зэвсэгт хүчний 314-р ангийн жолооч А.Алтангадас нутгийн ахыгаа бараадсаар нэг мэдэхэд морь уях хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн байсан гэдэг. Түүнд жигүүр ургуулсан эрхэм бол Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Ц.Аюуш агсан юм. Хээгүй гүдэсхэн, хэлсэн ярьсандаа хүрдэг Аяаагийнхаа хүн чанарт татагдан дотно нөхөрлөх болсон А.Алтангадас аажмаар морь уях эрдэмд суралцсаар 1989 оны цагаан сараар анхны айргаа хүртжээ. Налайх дүүрэгт болсон тэрхүү уралдаанд эхнэрийнхээ өмчид ирсэн хонгор морийг айрагдуулж адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг мэдэрсэн тэрээр долоон жилийн дараа төрийн наадмын хишиг хүртсэн түүхтэй.


Энэ бол Ардын Хувьсгалын 75 жилийн ой юм. Хулгана жилийн наадмаар А.Алтангадас уяачийн уясан  хүрэн халзан азарга айргийн гуравт, цавьдар даага  нь (халзан азарганы төл) аман хүзүүнд хурдлан Монгол улсын шилдэг уяач болгож байв. Ийн төр түмнийхээ их цэнгэл наадамд эцэг хүү хоёрыг айрагдуулсан тэрээр 2000 оны “Тамирын хурд-2000” хангайн бүсийн уралдаанд Архангай аймгийн Тариат сумын уугуул Ч.Элбэгсайханы Босоо хул азаргыг айргийн дөрөвт, Ардын Хувьсгалын 80 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Ням-Осорын хонгор азаргыг айргийн тавд хурдлуулан амжилтаа ахиулсаар 2002 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.

Хийснээ үнэлүүлж, цол авах сайхан. Харин цолондоо багтаж, батална гэдэг уяачийн хувьд түүнээс дутахгүй баяр бахдал. А.Алтангадас  Алдарт уяач цолоо төрийн наадмын айргаар мялааж байсан зангарагтай эр. Морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж байгаа бол 2002 оны наадмаар А.Алтангадасын Аварга хээр шүдлэндээ айргийн тавд хурдлан шинэхэн цолыг нь мялааж байлаа.

Тэр цагаас хойш Ажгаагийн хүү уяаны арга барилаа сайжруулж, адуугаа чанаржуулсаар Монгол төрийн зарлигт чансаа өндөр наадмуудаас бүгдээс нь хишиг хүртэн өдгөө Манлай уяачид эрэмбэлэгдээд байна. Мөн түүний  түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнажээ.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.