Уралдаанч Б.Энхбаяр: Азаргаа түрүүлгэчихээд л сууж байна

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 02 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой,  Үндэсний их баяр наадамд 104 шандаст хурдан азарга уралдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдалсан юм. Хээр азаргыг 508 дугаартай, 9 настай Б.Энхбаяр хүү унасан билээ. Бяцхан уралдаанч бол хуучны танилуудын маань нэг. Өнгөрсөн жил тун ч одтой наадаж, Б.Нямжав Алдартын  хар үрээг аман хүзүүдүүлж, хул даагыг айргийн таваар давхиулж, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд хээр азаргыг нь түрүүлгэн, ММСУХ-ноос нэг өрөө байраар шагнуулж байлаа. Түүний аав Буян-Орших Нямжав уяачийн туслах уяач бөгөөд Ихбаяр Манлайн гарын шавь нарын нэг гэдгийг өмнөх баярын дугаартаа дурдаж байсан билээ.


Б.Энхбаяр хүү дөрвөн настай морь унаж, анх Баянхонгор аймагт болсон Цахилгаан түгээхийн 50 жилийн ойд Б.Нямжавын их насыг түрүүлгэснээс хойшхи таван жилийн хугацаанд довтой олон том наадмын ард гарчээ. Энэ удаад ядарсан уу, эсвэл айдгаа авдартаа хийчихээд тэр үү, монгол наадмын цэнхэр машины ард томоотой нь аргагүй сууж байхад нь очлоо. “Сайхан наадаж байна уу” гэвэл тэр дорхноо таньчихаад инээмсэглэлээ. Нэг жилийн хугацаанд сонин сайхан явдал их болов уу гэвэл "Карантин болоод гэртээ л байна даа. Хичээл номоо сайн хийж байгаа. Сая азаргаа түрүүлгэчихээд л сууж байна" гэв. Шинэ байрандаа амьдарч байгаа юу гэвэл “Тийм ээ, шинэ байрандаа амьдарч байгаа. Өнгөрсөн жил шинэ байртай болоод аав ээж, бид хэд их баярласан шүү. Та яаж мэдсэн юм” гээд хүүхдийн гэнэн асуултаар намайгаа бас “байцаана”. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна