Тод манлай уяач Г.Сандуйжав: Зөв бодолтой, өрнүүн сэтгэлтэй байх нь өөдлөж дэвжихийн үндэс болдог

А.Тэлмэн
2020 оны 6-р сарын 28 -нд

Олоон жилийн өмнө сургууль төгсөөд удаагүй шинэхэн сэтгүүлч Налайх руу томилолт аваад хоёр найзынхаа хамт явсан юм. Уулзах хүнээ ч судлаагүй. Том цолтой мундаг уяач гэсэн бүдэг бадаг мэдээлэлтэй. Налайхад очсон хойноо нутгийн залуучуудаар газарчлуулж хөдөөхи гэрт нь очиход Тод манлай эзгүй байв. Өдөржин ойр хавиар эргэлдэж хүлээсээр орой гэгээ тасарсан хойно гол хүнийхээ барааг харах нь тэр. Өндөр нуруутай, махлагдуу биетэй, дугараг бор царайтай, боргил дуутай өнөөх эрээс бид гурав сүрдэж цөөн асуултанд там тумхан хариулт аваад буцсан сан. Нуулгүй хэлэхэд, тэр үед асуусан асуултаас нэг нь ч санаанд алга. Харин “Үдэш оройн цагаар ярилцлага өгмөөргүй л байна даа. Зориод ирсэн юм хойно яая гэх вэ” хэмээн хариулж байсныг л санаж байна. Энэ үйл явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Тод манлайтай дахин уулзаж ярилцсан. Хүйн долоон худагт наадмын үеэр авсан тэр ярилцлага маань дутуу дулимаг санагдсаар өдийг хүрсэн тул сэтгүүлийнхээ хулгана жилийн анхны зочноор урихаар шийдэн утас цохилоо. Зүс таньж, эчнээ таних тул энэ удаад урилгыг маань уриалгахан хүлээн авч, гэртээ уриад эрээлж бараалалгүй дэлгэр сайхан ярилцлаа. Бидний чин сэтгэлийн халуун хөөрөлдөөн уншигч таны таалалд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 ААВ МИНЬ НУТГИЙН ТУЛХТАЙ ХөГШЧүүЛИЙГ БАРААДАН  МОРЬ УЯХАД СУРАЛЦСАН

-Хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр уулзаж буйдаа олзуурхаж байна. Улиран одож буй гахай жил Тод манлайд ивээлтэй байв уу?
- Гахай жилийн өвөл өнөтэй сайхан байлаа. Малчин бидэнд байгаль цаг уур таатай байх шиг сайхан зүйл үгүй. Монголчууд хувьтай хүн хулгана жил үзнэ хэмээн бэлгэшээдэг уламжлалтай. Гарч буй хулгана жил монголчуудыг маань ивээж, олз омог, амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болох биз ээ. Дэлхий нийтийг хамарсан айхтар өвчний дэгдэлт гарсан энэ үед битүүний өдрөөс эхлээд шинийн найман хүртэл тасралтгүй цас орж, хүйтэрлээ. Үүнийг би хувьдаа “Хөх мөнх тэнгэр минь монгол түмнээ хамгаалж байна” хэмээн ихэд бэлгэшээж байгаа. Мөн төр засаг минь их анхаарч, хичээл зүтгэл гарган ард түмнээ аюулт өвчнөөс хамгаалж байна. Ёстой төр засаг шиг ажиллалаа. За тэгээд, монголчуудын минь буян заяа их дээ. Энэ айхтар өвчин гарз багатай холуур өнгөрөх байх аа.
-Бэлгэтэй сайхан үг байна. Монгол хүн бэлгээрээ, хятад хүн бэлээрээ гэдэг дээ. 
- Зөв бодолтой, өөдрөг өрнүүн сэтгэлтэй байх нь өөдлөн дэвжихийн үндэс болдог. Сайн сайхан зүйл бодож явдаг хүний үйлс бүтдэг. Сүүлийн цас шар тос болж, газрыг шимээр тэтгэх байх. Ногоо эрт гараад сайхан зун болох нь уяач бидэнд тааламжтай.
-Ногоо эрт гарсан нутгийн адуу хурдан байдаг нь ёс юм даа. Ярилцлагаа цаг хугацааны сүүдэрт дарагдан бүдгэрсээр буй аавын тань дурсамжаар үргэлжлүүлье. Бидэнд Манлайн тухай сайхан хууч дэлгээч. 
- Бидний аав Дамдинсүрэнгийн Гарамжав 1930 онд Төв аймгийн Баянзүрх сумын Сэрүүн булаг хэмээх газар төрсөн. Миний өвөө Дамдинсүрэн бол Барга ястан. Нутгийнхан Баргын Дамдинсүрэн гэдэг байсан юм билээ. Мал ихтэй, Баян даваагаар давахад мал нь багтддаггүй байсан гэж нутгийнхан ярьдаг байсан. Барга Дамдинсүрэнгийнх одоогийн цэргийн нисэх хүчний 137 дугаар ангийн орчимд өвөлжиж, хаварждаг. Ер нь Шохойт, Сэрүүн булаг орчмоор нутагладаг айл байж. 
Харамсалтай нь энэ хорвоогоос эрт буцаж, аав минь арван хэдхэн насандаа хоёр эгчтэйгээ үлдсэн гэдэг юм. Өнчин өрөөсөн байхын зовлонг хэлж барах биш дээ. Бага нас нь хүндхэн л өнгөрсөн байх. Хожмоо хоёр эгч нь олон хүүхэд төрүүлж, өнөр бүлийн эзэд болсон. Том эгч Сэнсэн нь тогооч мэргэжилтэй. Насаараа Налайхад ажиллаж, амьдарсан. Нөхөр нь жолооч. Тэднийх арваад хүүхэдтэй. Бага эгч Долгорсүрэн нь мөн л арваад хүүхэд төрүүлсэн. Харин аав маань миний ижийтэй ханилж, дөрвөн хүү, таван охин төрүүлж, Баргын Дамдинсүрэнгийн удам өнөр олуулаа болсон доо. 


-Гарамжав гуайг эмч мэргэжилтэй байсан гэдэг санагдах юм?
- Бага эмчийн курст суралцаж, тэр мэргэжлээрээ ажиллаж байгаад сүүлд багийн дарга болсон. 
-Морь уях тухайд хэзээнээс эхэлсэн гэдэг вэ?
- Аав, ээжээсээ хойш хэдэн адуугаа туугаад нутгийн тулхтай хөгшчүүлийг бараадан, морь уяхад суралцсан гэдэг юм. Тэдний нэг нь ММСУХ-г үүсгэн байгуулагч Пунцагбалжир агсны өвөө, нутгийн сайн уяачдын нэг Лувсанчойндон гуай. 
-Лам хүн байсан гэдэг бил үү?
- Тийм. Лувсанчойндон, Түвдэнчойндон гэж ах дүү хоёр уяач байж. Тэд бол Их, Бага хангай, Айраг нуураар нутаглан Жанчивлан хийдэд шавилж байсан лам улс. Аав маань тэднийг түшиглэж, морь уях эрдэм ухаанд суралцаж байсан болохоор “Адууны багш” хэмээн ихэд хүндэлдэг байсан даа. 
-Манлай 1960 онд анх төрийн наадмын цуваанаа нэрээ бичүүлсэн байдаг. Тэр наадмынхаа талаар дурсаж ярьдаг байв уу?
- Ярилгүй яах вэ. 1960 он буюу Ардын хувьсгалын 39 жилийн ойгоор аав багштайгаа хоёул морио уяад улсын наадмыг зорьж. Тэр жил аав шүдлэн, даага түрүүлгэн, бас нэг даагаа айрагдуулж, Лувсанчойндон гуай даага, шүдлэн аман хүзүүдүүлж, багш шавь хоёр 2 түрүү, гурван айраг хүртэн сайхан нааджээ. Тэр жил аавын морьдыг Долгорсүрэн эгчийн хүү Юра ах маань унаж түрүүлгэж, айрагдуулсан. Аав залуу хүн болоод баярласан юм уу, яасан юм. “Багш аа, хоёулаа дундаа нэг авдар архи аваад энэ улсыг баярлуулъя” гэж. Тэгсэн өвгөн хариуд нь “Муу дээрээ шүдтэй үхэр. Хар усаар яадаг юм” гээд зэмлэж байсан гэдэг. Тэгэхээр нь аав 24-ийн чихрээс хормой дүүрэнг аваад хүмүүст тараасан гэнэ лээ (инээв. сурв). Лувсанчойндон гуай ч тэр, аав ч тэр, аль аль нь архи уудаггүй улс байсан. Би Лувсанчойндон гуайтай нэлээд хэдэн жил наадамд цуг явсан. Өвгөн багашаархан майхан бариад явдаг, сайхан тулхтай буурал байж билээ. 
-Архи, адуу хоёр нэг саванд багтахгүй л гэдэг. Ингэхэд улсад түрүүлж, айрагдсан үрээнүүд ямар удамтай адуунууд байсан юм бэ?
- Түрүүлдэг саарал даага нь нэгдлийнх. Аав нэгдлийн адуунаас сүүтэй саарал даагыг сонгож уяад, түрүүлгэсэн гэж ярьдаг байсан. Түрүүлдэг хээр шүдлэнгээ болохоор эрхий Мажиг гээд найзаасаа худалдаж авсан юм билээ. Айрагддаг ногоон даага нь өөрийнх нь адуу. Улсын наадмаас харьж ирснийхээ дараахан манай Баянзүрхийн улсын анчин Мягмар гэж хүнд хээр шүдлэн, ногоон даага хоёроо зарчихсан. Өвгөн нэг өдөр ирж аавтай ярьж сууж байгаад хоёр үрээг нь хөтлөөд явчихаж байсныг би санадаг юм. Тэгээд ааваас асуусан чинь “Зарчихлаа” гэсэн. Дараа жил нь Мягмар гуай ирээд хээр хязаалангаа уяад өгөөч гэхэд нь аав уяад улсад дахиад түрүүлгэсэн. Дээр үеийн улс хээгүй, тоомжиргүй байсан юм уу даа. Мягмар гуай үрээг нь уяж, улсад түрүүлгэж өгсөн аавыг шагнаагүй юм билээ. Нэг өдөр аав найзуудтайгаа айраг уун давхиж яваад Мягмар гуайнхаар орохдоо “Мягмар гуай намайг дээлийн торго, шил архиар шагнана. Та хэд архийг нь уу. Дээлийн торгыг нь би хөгшиндөө аваачиж өгнө” гэж. Ингээд хөгшнийхөөр яваад орсон өвгөн цай унд хийж өгсөн ч архи дарс задалсангүй гэнэ. Тэр үеийн улс архийг тоодоггүй байсан юм чинь дээ. Тэгснээ “Ирэх жил ахынхаа соёолонг ахиад уяад өгөөрэй” гэж. Найзууддаа ярьснаа бодоод бантаж суусан аав минь шаралхсандаа ч юм уу, “За тэгье ээ. Та харин 1000 төгрөг өгчихөөрэй” гэж. Хариуд нь өвгөн дуугарсангүй. Тэгээд дараа жил нь Мягмар гуай өөрөө уяад улсад арваар давхиулсан. 
Хожмоо өнөө хээр морь нэгдлийн адуунд байхад нь аав буцааж аваад уясан. Их хурдан ч, хөлөө самардаг болчихсон байж билээ. Тэр үед аав нэгдлийн адуунаас нэг алаг гүү авах гэтэл адуучин нь дургүй байж. Яагаад гэхээр тэр алаг гүүнээс Лувсанчойндон гуайн хонгор азарганы төл гарах байсан юм. Тэгээд аав “Би муу юм өгөхгүй. Хээр морио өгье” гэж хэлээд зөвшөөрүүлж байсан гэдэг. 


-Улсад хоёр түрүүлсэн морь өгч байхад дургүй хэн байх вэ. Яг энэ үедээ Гарамжав гуай ямар алба хашдаг байсан юм бэ?
- Аав багийн эмчээр, ээж айргийн нярваар ажилладаг байсан. Тийм болохоор нэгдлийн дарга төлөвлөгөө таслахгүй гэсэндээ юм уу, “Наадамд битгий яваарай” гэж аавд хэлүүлсэн юм билээ. Аав улсын наадамд явахдаа ээжид “Миний хөгшин радиогоо чангахан тавиад чагнаж байгаарай. Нэгдлээс яагаад нэг морь түрүүлж болдоггүй юм. Би саарал даагаа түрүүлгэнэ” гэж хэлээд явсан. Манай аав ам түргэнтэй, аатай хүн байсан ч, хэлсэндээ хүрдэг байсан шүү. Тэгж хэлж яваад нэгдлийн нэртэй даагаа түрүүлгэж, улс даяар зарлуулж байсан юм даг. 
-Эр хүнд хэлсэндээ хүрэх шиг сайхан зүйл хаа байх вэ. Хээр мориороо сольж авсан алаг гүүнээс ямар унага гарсан бэ?
- Эр хонгор унага гарч, аав маань Лувсанчойндон гуайн хонгорын төл хоёр хонгор азаргатай болсон доо. Тухайн үед аав зав муутай. Би моринд хүндэдчихсэн, асман хүүхэд байлаа. Тэгээд аав хөдөө явахдаа моринд хийх ажлаа бичиж үлдээнэ. Би түүнийг нь ягштал хийнэ. Нэг зун (1970 оны зун) Налайхын баруунтаа Хонхор нуурт морио уяж байсан чинь Лувсанчойндон гуай шогшоод ирлээ. Тэгснээ “Ээ, миний хүүгийн морьд уяагаараа эвлэчихсэн байх чинь ээ. Манай голын томчуудаас адуучин Чимэддорж, хүүхдүүдээс чи. Та хоёр л уяач болох улс даа” гэж билээ. Аав улсад морь айрагдуулаад тодорчихсон болохоор нэрлээгүй байх л даа. Тэр үг надад их урам өгсөн. Тэр мундаг уяачид тоогдоно гэдэг чинь том шагнал шүү дээ. 
-Тэгэлгүй яах вэ. 
- Би моринд нэлээд томдсон хойноо Лувсанчойндон гуайтай наадамд явж байсан юм. Тэгэхэд “Гарамжавын энэ хүү л миний хонгор азаргыг унавал түрүүлгэх юм байгаа юм. Даанч аав нь олон морь уях юм. Надад хүүхдээ өгөхгүй л дээ” гэж байхыг би сонсчихлоо. Хязаалан уралдах өдөр тэдний үрээг унах хүүхэд байдаггүй. Манай өөрийн хязаалан сайнгүй байсан болохоор “Би унаад өгье” гэтэл “Болох юм уу. Танайх хязаалантай биз дээ” гэж байна. Тэгэхээр нь “Манай үрээ сайнгүй байгаа, би таны морийг унаад өгье” гээд 11-д оруултал тосч ирээд “Сунгаанд шальдаггүй үрээг 11-ээр давхиулчихлаа. Энэ хүү миний хонгорыг унавал яалт ч үгүй түрүүлгэх юм байгаа юм” гээд дахиад л сайшааж билээ. Хүүхдийг урмаар тэтгэдэг сайхан хүн байж билээ. 


-Та хонгор азаргыг нь унасан уу?
- Манайх азаргатай байсан болохоор унаж чадаагүй ээ. Тэр хонгор азарга улсын наадамд хоёр бил үү, гурав аман хүзүүд-сэн хурдан адуу байж билээ. 
Дээр үеийн уяачид, ялангуяа ахмадууд баргийн хүнтэй ярьж хөөрөөд байдаггүй. Одоогийнхоор бол их зантай, хямсгар гэмээр улс байсан юм уу даа. Зарим нь бүр тоож ч мэндлэхгүй. “Сайн байна уу, та” гэхэд нэг харсан болоод дуугарахгүй яваад өгөх нь элбэг. Тэгэхэд Лувсанчойндон гэж тэр агуу уяач намайг тооно гэдэг мөн ч сайхан санагддаг байж билээ. 
-Тийм хүний дэргэд өссөн Пунцагбалжир агсан моринд дуртай байхаас ч аргагүй юм даа.

- Пунцагбалжир их эрх, зоргоороо хүүхэд байж билээ. Өвгөн хүнээр үг хэлүүлэхгүй, нүгэлтэй өмөөрнө. Манай начин дүүтэй (улсын начин Ганхүүг хэлэв бололтой) чацуу юм. Муу дүүг минь их шоглоно оо. Өвөөгийнхөө дэргэд пуушиг татна. Татаж байсан тамхиа дүүгийн хацар дээр наагаад түлчихэд өвгөн харсан хэр нь үг хэлэхгүй. Бид өвгөнөөс эмээдэг болохоор дуугарч чадахгүй. Гэхдээ нэг удаа сайн хашраасаан (инээв.сурв).
-Яаж тэр вэ?
- Зурманд явах нэрийдлээр хээр гараад барилдаж байгаа нь энэ гэж тонгорч унагаагаад жаахан алганы амт үзүүлсэн юм. Түүнээс хойш надаас эмээдэг болчихсон. Бүүр хожуу ММСУХ-ны тэргүүн болчихсон хойноо (1995 онд) одоогийн Тод манлай уяач Бандгаа, Манлай уяач Батчулуун нарыг уяачаар авч, аавынхтай айл буулган, нэг жил хамт морь уясан юм. Ононгийнх ч гэсэн ирсэн. Тэгээд морь малаа эргэж ирэхэд нь зөндөө таарна л даа. Жолооч нь гээд манай Налайхын залуу байсан юм. Тэр нэг удаа надад “Манай дарга танаас л жаахан эмээдэг юм” гэхээр нь “Баян хүн юу гэж малчин хүнээс айж байдаг юм” гээд л өнгөрсөн. Хожуу бурхан болсных нь дараа бодож байсан, “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэгчлэн багын тэр явдлаа санаад дотроо эмээдэг байсан юм билээ. Лувсанчойндон гуай Пунцагбалжирыг юу ч хийж байсан буруушаадаггүй. Ямар сайндаа тэр жаахан хүүхэд дэргэд нь тамхи татаж байхад дуугүй байх вэ. Өвгөний ганц хийлгэдэг байсан зүйл бол бурханд мөргүүлэх. 
-Морь малын ажилд нь тусладаг байсан уу?
- Нэг жил халиун алаг даага уяад улсын наадамд айрагдуулчихсан шүү. Тэгээд л сургууль соёлд явчихсан.


-Гол сэдвээсээ хазайчихаж. Гарамжав гуай 1960, 1961 онд дарааллан түрүү, айраг хүртээд нэг хэсэг завсарласан байдаг.
- Тэгсээн. Арваад жил морь сайн давхиагүй. Аав “Миний хийморь явжээ” гэдэг байсан ч Цагаан тамгат, Өвгөн тогоруу хоёр минь заяаж аавын магнайг тэнийлгэдэг болсон доо. 
Түүнээс өмнө өвгөн адуу малын наймаа хийгээгүй юм уу?
- Авсаан, авсан. Лувсанчойндон гуайн хонгор азарганы төл гэхэд хоёр хонгор азарга байлаа. За тэгээд, Хэнтийн Баянхутаг, Баянмөнх зэрэг сумаас гүү зөндөө авсан. Одоогийн Баян сумын Цант гэдэг газар 21 аймгийн малины адуу цугладаг байсан. Тэндээс ч нэлээд авсан. Бас Баянцагааны Дамдинсүрэнгээс бага хилэн харыг нь авсан. Дундговийн Содномпил гуайгаас хүрэн азарганых нь төл даага шиг зээрд азарга авч байлаа. Анх авчрахад нь би “Ийм юм аваад байхдаа яадаг юм” гээд голж л байсан. Гэтэл түүний төл нь Цагаан тамгат шүү дээ. 
Цагаан тамгат, Өвгөн тогоруу хоёр чинь нас чацуу бил үү?

- Тийм. Цагаан тамгатыг унага байхад Содномпил гуай харчихаад “Энийгээ өгчих” гэсэн юм билээ. Аав “Чамаас авсан азарганы төл шүү дээ” гэж хэлээд өгөөгүй. 

Донойн Цэгмид гуайн бэлэглэсэн хээр азарга манайд хурд тарьсан

-Гарамжав гуай ямар тохиолоор морин тойруулгын уяач болсон юм бэ?
- Хоёр орж, хоёр гарсан хүн шүү дээ. Хамгийн анх ямар тохиолоор яаж орсныг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан тойруулгын уяач болчихоод Их салхин гээд зээрд халзан азаргыг түрүүлгэсэн. Түүнээс өмнө тойруулгаас улсын наадамд азарга түрүүлээгүй байсан юм билээ. Хоёр дахь удаагаа тойруулгын уяач болох саналыг Жамъян генерал тавьж, нэг жил Даваахүү таван насыг нь, аав шүдлэнг нь уясан. Аав тойруулгын уяач байхдаа адууных нь чанарыг сайжруулах гэж Хэнтий аймгийн Галшар сумаас хоёр ч удаа адуу авчирсан. 
-Тийм үү. Хэнийхний адуунаас авсан юм бол оо?
- Урьд нь Донойн Цэгмид гуайг улсын наадамд ирэхэд нь танилцчихсан байсан болохоор адуу мал авахад удам угшлаас эхлээд зааж зөвлөнө хэмээн нэлээд том горьдлого тээж очсон юм билээ. Тэгсэн өвгөн санаж байсан шиг нь угтсангүй. Харин ч “Бид адуугаа хурдны чиглэлээр суурилчихсан байгаа. Малины үнээр өгөхгүй” гээд хэдэн төгрөг нэмүүлж. Аав ч нэлээд хэдэн адуу авч. Түүний дараа нэг зун наадам дуусч байх үед Д.Цэгмид гуай Яармагийн дэнж дэх манай уяан дээр ирээд аавд “Миний хүү Халхын том уяач болжээ. Өвгөн би хүүгээ нэг гомдоосон юм шиг байна. Түүнийгээ цайруулна аа. Энэ жил сайн азарган хязаалан уяж ирээд мулталчихлаа. Түүнийгээ хүүдээ өгнө өө” гэж хэлчихээд яваад өгсөн. Намар Жанчивлангаас урд Рашаантын голд буучихсан байтал аав нэг өдөр “Нөгөө Цэгмид гуайн өгсөн азарга хойно айлд бий, очиж авчиръя” гээд явсан, сайхан азарган цагаан хээр үрээ хөтлөөд ирсэн. Хойтон жил нь аав соёолон үрээ уяад “Улсад түрүүлгэнэ” гэж байсан ч 11-ээр давхисан. Тэр хээр азарганы төл Өсгий цагаан хар, Гоё хүрэн юм шүү дээ. Энэ хоёр төрсөн ах дүүс. Дүү зээрд, Элбэг хээр, Босоо хээрийн эх нь мөн тэр хээр азарганы төл. Өөрөөр хэлбэл, тэд эх талаасаа Галшар адуу болдог.
-Төрийн наадмын түрүү Өсгий цагаан хар Галшар угсааны адуу гэдэг нь үнэн байх нь ээ. 
- Тийм. 1990 онд шүдлэндээ улсад түрүүлчихээд, “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд очиж аман хүзүүдсэн шүү дээ. Уг нь ч түрүүлсэн юм л даа. Буруу талдаа цээж илүү орчихоод байхад Хэнтийнхэн аман хүзүүнд барьсан. 


-Түүнд нь шаралхаад удмыг нь хэлээгүй юм уу?
- Тэр наадамд би Өсгий цагаан харыгаа түрүүлгэнэ гэсэн бодолтой очсон болохоор аавд ”Хар үрээгээ Донойн Цэгмид гуайн адууны угшилтай гэж хэлж болохгүй шүү. Тэгвэл наадуул чинь Төв аймгийн уяачийн морь гэхгүй, манай нутгийнх гээд хөөрчихнө” хэмээн сануулчихсан юм. Аав миний хэлснээр тэр үед хар үрээний удмын талаар ам ангайлгүй байсаар ирсэн. 
-“Хэнтийн уяачдад хэн болохоо харуулна аа” хэмээн шаралхсан гэдэг юм билээ.
- Тэр бүр эртнээс л дээ. Хүүхэд байхдаа аавыг дагаад наадамд явахад Галшарын хэдэн уяач ирээд аавтай ярих нь цаанаа нэг ихэрхүү. “Улсын наадам гэж Төв аймгийн тойрсон хэдэн сумынхан л уралдах юм. Бид газар хол болохоор тэр болгон ирж чадахгүй. Хааяа нэг ойгоор ирэхдээ айраг, түрүүг нь авчих юм” хэмээн илт гоочлонгуй ярьдаг байсан юм. Түүнийг сонсож суухдаа “Нас биед хүрээд Хэнтийнхэнд хэн болохоо харуулна аа. Нэг сайн дарж өгөх юм сан” хэмээн бодох болсон. Тэр бодол “Нууц товчоо”-ны наадмаар дахиад сэдрэхгүй юу (инээв. сурв).
-Галшарын хээр азарга танайд хурд тарьсан уу?
- Тэгсээн. Дүү зээрд, Элбэг хээр, Идэр хээр, Босоо хээр гээд манайхны хурдалсан адуунуудад аль нэг талаас нь тэр хээрийн цус орсон байдаг юм. ММСУХ-ны “Мөнгөн гүү” өргөмжлөл хүртсэн миний хээр гүү гэхэд л тэр хээр азарганы төл. Дээр дурдсан хурдан азарганууд миний хээрийн төлүүд. Намайг шинэ машин аваад ирэхэд аав минь мялааж хээр гүүг өгсөн юм.
-Москвич хөлөглөсөн хүн хуруу дарам цөөн байсан цаг байх аа.
- Тэгэлгүй яах вэ. Аавын буянаар 1000-ын дугуйнаас эхлээд мотоцикль, машин олон жил унасаан. Тухайн үед шинэ Москвич машин 39 мянган төгрөгийн үнэтэй. Мөнгө байлаа гээд зүгээр авчихгүй, оочер бичүүлж байж авдаг байлаа. Тэгээд аавын нэр дээр оочер бичүүлчихсэн байсан, өнөөх маань болчихож. Шинэ машинаа аваад эхнэр хүүхдээ, начин дүүгээ эхнэр хүүхэдтэй нь суулгаад Арбулаг руу давхилаа даа. Аавын гэрийн наахна хээр гүү эр өсгий цагаан хар унага гаргачихсан аргамжаатай байхтай таарлаа. Би ч бөөн баяр. “Миний машины мялаалга энэ байна” гээд нөгөө хэддээ ярьсаар очлоо. Очсон, аав ээж бас бөөн баяр. Ээж сүүгээр мялааж үнсээд, аав “Хөөе Ганбат, адуундаа морд” гэж байна. Тэгэхээр нь би “Юу ярьж байгаа юм бэ. Миний машины мялаалга тэр тоглож байна” гээд заасан аав “Юу гэх вэ, миний хүү. Аавынх нь ганц хүсч байсан адуу гарлаа” гэж байна. Удалгүй дүү адуу хөөгөөд ирсэн, аав Өсгий цагаан харын төрсөн эгч хээр байдсыг надад зааж өгсөн юм. Хаврын шар үстэйгээ даагыг харсан хүү маань “Ийм муухай амьтан авахгүй. Тэр хөөрхөнийг авна” гээд урваганаад... Тэгсэн аав аргадаад “Тэр хөөрхөний чинь төрсөн эгч нь. Миний хүүхдүүдэд олон хурд гаргаж өгнө. Эр болгон нь хурдална” гэсэн. Үнэхээр ч гарсан болгон нь хурдалсан. Тэр үед “Муу хүүгээ ялгаад яах вэ” гээд Ганхүүд бас хээр азарганы төл эр унага өгсөн. Манай Ганхүү чинь бидэн дундаа эрх хүн шүү дээ. 


-Бодож байсан адууг чинь өгөөгүйд гомдолтой байсан уу?
- Үгүй дээ, харин ч баярласан. Аавын эр болгон нь хурдална гэсэн үгийг сонсоод дотроо их бэлгэшээсэн ч гаднаа дургүй маягтай (инээв.сурв).Тэр хээр гүүнээс Содномцогт өгдөг Өсгий цагаан сартай зээрд гарсан. Даанч эндүүлчихсэн гэнэ лээ. Түүний дараа Дүү зээрд, Элбэг хээр, Босоо хээр гарсан даа. 
-Ингэхэд Өсгий цагаан хар, Гоё хүрэнгийн эх нь ямар гүү юм бэ?
- Жаргалант удмын хээр байдас байсан. 
-Та нэг удаа “Тогоруу азарганд ямар ч удмын гүү хураалгасан төл нь хурдалдаг” хэмээн ярьсан. Гэхдээ Галшар удмын гүү илүү нийцтэй бололтой. 
- За, чи морины хүн болохоор зөв ажигласан байна. Тогоруу адуу Галшар адуутай нийлэхээрээ илүү хурдалж байгаа. Ганхүүгийн Үст хүрэн чинь бас Галшар угсаатай. Миний халиунтай чацуу, нэг жилийн унаганууд шүү дээ. Халиун үрээг хязааландаа улсад түрүүлчихээд байхад нь алтныхан бил үү, улс ирээд ааваас асуусан юм билээ. Тэгэхэд нь аав “Нэгд, миний хүүгийн адуу. Би зарах эсэхийг нь мэдэхгүй. Хоёрт, улсын наадмын анхны түрүү авчирсан адуугаа зарахгүй байх. Та хэд үнэхээр сайн адуу сонирхож яваа юм бол тэр хүрэн үрээг ав” гээд Үст хүрэнг заасан юм билээ. Тухайн үед өнөөх нь хүний нүдэнд торохооргүй хөх нь тайлагдаагүй адуу байсан л даа. Гэхдээ аав ч тэр, би ч тэр, сайн адуу болно гэдгийг нь мэдэж байсан. Гэтэл нөгөө улс аваагүй. Түүний дараа хонгор морины эзэн Лхүндэв авч яваад намар нь буцаасан байдаг юм. Сайн адуу гээд хулхидаж л гэж бодсон байх. Намар талийгч Ганболд дүү маань очиж авахдаа Лхүндэвт “Амаа хийтэй нь бариарай. Наадах чинь халхад олон түрүүлэх адуу шүү” гэж хэлсэн гэдэг. Манайхан ч бас амтай улс шүү (инээв.сурв).
-Лхүндэв гуай хожмоо амаа барьсан байх даа.
- Одоо ч “Өвгөн надад хурд хайрлахад нь миний сав багтаагаагүй” гэдэг юм. Миний халиуныг сураглаж улс ирсэн гэж дээр хэлсэн шүү дээ. Тухайн үед би морины ажил хийгээд эзгүй байсан юм. Тэгсэн хожмоо манай худ болсон найз маань ирээд тэр тухай дуулгалаа. “Чиний халиун үрээнд гурван өрөө байр өгье. Машин оролцуулсан ч болж байна гээд хүмүүс ирсэн” гэж. Тэгэхээр нь би “Дэмий биз дээ” гээд зараагүй юм. 

Уяа тасалж тусдаа буусан анхны жил халиун үрээ маань түрүүлсэн

-Төрийн наадамд унаган адуугаа түрүүлгэх бахдал биз. Би 1996 оны наадмыг ярьж байна л даа. 

- Сайхан байлгүй яах вэ. Урьд жил нь миний Идэр хээр соёолондоо дөрвөөр давхиад, халиун шүдлэн маань айрагдчихсан. Үндсэндээ миний том наадмын өм нээгдчихсэн байсан үе л дээ. Харин хувийн амьдралдаа гаргасан шийдвэрээсээ болоод аав, дүү нараасаа зэм хүртэн ганц гэрээр морь уясан юм. Найз нөхөд маань хамт буумаар байвч ааваас эмээгээд ирж чаддаггүй. Тэгээд дээр ярьсан Батсүх гээд найзтайгаа хамт морь уялаа. Морьд их аятайхан байлаа. Их сунгаагаа хийчихээд өглөө Буянт-Ухаа руу хөдөллөө. Аавынхтай айл буумаар байдаг, айгаад чаддаггүй. Тэгээд уяаных нь хажуугаар өнгөрөхдөө “Аав, ээж хоёр минь хүүгээ өрөвдөөд энд буу гээд дуудах байх” гэж горьдоод байлаа. Дуудсангүй. Батсүх “Хаашаа явах вэ” гэж байна. Ийшээ явна аа л гэлээ. Батсүхийн аав “Та нар буудаг газраа буу. Би өвгөнтэйгөө бууна” гээд зөрүүдэлж байна. Тэгсэн найз маань намайг бодсон байх, “За, би мэдээд буучихъя” гээд тэр чигтээ явчихлаа. Ингэж тэр жил анх удаа ааваасаа уяа тусгаарлаж буулаа. Эвгүй юм билээ. Морьд сайн байгаа ч сэтгэл дотор гундуухан. Гэхдээ унаган адуу минь түрүүлж, аавын минь магнайг тэнийлгэсэн дээ. 


-Пунцагбалжир агсан таны халиун үрээг сонирхдог байсан гэдэг. Тэр санаагаа танд дуулгаж байсан уу? 

- Наадмын урьд манайхыг ганц гэр байхад ирээд гэрт оролгүй уяан дээр адуу харж байгаад надтай таарсан юм. Би “Айлд ирчихээд, ахмад хүнтэй мэнд мэдэлгүй адууг нь харлаа” гэж дургүйлхээд мэндлэлгүй давхиад явчихсан. Тэгэхэд л халиун үрээг сонирхож явсан юм билээ. Түүний дараа наадмаар Яармагийн дэнжид эхнэр, хүүхэдтэйгээ дахиад ирсэн. Тэгэхдээ Багабанди гээд жижигхэн архи байдаг шүү дээ, тэрийг өвөртөлчихөж. Цаагуураа аавын талд байгаагаа илэрхийлээд байх шиг санагдахаар нь миний дургүй хүрээд архийг нь уулгүй гараад явчихсан юм. Пунцагаа ч юм яриагүй. Тэгсэн уг нь “Халиун үрээ түрүүлэх нь тодорхой. Халиуныг чинь авъя, ах аа” гэж хэлэх санаатай ирсэн юм билээ. Тэгээд жижиг шил архитай ирж фактлахгүй юу (инээв). Адаглаад 500гр-тай ирсэн бол юм бодохгүй шүү дээ. Тэгээд маргааш нь халиун үрээ маань сайхан түрүүлсэн. Гэхдээ Пунцагаа бид гэмгүй байсаан. Намайг “Манайд жолоочоор ор, эхнэрийг чинь нярав болгоё, хүүхдүүдийг чинь энд сургуульд оруулъя” гэж байсан юм. Би төв бараадаж төвдөөгүй л болохоос. 

Бага Тогоруу шүдлэн түрүүлсэн цагаас хүмүүс тойруулга адуу гэж боддог болсон

-Тойруулгын Тогоруу халтрын үр сад Монголын ард түмнийг олон жил баярлуулсан. Тойруулгын адуунаас үрээ, байдас гаргахыг хатуу хориглодог байсан цаг үед Гарамжав гуайд гүү тавих зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ?

- Зөвшөөрөөгүй. Би аавд загнуулан байж ганц гүү тавьсан нь тэр. Гүү тавихыг зөвшөөрөх бүү хэл, адууг нь нааш нь гаргаж маллахыг хүртэл зөвшөөрдөггүй байсан шүү дээ. Нэг жил наадмын дараа наашаа Булагтай, Бөөрөлжүүт рүү гаргахад нь би сэмхэн Баянцагааны Нэрэнжимээ угшилтай ногоон гүү аваачаад хийчихсэн юм. Аав түүнийг мэдчихээд “Чи намайг шоронд оруулах юм хийлээ” гээд л уурлаад. Тэгэхээр нь би “Асуувал манай том хүү гэж сахилгагүй хар юм хийсэн байна лээ гээд үнэнийг хэлчих. Би ялыг нь даана аа” гэчихээд гараад явчихсан. 
-Тойруулгынхан мэдсэн үү?
- Мэдээгүй юм байлгүй, ямар нэг хэл шуугиан гараагүй. Хоёр жил болоод тойруулга адуугаа авсан. Тогоруу хязаалан хүртлээ хөхрөөд олигтой эвлэдэггүй байсан адуу. Хязааланд нь зам үзүүлээд тавьчихсан. Соёолонд нь хөх тайлагдмар болохоор нь уясан. Тэр жил Цагаан тамгат их хурдан. Соёолон гарсан цагаас эхэлж хөтөлж зарлагдсаар байгаад сууж наймлаад, Тогоруу нь 14-өөр ордог юм. Тэгсэн аав минь их сэтгэлээр унаж “Миний үхэх цаг ойртож. Хан Уул минь ивээхээ байж, Хатан Туул минь түшихээ больж. Энэ хэдэн адууг бүгдийг нь заръя” гээд бухимдуухан байтал морин тойруулгын туслах уяач Таравжамбаа гээд морь сайн хатгадаг найз нь нэлээд халамцуухан давхиад ирлээ. Тэгэхдээ аавын өмнө нь сонирхоод байсан гоёлын хээр алаг морио уначихсан явна. Би ч хэрэг бишидсэнийг ойлгосон л доо. Аав гундуухан байсан юм чинь “Морьдоо зарна аа” гэтэл Таравжамбаа гуай дуун дээр “За, би Тогорууг чинь авна аа. Хазааранд нь алаг морио өгье” гэж байна. Би ч аавыг нэг нудраад, нэг өвдөглөөд авлаа. Аав миний дохиог ойлгов бололтой. “Тогоруугаа зарахгүй ээ, бусдыг нь зарна аа” гэж байна. Тэгж байтал Содномпил гуай шогшоод ирлээ. “Танаас Тогорууг чинь авна аа” гэж байна. Аав хариуд нь “Тогорууг зарахгүй ээ, чи харин Цагаан тамгатаа ав” гэсэн, авалгүй шогшоод явчихсан. 
-Цагаан тамгат нь морин соёолон байсан бил үү?
- Тийм. Хязааланд нь “Энэ сэлдий томтой адуу юм. Тогоруу бол төл сайтай. Өөрөө ч хурдална” гээд Цагаан тамгатын засааг нь авчихсан юм. Тухайн үед одоогийнх шиг олон адуутай байсан бол хөнгөлөхгүй ч байж магадгүй л дээ. Адуу цөөнтэй учраас олон азаргатай байх аргагүй байлаа. Ямар сайндаа Тогоруугаа азарга болгоод, Галшараас ирсэн хээрийгээ эндхийн Бавуудорж гээд залууд зарж байх вэ. 
-Том сэлдийтэй адуугаар азарга тавих тохиромжгүй юу?
- Учиргүй том сэлдийтэй адуугаар уяачид азарга тавьдаггүй. Ялангуяа уралддаг азарганы засаа их том байвал савлаад явахгүй шүү дээ. Тэр битгий хэл, дээр үеийн уяачид уядаг азарганыхаа өрөөсөн засааг авдаг байсан. Азарга халуун, хүйтэн хоёр засаатай байдаг. Хүйтэн засаа нь төл муутай. Тиймээс дээхнэ үеийн уяачид хүйтэн засааг нь аваад, арьс хөрс нимгэн, морь шиг гоёмсог, хөнгөн чанарын хурдлах чадвартай азарга болгодог байж. Энэ ёс ааваар дуусгавар болсон гэж би боддог. Манайх гэхэд Идэр хээр, Бага Тогоруугийнхаа өрөөсөн засааг нь авсан. Өвгөн Тогоруугийн ч гэсэн өрөөсөн засааг авсан байх. Цаг үе өөрчлөгдөөд ирэхээр нь би Дүү зээрдийнхээ өрөөсөн засааг аваагүй юм. Хоёр төмсөгтэй бол илүү олон төл өгнө хэмээн тооцсон хэрэг л дээ. Ер нь тэгээд морь болгох адууг шүдлэнд нь хөнгөлөх нь зүйтэй. Хязааланд нь хөнгөлөхөөр азарган хэв ороод хүзүү нь бүдүүрч, арьс хөрс нь зузаарчихаад байдаг талтай. 


-Мэдмээр л юм байна. Таны ярианаас анзаарч байхад Тогоруу адуу багадаа хөхөрдөг гэмтэй юм аа даа. 
-`Тийм шүү. Дүү зээрд ч гэсэн хөх тайлсан шүү дээ. Талийгч дүү Ганболдод аав Тогоруугийн төл, сүүтэй халтар даага өгсөн юм. Дүү нөгөөхийг нь голоод Дорноговийн Дамба Манлайхантай найзлаад, эхтэй нь бэлэглэчихсэн. Дамба гуайнхан ч өнөөхийн шидийг мэдэлгүй голоод Дэлгэрэхийн уяачдын холбооны тэргүүн Энхтүвшин гээд залууд зарчихсан юм билээ. Өнөөх нь над руу утасдаад “Танайхаас ирсэн халтар үрээг авсан. Энэ давхих болов уу” гэж асуухад “Давхилгүй яах вэ” гэсэн, байсхийгээд залгаад зөвлөдөг болсон. Удаа ч үгүй хаврын уралдаанд хурдан байна аа л дуулдсан. Тэндээ болсон том уралдаанд хоцроогоод зургаад орууллаа гэсэн. Тэгсэн Дамба гуайн бага хүү очоод өнөөхөө авъя гээд шалаад байдаг болсон гэсэн. 
-Ингэхэд тойруулгын адууны төл хурдан байна гэдэг цуу хэзээнээс тарсан бэ?
- Элдэв хэл ам бол гараагүй. Намайг гүү тавьсны дараа жил аав адуучингүй, өөрөө малласан. Тэр үед нь бид гүү энэ тэр дахин тавиагүй. Ерөөсөө ааваас зөрөн байж ганц гүү тавиад гарсан төл нь Өвгөн Тогоруу. Тойруулга адуугаа авсны дараа ч гэсэн Даваадорж бид хоёр гэмгүй л явдаг байсан. Надад тиймэрхүү үг нэг удаа унагаж байгаагүй. Тогоруу ил болсон тухайд гэвэл 1994 он юм уу даа. Тэр жил их хурдан байсаан. Өгөөмөрт болсон дунд сунгаанд түрүүлээд, Сэргэлэн сумын 70 жилийн ойд бас түрүүлчихээд улсын наадамд явсан юм. Айдасын өвөрт хоночихоод өглөө Буянт-Ухаа руу явах гэсэн аав надад “За миний хүү, Данзанням, Даваахүү хоёр наана буучихсан байна лээ. Ороод гараарай. Цаадуул чинь сураг дуулчихсан л байгаа. Тогоруу хурдан байна уу гэвэл “Хурдан байгаа, аав ар руугаа орчихлоо гээд л үглээд байна” гэж хэлээрэй” гэсэн юм. Нээрэн л хөтлөөд очсон даллаж дуудаад мэндийн хариугүй байдаг Данзанням гуай чинь “Орж цай уу, хүү минь” гээд жигтэйхэн байна аа. Тэгснээ “Тогоруу нь их хурдан байгаа гэл үү” гэж байна. “Тийм ээ, аав мултарчихлаа гээд л үглээд байгаа шүү дээ” гэсэн. “Аа тийм үү” гээд л өнгөрсөн. Цоллогоон дээр аавтай таарчихаад “Танай том хүү ам муутай байсан, худал байсан байна шүү дээ” гэсэн гэнэ лээ. Тэр жил Бага тогоруу шүдлэн үрээ түрүүлсэн. Тэр цагаас хойш хүн болгон мэддэг болсон доо. Мэдэхээс ч аргагүй юм. Канондчихсон юм шиг адилхан шүү дээ. Даваадорж аавыг нас өндөр юм гэж бодсон уу, Тогоруугийн талаар ямар нэг зүйл яриагүй. 
-Эцэг Өвгөн Тогоруу нь хэд айрагдсан бэ?
- 1989 онд Ардын хувьсгалын 68 жилийн ойгоор дөрөвт давхисан. Дараа жил нь 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд түрүүлгэнэ гэсэн бодолтой байтал хавар нь хөл нь доголчихоод ирсэн. Манай адуу хойд оршуулганы орчмоор л бэлчиж байдаг. Гэтэл хөл нь домбо болчихоод ирсэн. Түүнээс хойш хойшоо доголдог болоод, аав дахин уяагүй юм.
-Ид уралддаг үедээ гэм олжээ. Өвгөн Тогоруугийн төлүүдийг нэг бүрчлэн нэрлээд өгөөч.
- Бага Тогоруу анхны төл нь. Түүний дараа Авзагын Мэндбаярт очсон хээр, тэгээд Билгүүн хээр. Дүү зээрд, Үст хүрэн. Өөр юу билээ. Тулгамдахаар орж ирдэггүй юм байна шүү.
-Бага Тогоруугийн эх нь ямар гүү байдаг юм бэ?
-Лувсанчойндон гуайн хонгор азарганы удмын зээрд гүү байсан юм. Түүний төл. Тэр зээрдээс Билгүүн хээр, Авзагын Мэндбаярт очдог хээр гарсан. 

Үргэлжлэл бий... 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна