​ Нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нас ахиад тэр үү их догдоллоо

Сэтгүүлч
2020 оны 8-р сарын 13 -нд

АХ-ын 99 жилийн ойд Дөлгөөн хар азаргаа айргийн гуравт хурдлуулсан Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн баярын сэтгэгдлийг хүргэж байна. 

-АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд Дөлгөөн хар азаргаа дахин айрагдуулсан танд баяр хүргэе.

-За баярлалаа. Тод магнай сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хар азарга маань төрийнхөө их баяр цэнгэл наадамд хоёр дахь удаагаа айрагдсанд маш их баяртай байна.

-Онцгой нөхцөл үүсээгүй бол улсын Алдарт уяач цолоо азарганыхаа айргаар мялаах байжээ.

-Тэгэх байж. Хар азарга маань өнгөрсөн жил таваар давхиж байсан бол өнөө жил амжилтаа ахиулаад гуравт хурдаллаа. Ах нь сэтгэл их хангалуун байна. Нас ахиад тэр үү их догдоллоо. Ер нь ингэтлээ догдолж байсангүй.

-Амжилтаа бататгах тухайд төдийлөн итгэлтэй бус байжээ дээ.

-Морин уралдаан улам бүр өрсөлдөөнтэй болж байна. Уралдаж байгаа морьдын нас улам бүр залуужиж, өнгөрсөн жил түрүүлж, айрагдсан морьд өнөө жил амжилтаа бататгаж чадна гэж хэлэхэд хэцүү болж шүү дээ. Тэгээд ч төрийн наадам гэдэг босго өндөр. Энэ зуун уяачид онцгой хурдан гэсэн хүлгүүдээ авчирч уралдуулдаг. Хүн болгоны шигшмэл алтан тууртууд уралдаж байхад минийх айрагданаа хэмээн баттай итгэх аргагүй юм. Мэдээж дотроо бол “миний морь гараад ирэх болов уу? Айрагдчих болов уу? Гэсэн хүлээлт байлгүй яахав. Би ч гэсэн тэгж залбирч хүлээж байлаа.


-Хөлсний хашааны ойролцоо байжээ гэж бодсон.

-Энэ жил оруулж, гаргахгүй хэцүү байлаа. Утсаар уралдааныг нь үзэж байгаад “айрагдчихлаа” гээд морь бариач хөтлөөд явахаар нь хөлсний хашаа руу явсан. Эхэндээ цагдаа нарыг дуудахаар эргэж хараад зогсож учирладаг байсан бол сүүлдээ тэр чигтээ явчихдаг болсон./инээв/

-Өнгөрсөн жил улсын наадмаас гурав, бүсийн уралдаанаас зургаан айраг түрүү хүртэж одтой сайхан наадан улсын Алдарт уяачийн болзол хангасан. Өнөө жил дахин гурван айраг хүртлээ. Ер нь сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай сайхан наадаж байна шүү.

-Морь уях гэдэг олон хүний хичээл зүтгэлийн үр дүн л дээ. Туслах уяачид, уралдаанч хүүхдүүд гэр бүлийнхэн гээд намайг дэмждэг олон хүний хичээл зүтгэлээр сүүлийн жилүүдэд сайхан наадаж төрийн зарлигт наадмаас 16 айраг, түрүү хүртээд байна. Өнөө жилийн тухайд хар азарга маань гурвалж, хүрэн хязаалан, халтар үрээ тус тус таваар давхилаа.

-Аз өм дүүрэн наадаж буй танд дахин баяр хүргэе. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажилд үйлсэд амжилт хүсье. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна