Уралдаанч Э.Энхбаяр: Улсын наадмаас анхны айргаа авлаа

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 07 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга айргийн таваар хурдалсан. Цавьдар азаргыг 78 дугаартай, 11 настай Энх-Амгалангийн Энхбаяр хүү унаж хурдлуулсан нь энэ юм. /Тэрээр наадмын дараагийн өдөр буюу 7-р сарын 12-нд соёолон насанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор соёолонг айргийн таваар давхиулсан амжилтыг ахин үзүүлсэн./

-Баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Анх удаа улсын наадмаас айраг авлаа. Сэтгэл өндөр байна.

-Өмнө нь улсад уралдаж байв уу?

-Миний хувьд тав дахь жилдээ морь унаж байна. Энэ хугацаанд улсын наадамд оролцож байсан ч айраг, түрүүгээр давхиулж байгаагүй ээ. Өмнө нь хамгийн дээд тал нь зургаагаар давхиулсан. Амжилтаас атган алдаад л чадаагүй. Айрагт багтаагүй болохоор харамсалтай санагдаж байлаа. Харин энэ удаад чадлаа. Энэ хөлсний цэнхэр хашаанд орж, бас Цэнгэлдэхэд Ерөнхийлөгчөөс бэлгээ авч байгаа хүүхдүүдийг харахад гоё санагддаг байлаа.

-Энэ удаад Хүйн долоо худагтаа л цоллуулах нь дээ.

-Харин тийм ээ. Үзэгчгүй наадам сонин л юм байна.

-Уралдаанчийнхаа хувьд өөр ямар амжилт гаргаж байв?

-Үүнээс өмнө Зоригоо ахын морийг “Их хурд”-ад унаж айрагдуулж байсан. Энэ мэт амжилтууд бий.

-Хаана сурдаг юм бэ?

-Дорнод аймгийн 8-р сургуулийн зургадугаар ангид орно. За дараагийн насыг унах болчихлоо. Баяртай эгч ээ.

 П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна