Уяач Г.Жавхлантөгс: Гурван үеэрээ 60 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэсний хишиг гэж бодож байна

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 07 -нд

-Алтайн хөх уулсаа баясгаж, хүлгийн хиймориор цэнгэгч аав хүү, ах дүү уяачдад халуун баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ жил сайхан наадлаа. Баяр наадам сайхан болж, их насны морь айргийн гуравт давхиулсандаа сэтгэл өндөр байна. 
-Их насны морь өм нээдэг хэмээн уяачид ярьдаг. Тэр утгаараа илүүтэй бэлгэшээж байгаа байх. 
-Тэгэлгүй яахав. Энэ үгийг олон хүнээс сонсож байгаа. Сая ч гэсэн нэг хүн тийнхүү бэлгэшээж буйгаа хэлж байна. Миний хувьд 2015 оноос улсын наадамд морь мордуулж байгаа. Анхны жилээ шүдлэн үрээ 10-т давхиулсан бол 2018 онд ахынхаа нэр дээр соёолон наймд оруулж байлаа. Ер нь 15 дотор олон морь давхиулсаан.
-Төрийн зарлигт наадмын анхны хишгээ улсын наадмаас, тэр дундаа их насны мориор хүртэх бэлгэшээлтэй байхаас яахав.

-Өнгөрсөн жил “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд Дорнод угшилтай Хийморь хонгор даагаа айргийн дөрөвт хурдлуулж, том наадмын анхны айргаа хүртсэн. Живэрт хээр маань улсын наадмын анхны айргийг авчирч буй нь энэ. 
-Лхагва-Очир Манлай уяа сойлгыг нь тааруулсан байна лээ. Баярт агшин тохиох тухай урьдчилан сануулсан уу?

-Юун түрүүнд найздаа баярласнаа илэрхийлмээр байна. Бид Говьсүмбэр аймгийн Баянталд морьдоо сунгасан. Бороо хур элбэгээс болоод уяа жаахан алдарч, үзүүр лүүгээ унжчих маягтай байсан тул эмээж л байлаа. Гэвч морь, уяач хоёр нь сайн болоод ажирсангүй ээ. 
-Хэдэн насны морьтой ирсэн бэ. Их наснаас бусад нь хэрхэн давхив?
-Нас болгонд 2-3 морь уясан ч тавыг нь л мордууллаа. Миний хээр морь айрагдаж, ахын халтар соёолон, хээр үрээ нь тус тус түрүүлж, соёолон 23, хязаалан 13-т давхисан. 
-2020 онд болж буй ганц том наадмын хоёр түрүү, нэг айргийг ах дүүс хүртэж. Хөл ихтэй байв уу?

-Ах дүүс, найз нөхөд, ойр тойрныхон гээд баяр хүргэсэн хүмүүс олоон. Миний өвөө Туваанжав Говь-Алтай аймгаас төрсөн анхны улсын Алдарт уяачдын нэг. Аав минь 2012 онд Нуман хээр шүдлэнгээ, 2014 онд буурал соёолонгоо тус тус улсын наадамд айрагдуулж байлаа.Түүнээс хойш улсын наадмын айраг түр завсарлаад байсан юм. Харин өнөө жил хоёр түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадлаа. 
-Адуу сэтгэл зүрхээ зориулсан хэн бүхнийг баярлуулдаг халуун хошуут мал. Та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим гарч байна хэмээн ойлгодог. 
-Тэгэлгүй яахав. Уясан морьд сайн давхиж байгаа нь бидний гурван үеэрээ 60 жилийн турш морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсний хишиг ивээл гэж боддог. Бидний үр хүүхдүүд ч гэсэн адуунд сэтгэлтэй. АНУ-д сурдаг хүү минь морины улаан хобби. Монголдоо ирээд уях байх. 
Эргэлзэхгүй байна. Аавынхаа цолонд хүрээрэй.
-Баярлалаа. Ерөөлөөр болог.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна