Уяач Б.Нямжав: Хээр азарга түрүүлж, Манлай уяач цолны болзлыг хангалаа

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 02 -нд

"Тод магнай" сайт АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сурвалжлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр адуун сүргийн манлай азарганы уралдаанд түрүү магнайд хурдалсан Төв аймгийн Баян сумын уугуул,  "Хүй мандал" галын уяач Баасансүрэнгийн Нямжавын ярилцлагыг хүргэж байна. 

-Улсын Алдарт уяач цолоо адуун сүргийн манлай азарганы түрүүгээр мялаасан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Өнгөрөгч 2019 онд миний бие Монгол Улсын Алдарт уяач цолны болзлыг хангаж, зохих журмын дагуу тодорхойлолтоо хүргүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан айхтар өвчний улмаас хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн. Сая хээр азарга маань түрүүлж, би Манлай уяач цолны болзлыг хангалаа.

-Дахин баяр хүргэе. Төрийн зарлигт наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?

-Улс, бүс, "Их хурд" зэрэг төрийн зарлигт наадмаас 18 айраг, түрүү хүртсэн байна лээ.  

-Төв аймгийн уяачид төрийн наадамд 55 дахь удаагаа азарга түрүүлгэсэн нь таны хээр азарга болж байна. Харин Баян сумын тухайд хэд дэх нь болох вэ?

-Хуучнаар буюу Авдарбаян гэж үзвэл 5-6 дахь нь болох байх. Харин Баян сумын тухайд бол гурав дахь нь миний Богд хээр азарга болж байгаа юм. Үүнээс өмнө Баян сумаас алдарт Шийтэрийн зээрд  дөрөв, Цогтсайханы Сүмбэн зээрд нэг түрүүлсэн байдаг. Тэгэхээр Богд хээр маань Баян сумынхаа нэрийг дуурсгасан төрийн түмэн эхээр тодорсон гурав дахь азарга болох нь.

-Богд хээр төрийн наадамд түрүүлсэн гурав дахь азарга, эзэн уяач нь Баян сумаас төрсөн зургаа дахь Манлай уяач болох нь.

-Тийм байх. Би сайн мэдэхгүй байна.

-Өнгөрсөн жил хавчиг азарга морины олимпод дан уяагаар түрүүлж байсан. Өнөө жилийн тухайд уяа сойлгоо хаана тааруулав. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр байсан бол.

-Өнөө жилийн тухайд "Хүй мандал" галынхан маань Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд адуугаа ногоолж, уяагаа эхлүүлсэн. Сунгаануудаа  урд 61 буюу Төв аймгийн Сэргэлэн суманд хийсэн. Манайхны морьд сайн байсаан.

-Хээр азарга түрүүлнэ гэдэг яриа нэлээд эртнээс дуулдсан. Эзэн уяач өөрөө хэр итгэлтэй байсан бэ?

-Улсын наадам бол төрийн түмэн эхийг шалгаруулдаг уралдаан шүү дээ. Олон газрын уяачид хурдан хүлгүүдтэй ирж уралддаг болохоор итгэлтэй байх аргагүй юм. Ерөнхийдөө горьдож байсаан.

-АХ-ын 99 жилийн ойд Нямжав уяач хэдэн насны морь уяж сойн хөнгөрүүлсэн бэ. Бусад насны морьд яаж давхив?

-Нас болгоны адуутай ирсэн ч ихэнхийг нь мордуулж чадсангүй.  

-Та ММСУХ-ны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт албатай. Баяр наадмын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Уяач хүн жилийн дөрвөн улирлын турш өдөр тутам хөдөлмөрлөдөг. Олон мянган уяач бүтэн жилийн турш морь уях нь төрийн хэрэгт оролцож буй хэрэг хэмээн шамдан, түүнийхээ үр шимийг үзэх гэж л наадамд ирдэг. Гэтэл хууль эрх зүй, дүрэм журмын тодорхой бус байдал  тэдний урмыг хугалж, хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Энэ байдлыг цэгцэлж авахгүй бол уяачдыг гомдоосон, уур бухимдлыг нь төрүүлсэн байдал тогтох нь.

-100 жилийн ойгоос өмнө бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хийж, морь ялгах явцыг олны нүдэн дээр ил хийдэг болох хэрэгтэй. Тэгж байж шударга болно. Мөн бөх, сурын харвааны нэгэн адил баяр наадмын үеэр мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулдаг болох хэрэгтэй. 

Б.Хастөр

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.