П.Батсайхан 10 жилийн дараа азарга айрагдууллаа

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 07 -нд

Ижил сүргээсээ арай л өөр зүйрлэвэл гууль шиг шаргал зүстэй байсан учир Алтангэрэл Тод манлай зээрд үрээгээ “Гуулин” хэмээн нэрийдэх болжээ. “Гуулин зээрд” даагандаа улсын наадамд есөд давхиж, давхар уяагаар Дундговь аймгийн 60 жилийн ойд түрүүлэн, хязааландаа улсын наадамд гуравт давхиж байсан./шүдлэнд нь уяагүй/ Ийнхүү толгой хаялан хурдлах болсон зээрд үрээ морь сонирхогчийн харааг булаах болж, 2005 оны 6-р сард соёолонд нь “АПУ” компанийн гүйцэтгэх захирал П.Батсайхан арав гаруй сая төгрөгөөр худалдан авчээ. П.Батсайхан захирлын хувьд зээрд үрээг авах болсон нь бас чиг учиртай бөгөөд анхны “Их хурд”-д гуравт хурдалж байсан хул азарга нь нас ахиж, түүний шийрийг хатаах хурдан азарганы эрэлд битүүхэн гараад байсан юм. Хүүгийнхээ энэ санааг гадарласан Пүрэв гуай найз Алтангэрэлдээ хэлж зээрд соёолонг нь авахаар ярилцаж тохирчээ. Гуулин зээрд шинэ эзэндээ ирснээс хойш Өндөр Гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойд зургаалж, 2006, 2009 оны улсын баяр наадамд тус тус тавд хурдалжээ.

Энэхүү цуут хурдан хүлгийг нэхэн дурсахын учир эзэн уяач нь өнөө жил төрийн наадамд хээр азаргаа аман хүзүүнд хурдлуулсаных билээ. Толин хул азаргаараа түмэнд танигдсан Тод манлай уяач /Г.Батхүү/ ахдаа уруу татагдан морины хүн болсон П.Батсайхан өнгөрсөн жил төвийн бүсийн уралдаанд Босоо хээр азаргаа аман хүзүүнд, АПУ зээрд хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулан амжилтын буухиагаа ахин эхлүүлсэн бөгөөд Тэнгэрийн хээр түүнийг залгасан нь энэ юм.

Б.Хастөр

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.