Тод манлай уяач Г.Сандуйжав: Дүү зээрд шаргатай уралдаж түүх бичих байсан адуу
Үргэлжлэл...
-Тогоруугийн төлүүдээс хамгийн өндөр амжилт гаргасан нь Дүү зээрд байх. Ер нь хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
- Улсад нэг, бүсэд дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдсэн. 1999 онд соёолонд нь тарган уяад айрагдуулж чадалгүй зургаалсан. Би уг нь соёолон гарахад хүүхдэдээ “За чи, хээр азаргаа түрүүлж гаргах гээд хэрэггүй шүү. Дарж байгаад хойно гаргаарай. Тэгэхгүй бол амыг нь дийлэхгүй. Хойноос гаргаад зугуухан явуулсаар ороод ирээрэй” гэсэн юм. Гэтэл морь эргэхэд л тархинд гаргаад Айдасын даваан дээр хоёр гараа савлачихсан давхиж явсан байна лээ. Тэгээд Даваахүүгийн Чинзоод авч өгсөн морин соёолонг тавд, миний хээрийг зургаад барьсан. Улс амьтан хээр соёолон чинь айрагдсан, очиж уулзаач гэсэн ч би азарга түрүүлгээд сэтгэл цадчихсан байсан тул элдэв юм яриагүй. Тэгээд давхар уяагаар Боржигонд болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлгээд, дамнаад Говьшанхын хурдад дахиад түрүүлгэсэн. Дараа жил нь хавчиг азарга улсад түрүүлээд, Өвгөн ноёны наадамд аман хүзүүдээд, Дэмид жанжны мэндсэлсний 100 жилийн ойн бүсийн уралдаанд ахиад түрүүлсэн. Гурван жилийн дараа 2003 онд Завхан аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн.
-Ховорхон заяах хурдан ажнай байжээ. Хэл ам хазгай туссан бол илүү олон жил уралдах байсан биз хэмээн би хувьдаа бодож явдаг юм. Танд тэгж бодогддог уу?
-Бодолгүй яах вэ. “Макс” группийн захирал ах дүү Тод манлай уяачдыг би өөрийн унаган адуугаараа улсын наадмын хишиг хүртээн урам оруулсан хүн. Тэд намайг Цандэлэгтэй танилцуулсан. Нэг өдөр ирээд “Та хоёр сайн азаргатай. Манай нэг найз адуунд дуртай. Мөнгөтэй ч хүн. Та нэг азаргаа зарчихаач” гэсэн юм. Тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор “Тэг ээ” л гэсэн. Тэдний дагуулж ирсэн хүн нь Цандэлэг. Тэгээд Дүү зээрдийг 10 сая төгрөгөөр авахаар болж, зургаан саяыг нь өгөөд бай шагнал, өвс тэжээл, үр төлөө хуваахаар тохирч, би уяхаар болсон. Сунгаануудад Дүү зээрд хурдан, түрүүлэх нь тодорхой байсан л даа. Гэтэл нөгөө дүү хүү байдаггүй. Надад мөнгөний хэрэг байсан тул “Үлдэгдлээ өгчихөөч” гээд хэлүүлээд байдаг. Өгдөггүй, ингэсээр байтал улсын наадам болж азарга маань ч түрүүллээ. Тэр үед түрүүлсэн моринд 500.000 төгрөг өгдөг байсан юм. Тохирсон ёсоороо шагналын мөнгөө 250.000-аар нь хуваагаад авчихлаа. Наадмын урьд Ганбаа “Энэ жил та ямар насны морь түрүүлгэх вэ. Би энэ жил улсын наадмын нэг насны морийг “УАЗ-469”-өөр байлахаар болсон” гэсэн юм. Би “Азарга түрүүлгэнэ” гэдгээ хэлсэн. Тухайн үед доод гурван насны морьдыг Буянт-Ухаад цоллодог байсан юм. Тэр үеэр нөгөө байны 69-ийг гардуулаад, өнөөх чинь машинаа унаад явчихлаа.
Долдугаар сарын 14-нд амьтан ах дүүс цуглаад найрлаж байсан, оройхон хэрд Цандэлэг ирж байна гэнэ. Түүнийг ирж байгаа сургаар найрлаж байсан улс тараад явчихлаа. Энэ хавийнхан жийрхээд байдаг юм. Би ч яах вэ, “Олон шөнө нойргүй. Өнөө шөнө нэг нойртой хоноё гэтэл дүү ирчихлээ. Өнөө шөнөжин найрлах биз” гээд л эхнэрээрээ ширээн дээрх задалсан архинуудыг шинээр солиулаад хүлээж суулаа. Гэтэл өнөөх маань орж ирээд мэнд ус ч үгүй баганы хажууд тамхи татаад суугаад байх юм. Би бэлгэ дэмбэрлийн үг хэлээд, шил архи хадагтай өгнө гээд хүлээгээд байгаа. Тэгсэн ер дуугардаггүй. Тэгэхээр нь би бэлгэ дэмбэрлээ бодоод “За, ах дүү хоёр энэ жил сайхан наадлаа” гэсэн хариу байдаггүй. Тэгэхээр нь “За, ах нь хэлсэндээ хүрсэн шүү. Чи байныхаа машиныг аваад явсан байна лээ” гэсэн “Би аав ээждээ аваачаад өгчихсөөн” гэж байна. “Өө, тийм үү. Би шинэ тэрэгтэй хүн түүгээр яах вэ. За, чи ярьсанаараа үлдсэн дөрөв дээрээ байны хоёроо нэмээд зургаан сая төгрөгөө өгчих” гэсэн. “Тийм юм байхгүй” гэж байна. Тэгэхээр нь “За, тэгвэл наймаа буцсан гэж ойлголоо” гэж хэлээд эхнэрээрээ авдарнаас мөнгө авахуулж, байны хоёр саяыг хасаад дөрвөн сая төгрөг бэлэн тоолоод өгсөн. Зүй нь наймаа буцаж байхад би байгаа хуваах шаардлагагүй л дээ. Гэхдээ эр хүнд зангараг гэж юм байх ёстой. Тэгж бодоод би 69-ийнх нь тал үнийг үлдээсэн. Тэгээд “Үүнээс хойш би зээрд азаргаа өөрийнхөө нэр дээр уралдуулна” гэж хэлээд нэг том шил архи задалж хоёр аяганд хийгээд хувааж татсан. Нөхөр ч гараад явсан. Болсон асуудал ердөө л энэ. Гэтэл дараа нь шүүх цагдаад хандаад... Гэхдээ үнэн мөнөөрөө тодорсоон.
Дүү зээрд тэр хүний бус, таны савны адуу байж. Соёмбо хүрэн түүнтэй учрах ёстой хүлэг байж. Тэгээд л үйл явдал ийн хөвөрч хэмээн би боддог.
- Үйл явдал хэрхэх тухайд бус, эр хүн нэг л үгтэй байх хэрэгтэй. Эр улс хэлсэн ярьсандаа хүрдэг байвал сайхан. Би тэр жил эр хүн шиг байж, хэлсэндээ хүрсэн. Тэгэхийн тулд урьд жил нь улсад түрүүлсэн Идэр хээрийгээ мордуулалгүй, авч үлдсэн шүү дээ.
Уралдуулсан бол аль нь түрүүлэх байсан бэ. Дүү зээрд үү?
- Осолтой шүү дээ.
Дараа жил нь “Их хурд”-д уралдаж байгаад сэв суучихсан гэдэг бил үү?
- Нийслэлийн давж заалдах шатны шүүх миний талд шийдвэрлээд гарч явтал Цандэлэг “Ах аа, зээрд азаргаа “Их хурд”-д миний нэр дээр уралдуулаад өгөөч” гэдэг юм. Залуу хүн алдаа байлгүй гэж бодоод “За тэгье ээ” л гэсэн. Тэгээд Цанаагийн нэр дээр уралдаж байгаад маахайлчихаж байгаа нь тэр. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр “Хурдан адуу гэдэг эмзэг. Гутаг суулгачихвал осолтой” гэдгийг л залууст ойлгуулах гээд байгаа юм. Яг үнэндээ надаас өөр хүнд ийм явдал тохиолдсон бол тэр адуу давхих ч үгүй. Аягүй бол осолдож ч мэднэ. Бидний хувьд хэдэн үеэрээ морь уяад, хор нь гарчихсан тулдаа Дүү зээрдийгээ мэнд авч үлдэж чадсан. Ер нь морь уях гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийх зүйл биш. Тэр тусмаа түрүүлгэж, айрагдуулаад түүнээс үүдэн гарах сайн муу, сайхан муухайг давах сэтгэлийн тэнхээгүй бол тоглох хэрэггүй тоглоом. Тийм ч болохоор дээр үеийн хөгчшүүл түрүүлсэн морио ганц нэг жил өнжөөх зэргээр хэл амыг холуур өнгөрүүлдэг байж.
“Хэл амнаас холуур байсан бол Дүү зээрд минь илүү амжилт үзүүлэх байсан даа” гэх бодолд дараастай л явдаг юм байна.
- Тэгэлгүй яах вэ. Шаргатай уралдаж түүх бичих байсан. Тогоруу адуу хурдан. Тэднээс илүү хурдан нь Дүү зээрд юм.
Завхан аймгийн 80 жилийн ойн баяр наадмыг асуулгүй өнгөрч болохгүй нь. Дүү зээрд хутагтуудын нутагт хурдан гэдгээ баталсан шүү дээ.
- Тэгсэн. Шүүхийн шийдвэр миний талд гарсан ч сонин хэвлэлээр хэсэг шуугисан л даа. Адуу гүйцэхгүй сүүлд явдаг байсан азаргыг нь таньж автал хулхидсан гэх мэтээр ярьдаг хүмүүс нэлээд байсан юм. Тиймээс зээрд азарганыхаа хөлийг нь эмнэж байгаад Завханы 80 жилийн ойд очиж, Гүр-Аранзын нэр дээр уралдуулан түрүүлгэж хурдныг нь харуулж байлаа. Уралдааны дараа Завханыхан надаас уучлал хүсээд “Манай сахалтын буруу байжээ” гэсэн.
Би таныг анхны дөрвөн Тод манлайн нэг гэж боддог байсан чинь жил өнжсөн юм байна шүү дээ.
- Муу юм модон ултай л гэдэг тэр. Тухайн үед Ерөнхийлөгч Багабанди байсан. Завханы хүн шүү дээ. Цандэлэгтэй “Тэр хүний юм миний гараар орох юм байна. Чи тайван л байж бай” гэж ярихыг нь сонссон хүн надад хэлсэн. Тэгээд нээрэн миний зарлиг дээр гарын үсэг зуралгүй өнжөөгөөд, аргагүй нэг жилийн дараа Тод манлай уяач болгож байлаа.
Баянжаргаланд Дүү зээрдийн эгзэгтэй давхилыг тааруулсан
Дүү зээрдийн олон түрүүгээс аль нь таныг илүүтэй огшоосон бэ?
- Хүмүүс итгэхгүй байх л даа. Гэхдээ Баянжаргалангийнхан бол мэднэ. 1999 онд бензин тосны хомсдол үүсээд, уяачид морьдоо хөтөлж наадамд явдаг байсан юм. Тэр жил Боржигоны бүсэд явах санаатай байтал Баянжаргаланд зүүн талын сумдын уяачдын дунд мотоциклийн байтай азарга, их нас, соёолонгийн уралдаан болно гэж дуулдаад. Тийшээ морьдоо хөтлөөд очсон азарга түрүүллээ, их морь хүүхэд нь унаад гуравлалаа. Соёолонд Дүү зээрд далд түрүүллээ. Хөлсийг нь хусчихаад дараагийнх нь морь хэр зайтай ирдэг юм гээд харсан гарч ирээгүй л байсан юм. Тэгэхээр лав 5-6 км зайтай тасарсан байх. Эргээд бодоход би тэнд л эгзэгтэй давхилыг нь хийсэн юм шиг.
Яаж тэр вэ?
- Хоолыг нь жаахан хасчихсан юм. Миний машины тормоз эвдэрчихээд ойртож болдоггүй, алсуур дагаад явж байсан урдаас нэг ногоон 69 ирээд “Таны үрээний зургийг авах гэсэн бидний машин гүйцдэггүй. Дараагийнх нь морины зургийг авахаас” гэхэд арынх нь адуу гарч ирээгүй л байсан. Удалгүй нэг шинэ мотоцикльтой нөхөр давхиад ирсэн нь дуучин Вандан байна. Бид паралель ангийн хоёр л доо. “Энэ хол яваа үрээ чинийх гэж үнэн үү. Найз нь хурдыг нь хэмжээдэх үү” гэнэ. “Тэг ээ” л гэлээ. Тэгээд давхиад явснаа хэсэг хугацааны дараа эргэж ирээд “Гүйцдэггүй ээ. Шинэ мотоцикль чинь 80-аас дээш гардаггүй юм байна” гэсэн. Тэгэхээр их хурдан байсан байгаа биз.
Торгон ирэн дээр нь ирлэсэн юм биш үү?
- Тэндээс хэдхэн хоногийн дараа Боржигонд очиж түрүүлээд, 20 хоногийн дараа Өмнөговьд очиж Говьшанхад дахиад түрүүлсэн.
Тэр үеийн бүсийн уралдаанууд хоорондоо зайтай болдог байсан нь сайн адуунд боломж олгодог байж.
- Тийм. Одоо бодоход залуу, тэнэг байж дээ. Боржигонд түрүүлгэчихээд морьдоо хөтлөөд буцаад ирсэн. Тэр хооронд морьд алдарчихгүй юу. Тэгээд Ааяа, Онон бид хэд эндхийн армийн нефтийн даргаас бензин олж аваад морьдоо ачаад Говьшанх явлаа. Морьд алдарчихсан, ажилгүй очно биз дээ. Ганбаа /Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат/ эрлийздүү халзан азаргатай. Түүнийгээ Дугараагаар уяулчихсан. Супер гээд нэг залуу хурдан цавьдар морин соёолонтой. Тэдэнтэй нэг уяа болоод морьдоо сунгалаа. Нөгөө азарга, соёолон хоёр холбоотой, Дүү зээрд гүйцдэггүй. Хөлс ч алга. Тэр дор нь нэмнэж аваад талийгч дүүтэйгээ хоёул ээлжилж хөтлөөд салхины уруу цогиулсаар байгаад хөлсийг нь гаргаад авлаа. Тэгэхэд одоогийн говийн Манлай Эрдэнэчулуун мотоцикльтой дагаад явсан. Яаж засдаг юм байна гээд суралцаж байсан хэрэг л дээ. Азаргаа хөлсөлчихөөд, ирээд гишгүүлж байсан чинь “Монхангай”-н Сэргэлэн давхиад ирлээ. Архины үйлдвэртэй хүн чинь араараа дүүрэн архи аччихаж. Өнөөхөөс нь уулаа, нэлээд ч халлаа. Тэгсэн Сэргэлэн “Даваа ах энэ жил тааруу наадсан. Хэдүүлээ очиж сэтгэлийг нь засъя” гэж байна. Халамцсан улс яахав. “Тэгье”гэцгээгээд майханд нь давхиад очлоо. Ааяа маань тэр үед Манлай уяач болчихсон байсан санагдана. Цолыг нь хүндлээд дээш нь суулгах гэсэн Даваахүү “Төрийн наадамд азарга түрүүлгэсэн хүн дээр нь суулгүй яадаг юм” гэсээр намайг дээр нь суулгачихлаа. Хэсэг хугацааны дараа “Дүү хүү засаатай үрээгээр мөн ч сайхан наадлаа, одоо болсоон” гэж байна. Дүү зээрдийг давхилгүй байна гээд дуулчихсан байхгүй юу. Би нэг хариу барих гэснээ “Тэртээ тэргүй түрүүлэх юм чинь түргэдээд яах вэ” гэж бодоод “Тийм ээ, тийм. Засаатай адуу мултарчихлаа” л гэлээ. Тэгээд хэсэг сууж байгаад харилаа. Маргааш нь азарга, их морь, шүдлэн, хязаалан уралдаж, шүдлэнд Элбэг хээр маань түрүүлчихлээ. Тэгэхдээ бас хөөрхөн юм болдог юм аа.
Хөөрхөн түүхийг сонсохоос татгалзахгүй шүү.
- Азарга, их морины байнд 69 өгнө гэхээр нь дүүгээ дуудаж зайдуухан очоод “Дүү зээрдээ азарганд мордуулчих уу” гэсэн “Соёолон яаж азарганд уралддаг юм. Дүү зээрд бүдүүн азарга гүйцэхгүй” гэж байна. Тэгснээ Онон, Аюуш хоёрт очоод хэлчихэж. Удалгүй нөгөө хоёр чинь “Соёолон бүдүүн азарганд уралдуулж ёстой болохгүй. Аавынхаа нэрийг бод” гэсээр хүрээд ирлээ. Хамт яваа улс биенийхээ үгийг дуулахгүй бол муухай шүү дээ. За ингээд, Дүү зээрдээ азарганд уралдуулахаа болилоо. Азарганы уралдаанд Жамбагын хавчиг хүрэн азарга түрүүлж, миний хоолыг нь тааруулсан азарга тавладаг юм.
Хэний ямар азарга билээ.
- Ганбаагийн эрлийз азарга. Нөгөөх чинь “Та эрлийз адууны хоол сайн тааруулдаг” гэж хошгоруулж байгаад хоолыг нь надаар тааруулуулсан юм. За тэгээд, шүдлэн уралдах болсон, УИХ-ын гишүүн байсан Баярсайханы жийптэй дагах юм боллоо. Машиныг нь “Мандал Алтай”-н Балдандорж бариад гишүүн хажууд нь суучихсан. Ард нь Онон, Аюуш, Түмэнбаяр, Жанчив, Жамбага бид хэд суучихсан. Шүдлэн эргэсэн, Жанчивын хээр тээр тэнд явж байна. “Яадаг тэнэг хог вэ, яасан эрт гаргаж байгаа юм” гэсэн. “Холхон түрүүлгэнэ ээ” гэж байна. Газрын 3/1-д ороход миний хээр, Монхорын хонгор гараад явчихлаа. Тэгсэн Жамбага “Миний хоёр буурал үрээ алга. Хурдан байгаа. Хоёр хүүхэд нь жаахан” гэдэг юм. “Хүүхэд нь бага юм бол эргэе гишүүн ээ” гээд буцаад давхисан, сүүлд шахуу улаан буурал, хөх буурал хоёр юм цогиж явна. Жамбага “Явуул” гэсэн, түймэрдэж өгч байна аа. Явсаар байгаад гурав, дөрөв рүү ороод ирлээ шүү. Миний хээр холоо тасарчихсан. Ард нь Монхорын хонгор. Хоорондоо нэлээд зайтай. Хонгороосоо нөгөө хоёр буурал бас нэлээд зайтай. Тэгсэн Жамбага “Одоо улаан буурлыг нь 60 миллтэй гаргана” гэж аархдаг юм. Би цонхны хажууд сууж явсан, гэнэтхэн дургүй хүрээд хаачихлаа. Тэгээд “Бүсийн уралдаанд азарга түрүүлгэчихээд яасан сагсуу юм. Би төрийн наадамд азарга түрүүлгэчихээд дуугүй явна. Тэр хол яваа хээр үрээ минийх байвал яах вэ” гэсэн таг дуугүй болчихсон (инээв.сурв). Тэгж байтал хажуугаар Даваахүү ороод ирсэн чинь Жамбага, “Даваахүү ах аа, улаан буурлыг нь явуул” хэмээн зөөлөн дуугарч байна. Тэгэхээр нь би тэр дор нь “60 миллт Жамбага” гээд нэр өгчихсөн юм. (инээв.сурв).
Говийн бүсэд таны хээр түрүүлж, Монхор гуайн хонгор аман хүзүүдэж, Жамбага Алдартын хоёр буурал удаалсан.
- Тэгсэн. Тэр хол тасарсан адууг яаж гүйцэх вэ дээ. Тэр чигтээ давхисаар байгаад л орно шүү дээ. Шүдлэн түрүүлж, азарга айрагдсан гээд орой нь багахан найр хийж байтал надад юм хэлэх гэсэн юм гээд жаахан хүү ороод ирлээ. “Хэл хэл, энд миний ах дүүс, найз нөхөд байна. Надад нуугаад байх юм үгүй” гэтэл “Жамбага ах танд “Маргааш түрүүлэх соёолон манай уяан дээр байгаа” гэж хэлүүллээ” гэдэг юм. Улсын наадамд Дүү зээрдтэй зэрэг ирээд тавд баригддаг Чинзоогийн морин зээрдийг хэлж байхгүй юу. Нэг огшиж ирснээ биеэ бариад “За, миний хүү айраг цагаа уу, идээ ид, ахынх нь үрээ түрүүлсэн. Сонслоо гэж очиж хэлээрэй” гэлээ.
Эрчүүд ээ гэж...
- Хүүхдийг гарсны дараа нөгөө хэддээ “Маргааш Дүү зээрдтэй уралдах адуу байхгүй. Миний хүү гаргаад л зуулгаад явчихаарай. Нэг бүдүүн морь шиг зээрд үрээ ирнэ. Тэрнийг гаргаж болохгүй. Зүтгүүлээд байгаарай. Тэгээд миний дохиог сайн хар” гэсэн.
Маргааш соёолон уралдлаа. Даваахүү жийпний цонхоор цээжээ гаргачихсан, том нударгаараа даллаад “Явуул, явуул” гэж байна. Хүүхэд нь явуулахаар Дүү зээрд туурайн чимээгээр нь л холдчих юм. Гүйцэх шинж алга. Тэгсэн, ойлгосон бололтой “Больё оо” л болоод явчихлаа (инээв.сурв). Айраггүй болгох нь гэж айж байхгүй юу. Тэгээд л Дүү зээрд түрүүлж, өнөө зээрд Ажнайн Бат-Эрдэнийн нэр дээр гуравласан. Уяачдын хооронд иймэрхүү цагаан өрсөлдөөн болно оо.
Бид аав хүү, ах дүүсээрээ тэрхүү гурван зэрэглэлт цолыг хүртэцгээсэн ховорхон заяатай улс
Дүү зээрд хэд хүрсэн бэ?
- Нэг их наслаагүй ээ. Үнэн хурдан адуу байсан. Одоо Дүү зээрд шиг адуу таарахгүй байна.
Үр төлүүд нь хэр хурдалж байна вэ?
- Хурдалж байна аа. Гэхдээ эцэгтээ хүрэхгүй байна. Дүү зээрдийн эх Донойн Цэгмид гуайгаас ирдэг хээр азарганы төл хээр гүү. Эцэг нь Өвгөн Тогоруу. Үүнээс дүгнэлт хийвэл тойруулга адууг Галшар адуутай нийлүүлэхэд үнэнхүү хурд гарч байна.
Галшар гэснээс та Идэр хээр, Элбэг хээрийгээ Өвгөн ноёны азаргануудыг бэлгэдэж нэрлэсэн үү?
- Тэгсэн. Эх нь Галшараас ирсэн хээр азарганы төл миний хээр гүү шүү дээ. Тэр утгаар нь бэлгэшээж ийнхүү нэрийдсэн юм. Сарт, Дүү зээрд, Элбэг хээр, Идэр хээр нэг эхтэй. Аав минь хурдан адуу гаргаж авахын төлөө их хичээсэн. Түүндээ ч хүрсэн. Та бүхэн бод доо. Нэрэнжимээ, Анчны хар, Лувсанчойндон гуайн хонгор, Галшарын Бөгөн хул дээр нэмээд Жаргалантын морин завод, морин тойруулгаас авсан юм чинь манай адуу хурдан байхаас яах вэ дээ. Дээр нь Цантын баазаас сорчилж олон адуу авсан. Аавыг амьд сэрүүн байхад Онон ирж нэг жил хамт морь уяад улсын наадам болон Есөн зүйлийн даншигт цуг явж байлаа. Ааваас сурахаа сурсан л байх. Тэгээд “Өвгөн шиг адуутай болох сон” гэж ярьдаг байсан. Түүндээ ч хүрсэн. Одоо Ононгийн адуу хаана ч очсон хурдалж байна шүү дээ. За тэгээд, Бандгаа, Батчулуун нараас эхлээд энэ цагийн сайн уяачид цөм л аавыг дагасан даа.
Гарамжав гуай үнэхээр сайн адууг цогцлоосон. Үр хүүхдүүд нь түүнийг хэрхэн тордож байгаа вэ?
- Аав минь бидэнд хурдан сайн адууг бэлдэж өгсөн. Одоо хэр нь бид аавынхаа бий болгосон тэр цөм сүргээр л наадаж байна. Хүн амьтны бэлэглэсэн ганц нэгийг эс тооцвол адуу авч байсангүй. Хүмүүсийг дагаж англи, арабтай нэг их хольсонгүй. 2000-гаад оны үед зүүн аймгуудаас олон хурдан адууг таньж авсан. Шавь нартаа л гэж бодож байснаас өөртөө үлдээсэнгүй. Сэтгэл цадчихсан нь тэр юм байлгүй дээ. Одоо ч ялгаагүй, адуу мал аваад давхиулъя, айраг түрүүнд хурдлуулъя гэж шунадаггүй. Эрлийз цустай адуунууд дийлж уралддаг болсон энэ цаг үед миний унаган адуу 10 дотор хурдална гэдэг сайн байгаагийн л шинж. Би тэгж дүгнэж байгаа.
Аав минь Тогоруу удмынхаа адууг тэгш хүртээж, морь уях соёлд адилхан сургасан учраас бидэнд үрээ байдасны асуудал гарч байгаагүй хэмээн ярьж байсан тань санаанд орчихлоо.
- Бидний тогоо нэг. Хутгаж авах халбага нь л өөр. Хүн бүр өөрт таарсан халбагаараа тэрхүү тогооноос хутгаж яваа хэмээн би хувьдаа боддог.
Таныг Тод манлай уяач болоход дүү тань Улсын Алдарт уяач цол хүртэж, нэг айлын хоёр хүү төрд зэрэг үнсүүлж байлаа. Бас л олон давтагдахгүй агшин. Огшсон биз.
- Огшилгүй яах вэ. Зарлиг уншиж байхад самсаа шархираад, хоолой сааралтаж л байлаа. Дүү ч ялгаагүй, нулимс нь цийлэгнэчихсэн л байсан. Тэр агшинд хэн, хэн нь аавыгаа бодож залбирсан болохоор д тэр байх даа.
Монгол уяачдад гурван зэрэглэлээр улсын цол олгодог. Бид аав хүү, ах дүүсээрээ тэрхүү гурван зэрэглэлт цолыг хүртэцгээсэн ховорхон заяатай улс. Аав минь Монголын анхны арван Манлай уяачдын нэг. Би эхний дөрвөн Тод манлайн нэг болж байлаа. Хоёр дүү маань хоёулаа Улсын Алдарт уяач болж. Бага дүү маань бас улсын цолонд нэлээд дөхчихсөн байсан шүү дээ. Дүү минь уралдаанч хүүхдийн эмээлийг анх хийсэн хүн. Мориныхон андахгүй дээ. Жокей эмээлийн Ганболд гээд одоо ч ярьж л байдаг. Мөн миний дүү Улсын начин, Улсын Алдарт уяач Г.Ганхүү дарх сайхан хийнэ. Энэ мэтчилэн аав минь хөвгүүддээ адуун өв соёлыг тэгш өвлүүлж үлдээсэн хүн. Аавынхаа алсын хараа, буян заяагаар үрс бид нь үеийн үед бахархан залбирч явдаг даа. Миний аав, ээж хоёр орой унтаж, эрт сэрдэг хөдөлмөрч улс байсан. Аав минь “Эрт хийсэн ажил хүн хийгээд өгчихсөнөөс ялгаагүй” гэж сургадаг. Бид аавынхаа тэрхүү сургаалийг дагасны хүчинд өдий зэрэгт хүрч дээ.
Эмэгтэй дүү нарын тань хүүхдүүд морь малтай хэр ойр вэ?
- Багадаа өвөөгийнхөө уясан морьдыг унаж л байсан. Одоо Ганбатын хоёр хүү л уядаг. Бага хүү нь адуун дээрээ гараад аавыгаа залгамжилсан. Манай хүү багадаа морь унадаг байсан. Одоо аавынхаа туслах уяачаар ажиллаж байна.
Битүү голдуу адуу шинжиж аваад бүгдийг нь түрүүлгэж, айрагдуулсан
Орж ирсэн цагаас хойш таны ард байгаа тэрхүү сүлд анхаарал татаад байх юм. Ямар учиртай эд вэ?
- Энэ бол манай галын сүлд. 1990-ээд оны сүүл, 2000-гаад оны эхэн үед Монголын дарга сайд, бизнесменүүд адуу руу хошуурч орсон юм. Тэр үед үүсгэн байгуулагдсан цөөхөн гал уяаны нэг нь “Тод магнай” буюу манай гал юм. Миний хувьд нэгэнт хамт олныг толгойлсон учраас уяаны бэлгэдэл бүхий сүлд туг байх ёстой, уяачдын энгэрийн тэмдэг байх хэрэгтэй хэмээн үзэж Тогоруу азарганы дүрс бүхий тэмдэг, дөрвөн буландаа дөрвөн хүчтэнээр хамгаалуулсан хийморийн морь давхиж буй дүрс бүхий тугийг хийлгэсэн. Мөн эзэн Чингис хааныхаа хар, цагаан сүлдний эх загварыг дуурайлгасан галын сүлдийг бүтээсэн. Энэхүү сүлдэнд манайхны хурдан хурц хүлгүүдийн дэл, сүүл оролцсон.
Ямар, ямар хүлгүүдийнх багтсан юм бэ?
- Өвгөн тогоруу, Өсгий цагаан хар, Бага тогоруу, Идэр хээр, Элбэг хээр, халиун азарга гэгчилэн монгол түмний сайн мэдэх хүлгүүдийн дэл сүүлийг оролцуулсан даа.
Сунгаан нь сумын наадмаас илүү болдог гэгддэг “Тод магнай” гал уяа хэдэн онд үүсгэн байгуулагдаж байсан юм бэ?
- 1999 оны “Говьшанхын хурд” уралдааны үеэр ах дүү Максуудтай танилцсан юм. Тухайн цаг үед монгол дээл, монгол гутал өмсдөг улс олон байсангүй. Сайхан монгол хувцастай залуус ирж танилцаад утасны дугаар авч, хотод очихоороо хоолонд урина аа гээд явсан. Намар нь бид уулзаад хоол идэж байхдаа гал байгуулах тухай бодолтой байгаагаа би ярьж байтал тухайн үед Харилцаа холбооны дарга байсан Ганбаа ороод ирлээ. Түүний араас Пээдэг Эрдэнэбаяр нэмэгдээд бид тав “Тод магнай” галыг анх байгуулж байсан юм. Тэгээд Улаан, Энхболд гээд олон хүн нэмэгдсээн. Манай гал чинь гурван Ганбаатар, хоёр Энхболдтой байлаа шүү дээ. Максын Ганбаа, Холбоо Ганбаа, Хурандаа Ганбаа, хотын мээр Энхболд, Багануурын МАН-ын дарга Энхболд зэрэг амьдаануудтай.
Тухайн үеийн нөлөө бүхий хүмүүс “Тод магнай” галд байсан хэмээн би хувьдаа ойлгодог.
- Хотын дарга, Сангийн сайд, Цагдаагийн дарга, Татварын дарга, Гаалийн дарга гээд олон хүн байсаан. Сунгаа болоход доод тал нь 40, 50 жийп ирнэ. Морьд багтахгүй, ямар сайндаа жүрёо зиндаа гэж ялгаад шөнө гэрэл тавьж сунгаж байх вэ.
Уучлаарай, та тэр үед хэрхэн цалинждаг байсан юм бэ?
- Тогтсон ханш байгаагүй ээ, өгснийг нь л авдаг байсан. Тухайн үед “Би чадна” гээд өөртөө эрдчихсэн байж. Тийм ч болохоороо тэр олон хүний морийг уяж чадсан байх. Одоо тэр их ажлыг яаж амжуулж байсан юм бол гэж гайхдаг шүү. Миний бас нэг онцлог гэвэл улстай адилхан тодорсон адуу авч хурдлуулаагүй. Өөрөө харж байгаад битүү голдуу адуу авч хурдлуулсан. Үүгээрээ бас өөрийгөө тоож явдаг. Жишээлбэл, Даваасүрэнгийн ногооныг бэлэглүүлсэн. Улааны Аварга зээрдийг 2.5, Дэлт хээрийг 2.5, Асгат саарлыг нэг сая гээд тухайн үедээ боломжийн үнээр авч байсан. Даваасүрэнгийн Тожинг авахаар очихдоо Гүр-Аранзад нэг буурал морь авчирч өгөөд тэр жилээ айрагдуулж байлаа. Энэ мэтчилэн миний харж авсан адуунууд цөм давхисаан.
Гүр-Аранзын буурал айрагддаг чинь 2003 он байх аа.
- Тийм. Тэр жил Даваасүрэнгийн Тожин ногоон азарга хавчигтаа улсад аман хүзүүдээд, Гүр-Аранзын буурал морь, зээрд соёолон, зээрд хязаалан нь цөм дөрөвлөдөггүй юу. Гүр-Аранз улсын наадмаас нэг дор гурван айраг хүртээд дээлэндээ багтахгүй явсан үе.
Аварга зээрдийг авсан талаараа яриач. Зээрд морины юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
- 2003 оны наадмын өмнөхөн Улаантай танилцаад Баяндэлгэр сумаас бэлгэнд ирсэн сүүтэй хонгор шүдлэнг нь уяхаар болж, улсын наадамд 11-ээр давхиулаад, Архангай аймгийн 80 жилийн ойд гуравлуулсан. Тэгэхэд манай уяаны дөрвөн шүдлэн завсаргүй орсон шүү дээ. Санаж байна уу?
Хэний ямар үрээнүүд билээ?
- Цэрэнжигмэдийн шарга түрүүлээд, Ганзоригийн хээр аман хүзүүдэн, Улааны хонгор гуравлаж, Энхтайваны хээр дөрөвлөсөн. Тэндээсээ Завханы 80 жилийн ойд очиж Улааны хонгорыг дахиад айрагдуулсан. Тэгээд би наадмын ар дээр Улаанд “За, би чиний өмийг их мориор нээж өгнө өө. Надад нүдэлчихсэн сайн их насны морь байна. Гэхдээ чи хурдтай нутгийн хүн. Тэр тусмаа төрийн сайд. Тиймээс Сүхбаатар аймгаас чинь сайн их насны морь олж авчирч төрийн наадамд түрүүлгэж өгнө” хэмээн амласан юм. Тэр тухайгаа тухайн үеийн уяачдын холбооны тэргүүн Эрдэнэцогтод хэлчихсэн байсан. Гэтэл 2003 оны өвөл 11 дүгээр сард “Дарьгангад нэг сайн зээрд морь байна” гээд дуудууллаа. Нөгөө айлд нь ирсэн, цай хоол хийх юм болоод “Хоол ундаар яах вэ, адуу руу мордъё” гэсэн “Адуу ойр байхгүй ээ. Хэд хоногийн өмнө шуураад адуу сураггүй болсон” гэж байна. “Хаашаа явсан юм” гэсэн “Баруун хойшоо” гэлээ. Тэгэхээр нь “Та хэд цай хоолоо хийж бай” гэчихээд эзнийг нь суулгаад тэр зүг рүү нь явлаа. 3-4 км орчим яваад харсан, гэрийнх нь зүүнтээ ганц азарга адуу байна. Хэлсэн чинь “Манай энд адууны үртэс ч үлдээгүй” гэснээ “Та чинь алгандаа хардаг юм уу, нөгөө зээрд морьтой адуу чинь байна шүү дээ” гэдэг юм. Тэгээд номхон гэхээр нь хонины хүн дуудаж шилбүүрээр бариулаад үзсэн, сайхан аралтай морь юм аа. Хөлийг нь үзлээ, зүгээр юм. Нэг залуугаар зайдан унуулаад машинтай дагаж амьсгалын замын ямар нэг эмгэг байна уу гээд үзсэн, уушгиндаа сэвгүй юм аа. Эзэнд нь “Тэнцлээ. Ямар үнэтэй юм” гэсэн гайхаад байгаа бололтой “Хоёр сая 500 гаас ярина” гэнээ. “Яриад байх юм байхгүй. Сайдад чинь төрийн наадамд түрүүлэх морь авч байгаа юм. Үнэ татахгүй. 2.5 саяыг чинь өгнө. Дансаар мөнгө чинь орно. Авсан өгсөндөө өлзий болог. Зээ зуугүй шүү” гэж хэлээд наймаа тохироод буцаж явсан, Онон, Алтангэрэл хоёртой таардаг юм. Тэр хоёр урьд жил нь ирээд зээрд морийг, дүү буурал азаргатай нь тус бүр 1.5 саяд авахаар болоод явсан гэж айлын эзэн ярьж байсан нь санаанд ороод зогсолгүй давхичихсан (инээв.сурв)
Зогсдоггүй нь ямар учиртай юм бэ?
- Хурдан моринд гутаг суучихна шүү дээ.
Тийм учиртай байх нь ээ...
- Аварга зээрдийг үзэхээсээ өмнө Даваасүрэн бид хоёр Тожин азарганыхаа эзэнд хүндэтгэл үзүүлж, баярласнаа илэрхийлээд бас нэг мориор мялаалгаад ирсэн байсан. Тэр нь 2004 онд улсад айрагддаг хар нь шүү дээ.
Нээрэн нэг айлын адуунууд бил үү?
- Тийм. Би улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан морьдынхоо эздэд наадмын ар дээр очиж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Цоллуулж байгаа зургийг нь томоор угаалгаж жаазлаад, нэг шинэ мотоцикль, чихэр жимс, архи дарстай очиж тэр хавийнхныг хотлоор баясгадаг байсан юм. Тэр жишгээрээ Тожин ногооны эзэнд талархал илэрхийлэх гээд Даваасүрэнтэй хамт Дугарсүрэн гуайнд давхиад очлоо. Дугарсүрэн гуай бол Дарьганга сумын дарга, алт мөнгөний дархан хүн юм билээ. Очирбат Ерөнхийлөгчид эмээл хийж бэлэглэсэн гэхээр хүмүүс мэднэ дээ. Өөрийнх нь унаган адуу төрийн наадамд аман хүзүүдсэнд итгэж ядаад л байгаа бололтой. Биднийг гаднаа тосч авлаа. Гэрт нь орох гээд алхаж явтал уяан дээр нэг хар морь байна. Зэрвэс харсан, аятайхан адуу юм аа. Гэрт ороод цай амсаагүй шахуу л бэлэг сэлт болоод явчихсан чинь айлын эзэд сандраад өгөх юмаа олж ядаад байна. Тэгэхээр нь “Уяан дээр байгаа хар морио бэлгэнд өгчихгүй юу даа” гэсэн “Болох юм уу. Багадахгүй байгаа. Сумандаа арваадаар л давхидаг морь шүү дээ” гэж байна. “Болно оо” гэж хэлчихээд бие засах нэрийдлээр Даваасүрэнг дагуулаад гарлаа. Эдийн засагч, санхүүч нар чинь гар чангатай, сэтгэлийн хөдөлгөөн багатай улс шүү дээ. Тэгээд “Би чамд улсад бараг түрүүлэх адуу бэлэглүүлчихлээ. Улс амьтантай ярь, хөгж” гэсэн чинь “Нээрэн үү” гэснээ ороод биеэ чөлөөлөөд сайхан яриа өрнүүлсэн. Тэндээсээ гараад зээрд морины эзэнтэй уулзаж, наймаа хийчихээд буцаж явахдаа би Даваасүрэнд “За, чиний хар морь гурав дотор давхина. Энэ зээрд морь түрүүлэх адуу байна” гэж хэлсэн нь ёсоор болсон доо.
Тэр жилийн наадмаар Даваасүрэн Орос явчихсан, Улаан бид хоёр их морь дагаж яваа. Дүүгийн морь хүүхэдгүй өнгөлөөд, ар дээр нь Улааны зээрд яваад байдаг. Тэгэхээр нь хар морийг гаргаж өнгөлүүлээд, зээрдийгээ дараатай хэсэг явууллаа. Тэгээд “Төрийн сайдад түрүү хэрэгтэй юу” гэсэн “Харгиагаар нь (энэ янзаар нь) оруулъя аа, Тод манлай” гэж байна. Хүүхдэдээ “Ороолго” гээд хэлсэн, зээрд морь ухасхийгээд гарчихсан, Улаан тэнд навтасхийж байсан. Тэгээд л тэр чигээрээ явсаар байгаад орсон доо.
Хурдан морь сэвтэхдээ амархан шигээ, үйл хөдлөлийг нь сайн сайхнаар бэлгэдэн тайлахад урам орж хурцлагддаг амьтан
Аавын ам түргэнтэй зан үе үе цухалзах юм аа даа. Хэнтийнхэнд хэн болохоо харуулна аа хэмээн хүүхэд байхаасаа бодож, түүндээ хүрсэн тухай та дээр ярьсан. Сүхбаатарынханд бас нэг сануулга өгсөн гэдэг бил үү. Би тэгж сонссон юм байна.
- 2002 онд Сүхбаатарын 60 жилийн ойгоор л доо. Тэр жил Босоо хээр шүдлэн улсад аман хүзүүдчихээд давхар уяагаар Боржигонд түрүүлчихээд Сүхбаатарт очсон юм. Даага мордохын өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан ирээд “Манай Сүхбаатарын морь хурдаан, хурдан. Том ойгоор битгий хэл, аймгийн наадамд ч гадны морь түрүүлж, айрагдаж байгаагүй” гээд л байна. Тэгж байтал даага ирлээ. Үнэхээр ч Сүхбаатарын таван даага завсаргүй орж байна шүү. Жанцан “Манай уяагаар очъё” гэнэ. Дотроо нэгийг бодоод “Шүдлэн ирэхээр очъё” гэлээ. Удалгүй шүдлэн ирлээ. Босоо хээр хөөс сахарчихсан татаастай км гаруй зайтай тасарч түрүүллээ. Би үүнийг л хүлээж байсан юм чинь. Тэгсэн Жанцан “За, таны унаган адуу хурдан юм байна. Та ч сайн уядаг юм байна. Танайхаар очъё” гэсэн дээ. Тэгж Сүхбаатарт Төв аймгийн адуу хурдныг, тэндхийн уяач эрдэмтэйг нэг харуулсаан (инээв.сурв).
Босоо хээр гэснээс Тод манлайд очсон түүхийг хуучлаач.
- 2000 оны зуднаар олон мал эндсэн шүү дээ. Манайх ч ялгаагүй нэлээд хэдэн адуу үрэгдүүлсэн. Би хээр гүүгээ унагатай нь, Идэр хээрийгээ, Дүү зээрдээ, Элбэг хээрийгээ тэжээж авч үлдээд онд оруулсан байсан юм. Гэтэл нохой Ганбаагаас (улсын Алдарт уяач Э.Ганбат) эхлээд хээр гүүг минь сонирхоод болдоггүй ээ. Арга ядаад “10 мянган доллар өгөөд ав” гэж хүртэл хэлсэн удаатай. Тэгсэн өнөөх чинь зургийг нь дарж байснаа “Унагыг нь авъя” гэдэг юм. Аав минь унага зарж байгаагүй, ер нь унага зарсан тухай сонсож байгаагүй болохоор аавынхаа ясыг өндөлзүүлээд яах вэ гээд зарсангүй юм.
Түүний дараахан “Макс”-ын хоёр ээж, аавтайгаа манайд ирлээ. Гэр дүүрэн улс цуглачихаад хоол унд болж байтал гэнэт л Ганбаагийн төрсөн өдөр болоод явчихлаа шүү. Би юу өгөхөө мэддэггүй. Тэгээд хээр унагаа бэлэглээд, “Ирэх жил өөрөө уяж түрүүлгэж өгнө өө” гээд амлачихсан. Тухайн үед Пээдэг “Яг төрсөн өдөр нь мөн юм уу. Наад бизнесменүүд чинь аюултай, худлаа ярьж байгаа шүү” гээд байхаар нь хүнийг эвгүй байдалд оруулаад яах вэ гэж бодоод “Ээж нь байхад худлаа хэлэхгүй байлгүй” гэсгээд өнгөрсөн. Тэгээд хэлсэн амандаа хүрч, дараа жилийнх нь улсын наадмаар түрүүлгэж, анхны түрүүг нь авч өгч байлаа. Улсын наадмын дараа Өвөрхангай аймгийн 70 жилийн ойд бас ахиад түрүүлсэн.
Босоо хээр шүдлэндээ их хурдан байхад нь Ганбаатар Тод манлай уралдах өглөө нь шар хадаг зүүгээд аман хүзүүнд хурдлуулж. Гэтэл та Идэр хээрийгээ наймд давхихад нь цэнхэр хадаг уяад дараа жил нь айрагдуулсан гэдэг. Хадагны өнгөнд учир байна уу. Аль эсвэл...?
- Би хамгийн анх улсын наадамд нэг даагатай очсон, зарлуулж байгаад хүүхэд нь ойччихсон юм. Дараа жил нь Идэр хээр хязаалан, халиун үрээ маань даага улсын наадамд аваад очлоо. Сунгаанд хоёулаа хол. Аав “Миний хүү анхдагч болох нь” гэж байтал наадмаар хоёулаа наймд давхисан юм. Надад түрүүлснээс ялгаагүй санагдахаар нь Идэр хээрдээ хадаг зүүчихээд майхандаа иртэл аав харчихаад “За, миний хүүгийн хээр үрээ айрагдаа юу, хадаг зүүгээд” гэхээр нь би аавыгаа явуулаад “Халхын наадамд хоёр бага адуутай ирсэн чинь хоёулаа наймлалаа даа” гэхэд инээгээд “Айрагдсанаас ялгаагүй дээ. Миний хүүгийн морьд ирэх жилээс айрагдана аа” гэсэн. Хэлснээр нь болж нөгөө хоёр маань дараа жил нь хоёулаа айрагдсан. Манай аав их сайхан амтай хүн байсан. Хүүхэд тогтдоггүй айл хүртэл зориуд аавыг урьж аваачдаг. Тэгээд өнөр өтгөн боллоо гээд талархлаа илэрхийлдэг байж билээ.
Босоо хээрийн тухайд урд жил нь даагандаа улсын наадам болоод Өвөрхангайн 70 жилийн ойд түрүүлчихсэн, шүдлэндээ ч их хурдан байсан. Түрүүлэх нь тодорхой байсан л даа. Гэтэл уралдах өглөө нь надад хэлэлгүй элбэгдүүхэн шар хадаг эв хавгүй зүүчихсэн байсан юм. Би нэг засах гэснээ “Эзэн хүн нь уясан юм даа” гэж бодоод больсон. Тэгээд Ганбаад “Арай л эрт зүүчихэж дээ. Түрүүлээд ирэхээр нь зүүхгүй” гэсэн. Өөр юм хэлээгүй. Мань хүн ч авъя гээгүй. Тэгээд “Бурхан халдун”-ы Мандаагийн бор үрээ түрүүлээд, Босоо хээр аман хүзүүдсэн.
Энэ хоёр үйл явдал юуг өгүүлж байна вэ гэхээр уяач хүн аливаад яаран ам гарах хэрэггүйг, мөн хожигдлоо эерэгээр хүлээн авч илүү сайн хичээх ёстойг харуулж байгаа юм. Хурдан морь сэвтэхдээ амархан шигээ, үйл хөдлөлийг нь сайн сайхнаар бэлгэдэн тайлахад урам орж хурцлагдаж байдаг амьтан. Тиймээс залуу уяач та бүхэн морь айрагдсангүй гэж урвайлгүй, айрагдана хэмээн хөөрөлгүй голч төлөв байх хэрэгтэй. Тийм аваас моринд чинь элдэв гутаг суулгүй хурдлах болно.
Санаж явах сургааль байна. Би таныг аймгийн Арслан цолтой бөх гэдгийг өнөөдөр л мэдлээ. Хэдэн онд арслан болсон юм бэ?
- Би чинь “Алдар” нийгэмлэгт тамирчин цэрэг байсан хүн шүү дээ. Цэрэг байхдаа Армийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байлаа. Миний дээр манай оны цэрэг, одоогийн аймгийн арслан Буянбаатар жагссан. Түүнээс өмнөх нь дандаа улсын начингууд. Хадбаатар, Цэрэнтогтох нарын аваргууд хүртэл байсан гээд л бод. Би 1975 онд цэргийн начин, мөн тэр жилээ Өмнөговь аймагт очиж аймгийн начин болсон. Тэгэхэд Багахүү начин 25 давж аймгийн начин болж байлаа. 1979 онд Дундговьд 41 хүнээс аймгийн заан болсон. Налайхдаа бол олон түрүүлсээн. 1974 онд цэргээс халагдахад Дамдиншарав багш, Өвгөнхүү багш хоёр “Алдар” нийгэмлэгт ахлагчаар авч үлдэх гэхэд нь “За багш минь, шавь нь улсын аваргаас медаль авч үзээгүй хүн. Медаль авч чадахгүй бол та хоёр минь ч зэмлүүлнэ, би ч загнуулна” гэсэн “Бид улсын аваргаас хүрэл авч чадахгүй, улсын начин болохооргүй хүнийг шигшээ багт авч үлддэггүй” гэсэн. Тэгэхээр нь “Аав минь морь уядаг. Хэдэн адуу, аав минь бодогдоод байна аа” гэж үнэнээ хэлээд халагдаж байлаа. Тэгээд бодохоор улсын начны зиндаанд байсан л юм шиг билээ. Үүнийг баталж сүүлд дүүг улсын начин болоход аав “Том хүү илүү барилддаг. Уг нь ах нь түрүүлж начин болох ёстой байсан юм” гээд намайг магтаж байсан. Хүний хоолоо олж идэх хувь зохиол гэж байна. Би бөхөөр биш, мориор л хоолоо олж идэх хувьтай байж. Тэгээд л армид үлдээгүй юм байлгүй дээ (инээв.сурв).
Тийм бололтой. Үгүй сэн бол нэгэн том уяачийн зай онгойх байж. Та бид гурван цагийн турш дэлгэр сайхан ярилцлаа. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг ёстой. Энэ удаагийн ярилцлагаа энд хүргээд жаргаая. Дараа дахин ирж морь уях эрдэм ухааны тухай ярих болно оо. Морьтны соёлыг үе уламжлан түгээн дэлгэрүүлж буй танай бүлийнхэнд нийт уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.
- “Тод магнай” сэтгүүлийг би Монголынхоо ахуй соёлыг түгээн дэлгэрүүлж буй том хамт олон хэмээн хувьдаа тоож явдаг юм аа. Танай хамт олны ажил үйлсэд амжилт хүсье.
Баярлалаа.
А.Тэлмэн
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.21.108.56
50 хүрсэн хүнийг сургаж болдоггүй . 5 нохойг тууж болдоггүй гэж энэ цандэлэгийг хэлэх бх даа. Зангаа засахгүй явсаар л заяагдсан насаа дуусгах бх даа
Reply202.179.24.91
Хулхи зая 2 нь дэндсэн хүн л дээ Цанаа. Шорон зангаа тавихгүй байнга гэзэг ороодог МУТМУяач.
Reply172.58.188.191
Naimaa hiicheed azarga turuulcheed 69 avch ogchood bhad judaggui hog umaa ter nohor!baynaa avargiin hajuud suuchaad olon um yariad bsan.muuhai haragddiin bnlee
Reply122.201.24.91
Цандэлэг гэж худлаа бүлт өвгөн байналээ. Настаы хүн байж овилоггүй. Наймаа панзаар жоохон юмтай болсон сагсуудуу боловсролгүй эр байна лээ
Reply